Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00732

 

Г.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын

17-ны өдрийн 183/ШШ2022/00383 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Х-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч АД- ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Солонго, Х.Лхагвахүү, өмгөөлөгч Р.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Г.Х- нь Оюуны өмчийн газраас шар сүүний чихэр хийх арга ашигтай загварын гэрчилгээг 2018 онд авсан. 2017, 2018 онуудад Өвөрхангай аймгийн шилдэг үйлдвэрлэгчээр шалгарсан. 2019, 2020 оноос эхлэн АД- ХХК нэхэмжлэгчийн үйлдвэрлэдэг шар сүүний чихрийн орц, технологийг дуурайлган ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Энэ нь бүтээгдэхүүний борлуулалт, нэр хүнд, орлогыг булаасан. АД- ХХК-д 2021 оны 01 дүгээр сард хандаж хууль бус үйлдлээ зогсоохыг мэдэгдсэн. Патентын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т зааснаар ашигтай зүйлийн гэрчилгээ эзэмшигч нь бүтээгдэхүүний загварын ашиглалтаас төлбөр авах эрхтэй боловч АД- ХХК нь зөвшөөрөлгүй ашиглаж, хохирол учруулсан. АД- ХХК-ийн үйлдвэрлэдэг Дээж чихэр, сүүн чихэрийг хийх технологи нь өөр гэж тайлбарласан боловч орц найрлагын хувьд адилхан. АД- ХХК нь ашигтай загварын гэрчилгээ аваагүй атлаа барааны тэмдэгтэй гэж үйл ажиллагаа явуулсан. 2018 оноос хойш Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт борлуулж байгаа бөгөөд АД- ХХК адилхан бүтээгдэхүүн гаргаснаас болж хохирол хүлээсэн. Үзэсгэлэн худалдаанд хүмүүс ... танай чихэр болон АД- ХХК-ийн чихэр юугаараа ялгаатай вэ... гэж асуусан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

АД- ХХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэрлэлийн явцад маш их хэмжээний шар сүүний хаягдал гардаг тул байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрхэн ашиглах технологийг судалж шар сүүний чихрийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхээр болсон. Шар сүүний чихэр нь үндсэн, цөцгийтэй, сүүтэй гэсэн 3 төрөлтэй. Г.Х-гийн хувьд зөвшөөрөлгүй дуурайлгасан гэж тайлбарлаж байгаа боловч орц найрлагын хувьд зөрүүтэй. Орцонд шар сүү заавал байна. Харин нэмэлтээр элсэн чихэр, цөцгийн хэмжээ, цөцгийн тос зэрэг багтдаг. Найрлагад эзлэх хувийн жин болон бусад үзүүлэлтээрээ зөрүүтэй. Мөн Г.Х-гийн ашигтай загварын гэрчилгээнд томьёолол хавсаргасан байсан. Тэрхүү томьёоллынхоо хүрээнд патентын эрх Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу хамгаалагддаг. Хавтаст хэрэгт технологийн ялгааг тодорхойлсон баримтыг хавсаргасан байгаа. Мөн манай компани барааны тэмдгээр Дээж шар сүүний чихрийг баталгаажуулж авсан. Манай Апу ХК хамгийн олон барааны тэмдгийн гэрчилгээтэй үйлдвэрлэгч бөгөөд бусад ажил үйлчилгээ эрхлэгчдээс ялгаатай байдлаар нь баталгаажуулсан. Г.Х-гийн ашигтай загварын гэрчилгээг мэдэх боломж байхгүй. Шар сүүний чихэр гэдэг бол дэлхий нийтээр тархсан технологи ажиллагаа байдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг өрхийн үйлдвэрлэлд хэрхэн ашиглах талаар гарын авлага байдаг. Ашигтай загварын гэрчилгээг олж авснаар бусад өрсөлдөх бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж болохгүй. Бодит тооцоо судалгаагүйгээр 150,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Г.Х- нь чихрийн орц найрлагад орсон орцны хэмжээг тодорхойлсон юм уу, ямар учраас 150,000,000 төгрөг нэхэмжилсэн нь тодорхой бус байна. 150,000,000 төгрөг нэхэмжилсэн нь буруу гэжээ.

 

4Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АД- ХХК /6229654/-аас 12,187,409 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 137,812,591 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АД- ХХК-аас 209,949 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Х-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шар сүүгээр чихэр үйлдвэрлэх нь зөвхөн ашигтай загвараар тодорхойлогдохгүй. Гэтэл шүүх Г.Х-гийн ашигтай загвараар манай компанийг хуулбарлан чихэр үйлдвэрлэсэн гэх хангалтгай үндэслэл бүхий нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаагүй бөгөөд шүүхээс нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй. Г.Х- нь ашигтай загварыг хуулбарласан талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Шар сүүгээр чихэр үйлдвэрлэж байгаа боловч түүний найрлага, хийх арга нь бүгд зөрж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.

Шүүх талуудын шүүхэд ирүүлсэн шар сүүний чихрийн орц найрлагыг харахад хэн алиных нь үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн шар сүүг шүүх, ариутгах, элсэн чихэр, цөцгийн тос нэмж өтгөрүүлсэн чихрийн массыг холих гэж дурдагдсан байгаа нь орц найрлагын хувьд ижил, харин үйлдвэрлэх технологийн горим өөр гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь АД- ХХК-ийн үйлдвэрлэсэн чихэр Г.Х-гийн чихрийн үйлдвэрлэх арга, технологи өөр болохыг тогтоосон. Талуудын бүтээгдэхүүний орц ижил боловч түүнийг үйлдвэрлэх арга ялгаатай, орцыг бүрдүүлж буй хэсгүүд, бусад нэмэлтийн тухайд масс, грамм дахь эзлэх хувийн жин, хэмжээнээс шалтгаалж тодорхойлогддог байхад маргаан бүхий талуудын чихрүүдийн төрөл тус бүр дэх орц бүрдүүлэгчийн үндсэн болон нэмэлтүүдийн бүрэлдэхүүн хэсгүүд, түүний жинг шүүх харгалзан үзэлгүйгээр орц найрлагын хувьд ижил гэж үзсэн нь орцны тодорхойлолтод нийцэхгүй байна. АД- ХХК нь Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу мэргэжлийн туршилт, судалгааны үндсэн дээр уг бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүй, сөрөг нөлөөгүй байх талаас судлан гаргасан бүтээгдэхүүн.

АД- ХХК шар сүүний чихрийг үйлдвэрлэхдээ Г.Х-гийн ашигтай загварын гэрчилгээнд дурдсан томьёоллыг дуурайлгаагүй, өөр арга технологиор үйлдвэрлэсэн. Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Патентын эрхийн хамгаалалтын хүрээг шинэ бүтээл, ашигтай загварын хувьд томьёололд зааснаар ... тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн томьёолол, хариуцагчийн томьёолол буюу хариуцагчийн шүүхэд гаргасан Дээж шар сүүний чихэр үйлдвэрлэх технологийн заавар, Стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулсан Шар сүүний чихэр- техникийн шаардлага байгууллагын стандартаар ялгаатай болох нь тодорхойлогдсон.

Патентын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3-д патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхуүний загварыг бусад этгээд зөвшөөрөлгүй ашиглахаас хамгаалуулах үндэслэлээр хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх талууд хэн аль нь шар сүүний чихэр гэх бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулж байгаа, хариуцагч маргаан бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ Г.Х-гаас зөвшөөрөл аваагүй үйл баримтын тухайд маргаангүй, ...Патентыг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаагүй, ... Дээж барааны тэмдгээр баталгаажуулсан нь патент эзэмшигчийн зөвшөөрөл гэж үзэхээргүй бөгөөд мөн шар сүүний чихрийг үйлдвэрлэн зах зээлд борлуулсан нь Патентын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан онцгой эрхийн зөрчилд тооцохгүй байх нөхцөлд хамаарахгүй байна гэж тусгасан байна. АД- ХХК-ийн Дээж чихэр нь Г.Х-гийн чихрээс ялгаатай.

АД- ХХК нь Г.Х- ашигтай загварын гэрчилгээ авсан талаар мэдсээр байж үйлдвэрлэсэн бол санаатайгаар зөрчсөн асуудал болно. Гэтэл АД- ХХК энэ талаар хожим буюу Г.Х- шүүхэд нэхэмжлэл гаргасан үед мэдэгдсэн. Иймээс мэдсээр байж санаатай зөрчсөн гэсэн нөхцөлд хамаарахгүй.

Түүнчлэн, Г.Х-гийн ашигтай загварын гэрчилгээний талаар мэдэх боломжгүй байсан. Учир нь манай компани үндсэндээ өдөр тутамдаа патентийн эрх зүйн харилцаанд оролцож байдаг. Шар сүүнд юу хольж, хэдэн градуст, хэдэн цаг буцалгах зэрэг хүнсний технологийн горим нь ашигтай загвар гэсэн эрх зүйн ойлголтод хамаардаггүй. Патентийн тухай (2006 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ашигтай загвар гэж үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, аргад хамаарах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдлийг гэж томьёолсон. Хуулиар ийнхүү томьёолсон, ашигтай загварын гэрчилгээнд хамаарахгүй асуудлыг судлах шаардлагагүй. Оюуны өмчийн улсын бүртгэлийн байгууллагын хариуцлагагүй үйлдлээс маргаан үүссэн. Шүүх гэм хорын шалтгаан нөхцөлийг судлаагүй. Манай компани гэм буруугийн санаатай болон болгоомжгүй үйлдэл гаргаагүй. Манай компани 2021 оноос өмнө шар сүүний чихрийг үйлдвэрлээгүй. Нэхэмжлэгч ашигтай загварын гэрчилгээний төлбөрийг биш өөрт учирсан хохирол шаардсан. Борлуулалтын цар хүрээ ямар байсан, Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйлдвэрлэдэг гэж тайлбарласан. Харин бид туршилтын журмаар цөөн тоогоор үйлдвэрлэсэн. Зөвхөн Улаанбаатар хотын салбар дэлгүүрээр худалдсан. Анхан шатны шүүх АД- ХХК-ийн 2021 оны тайланд тусгасан 24,374,818 төгрөгийн 50 хувь буюу 12,187,409 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч Г.Х- нь хариуцагч АД- ХХК-д холбогдуулан ашигтай загвар эзэмшигчийн эрхийг зөрчсөн үндэслэлээр хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч ... түүхий эд нь шар сүү боловч Дээж чихрийн үндсэн болон нэмэлт найрлага хольц, технологийн хувьд ялгаатай... гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Оюуны өмчийн газраас 2018 онд шар сүүний чихэр хийх арга ашигтай загварын гэрчилгээг авсан бөгөөд АД- ХХК 2019, 2020 оноос эхлэн Дээж шар сүүний чихрийг үйлдвэрлэснээс өөрийн үйлдвэрлэдэг шар сүүний чихрийн борлуулалт буурснаас хохирол учирсан гэж тайлбарласан байна.

 

1.б. Оюуны өмчийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Шар сүүний чихэр, түүнийг үйлдвэрлэх арга ашигтай загварын гэрчилгээг нэхэмжлэгч Г.Х-д олгосон байх ба уг гэрчилгээнд анхдагч огноо 2018.10.15, хүчинтэй огноо 2025.10.15 гэж тэмдэглэжээ. (хх-ийн 9)

 

Дээрх гэрчилгээнд Шүүх, ариутгах, найрлагын хольцуудыг сонгон нэмж өтгөрүүлэх, хутгах, чихрийн массыг хэвлэх, хатаах үйлдлээр Шар сүүний чихэр, түүнийг үйлдвэрлэх аргын ялгаа нь шар сүүний хэрэглээг нэмэгдүүлэх, чихрийн нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор шар сүүг давтан шүүж ариутгаад, элсэн чихэр, цөцгийн тосыг 1:0. 12:0 харьцаагаар нэмж холиод, 1250С хэмд халааж 2 цагийн турш хутгаж өтгөрүүлэхдээ массыг гаргахаас 15 минутын өмнө нэрс, чацаргана жимсний хуурай нунтаг болон самар, кофе, гүүний хуурай саамын аль нэгийг дангаар нь жингийн дараах харьцаагаар сонгон нэмнэ гэж шар сүүний чихэр хийх аргыг томьёолсон байна. (хх-ийн 9)

 

1.в. АД- ХХК нь Оюуны өмчийн газраас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дээж барааны тэмдгийн гэрчилгээг авсан бөгөөд уг гэрчилгээнд анхдагч огноо 2021.01.12, хүчинтэй хугацаа 2031.01.12 гэж тэмдэглэсэн, шар сүүний чихэр нь цөцгийтэй, сүүтэй нэмэлтгүй гэсэн гурван төрөлтэй бөгөөд сүүний шар сүүг уламжлалт болон үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан, 66 хувиас ихгүй чихрийн агууламжтай бүтээгдэхүүн, энгийн чихэр нь шар сүүг өтгөрүүлэн жор орцын дагуу сахар нэмж өндөр температурт чанаж, ариутгаж савласан бүтээгдэхүүн, цөцгийтэй чихэр нь шар сүүг өтгөрүүлэн жор орцын дагуу сахар, цөцгийн тос, цөцгий нэмж өндөр температурт чанаж, ариутгаж савласан бүтээгдэхүүн гэж тодорхойлсон ба хийх технологийн хувьд ээдүүлгээс гарсан шар сүүг шүүж, тодорхой температурт ууршуулж, өтгөрүүлсэн шар сүүний хэмжээг хэмжиж чихрийн бүртгэлд бүртгэх, чихрийн төрлөөс хамааран чихрийн масс бэлтгэн хэвлэх, хөргөх биежүүлэх боох савлах гэсэн дарааллын дагуу хийхээр заасан байна.(хх-ийн 30-48)

 

1.г. Патентийн тухай 3 дугаар зүйлийн 3.1.15-д "патент эзэмшигч" гэж патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг өмчлөх онцгой эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан хувь хүн, хуулийн этгээдийг ойлгохоор заажээ.

 

Нэхэмжлэгч Г.Х- нь Оюуны өмчийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Шар сүүний чихэр, түүнийг үйлдвэрлэх арга ашигтай загварын гэрчилгээг авсан нь хүчин төгөлдөр байх тул түүнийг патент эзэмшигч гэж үзэх бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт Патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, эсхүл бүтээгдэхүүний загварыг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглоно гэж заасан.

Хариуцагч АД- ХХК нь нэхэмжлэгч Г.Х-д олгосон ашигтай загварын гэрчилгээ хүчинтэй байхад Дээж барааны тэмдгийн гэрчилгээг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр авснаар нэхэмжлэгчийн үйлдвэрлэсэн шар сүүний чихэртэй адил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдсан нь патентын зөрчилд хамаарна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д нийцжээ.

 

Патентын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д Зохион бүтээгч, патент эзэмшигч нь патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын ашиглалтаас төлбөр авах эрхтэй гэж заасан. Хариуцагч АД- ХХК нь шар сүүний чихрийг үйлдвэрлэхдээ патент эзэмшигч буюу нэхэмжлэгч Г.Х-гаас зөвшөөрөл аваагүй тул түүний Патентын тухай хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Х- нь патент эзэмшигчийн эрхийг зөрчсөнтэй холбоотой учирсан хохирлыг хариуцагч АД- ХХК-аас гаргуулахаар шаардах эрхтэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Г.Х- нь хариуцагч АД- ХХК шар сүүний чихэр үйлдвэрлэсний улмаас 150,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Гэвч хариуцагч АД- ХХК нэхэмжлэгчийн үйлдвэрлэдэг шар сүүний чихэртэй адил бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон ба 2021 онд 24,374,818 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн худалдан борлуулсан болох нь тус компанийн тайлангаар тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг 24,374,818 төгрөгийн 50 хувиар тооцож 12,187,409 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. (хх-ийн 92)

 

3. Иргэдийн төлөөлөгч ... нэхэмжлэгч 150,000,000 төгрөг нэхэмжилсэн нь буруу... гэх дүгнэлт хийхдээ үндэслэлээ заагаагүй, мөн хуульд заасан нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тул уг дүгнэлт нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

4.    Давж заалдах гомдлын талаар.

4.а. Хариуцагч АД- ХХК нь патент эзэмшигч Г.Х-гаас зөвшөөрөлгүйгээр шар сүүний чихрийг үйлдвэрлэсэн байх тул ашигтай загварыг хуулбарласан талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн үйлдвэрлэдэг шар сүүний чихэр нь хариуцагчийн үйлдэрлэсэн Дээж шар сүүний чихэр үйлдвэрлэх технологийн заавар, Стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулсан Шар сүүний чихэр- техникийн шаардлага байгууллагын стандартаар ялгаатай гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Шар сүүний чихэр, түүнийг үйлдвэрлэх арга ашигтай загварын томьёоллыг бүрэн үгүйсгэх үндэслэл болохгүй. Уг ашигтай загварын гэрчилгээг төрийн эрх бүхий байгууллагаас болон шүүхээс хүчингүй болгосон гэх байдал тогтоогдоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/00383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 210,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ