Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00731

 

Б.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00404 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 36 дугаар байр, ,,,,,, тоот хаягт байршилтай 48,43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07631 дугаартай захирамжаар, Б.Бадралсайханаас 95,656,000 төгрөгийг гаргуулж Проадд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Б.О-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр 36 дугаар байр, ,,,,,, тоот хаягт байрлах 48,43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж битүүмжилж, хураах ажиллагаа явуулан, үнэлгээ хийж анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулах гэж байхад нь нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр анх мэдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн хураах, битүүмжлэх, үнэлгээ хийх, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч НШШГГ- нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч Б.О-д дахин мэдэгдэлгүйгээр түүний өмчлөлийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр явуулсан болохыг шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Б.О-д мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Б.Бадралсайханаас төлбөр гаргуулан Проадд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагааг явуулахдаа Б.О-гийн өмчлөлийн хөрөнгийг хурааж, битүүмжлэн, үнэлгээ хийж дуудлага худалдаа зарлан ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсанд Б.О-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар дурдагдаагүй, гүйцэтгэх баримт бичигт огт дурдагдаагүй байхад Б.О-гийн өмчлөлийн хөрөнгөнд халдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль бус юм. Анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай мэдэгдэх хуудсыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр явуулсан гэх боловч уг мэдэгдэл нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр буцаж ирсэн боловч шийдвэр гүйцэтгэгч хаягийг тогтоох ажиллагаа хийгээгүй. Б.О- нь өөрийн оршин сууж байгаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 55 байрны 5 тоот хаягаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж байсан, уг хаягаар нь очиж зурагт, хөргөгчийг нь хураана гэж хэлж байсан. Нэхэмжлэгч нь эцгийнхээ орон сууцыг Б.Бадралсайханы төлбөрт өгөх боломжгүй. Иймд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр 36 дугаар байр, ,,,,,, тоот хаягт байрлах Б.О-гийн өмчлөлийн 48,43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг анхны албадан дуудлаа худалдаанд оруулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:

Б.Бадралсайханаас 95,656,000 төгрөгийг гаргуулж Проадд ББСБ ХХК-д олгох тухай 2015.11.11-ний өдрийн шийдвэрийн дагуу 2016.03.28-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2016.04.15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.Бадралсайханд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч иргэнээс төлбөр авах ажиллагааг явуулсан. Уг ажиллагааны хүрээнд төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгүүдийг тодруулах, харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжлэх, хасалт хийлгэх тухай тогтоолуудыг арилжааны банкнуудад хүргүүлсэн. Энэ ажиллагаануудаар төлбөр төлөгчийн өмчлөлд хөрөнгө тогтоогдоогүй. Арилжааны банк дахь данснаас төлбөрийн шаардлага хангахуйц мөнгөн хөрөнгө татагдаагүй байдлууд тогтоогдсон. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр 36 дугаар байр, ,,,,,, тоот орон сууц нь төлбөр авагчийн барьцаанд бүртгэлтэй, энэ барьцааны гэрээ, улсын бүртгэлээс авсан лавлагаагаар тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөөс төлбөр гаргуулах, мөн төлбөр авагчийн барьцаа хөрөнгө байгаа учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад уг хөрөнгөнд битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох ажиллагааг зохион байгуулсан. Б.О-, Б.Бадралсайхан нар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 04 дүгээр сард гаргаж үүнийг 3 шатны шүүх шийдвэрлэж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1838 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолоор үнэлгээ тогтоосон ажиллагаа, битүүмжлэх, хураах ажиллагаа нь хуульд нийцсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагын хувьд, нэхэмжлэгчийн төлөөлөгч анхны албадан дуудлага болсныг нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн. Үүнээс хойш хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан. Энэ нь шийдвэр гүйцэтгэх байгууллага буруугүй. Анхны албадан дуудлага худалдаа явагдаж байгаа талаар Б.О- мэдэж байсан. Мөн 2018 оны 12 дугаа сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болоод 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр анхны дуудлага худалдаа болохыг Б.О-, төлбөр төлөгч Б.Бадралсайхан нарт бүртгэлтэй хаягаар нь баталгаат шуудангаар мэдэгдсэн. Хаягаа өөрчилбөл мэдэгдэх үүрэгтэй. Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлгүй. Б.О-, Б.Бадралсайхан нар 2004 оноос хойш гэр бүл болсон, тухайн орон сууц нь Б.О-гийн өмчлөлд бүртгэлтэй боловч гэр бүлийн гишүүдийн дундын өмч хөрөнгө. Нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Проадд ББСБ ХХК-ийн тайлбарын агуулга:

2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Дээд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг анхаарч үзээгүй байна гэж дүгнэсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх, битүүмжлэх, хураан авах ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэсэн. Нэхэмжлэлийн шаардлага болох битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулна гэдэг нь хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагаа нь хуульд нийцээгүй, ийм ажиллагаа хийх ёсгүй гэсэн агуулгатай байгаа. Энэ агуулгаар бол нэхэмжлэлийн шаардлагатай энэ үйл баримт давхцаж байна. Хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, дараа нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаад, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хугацаа хэтрүүлсэн байна. Б.Бадралсайханы нэхэмжлэлтэй үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт Б.О- байнга оролцож байсан. Гүйцэтгэх бичиг баримтад байхгүй хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч уг орон сууцаа барьцааны хөрөнгө болсон талаар мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бадралсайханы тайлбарын агуулга:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хууль бус гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-гийн, хариуцагч НШШГГ-т холбогдох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016977 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 36 дугаар байрны ,,,,,, тоот хаягт байршилтай, 48,43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг Б.О-д түүний иргэний үнэмлэхний хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх боловч Б.О-д энэ мэдэгдэл ирээгүй буцаасан. Б.О-гийн зүгээс дуудлага худалдаа зарлагдахаас өмнө уг хаягаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэх хуудас, баримтуудыг хүлээн авч байсан нь үнэн боловч үүнээс хойш хаягаа өөрчилсөн, энэ талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж, өөрчилсөн хаягийн мэдээллээ өгч байсан бөгөөд тухайн хаягаар нь ирж уулзаж байсан. Шийдвэр гүйцэтгэгч хаягийн мэдээллийг мэдэж байсан тул тухайн хаягаар хүргүүлэх, мэдэгдэх боломжтой байсан. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны хувьд хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж 18, 19 дүгээр хороо болон хуваагдсан. Үүнээс болж уг хаягт бүртгэлгүй тухай тодорхойлолт ирсэн. Иймээс хаягаа өөрчилсөн талаар мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй. НШШГГ- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасны дагуу хүргүүлсэн байх боловч энэ нь буцаагдсан бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан тул нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хориглосон. Гэтэл хариуцагчийн зүгээс гүйцэтгэх баримт бичигт тусгагдаагүй бусдын өмчлөлийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр 36 дугаар байр, ,,,,,, тоот хаягт байрлах Б.О-гийн өмчлөлийн 48,43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрлээгүй байхад уг хөрөнгийг битүүмжилж, хурааж, үнэлгээ хийж, анхны албадан дуудлага худалдаа зарлаж байгаа нь Б.О-гийн өмчлөх эрхэд халдаж байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь Б.О-гийн эцгийнх нь хөрөнгө байсан. Тэрээр охин Б.О-д бэлэглэлийн журмаар шилжүүлсэн. Шүүх уг хөрөнгийг Б.Бадралсайхан, Б.О- нар гэрлэлтийн баталгаатай тул Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэсэн үндэслэлгүй. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэл хүргүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй. Б.О- хаягтаа өөрчилсөн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдээгүй. Гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлгүй. Учир нь тухайн 2 өрөө орон сууцны үнэлгээ хийх буюу битүүмжлэх, барьцаалах ажиллагааг хуульд нийцсэн гэж анхан, давж заалдах, хяналтын шатны 3 шатны шүүхээр дүгнэсэн. Энэ талаарх шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

 

1 а. Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр (17041), 36 дугаар байрны ,,,,,, тоот 48,43 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулах анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч, уг орон сууц нь төлбөр авагч Праодд ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй, төлбөр төлөгч Б.Бадралсайханы гэр бүлийн дундын эд хөрөнгө тул тул үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг явуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэр ажиллагаанд төлбөр авагч Проадд ББСБ ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож ... Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хуульд нийцсэн ... гэж, төлбөр төлөгч Б.Бадралсайхан ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй... гэж тус тус тайлбар гаргасан байна.

 

1 б. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дугаар захирамжаар Проадд ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 95,656, 000 төгрөгийг Б.Бадралсайхан 2016 оны 03 дугаар сард багтаан хуваарийн дагуу төлөхийг зөвшөөрч талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (хх-ийн 6-8)

 

Төлбөр төлөгч Б.Бадралсайхан дээрх захирамжийн дагуу төлбөрийг төлөөгүйгээс төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/125,,,,,, дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 101/ГХ2016/01359 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудаст Б.Бадралсайханаас 95,656,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 636,230 төгрөг, нийт 96,292,230 төгрөгийг гаргуулж Проадд ББСБ ХХК-д олгохоор заажээ. (хх-ийн 9, 32)

 

1 в. Проадд ББСБ ХХК болон Б.Бадралсайхан нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр (17041), 36 дугаар байрны ,,,,,, тоот хаягт байрлах Б.О-гийн өмчлөлийн 48,43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. (хх-ийн 38-41)

 

1 г. Гэвч дээрх 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дугаар захирамжид барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар заагаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь барьцааны зүйл болох орон сууцыг худалдан борлуулах ажиллагааг явуулах боломжгүй юм. Анхан шатны шүүх дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

1 д. Мөн анхан шатны шүүх ... Б.Бадралсайхан, Б.О- нар нь 2004 онд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон байх бөгөөд... орон сууц нь ... гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч.... гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөд хамаарахгүй ... гэж Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг тухайн хэрэгт хамааралгүй тохиолдолд хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Тодруулбал, шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн буюу төлбөр төлөгчийг барьцааны зүйлийн хамтран өмчлөгч гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсноос гадна Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан ....ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.8 дахь хэсэгт заасан ...төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгийг албадан худалдан борлуулах гэсэн 2 зохицуулалт нь ялгаатай болохыг анхаараагүй байна. Проадд ББСБ ХХК нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх нээлттэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00404 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.О-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны ,,,,,, тоот хаягт байрлах, 48.43 м.кв орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, уг орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хассугай гэж,

2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ