Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00685

 

Д.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2022/00340 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01025 дугаар захирамжаар Эрд хул ХХК-аас 611,409,400 төгрөг гаргуулж Монгол улсын хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаа хөрөнгө болох Д.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 630 тоот хаягт байрлах, 354 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 630 тоот хаягт байрлах, 176 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус битүүмжилж хураасан. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс дээрх хөрөнгийг хураах ажиллагаа явуулахдаа өмчлөгч Д.Дд мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас хүргүүлээгүй. Түрээслэгч Б.Мөнхзаяад мэдэгдэж түүнийг байлцуулан хураах ажиллагаа явуулсан нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн. Иймд эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1634 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээчээр Итгэлт-Эстимэйт ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэсэн болохыг эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн материалтай 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцахдаа мэдэж, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хандсан. Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 53/01 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар Д.Дгийн өмчлөлийн 354 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 176 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар зэргийг 185,422,160 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч Д.Дгээс үнийн санал аваагүй, харилцан тохиролцох ажиллагааг хийгээгүй атлаа шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Шинжээч Итгэлт-Эстимэйт ХХК-ийн захирал Э.Ганбаатар нь үнэлгээ хийгээгүй. Үзлэг хийгээгүй, дүгнэлтэд гарын үсэг зураагүй. Мөн Э.Ганбаатарт хууль сануулаагүй, зөвхөн М.Эрхэмбаярт хууль сануулсан нь алдаатай болсон. Хэрэв зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлгээг тогтоож байгаа бол харьцуулсан хөрөнгө нь бодитой байх ёстой. Гэтэл 2 объект, газрыг харьцуулсан. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Дгийн өмчлөлийн 354 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 176 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар зэргийг 185,422,160 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 дугаар захирамжаар Эрд хул ХХК-аас 611,109,400.31 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 1,642,599 төгрөгийг гаргуулж Монгол улсын хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 630 тоот хаягт байрлах Д.Дгийн өмчлөлийн 354 м.кв талбайтай хоёр давхар барилга, 176 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг шинжээчээр үнэлүүлж, үнэлгээг төлбөр төлөгч Эрд хул ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Соёлмаа болон өмчлөгч Д.Д нарт утсаар холбогдож үнэлгээний тайлантай танилцах талаар мэдэгдэхэд баталгаат шуудангаар авах хүсэлтэй байна гэсний дагуу шуудангаар хүргүүлсэн. Үүнийг Д.Д нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан нь Монгол шуудан ХК-ийн албан бичгээр нотлогдоно. Үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлээ 2021 оны 08 дугаар сард шүүхэд гаргасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. Шинжээчийн дүгнэлтийг үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин гаргасан. Шинжээчид эрх үүрэг, хууль тайлбарлаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол улсын хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 дугаартай захирамжаар зээлийн төлбөрт нийт 611,409,400.91 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 1,642,599 төгрөгийг тус тус Эрд хул ХХК-аас гаргуулж Монгол улсын хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Эрд хул ХХК нь үл хөдлөх хөрөнгө болон газрын үнэлгээг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01706 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1987 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01221 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01185 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрх нь нээлттэй байсан. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр танай шүүхэд өнөөдрийн маргаан бүхий барьцаа хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Д.Дгийн өмчлөлийн 354 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 176 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар зэргийг 185,422,160 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шинжээч төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг нийтэд нь 185,422,160 төгрөгөөр буюу зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээний талаарх шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.Дгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийн материалтай танилцах явцад шинжээчийн дүгнэлт гарсан болохыг мэдсэн бөгөөд мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тухайн үед коронавирусын халдварын тохиолдол их байсантай холбоотойгоор шүүхийн тамгын газраас нэхэмжлэл, гомдлыг баталгаат шуудангаар хүлээн авч байсан тул шуудангаар илгээсэн. Шүүх шуудангаас нэхэмжлэлийг хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүртгэл хийсэн. Иймд хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эд хөрөнгө хураах ажиллагаа явуулахдаа өмчлөгч Д.Дгийн эрхийг зөрчсөн. Учир нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1634 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээний мэдэгдлийг өмчлөгч Д.Дд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй бөгөөд мэдэгдлийг баталгаат шууданд хийсэн гэх боловч уг мэдэгдэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад илгээсэн болох нь Монгол шуудан ХК 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/840 дугаар албан бичгийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Дд гардуулсан нь нотлогдоно.

Д.Д Чингэлтэй дүүргийн 7 хороо, Хувьсгалчдын гудамжны 630 тоот хаягт байрлах 354 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 176 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэгт дахин үнэлгээ хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүх хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болохоор заасан. Шинжээчийн дүгнэлт 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гарсан, үүнээс хойш 11 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өссөн тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй.

Шүүх дахин үнэлгээ хийлгэх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн аваагүй тул нэхэмжлэгч шүүхийн журмаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хэрэг өмнө нь шийдвэрлэгдсэн. 2021 оны 02 дугаар сард гарсан үнэлгээний тайланд нэхэмжлэгчээс мөн оны 08 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж, өөрийн өмчлөлийн 354 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 176 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар зэргийг 185,422,160 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргасан байна.

3.Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн талаар

3 а.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 дугаартай захирамжаар Эрд хул ХХК нь 611,409,400 төгрөгийг Монгол Улсын хөгжлийн банк ХХК-д төлж, сайн дураар төлөөгүй тохиолдолд Д.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 630 тоот хаягт байрлах, Ү-2202014675 дугаарт бүртгэлтэй, 354 м.кв талбайтай хоёр давхар барилга, Ү-2202007731 дугаарт бүртгэлтэй, 176 м.кв талбайтай, хувийн орон сууц, мөн хаягт байрлах Г-2202000506 дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хх-ийн 7-10)

3 б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг бөгөөд уг захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШЗ2019/07186 дугаар шүүгчийн захирамж, 182/ГХ2019/00599 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. (хх-ийн 11-12)

3 в. Хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 19300982 дугаар тогтоолоор үүсгэж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19300982/124-01 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-06 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураасан ба уг тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01185 дугаар магадлалаар Д.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн (хх-ийн 13-15, 2хх-ийн 77-80)

3 г. Мөн хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 18, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр албан бичгээр, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр утсаар төлбөр төлөгч Эрд хул ХХК, өмчлөгч Д.Д, төлбөр авагч Монгол Улсын хөгжлийн банк ХХК-д тус тус үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэний дагуу үнийн саналыг төлбөр авагч Монгол Улсын хөгжлийн банк ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2/87 дугаартай албан бичгээр 107,042,140 төгрөгөөр, Д.Дгээс 420,000,000 төгрөгөөр, Эрд хул ХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/12 дугаартай албан бичгээр 420,000,000 төгрөгөөр тус тус үнийн санал ирүүлсэн байна. (2хх-ийн 15, 17, 18, 20, 22-26)

3 д.Талуудаас ирсэн үнэлгээг харилцан танилцуулсан байх ба үнийн талаар талууд, өмчлөгч харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/7 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гарч, Итгэлт-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч Монгол Улсын хөгжлийн банк ХХК, төлбөр төлөгч Эрд хул ХХК, хөрөнгийн өмчлөгч Д.Д нарт 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 4-124/1275 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлснээс гадна мөн өдөр ...хөрөнгийн эзэн Д.Дтэй 91176578 дугаарын утсаар залгаж хөрөнгийг 185,422,160 төгрөгөөр үнэлэгдсэн... болохыг мэдэгдэж, энэ талаар баримтжуулсан байна. (хх-ийн 113-115, 118-151/ 152-153)

3 е. Хариуцагч байгууллагын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/7 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолд шинжээч М.Эрхэмбаярт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 15 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг танилцуулж, дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулахаар дурдаж, танилцсан хэсэгт шинжээч М.Эрхэмбаяр, Э.Ганбаатар нар гарын үсэг зурж, тэмдэг дарсан байх ба Итгэлт-Эстимэйт ХХК-ийн ерөнхий захирал Э.Ганбаатар, мэргэшсэн үнэлгээчин М.Эрхэмбаяр нарын бичсэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд Э.Ганбаатарын туршлага, тусгай зөвшөөрлийн зэрэг мэдээлэл тусгагдсан байна. (хх-ийн 113, 119)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үнэлгээ гаргах эрхгүй этгээд үнэлгээ гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч үнэлгээчдийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Хөрөнгийн үнэлгээний тайланд Э.Ганбаатар нь Сангийн яамны хөрөнгийн үнэлгээ хийх эрхийн 140600038 тоот тусгай зөвшөөрөлтэй, шийдвэр гүйцэтгэгчийн урьдчилан тодруулсан тэмдэглэлд тусгай зөвшөөрлийн дугаар хэсэгт М.Эрхэмбаяр нь 140600035 гэж тусгагдсан байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. (хх-ийн 116, 119)

5 а. Нэхэмжлэгч талаас Д.Дгийн өмчлөлийн 354 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 176 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар зэргийг 185,422,160 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

5 б.Хөрөнгийн өмчлөгч Д.Дд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4-124/803 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4-124/1356 дугаартай албан бичгээр, төлбөр төлөгч Эрд хул ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4-124/804 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4-124/1355 дугаартай албан бичгээр, төлбөр авагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д мөн өдрийн 4-124/801 дугаартай албан бичгээр тус тус барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн, мөн Д.Дтэй утсаар мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэл хэрэгт авагдсан, үнийн саналыг Монгол Улсын хөгжлийн банк ХХК-иас 107,042,140 төгрөг, Эрд хул ХХК, Д.Д нараас 420,000,000 төгрөг гэж ирүүлсэн байгаа зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнийн саналыг аваагүй гэх тайлбар үндэслэлгүй. (хх-ийн 104-112)

5 в. Мөн барьцаа хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцохыг дээрх албан бичгүүдэд тусгасан, түүнчлэн талуудад үнийн саналыг танилцуулж, шинжээч томилохыг тайлбарласан байгаа зэргээс дүгнэхэд талууд үнийн саналын талаар шийдвэр гүйцэтгэгчийн оролцоогүйгээр харилцан тохиролцох боломжтой байсан гэж үзэхээс гадна 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/7 дугаартай шинжээч томилох тогтоол гарснаас үзэхэд үнийн санал ирэхээс өмнө шинжээч томилсон гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

5 г. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж, 32 дугаар зүйлийн 32.1.-т Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж тус тус заасан.

5 д. Д.Дгийн өмчлөлийн 354 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 176 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар зэргийг 185,422,160 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгч Эрд хул ХХК-ийн нэхэмжлэлийг тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/01706 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1987 дугаартай магадлалаар шийдвэрийг өөрчилж, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн (хх-ийн 86-98). Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1987 дугаартай магадлалаар үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ төлбөр төлөгч болон төлбөр авагчийн саналыг харилцан танилцуулсан үйл баримт тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй дүгнэсэн ба хариуцагч байгууллага талуудад үнийн саналыг танилцуулж, шинжээч томилохыг дээрх байдлаар тайлбарласан байна.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банк ХХК Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар өмнө нь шүүхэд хандаж үнэлгээний маргаанаа шийдвэрлүүлсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай тайлбар гаргасан.

6 а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасан тул төлбөр төлөгч Эрд хул ХХК-аас нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн нь хөрөнгийн өмчлөгч буюу бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд гомдлоо гаргахад хамаарахгүй. Иймд дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болно.

6 б. Хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээлцэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-124/2275 дугаартай албан бичгээр Эрд хул ХХК-д хөрөнгийг 185,422,160 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгджээ.

Хувийг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК, Д.Д нарт хүргүүлсэн шуудангийн тэмдэг дарагдсан, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлд ...хөрөнгийн эзэн Д.Дтэй 91176578 дугаарын утсаар залгаж, хөрөнгийг 185,422,160 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдэхэд шуудангаар явуулчих гэсний дагуу баталгаат шуудангаар явуулсан ... гэж тэмдэглэсэн, Монгол шуудан ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/840 дугаартай албан бичигт ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Д.Д, 1-19 тоот, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо гэх хаягаар илгээсэн 4-127/2275 албан тоот бүхий албан бичгийг хаягийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12:37 цагт Д.Дд гардуулсан байна гэж дурдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Д нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. (хх-ийн 152-154, 2хх-ийн 88-89) Тодруулбал, Д.Дд утсаар мэдэгдсэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс, Монгол шуудан ХК-аас гардуулсан 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс аль алинаар нь тооцсон ч хуулиар тогтоосон хугацаанд гомдол гаргаагүй байна.

6 в. Түүнчлэн, анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШЗ2021/07133 дугаартай шүүгчийн захирамжаар буцаасан, шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан зэргээс дүгнэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах 7 хоногийн хугацаа мөн хэтэрсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

6 г. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгч зөрчсөн тул Д.Дгийн өмчлөлийн 354 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 176 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар зэргийг 185,422,160 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

7. Хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаардаг, хариуцагч байгууллагын шийдвэр үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг шүүх шийдвэрлэх тул дахин үнэлгээ хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авахаас татгалзсан болон шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй болно. Мөн нэхэмжлэгч үнэлгээний талаар нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгох үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2022/00340 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ