Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00730

 

Д.М, М.У нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/00655 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М,, М.У нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Д.М,, М.У нар ...........ББСБ ХХК-аас авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03889 дугаар шүүгчийн захирамжаар Д.М,, М.У нар 100,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. НШШГГ- Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13311 хүннү гудамж 112 байр 58 тоотод байрлах 80,4 м.кв орон сууцыг үнэлүүлэхэд шинжээч 176,623,404 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Шинжээч орон сууцны 1 м.кв талбайг 2,196,000 төгрөгөөр зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн. Дээрх орон сууцыг 2015 онд 1 м.кв-ыг 2,600,000 төгрөгөөр тооцож нийт 209,040,000 төгрөгөөр худалдан авсан. Орон сууцны үнэлгээ зогсолтгүй өссөн бөгөөд одоогийн зах зээлийн доод үнэлгээ 240,000,000 төгрөг орчим байхад орон сууцыг хэт доогуур үнэлсэн. Орон сууцны үнэ 1 м.кв 3,300,000 төгрөгөөс дээш ханштай байгаа. Орон сууцны үнэ 50 дээш хувиар өссөн нь нийтэд илэрхий баримт юм. Иймд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13311 хүннү гудамж 112 байр 58 тоотод байрлах 80,4 м.кв орон сууцыг 176,623,404 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03889 дугаар захирамжаар Д.М,, М.У нараас 100,000,000 төгрөгийг гаргуулж ...........ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21260410 тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Д.М,, М.У нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул Д.М,гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/ Хүннү гудамж 112 дугаар байрны 58 тоот 80,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 21260410/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21260410/07 дугаар тогтоолоор хураасан. Үл хөдлөх хөрөнгийн үнийн санал өгөхийг Д.М,, М.У нарт мэдэгдэхэд, М.У 240,000,000 төгрөгийн, Д.М, 250,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн. Төлбөр авагч ...........ББСБ ХХК шинжээч томилуулах санал ирүүлсэн. Талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй учир 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/305 дугаар шинжээч томилох тогтоолоор Дамно ХХК-ийг томилоход орон сууцыг 176,623,404 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-186/21672 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13311 хүннү гудамж, 112 дугаар байр, 58 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлтийн Ү-2204093604 дугаарт бүртгэгдсэн, 80,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.М,, М.У нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агууга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13311 хүннү гудамж 112 байр 58 тоотод байрлах 80,4 м.кв орон сууцыг үнэлүүлэхэд шинжээч 176,623,404 төгрөгөөр үнэлсэн. Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг хэрэглээгүй. Цар тахалын улмаас хил хаасан, барилгын материалын үнэ өссөн. Энэ нь нийтэд илэрхий үйл баримтад хамаарна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд тухайн үнэлж буй хөрөнгийг өөрийн онцлогт нийцүүлэн зохих ёсоор үнэлэхээр заасан. Хариуцагчийн зүгээс уг орон сууцны м.кв-ын үнийг 2,196,808 төгрөгөөр үнэлсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 1 м.кв-ын үнэ 3,000,000 төгрөгөөс доош байхгүй.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13311 хүннү гудамж, 112 дугаар байрны 58 тоот Саруул хотхонд худалдан борлогдож буй орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг харуулах, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны худалдсан борлуулсан худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээв.

1.    Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

1 а. Нэхэмжлэгч Д.М,, М.У нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбогдуулан Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, (13311) хүннү гудамж, 112 дугаар байр, 58 тоотод хаягт байрлах 80,4 м.кв орон сууцыг 176,623,404 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргасан байна.

1 б. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03889 дугаар захирамжаар нэхэмжлэгч Энхсар-Инвест ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,300,000 төгрөгөөс татгалзаж, 100,000,000 төгрөгийг хариуцагч М.У, Д.М, нар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2204093604 дугаар гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13311 хүннү гудамж, 112 дугаар байрны 58 тоот хаягт байршилтай 80,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч талууд эвлэрснийг баталж шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг. (хх-ийн 40-41)

1 в. Төлбөр төлөгч Д.М,, М.У нар дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ГХ2021/00452 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ- дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үүсгэсэн байна. (хх-ийн 39, 10)

НШШГГ- нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, (13311) хүннү гудамж 112 дугаар байр, 58 тоотод хаягт байрлах 80,4 м.кв орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2126010/5 дугаар тогтоолоор битүүмжлэн, мөн оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21260410/07 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх-ийн 51-52)

1 г. Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч М.У дээрх үл хөдлөх хөрөнгийг 240,000,000 төгрөгөөр, Д.М, 250,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Энхсар-Инвест ББСБ ХХК 136,680,000 төгрөгөөр үнэлж, үнийн дүн маргаантай байвал шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. (хх-ийн 54-56) Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн талаар талууд тохиролцоогүй гэж үзэн, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/305 дугаар тогтоолоор Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

Шинжээч Дамно ХХК нь Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, (13311) хүннү гудамж, 112 дугаар байр, 58 тоотод хаягт байрлах 80,4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 176,623,404 төгрөгөөр тогтоосон байна. (хх-ийн 61-75)

1 д. Хариуцагч НШШГГ- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу Дамно ХХК-ийн үнэлгээг М.У, Д.М, нарт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдэж баримтжуулсан ба уг тэмдэглэлд Д.М, гарын үсэг зурахаас татгалзсан нь мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй болно. (хх-ийн 6-7, 77-79)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор буюу төлбөр төлөгч Д.М,, М.У нар шинжээчийн үнэлгээг мэдэгдснээс хойш, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор шүүхэд гомдол гаргах байтал 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хугацааг 20 хоногоор хэтрүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна. /хх-ийн 1/

1 е. Нэхэмжлэгч Д.М,, М.У нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, төлбөр төлөгч нар шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

2.    Давж заалдах гомдлын талаар

 

2 а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

2 б. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхонд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны худалдсан борлуулсан орон сууцны худалдах, худалдан авах гэрээг УБЕГ-аас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт нийцсэн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, уг хүсэлт нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна.

2 в. Цар тахлын улмаас хил хаасан нь нийтэд илэрхий үйл баримт боловч түүний улмаас барилгын материалын үнэ өссөн, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээг өндрөөр тогтоогдох ёстой гэх тайлбараа нэхэмжлэгч нотлох үүрэгтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй гэсэн гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/00655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Н.БАТЗОРИГ