| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2211000002080 |
| Дугаар | 2024/ДШМ/1239 |
| Огноо | 2024-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2024/ДШМ/1239
2024 11 13 2024/ДШМ/1239
Ү.Г д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
яллагдагч Ү.Г өмгөөлөгч Б.Тэнгис, О.Баяраа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/1455 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Билгүүний бичсэн 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаар эсэргүүцлээр Ү.Гд холбогдох эрүүгийн 2211000002080 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Тайж овгийн Ү.Г, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт, ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:.................../;
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1, 181.2.5 зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 852 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 976 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
1. Яллагдагч Ү.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 31/а байрны 02 тоотод байрлах хохирогч Г.Тийн орон сууцанд хууль бусаар нэвтэрч, бэлэн 600.000 төгрөг, 8.960.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авч, нийт 9.560.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. С.Өтай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Алтан сан” хорооллын 104 дүгээр байрны 1405 тоот хаалгыг түлхүүрдэн онгойлгож, хууль бусаар орон байранд нэвтэрч сейфийг эвдэн, алтан гинж, цагаан алтан бөгж, Хятад улсын 850 юань /391000 төгрөг/, монгол 380.000 төгрөгийг тус тус авч, БНХАУ-ын иргэн Ж Ч /Z C/ нийт 3.475.951 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2022 оны 02 дугаар 12-наас 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны 27 дугаар байрны 39 тоотод хамтран амьдрагч М.Быг бусадтай хардаж, хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
4. С.Өтай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Үнэгүй.мн сайтад “Toyota Harrier” загварын машин зарна” гэх хуурамч зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Эаас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо “Голомт” хотхоны И байрны 54 тоотод байхад нь Хаан банкны 5076527839 дугаарын дансаар 4.900.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
5. 2022 оны 05 дүгээр сарын 26-ны өдөр Үнэгүй.мн сайт дээр “Тoyota prius-20 маркийн автомашин зарна” хуурамч, зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Эыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5628037578 дугаарын дансаар 9,100,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
6. 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Үнэгүй.мн сайтад “Тoyota prius 20 маркийн автомашин зарна” гэх хуурамч, зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Бийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5628037578 дугаарын дансаар 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
7. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Үнэгүй.мн сайтад “Тoyota prius 20 загварын машин зарна” гэх хуурамч, зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч А.Быг Сүхбатаар дүүргийн 1 дүгээр хороо нутаг дэвсгэрт байхад нь өөрийн дансаар 10.300.000 төгрөгийг шилжүүлэн өгч залилсан,
8. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Үнэгүй.мн сайтад “Тoyota prius-20 загварын машин зарна” гэх хуурамч, зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ж.Ц Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байхад нь 5.000.000 төгрөгийг Хаан банкны 5011645259 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
9. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Үнэгүй.мн сайтад “Lexus RX-400 загварын машин зарна” гэх хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Бээс Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5628037578 дугаартай дансанд 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ү.Гүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...Яллагдагч Ү.Г С.Өтай бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтан сан” хорооллын 104 дүгээр байрны 1405 тоот хаалгыг түлхүүрдэн онгойлгож, хууль бусаар орон байранд нэвтэрч сейфийг эвдэн, алтан гинж, цагаан алтан бөгж, Хятад улсын 850 юань /391000 төгрөг/, Монгол 380.000 төгрөгийг тус тус авч, БНХАУ-ын иргэн Жу Чаод нийт 3.475.951 төгрөгийн хохирол учруулсан, ...С.Өтай бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “Toyota harrier загварын машин зарна” гэх хуурамч зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Эаас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо “Голомт” хотхоны байрны 54 тоотод байхад нь “ХААН” банкны 5076527839 дугаарын дансаар 4.900.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт С.Өтай бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн атлаа С.Өыг шүүхэд ирүүлээгүй, түүнд холбогдох хэргийг прокурорын шатанд хэрхэн шийдвэрлэсэн талаарх эрхийн актыг хавтаст хэрэгт хавсаргаагүй нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хамтран оролцох хэлбэр, гэмт хэргийн улмаас бий болсон хохирол, хор уршгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим алдагдана.
Яллагдагч Ү.Гд холбогдох хэрэгт С.Өын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог ялгах, хэн нь ямар хэлбэрээр, хэрхэн ямар үг үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулсан, удирдан чиглүүлсэн гэх нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, тодорхой бус байна.
...Тус шүүхийн шүүгч 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1646 дугаартай захирамж /4хх 41/-аар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх ба тус захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт биелүүлээгүй...
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг ”, 1,3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотолбол зохих байдал болгон заасан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, эрүүгийн 2211000002080 дугаартай хэргийг прокурорт очтол яллагдагч Ү.Гд урьд авсан “цагдан хорих” сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Билгүүн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ү.Гд холбогдох хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 455 дугаартай яллах дүгнэлт үйлдэж харьяа дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Прокурорын яллах дүгнэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байна. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагч Ү.Гантулгыг С.Өтай бүлэглэн үйлдсэн” гэж дүгнэсэн.
Учир нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллагдагч У.Амар. С.Ө нарт холбогдох хэргээс яллагдагч Ү.Гд холбогдох хэргийг дангаар нь тусгаарлаж ирүүлсэн. Яллагдагч С.Өын Ү.Гтай бүлэглэж үйлдсэн хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн ба Ү.Гд холбогдох хэргийн хувьд С.Өын хоёр үйлдлийг яллах дүгнэлтэд тусгасан шалтгаан нь уг хэргийг хамтран үйлдсэн болохыг тодруулсан. Хэрэв Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжид заасны дагуу уг хэрэгт С.Өыг холбогдуулан шалгаж шүүхэд шилжүүлбэл яллагдагч С.Өын эрх зүйн байдал дордохоор байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэг нэг удаа ял оногдуулна” гэх шударга ёсны зарчим зөрчигдөхөөс байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Прокуророос яллагдагч Ү.Гд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн атал С.Өтай бүлэглэсэн үйлдлийг тусгаарлах, эсхүл хамтад нь шүүхэд ирүүлэх шаардлагатай гэж үзсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны. үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүх хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж хэргийг прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "...гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээнэ" гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ү.Гөмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжид шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаанд буцаасныг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Өлзийбаяр, Амар, Гантулга нар хоорондоо харилцан эсрэг ашиг сонирхолтой. Харилцан эсрэг ашиг сонирхолтой бол хэргийг тусгаарлахгүй. Мөн прокуророос Чингэлтэй дүүргээс ирсэн тусгаарласан тогтоол гээд яриад байна. Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед уг тогтоол байхгүй байсан. Хэрэгт байсныг нь олж хараагүй юм уу, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцээгүй байдлыг бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Прокуророос “Өлзийбаярын эрх зүйн байдал дордох болохоор Гантулгын үйлдлийг тусгаарлаад гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхийн тулд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн” гэдэг агуулгаар ярьж байна. Үүнийг ойлгохгүй байна. Гэмт хэргийг хаана, яаж, хэдэн хүн үйлдсэн болохыг шалгаж тогтоох нь гол асуудал байх ёстой. Иймд хэргийг нэмэлт ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ү.Гөмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ү.Гантулгыг 2023 оны 9 дүгээр сард хорих ангиас авчирсан. Энэ хэрэгтэй холбоотой 1 жил гаруй хугацаанд шалгасан. Ү.Гантулгыг авчирах үед л энэ хэргүүд байсан. Хамгийн сүүлийн сард Хан-Уул дүүргээс хоёр хэрэг нэмж ирлээ гээд Өлзийбаярыг Амар, Гантулга нартай нүүрэлдүүлсэн. 1 жилийн хугацаанд ийм ажиллагаа л хийгдсэн. Жил болох гээд хамгийн сүүлийн сард нь шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Энэ хооронд ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй буюу Ү.Гэрх зүйн байдал дордоод байгаад байсан.
БНХАУ-н иргэний гэрээс хулгай хийхдээ Өлзийбаярын хамт хулгай хийсэн гэдэг. Ү.Г, Өлзийбаяр хоёр анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө хоёулаа хэргээ хүлээсэн. Гэтэл камерын бичлэгээс харахад хоёр намхан хүн яваад байдаг. Гэтэл Ү.Г 1 метр 80 см өндөртэй. Гантулгыг хулгай хийсэн гэж үзэх нотлох баримт байхгүй.
Мөн хохирогч Тунгалагийн гэрээс хулгай хийсэн асуудал дээр Ү.Г нь хэрэг болсон тухай үед өөр газар байсан талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Прокуророос Өлзийбаяр, Амар нартай холбоотой залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн боловч хэрэгсэхгүй болгосон тогтоол нь хэрэгт байдаггүй. Тогтоол нь байдаг юм бол Ү.Гэрх зүйн байдал дордох гээд байдаг. Бид хэрэгсэхгүй болгосон тогтоолд гомдол гаргах байсан бөгөөд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй. Мөн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн захирамжид Нямзагд гэх хүнээс мэдүүлэг ав гэж заасан байхад мэдүүлэг аваагүй. Энэ хүн 461 дүгээр хорих ангид хориотой байгаа. Мэдүүлэг авах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Ү.Гд холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь зөв байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд яллагдагч Ү.Гнь С.Өтай бүлэглэсэн гэх үйл баримтыг тодруулан бүрэн шалгаж дүгнэх шаардлагатай гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс “…нотолбол зохих байдал нотлогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтоох, мөн Ү.Гд холбогдох хэрэгт С.Өын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог ялгах, хэн нь ямар хэлбэрээр, хэрхэн ямар үг, үйлдэл, эс үйлдэхүйгээр гэмт хэргийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэгт хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулсан, удирдан чиглүүлсэн гэх нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, тодорхой бус гэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
Тухайлбал, дүрс бичлэгт үзлэг хийсэн “...Хотхоны хойд зүгээс бараан өнгийн хувцас өмссөн хоёр этгээд байх бөгөөд нэг дэх нь хар өнгийн малгайтай юүдэнтэй цамц өмссөн хар өнгийн өмдтэй 30 орчим насны биеийн өндөр 175 орчим өндөртэй, цагаан ултай хар өнгийн гуталтай гартаа гартаа алга нь улаан, ар нь цагаан өнгийн бээлий өмссөн залуу байв. 2 дахь нь хар өнгийн зузаан куртиктэй дотуураа саарал өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн өмд өмссөн, 25 орчим насны хоёр гартаа бээлий өмссөн байв. ...” гэсэн тэмдэглэл авагдсан байх бөгөөд тухайн камерын бичлэгт бичигдсэн хүмүүсээс Ү.Гантулгыг мөн, биш эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд зааснаар таньж олуулах ажиллагаа хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.
Мөн Баянгол дүүргийн прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14, 15 дугаар прокурорын тогтоолуудад “Чингэлтэй дүүргийн прокурорын прокурорын газраас С.Өыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллаагаа явуулж улмаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа” /5хх 77-80/ гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас С.Өт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Ү.Гантулгыг С.Өтай бүлэглэсэн гэх хэргийн нотолбол зохих байдал бүрэн хангалттай нотлогдоогүй байхад уг хэрэгт С.Өтай бүлэглэсэн байдлаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийлээ. Иймд прокурор Б.Билгүүний бичсэн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/1455 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/1455 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Билгүүний бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Ү.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА