Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/1228

 

 

 

 

    2024           11            07                                       2024/ДШМ/1228

 

П.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч П.Эын өмгөөлөгч Н.Болортуул,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1004 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болортуулын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч П.Эад холбогдох эрүүгийн 2403000330271 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн П.Э, 1978 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:....................../;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 157 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнссэн,

Шүүгдэгч П.Э нь ..............., “Сод Монгол” ШТС-ын урд талын замд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 15 минутын орчимд “Toyota Vellfire” маркийн ........... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Л.Нг “Toyota prius” маркийн 05-95 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шүргүүлээд зам дээр хэвтэж байхад нь дайрч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Эын өмгөөлөгч Н.Болортуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шүүгдэгч П.Эад ял оногдуулахдаа “...гэм буруугаа хүлээх гэдэг ойлголт нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүгдэгч П.Эын хувьд дээрх нөхцөл шаардлага үгүйсгэгдэж байна” гэж дүгнэн дээрх ялыг оногдуулсан. Шүүгдэгч П.Эын хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд болсон хэрэг асуудлыг үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, өөрийн идэвх санаачилгаар энэхүү хэргийн чухал нотлох баримт болох зам тээврийн ослын үеийн дүрс бичлэгийг олж мөрдөгчид эд мөрийн баримтаар гарган өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирогчид эмчилгээний зардалд 2 000 000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.841.950 төгрөг төлсөн байдаг. Харин түүний зам тээврийн осол хэргийн хувьд, мөстсөн халтиргаатай замд тэрээр аюул саадыг хараад зогсоох арга хэмжээ авахаар 3 удаа тоормос гишгэж улмаар зам дээр хэвтэж буй хүнийг 12 метр зайд түрж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байдаг. Түүний энэхүү 3 удаагийн давтамжтай тоормос гишгэсэн үйлдлийг “зогсоох арга хэмжээ” авсан гэж үзэх эсэхийг мэргэжлийн байгууллагын мэргэшсэн шинжээч нараар тогтоолгохоор өмгөөлөгчийн хувьд хуульд заасан эрхийнхээ хүрээнд хүсэлтийг удаа дараа гаргасан. П.Эын 3 удаагийн тоормос гишгэсэн үйлдлийг “зогсоох арга хэмжээ аваагүй” гэж үзсэн мөрдөгчийн магадалгаа эргэлзээ бүхий гэж өмгөөлөгч миний бие үзэн анхан шатны шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцсоныг шүүгдэгч П.Эын байр суурь гэж дүгнэсэн нь өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд хэргийн бодит байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эргэлзээгүй тогтоолгохоор хүсэлт гаргаж байсан болохоос “хэрэг бүртгэлтийн хэргийг хааж өгөөч”, “мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч” гэсэн гомдол хүсэлтийг огт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан өмгөөлөгч миний хүсэлтүүдээс харагдана. П.Э нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өөрөө зүрхний хүнд өвчний улмаас ОХУ-ын Улаан-Үүд хотын Н.А.Семашкогийн Бүгд Найрамдах Улсын Клиник эмнэлгийн байнгын хяналтад байдаг, түүний охин Энхбат Цэцэйхэн нь Улаан-Үүд хотын бие даасан хичээлүүдээр гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын дунд сургууль №2-т, 2 дугаар ангид суралцдаг нь тус эмнэлгийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байгаа бөгөөд түүний эрүүл мэндийн энэхүү байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Эын хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөггүй. Камерын бичлэгээс зам тээврийн осол тодорхой харагддаг. Мөрдөгчийн магадалгаагаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад нотлох баримтыг шинжлэн судлаад хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч П.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй хохирол төлбөрийн хувьд хохирогч Л.Н 2 сая төгрөг авч гомдол саналгүй гэдэг боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан гэтэл шүүгдэгч П.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Э нь ..............., “Сод Монгол” ШТС-ын урд талын замд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 15 минутын орчимд “Toyota Vellfire” маркийн ............... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Л.Нг “Toyota prius” маркийн ............ УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шүргүүлээд зам дээр хэвтэж байхад нь дайрч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 10-11/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 9/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 13-18/,

хохирогч Л.Нгийн “...би ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй зам хөндлөн гарч явсан. Хотын төв рүү явдаг талын 3 эгнээ замыг өнгөрч гараад замын голын тусгаарлах хэсэг дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчдог зорчих хэсгээр гарах гээд түр саатаад урдуур том ачааны машин яваад өнгөрөхөөр нь гарах гэтэл дахиад нэг “тоёота приус” машин тулаад ирэхээр нь ухраад өнгөрүүлэх санаатай арагш гишгэтэл зам дээр халтирсан. Яг халтирч унаж байх үед тэр машин намайг мөргөсөн. Би тэр дороо ухаан алдсан байсан. Гэнэт их даараад ухаан ороод сэртэл нэг махлаг залуу “хүүе ахаа, та зүгээр үү” гэж асуухаар нь “яг хөлдөж үхлээ, нөмрүүлчих юм байна уу” гэтэл тэр залуу надад хөнжил шиг юм нөмрүүлж байсан. Би тэр үед юу болсон талаар юу ч мэдэхгүй, буцаж ухаан алдаад Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр ухаан орж сэргэсэн. Цагдаа нар ирээд драйгер багажаар үлээлгэж шалгаад ослын талаар тодруулаад явсан. Ослын улмаас өөрт учирсан хохирлоо бүрэн нэхэмжилнэ. ...” /1хх 32-34, 35/,

гэрч Д.Уын“...18 цагийн орчимд “Сод Монгол” ШТС-ын ойролцоо 3 эгнээ автозамын 3 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй ойролцоогоор 30 орчим км/цагийн хурдтай явтал миний зүүн гар талаас буюу замын урдаас нэг хар өнгийн хувцастай эрэгтэй хүн утсаараа ярьж байгаа бололтой зам хөндлөн гарч явахыг хараад хурдаа хасаад тэр хүнийг өнгөрөөгөөд авто замын 2 дугаар эгнээ рүү шилжиж ортол ард түс тас хийх чимээ гарахаар нь зүүн талын толиндоо хартал хүн унаж байгаа харагдсан. Тэр үед замын 1 дүгээр эгнээгээр “тоёота приус 41” маркийн цагаан өнгийн автомашин хурдтай гараад өнгөрөхөөр нь би нөгөө миний урдуур зам гарч явсан хүнийг мөргөөд зугтаачихлаа гэж бодоод шууд араас нь очиж шахаж зогсоосон. Нөгөө машины жолоочийн эсрэг талаар нь очиход нэлээд сандарсан байдалтай нэг согтуу ах бууж иртэл жолооны ард сууж явсан жолоо барьж явсан эмэгтэй суудал сольж нөгөө ахын буусан суудал дээр суухаар нь би “хөөе та нар хүн мөргөчихөөд яагаад зугтаж байгаа юм бэ” гээд хэлтэл тэр эмэгтэй “би мөргөөгүй, манай найз Цээгий мөргөсөн” гээд суугаад байсан. Би “хэн мөргөсөн нь хэнд хамаатай юм, тэр мөргөсөн хүн дээрээ очиж эмнэлэг дуудаж үзүүл” гээд тэр 2 хүнийг дагуулаад нөгөө хүн рүү алхаж явахдаа цагдаа дуудах гэтэл тэр жолоо барьж явсан эмэгтэй миний гар утсыг булаагаад “адилхан амьдралтай хүн байж битгий нэгэндээ гай болоорой, эгч нь чамд хангалттай мөнгө өгье, чи цагдаа дуудаад манай найз Цээгийг мөргөсөн гээд хэлчих” гээд байсан. Би “үгүй ээ чадахгүй” гээд утсаа булааж аваад явж байтал тэр 2 хүн буцаад машин руугаа явчихсан. Мөргүүлсэн хүнд санаа зовоод яваад очтол нэг цагаан өнгийн “Альпард” маркийн машин аваараа татаад зогсчихсон. Нөгөө хүн машиных нь урд газар юм нөмрүүлээд хэвтсэн байсан. Тэр жолооч замын хажууд, нэлээн сандарсан байдалтай түргэн тусламжийн эмчтэй ярьж байгаа бололтой хаягаа зааж өгөөд зогсож байсан. Би тэр жолооч ахыг дуудаад “наад хүнийг чинь анх мөргөсөн хүн тэнд байгаа 2 согтуу хүн” гээд дагуулаад анх мөргөсөн машин дээр очоод нөгөө 2 хүнийг “явцгаая” гээд дагуулаад буцаад мөргүүлсэн хүн дээрээ иртэл цагдаа ирсэн байсан. Тэр хүмүүсийг цагдаад хүлээлгэж өгөөд явсан. ...” /1хх 47/,

гэрч Д.Тийн “...надад архинаас өгөхөөр нь би жолоо барьж байсан учраас амсаад өгсөн. Тэгээд өөрийн эзэмшлийн “Тоёота Раум” маркийн 05-95УНР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Цээгийг гэрт нь буулгах гээд 22-н товчооны замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 20 орчим км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед зам халтиргаатай мөстэй, тог тасарчихсан харагдах орчин байхгүй, зам харанхуй байсан. Явж байтал миний урд 3 дугаар эгнээгээр том оврын машин явж байсан. Тэр үед гэнэт нэг хар юм зам дээр гараад ирэхээр нь би тоормосоо гишгээд жолоогоо баруун тийш дараад машинаа зогсоож амжилгүй машиныхаа зүүн урд талын хэсгээр мөргөөд цааш яваад зогссон. Машинаас буугаад осол болсон газраа иртэл нэг Альпард маркийн машин урд талын гупер нь хагарчихсан зогсож байсан. Тэгээд цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Би явган зорчигчийн эмчилгээнд ойролцоогоор 1.600.000 төгрөгийн зардал зарцуулсан. ...” /1хх 51/,

гэрч Б.Цийн “...Хатнаа бид 2 үлдсэн архиа уугаад би дахиад тасраад унтчихсан. Тэгээд би юу ч мэдэхгүй ухаан санаа орон гаран байж байхад Д.Т гэнэт намайг татаад “яанаа Цээгий болохоо байлаа, сэрээрэй аваар хийчихлээ” гээд татаж чангаагаад байсан. Сэргээд харсан чинь Туяацэцэг жолооны хүрдний ард, би жолоочийн хажууд суусан байдалтай, хаана ч явж байгаагаа мэдэхгүй сэрсэн. Машинаас буугаад хартал Туяацэцэг хүмүүстэй маргалдсан бололтой зогсож байсан. Тэгэж байтал удалгүй замын цагдаа нар ирсэн. Туяацэцэг бид хоёрыг гавласан. Би юун цагдаа болчихов, машинтай явж байгаад машин тэрэг мөргөсөн юм байх гэж бодтол Туяацэцэг машин барьж яваад хүн мөргөсөн талаар гадарласан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэргийн газарт хэмжилт хийгээд Туяацэцэгийн жолоодож явсан машиныг журамлаад Туяацэцэгийг эрүүлжүүлээд, намайг даралт ихтэй эрүүл мэндийн шалтгааны улмаас ар гэрт хүлээлгэж өгсөн. Цагдаа нар ирээд Туяацэцэгийг үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг санаж байна. ...” /1хх 49/,

иргэний нэхэмжлэгч С.С “...хохирогч Л.Н нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.841.950 төгрөг гарсныг П.Эаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /1хх 39/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Бямбадоржийн “...Осолд холбогдсон 05-95 УНР улсын дугаартай “prius Alpha-XW маркийн тээврийн хэрэгслийг зээлдэгч Туяацэцэг нь 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийн үнийн дүнд барьцаалсан. Ослын улмаас байгууллагын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан тул автомашиндаа үнэлгээ хийлгэж хохирлоо нэхэмжилнэ. ...тээврийн хэрэгслийг зээлдэгч Туяацэцэгийн эзэмшилд шилжүүлсэн тул иргэний хариуцагчаар манай байгууллага оролцох боломжгүй. Туяацэцэг нь хариуцах болно. ...” /1хх 42, 45/,

шинжээч эмч О.Нгийн “...Л.Нгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь газарт унах болон чирэгдэх үед үүсэх боломж бага, харин мөргөгдөх дайрагдах үед илүү үүсэх боломжтой байна. Аарцаг яс нь бусад ястай харьцуулахад цагариг үүсгэсэн анатомийн бүтэцтэй, иймээс уг яс нь дарагдах шахагдах үед хугарал гэмтэл үүснэ. ...” /1хх  73/,

шинжээч эмч Ш.Цгийн: “...Автомашинаар мөргөгдөх болон дайрагдах аль алинаар нь үүсэх боломжтой, нэг удаагийн үйлчлэлээр үүсэж болох гэмтэл юм. Миний хувьд автомашинаар мөргөгдсөнөөс эсвэл автомашинаар дайрагдсаны алинаас үүссэнийг ялгах боломжгүй. ...” /1хх 74-75/,

Шүүгдэгч П.Эын яллагдагчаар өгсөн “...22-ын товчооны замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр 30 гаран километр цагийн хурдтай явж байхад урд талд явж байсан машин гэнэт баруун тал руугаа дараад цааш явтал урд зам дээр жижиг шуудайтай юм шиг хар бараан өнгийн юм харагдахаар нь би баруун гар тийшээ дарах гэсэн боловч зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр тээврийн хэрэгсэл зэрэгцээд явж байсан болохоор нөгөө урд байсан юмнаас зайлуулах гээд 2 дугаар эгнээ рүү шахаад тоормосоо гишгэтэл зам маш их халтиргаа гулгаа ихтэй байсан учраас нөгөө зам дээр байсан хар юмыг мөргөөд чигээрээ гулгаад 5-6 метр орчим яваад зорчих хэсгийн 2 дугаар эгнээн дээр зогссон. Машинаасаа бууж хартал хар өнгийн хувцастай 50 орчим насны эрэгтэй хүн машин доогуур мөргүүлсэн  байдалтай хэвтэж байхаар нь би нөгөө хүнээс “ахаа бие нь яаж байна, та гайгүй юу, зүгээр үү” гээд асуусан чинь “би аймаар даараад байна” гэхээр нь би машинаасаа аяны хөнжил аваад нөмрүүлж, бээлий өмсүүлээд 103 дугаарт дуудлага өгөөд байж байтал 25 орчим насны нэг залуу гүйж ирээд “наад хүнийг чинь мөргөсөн хүмүүсийг тийшээ Тахилт руу эргэдэг дээр зогсоосон байна, тэр хүмүүс нь зугтах гээд байна, хамт очъё, манай дүү тэнд харж байгаа” гэхээр нь хамт заасан газарт очиход цагаан өнгийн тоёота приус маркийн машиныг зогсоосон байсан. Жолооч, зорчигч нь гээд эрэгтэй, эмэгтэй 2 согтуу хүн машиныхаа хажууд нөгөө намайг дуудсан залуугийн дүүтэй маргалдаад байж байсан. Цагдаагийн алба хаагчид ирээд ослын газрыг хамгаалалтад авч байтал түргэн тусламж ирээд нөгөө ахыг аваад явсан. Араас нь Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд ослын газарт хэмжилт хийгээд явсан. Миний бие осол гарсанд маш их харамсаж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд нийт 2 сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн. ...” /1хх 236-237/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 774 дүгээр “...Л.Нгийн биед баруун сүүжний дэлбээ ууцны үе дайрсан, баруун талын умдаг ясны дээд, доод салаа, зүүн талын умдаг ясны дээд доод салааны хугарал, баруун бугалга, тохой, нуруу, зүүн ташаа, салтаа төмсөгт цус хуралт, зүүн хацар, шанаа, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” /1хх 78-79/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар "...Л.Нгийн биед учирсан гэмтэл нь халтирч унах үед үүсэх боломжгүй. Л.Нгийн биед учирсан баруун сүүжний дэлбээ, ууцны үе дайрсан, баруун талын умдаг ясны дээд, доод салаа, зүүн талын умдаг ясны дээд, доод салааны хугарал гэмтлүүд нь мөргөгдөх, дайрагдах үед аль, алинд нь үүсэх боломжтой. ...” /1хх 85-86/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 398 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн Toyota Vellfire маркийн 38-58 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн доод эд ангид арчигдсан ул мөр, материалын сэмэрдэс илрээгүй болно. 2. Автомашины урд бамбайн доод хэсэгт хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр хагаралт үүссэн байна. ...” /1хх 116-117/ гэсэн дүгнэлтүүд,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 24-29/, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 515 дугаар мөрдөгчийн  магадалгаа /1хх 165-167/, П.Э, Д.Т, Л.Н нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 19-21/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Эыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Шүүгдэгч П.Эын өмгөөлөгч Н.Болортуул “...түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус зааснаас үзвэл уг зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарч байна.

Иймд шүүгдэгч П.Эын болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар онц ноцтой биш, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний бага насны хүүхэд Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотын дунд сургуульд суралцдаг болон өөрөө тус улсын Улаан-Үд хотын эмнэлэгт тогтмол үзүүлдэг хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн архи ууж согтуурсан үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудтай, бусад хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг давж заалдах шатны шүүх тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасны дагуу “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болортуулын “шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг болиулж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1004 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч П.Эад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.”  гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан хугацааг түүнийг тэнссэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүгдэгч П.Э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА