| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0333/Э |
| Дугаар | 360 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Ц.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэнд-Аюушийн Алтанхүүд холбогдох эрүүгийн 1811007610225 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Цэнд-Аюушийн Алтанхүү, Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Хэнтий аймаг, Хэрлэн сум Баян Улаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Хүчит шонхор худалдааны төвд зохицуулагч ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамж 990 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд 2007 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж уг ялыг 1 жилийн хугацаатай тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:СЧ88040479/.
Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 3 дугаар сарын 2-ны шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, дэслэгч О.Ганхөлөг, жолооч цагдаа Р.Доржготов нарыг хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Агээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Ингээд нөгөө хоёр цагдаа машинаасаа бууж ирээд бид нарын бичиг баримтыг шалгасан. Хүрэлбаатар бид хоёрт бичиг баримт байгаагүй болохоор нөгөө хоёр цагдаа Хүрэлбаатарыг авч явна гээд машиндаа суулгах гэхэд Хүрэлбаатар манай гэр энд ойрхон байдаг юм, би тийм ч их согтуу биш байна, биеэ авч явж чадна гэхэд тоохгүй машиндаа суулгах гээд байсан. Хүрэлбаатар суухгүй гээд эсэргүүцэхэд нөгөө хоёр цагдаагийн махлаг цагдаа нь цахилгаан бороохой гаргаж ирээд Хүрэлбаатарыг цохиулсан. Хадхүү тэр хоёр цагдаад хандаж би ах нь байгаа юм, дүүгээ аваад авчихъя гэхэд мөн Хадхүүг цахилгаан бороохойгоор цохиулсан. Тэгэхээр нь би наад хүн. чинь гэр нь ойрхон байдаг юм, тэгээд ч тийм ч их согтуу биш байна, гээд тэр хоёр цагдаатай маргалдсан. Тэгтэл тэр хоёр цагдаа заавал авч явна гээд Хүрэлбаатарыг заамдаж захаар нь боож байгаад ухаан алдуулчихсан. Тэгэхээр нь би Хүрэлбаатарыг өмөөрч та нар ингэж болж байгаа юм уу гээд тэр цагдаа нартай маргалдсан чинь махлаг цагдаа нь намайг цахилгаан бороохойгоор цохиулахаар нь би тэр цагдаагийн нүүр лүү нь гараараа 1-2 удаа цохьсон. Энэ үед нөгөө цагдаа нь ирээд намайг барьж аваад гар өчсөн. Энэ үед миний гар өвдөөд болиоч гэхэд болихгүй байсан ба намайг гавлах гэж ноцолдоод миний гар маш хүчтэй өвдөөд би маш чанга болиоч ээ гар хугарлаа гэж орилсон. Тэгтэл Хадхүү Чулуунхүү хоёр ирээд та болиоч гэж хэлээд зууралдаад намайг салгахаар нь мөн би уурандаа тэр туранхай цагдаагийн нүүр лүү нь нэг удаа гараараа цохьсон ...” гэсэн мэдүүлэг /хх-49-50х/,
Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 2-ны орой найзуудтайгаа худгийн хажууд архи ууж байтал цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн машинтай 2 цагдаа ирээд бичиг баримтаа шалгуул гэсэн. Машин барьж явсан жолооч, найз Чулуунхүү нар нь бичиг баримтаа шалгуулсан. Хүрэлбаатар бид хоёр бичиг баримт байгаагүй, Хүрэлбаатарын гэрийн гадаа байсан учраас эхнэрээр нь авчруулъя гэхэд машин руу суу гээд Хүрэлбаатарыг цахилгаан бороохойгоор цохиулаад боож унагаагаад ухаан алдуулаад байсан. Тэгэхээр нь би болиоч гэхэд намайг бас цахилгаан бороохойгоор цохиулахаар нь би тэр цагдаатай муудалцаад нүүрэн тус газар нь нэг удаа цохьчихсон юм. Тэгтэл нэг цагдаа нь ирээд миний гарыг барьчихаар нь гарыг нь тавиулах гээд шанаа орчим нь цохьсон. Тэгээд бид нар муудалцахаа болиод, намайг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан” гэв.
Хохирогч О.Ганхөлөгөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2018 оны 3 дугаар сарын 2-ны 21 цаг 36 минутад Согоот 10 буюу хэлтсийн жижүүрээс Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16 дугаар гудамж 646 дугаар худгийн хажууд согтуу хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн тул цагдаа жолооч ахлах ахлагч Доржготовын хамтаар явж очсон. Гэтэл худгийн хажууд 27-82 УНУ улсын дугаартай саарал өнгийн Сонота 5 маркийн автомашинд согтуу 4 залуу сууж байсан тул бичиг баримтаа шалгуул гэхэд цагдаа жолооч ахлах ахлагч Р.Доржготовын тавьсан шаардлагыг биелүүлээгүй нэг залуу нь түүний бтед халдаж шууд нүүр лүү нь гараараа 1-2 удаа цохиж зодож танхайрсан. Тэгэхээр нь би нөгөө залууг нь бариад хойш нь татсан чинь нөгөө залуу миний уруул руу цохиж аваад уруул болон шүд гэмтээсэн. Намайг болон Доржготов бид хоёрыг Алтанхүү гэдэг залуу нь зодсон …” гэсэн мэдүүлэг /хх-13х/
Хохирогч Р.Доржготовоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…тэгээд бичиг баримтын шалгах гэтэл нэг согтуу залуу нь яах гэж шалгуулдаг юм бэ гээд цааш хэл амаар доромжилж байгаад Алтанхүү гэдэг залуу нь миний нүүр лүү гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд намайг доош тонгойход Ганхөлөг ирээд нөгөө залууг бариад цааш явсан. Намайг дээшээ болоод харахад тэр залуу мөн л Ганхөлөгтэй зууралдаад заамдалцаад байсан …” гэсэн мэдүүлэг /хх-16х/,
Гэрч А.Хадхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…миний харснаар цагдаагийн нүүр лүү нэг удаа гараараа цохиж байсан. Мөн дараа нь харахад бас туранхай цагдаатай буюу офицертэй нь маргалдаад зууралдаж байгаа харагдсан …” гэсэн мэдүүлэг /хх-27х/,
Гэрч Э.Чулуунхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Алтанхүү махлаг цагдаагийн нүүр лүү нь гараараа 1-2 удаа цохиод авсан …” гэсэн мэдүүлэг /хх-32-33х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3222 тоот дүгнэлтэд:
“1. Р.Доржготовын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, шанаа баруун гарын 2.3-р хурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-41х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3224 тоот дүгнэлтэд:
“1. О.Ганхөлөгийн биед дээд уруулын гадна дотор салстад шарх, нэг шүдний сулрал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-43х/,
Шүүгдэгч Ц.Алтахүүгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-68х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.А нь 2017 оны 3 дугаар сарын 2-ны шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, дэслэгч О.Ганхөлөг, жолооч цагдаа Р.Доржготов нарыг хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.