2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04247

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 13

191/ШШ2025/04247

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* ******* ******* ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдөр захиалагч, нийлүүлэгч гэж гэрээ байгуулж, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 30-нийг дуустал ******* ******* төсөл дахь А, Б блокийн арматурын хэрэгцээнд: Ф10A400 арматурын төмөр-14.22 тн, Ф12А400 арматурын төмөр-798.09 тн, Ф14А400 арматурын төмөр-33.08 тн, Ф16А400 арматурын төмөр-44,03 тн, Ф18A400 арматурын төмөр-194.11 тн, Ф22А400 арматурын төмөр-232.94 тн, Ф25А400 арматурын төмөр-162.98 тн, Ф28A400 арматурын төмөр-42.43 тн Ф8А400 арматурын төмөр-212.39 тн, нийт: 1,734,22 тн. ******* дахь ЕБС-н төслийн арматурын хэрэгцээнд үлдэх 265.78 тн арматурыг нийлүүлэх ба сургуулийн төслийн арматурын задаргааг нэмэлтээр авахаар тохиролцсон. Нийт 2000 тонн арматур нийлүүлэх гэрээг байгуулсан. Байгуулсан гэрээний урьдчилгаа болгож 600.000.000 төгрөгийг харилцагч ******* ******* ХХК-ын гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх баталгааны дагуу худалдагч талын нэр дээр худалдагчийн банкны харилцах дансанд байршуулсан. Гэвч нийлүүлэгч нь байгуулсан гэрээнийхээ хугацаанд арматураа нийлүүлээгүй мөн үлдэгдэл 48.497.819 төгрөгийн арматурыг огт нийлүүлээгүй болно.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж нийлүүлээгүй 48.497.819 төгрөгийн арматурын төлбөр түүний алданги 24.248.909 төгрөг, нийт 72.746.723 төгрөгийг нэхэмжилсэн боловч тус компанийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/Ш32023/17280 тоот захирамжаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гэж шийдвэрлэсэн. Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2023/17280 тоот шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 3-6/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас ******* ******* ******* ХХК нар харилцан тохиролцож 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан байх тул тэрээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

3.Дээрх гэрээнд ******* ******* ******* ХХК-ийн оршин байрлах хаягийг ********** тоот гэж тусгажээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2023/17280 тоот шүүгчийн захирамжаар **********  тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Шүүхээс дээрх ************ хаягийн дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тус хороонд 32-17 тоот гэж байхгүй гэж, талуудын хоорондох гэрээнд дурдсан *********** тоот хаягийн дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй талаар харьяалах хорооны засаг даргаас тодорхойлж ирүүлжээ.

6.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ гэж, мөн зүйлийн 8.7-д цахим хуудсанд байршуулсан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээлэл гэж үзнэ гэж, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д цахим мэдээллийн сан дахь мэдээлэл цаасан эх хувьтай адил байна. гэж тус тус заасан.

Шүүх бүртгэх байгууллагын албан ёсны цахим хуудсаар нийтэд мэдээлсэн http://opendata.burtgel.gov.mn цахим сайт дах хуулийн этгээдийн бүртгэлээс үзвэл ******* ******* ******* ХХК /РД: /-ийн албан ёсны бүртгэлтэй хаяг ********** , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б. байна. Дээрх хаягийн дагуу 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байдаггүй, заасан хаягт ийм компани байхгүй талаар харьяалах хорооны засаг даргаас тодорхойлж ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК-ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.14-д заасны дагуу хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* ******* ******* ХХК /Регистрийн дугаар: , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.******* ******* ******* ХХК /бүртгэлтэй хаяг: ***************-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /захирал Г., утас: , / талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ