Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/1227

 

 

 

 

    2024            11            07                                      2024/ДШМ/1227

 

А.Оад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

хохирогч С.Дын өмгөөлөгч Л.Энхсүрэн,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,  

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 980 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор А.Оад холбогдох эрүүгийн 2308026700831 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулга илтгэснээр хянан хэлэлцэв.

Илжгэн овогт А.О, 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Увс аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............/;

Шүүгдэгч А.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 02-03 цагийн үед .............. тоот гэртээ С.Дыг найз Ц.Бтой хардсаны улмаас С.Дын толгойн тус газарт сөжүний шилээр цохих, мөн үсдэлцэж зууралдах зэрэг байдлаар эрүүл мэндэл нь “баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд шарх, цус хуралт, дух болон дагз орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, зүүн шуу, гуянд цус хуралт, баруун сарвууны 4, 5 дугаар хурууны хумсны ард шарх, зүүн сарвууны 4 дүгээр хурууны хумсан доор цус хуралт, баруун сарвууны эрхий хурууны ард цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэр хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Оад 380 (гурван зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ооногдуулсан 380 (гурван зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оын цагдан хоригдсон 10 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон нийт 80 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, түүний биечлэн эдлэх ялыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч А.Оад сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Оаас 4.206.000 төгрөг гаргуулан хохирогч С.Дад 3.998.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 208.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Оын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүгдэгч А Оюунбатын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэл дээр маргаагүй, бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн болно. Мөн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарч байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Дээрх байдлыг шийтгэх тогтоолд тодорхой дурдсан байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд насанд хүрээгүй хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Хувиараа сайн үйлсийн төлөө тоглолтууд зохион байгуулж, тодорхой орлого олон амьжиргааны эх үүсвэрээ бүрдүүлдэг. Иймд дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэж, улмаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож. шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч С.Д болон манай найзууд манай гэрт архи согтууруулах ундааны зүйл ууссан. Манай гэрт Доржханд, миний найз залуутай дотно харилцаанд орж байхад нь хараад манайхаас  яв гэж шаардлага тавьсан. Гэрээс гарч гэрийн үүдний хэсэгт харилцан зодоон болсон. Хохирогч С.Д мэдүүлэгтээ “Өрөөнд орж ирээд намайг шууд сөжүний шилээр цохисон” гэж мэдүүлсэнд гомдолтой байна. Харилцан зодооны хувьд би шууд үйлдэл гаргаагүй. Хохирогч С.Д шууд зодоон үүсгэсэн учраас надад гэмтэл учирсан. Тэр үед хамрын хагалгаанд орсон байсан учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй, сарын дараа эмнэлэгт үзүүлсэн. Харилцан зодооны талаар хохирогч С.Дтай маргахгүй байгаа. Би хандивын тоглолт зохион байгуулдаг. Хохирогч С.Д надтай хамт хандивын тоглолт зохион байгуулахад тусалдаг болсноос хойш таньдаг болсон. Миний хамтран амьдардаг залуутай намайг согтуу байх хойгуур дотно харилцаанд орж байсан. Энэ нөхцөл байдлаас болж харилцан зодоон болсон. Хохирогч энэ талаар худал мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо таардаг. Хохирогч С.Д миний утсыг хулгайлсан энэ талаар цагдаад би мэдэгдсэн шалгагдаж байгаа. Энэ хэргээс болж хамгийн их хохирч байгаа хүн би. Яагаад  гэвэл найз залуугаасаа салсан. Мөн С.Д миний утсыг хулгайлсан, намайг байнга дарамталдаг. Анхан шатны шүүх хурал дээр хохирогч С.Дтай нүүр нүүрээ харж мэтгэлцэх талаар санал гаргасан. Өмгөөлөгчөөр нь дамжуулаад шүүх хуралд оролцуулах талаар хэлэхэд  шүүх хуралд ирээгүй. Тэр цагаас хойш надтай холбоогүй байгаа. Өөрийгөө тоглолт зохион байгуулдаг гэж мэдүүлсэн тэр худал юм. ...” гэв.

Хохирогч С.Дын өмгөөлөгч Л.Энхсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч А.О тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэрэг гарсан гэж тайлбарлаж байна. Хохирогчийн биед гэмтэл санаатай учруулахдаа нэг удаагийн үйлдлээр биш, олон удаагийн үйлдлээр хэд хэдэн удаа хүнд гэмтэл учруулсан. Шинжээч эмч Болороогийн мэдүүлэгт “С.Дын бие баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд шарх, цус хуралт, дух болон дагз орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, зүүн шуу, гуянд цус хуралт, баруун сарвууны 4, 5 дугаар хурууны хумсны ард шарх, зүүн сарвууны 4 дүгээр хурууны хумсан доор цус хуралт, баруун сарвууны эрхий хурууны ард цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Сэтгэл санааны нөхцөл байдлаас нэг удаа цохиод гэмтэл учирсан бол тохиолдлын шинжтэй гэмтэл учирсан гэж үзэж болохоор байна. Гэтэл хохирогчийн толгой тус газар нь 7см хэмжээтэй сорви үлдээсэн. Одоогийн байдлаар гялтайсан сорвитой үс нь ургахгүй залуухан эмэгтэй байгаа. Хохирогчийн гэмтлийн гэрэл зургийг хавтаст хэргийн 108-110 дугаар талд байгаа. Шүүгдэгч харилцан зодолдсон талаар тайлбарлаж байна. Шүүгдэгч А.О шүүх эмнэлэгт үзүүлээд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, дүгнэлт хэргийн материалд авагдсан. Мөн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас хэрэг үйлдэгдсэн гэж маргаж байна. Тийм үйлдэл болсон гэж шүүгдэгч өөрөө мэдүүлдэг болохоос хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээс үйл баримт тогтоогдоогүй. Шүүгдэгч А.О найз залуу гэж тайлбарлаж байгаа н.Батзоригийн өгсөн мэдүүлэг 49 дугаар талд авагдсан. “ Ам бүл 4 буюу эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. А.О нь миний найз юм” гэж мэдүүлдэг. Гэтэл эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг хүнийг миний найз залуу гэж тайлбарлаж хардаад бусдын биед хохирол учруулж байгаа үйлдэл нь зүй зохистой үйлдэл гэдгийг гайхширч байна. А.Оыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар өмгөөлөгч Б.Энхтүвшин тайлбарласан. Шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан удаатай. Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч А.О нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохирлыг 5 хоногийн дотор төлж чадахгүй ч гэсэн ойрын хугацаанд төлнө” гэдгээ нотолсон. Гэтэл өнөөдрийг хүртэл хохирогчтой холбогдож хохирол төлбөрийг төлж, уучлалт гуйгаагүй. Ял хөнгөрүүлэх, сэтгэл санааны хохирол буруулах талаар гомдол гаргасан үндэслэлгүй байна. Гэм буруугаа ойлгож ухаарсан эсэхэд эргэлзэж байна. Хувийн байдлын тухайд анх мэдүүлэг өгөхдөө “ам бүл 1 гэж” мэдүүлсэн, өнөөдөр “өрх толгойлсон эх” гэж мэдүүлсэнд эргэлзэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү, сэтгэл санааны хохирлын асуудлыг хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдал болон хэргийн үйл баримтад анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч А.Оыг хохирогч С.Дын биед хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр эргэн төлөгдөөгүй байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” заасны дагуу шийтгэсэн. Давж заалдах гомдолтой холбогдуулаад тайлбарлахад шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлэх таалар гомдолдоо дурдсан Хэрэгт авагдсан баримт болон давж заалдах шатны шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтыг харахад ямар нэгэн байдлаар торгох ялыг оногдуулах боломжтой баримтыг шүүгдэгч А.Оаас гаргаж өгсөнгүй. Иймд түүнд оногдуулсан ялыг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр буруулах талаар гомдолдоо дурдаж байна. Хохирогч С.Дад нийт 12 тооны гэмтэл учруулсан. Учирсан хохирлын шинж байдлыг харгалзаж анхан шатны шүүхээс тогтоосон хэмжээгээр бол нөхөн төлбөрийг шүүгдэгч А.Оаас гаргуулах нь зүйтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

     Шүүгдэгч А.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Дыг хардалтын улмаас толгойн тус газарт сөжүний шилээр цохиж, мөн үснээс нь зулгаан зодож эрүүл мэндэд нь “баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд шарх, цус хуралт, дух болон дагз орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, зүүн шуу, гуянд цус хуралт, баруун сарвууны 4, 5 дугаар хурууны хумсны ард шарх, зүүн сарвууны 4 дүгээр хурууны хумсан доор цус хуралт, баруун сарвууны эрхий хурууны ард цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч С.Дын “...Би 2023 оны 08 дугаар сарын 23-ны орой ...бид дөрөв хоорондоо юм ярьж сууж байгаад би нөгөө өрөөнд ороод унтаж байсан чинь А.О орилж орж ирээд миний дух хэсэгт юмаар цохих шиг болсон. Тэгэхээр нь босоод харсан чинь миний дух хэсгээс цус гарсан байдалтай байхаар нь яагаад байгаа юм бэ гэсэн чинь чи миний залуутай унтсан байна гээд орилоод байсан. Намайг А.О сөжүний шилээр хоёр удаа цохисон. ...” /хх 42/,

 гэрч Б.Хгийн “...С.Дыг түргэний машинд суулгахад толгой нь хагарчихсан байсан. Би толгойг нь цэвэрлээд боож өгсөн. С.Д гэх эмэгтэйн нэг гар нь зүсэгдсэн шархтай байхаар нь би тэр зүсэгдсэн шархыг нь цэвэрлээд боож өгсөн. Тэр үед С.Д гэх эмэгтэйн амин үзүүлэлт нь хэвийн байсан тул зөвлөгөө өгсөн. С.Д гэдэг эмэгтэй нь надад хандаж би найзындаа архи уугаад, найз архиндаа согтоод архины шилээр намайг цохиод эдгээр гэмтлүүдийг учруулсан гэж хэлсэн. Гарт нь үүссэн зүсэгдсэн шархнууд нь шилэнд зүсэгдсэн юм шиг байсан. ...” /хх 52/,

шинжээч О.Бгийн  “...С.Дын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн од:н /даагийн үйлчлэлээр цохих механизмаар үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг удаа унах үед үүсэх боломжгүй. ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...Духанд шарх гэмтлийн улмаас цус хуралт үүссэн Хамтдаа үүссэн гэмтэл. Тус тусдаа үүсэх боломжгүй. ...Баруун зулайд учирсан шархнаас гадна бусад гэмтэлд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байгаа. ...” /хх 60/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10756 дугаар “...С.Дын биед баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд шарх, цус хуралт, дух болон дагз орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, зүүн шуу, гуянд цус хуралт, баруун сарвууны 4, 5 дугаар хурууны хумсны ард шарх, зүүн сарвууны 4 дүгээр хурууны хумсан доор цус хуралт, баруун сарвууны эрхий хурууны ард цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 55/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 11137 дугаар “...А.Оын биед хоёр зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн хуучин гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 63/ гэсэн дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 17/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-37/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэнтэй нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Н, Д.Бнар “Хохирогч өөрөө халтирч унаад камень зуух мөргөсөн” гэж мэдүүлсэн /х 47-50 тал/ байна. Хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан бусад нотлох баримтууд, хохирогч С.Дын удаа дараагийн мэдүүлгээр А.О нь түүнийг нь шилээр цохьсон талаар тогтвортой мэдүүлсэн, гэрч Б.Хгийн мэдүүлгээр гэмт хэрэг гарсан даруй дуудлагаар очиж эмнэлгийн тусламж үзүүлэхэд хохирогч нь “Архины шилээр цохиулсан талаар ярьж байсан” гэдгийг мэдүүлсэн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.    

Шүүгдэгч А.Оын үйлдлээс хохирогч С.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс А.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал байдлыг зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг зөрчөөгүй гэж үзлээ.

            Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг бөгөөд амьдралын эх үүсвэр, ажил хийх шаардлага зэргийг харгалзан ял оногдуулах шаардлагагүй, энэ нь ялын зорилгод хамаарахгүй.

            Шүүгдэгч А.Оын өмгөөлөгч Б.Энхтүвшин “...хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэж, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хянавал,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” бол Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтууд болох  хохирогч С.Дын “нөгөө өрөөнд ороод унтаж байсан чинь А.О орилж орж ирээд миний дух хэсэгт юмаар цохих шиг болсон. Яагаад байгаа юм гэсэн чинь чи миний залуутай унтсан байна гээд орилоод сөжүний шилээр хоёр удаа цохисон. ...” /хх 42/, гэрч Х.Нийн “...А.О С.Д руу дайраад маргалдаж хоорондоо үсдэлцээд зууралдаад байсан. ...том өрөөнд очиход С.Д газар уначихсан дух нь язраад цус гарсан байдалтай байсан. ...” /хх 47/ гэсэн мэдүүлгүүд болон  2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10756 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгч А.О нь хохирогч С.Дыг найз Ц.Бтой хардаж маргалдан цохиж, зодож, түүний эрх чөлөөнд халдаж гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Мөн Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсны дагуу Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд анхан шатны шүүх дээрх тогтоолд заасны дагуу А.Оаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  7 дахин нэмэгдүүлсэн буюу 3.850.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан “Шүүгдэгчид оногдуулсан ялыг торгох ялаар солих, мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг багасгаж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 980 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА