Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/48

 

Д.Энхтайванд холбогдох  эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.Чулуунхүү /цахимаар/

          Шүүгдэгч                                                                                  Д.Энхтайван

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Н.Гүнчинсүрэн

                                                                                                            С.Пүрэвсүрэн         

          Хохирогчийн өмгөөлөгч                                                      М.Гомборагчаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Энхтайван, түүний өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нарын давж заалдах гомдлоор Д.Энхтайванд холбогдох 232400890030 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-7, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт оршин суух, урьд Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, /ИЗ72052514 регистрийн дугаартай/, Адуучин овогт Доржийн Энхтайван.

Шүүгдэгч Д.Энхтайван нь 2023 оны 08 дугаар сарын 07-ноос 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Их Жаргалант” гэх газраас хохирогч Б.Мөнхбатын эзэмшлийн 3 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, хохирогчид 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Адуучин овогт Доржийн Энхтайванг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Энхтайванд 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтайванд оногдуулсан 2 /хоёр/ жил 1/ нэг/ сарын хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Энхтайван цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 3,000,000 /гурван сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтайванд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Энхтайваны гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,200,000 төгрөгийн үнэ бүхий соёолон насны бор зүстэй буруу талдаа чандмань тамгатай 1 тооны морийг улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр амгаатай суран хазаар 1 ширхгийг устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Мөнхбатын мал харуулсны хөлс 900,000 төгрөг, шүүх хуралд ирсний зардал 128,000 төгрөг, сэтгэцийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Энхтайванд холбогдуулан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Энхтайван, түүний өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Д.Энхтайван нь 2022 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас Хүрэлсүх гэх хүнээс 20 орчим тооны үхэр худалдан авч, тухайн үхрээс 3 тооны үхрийг 2023 онд Ж.Батхүүд хурдан морины өртгөнд өгсөн гэдэг. Тухайн үхэрнүүдийг худалдан авсан талаар Хүрэлсүх, худалдан авсан үхэрнүүдээс буюу өөрийн үхэр сүргээс 3 тооны үхрийг туун Ж.Батхүүд өгөхөөр явсныг шүүгдэгчийн эхнэр Б.Жамъянсүрэн нар мэдэх хүмүүс байдаг. Гэтэл гэрч Б.Жамъянсүрэнгээс мэдүүлэг авахдаа энэхүү нөхцөл байдлыг тодруулаагүй, мөн гэрч Хүрэлсүхээс мэдүүлгийг хангалтай тодруулан авч чадаагүй, өөрөөр хэлбэл тухайн хоёр гэрчийн мэдүүлэг тодорхой байгаагүй учраас тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулж, зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзэж шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй, хүсэлтийг хангаагүй үндэслэлээ анхан шатны шүүх хуралдааны шийдвэр, тэмдэглэлд тодорхой тусгаагүй. Мөн шүүгдэгч Д.Энхтайван нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас 20 орчим тооны үхэр худалдан авсныг тухайн үед хамт үхэр тууж ирсэн өөрийн хүү Э.Цэрэнпунцаг мэднэ гэж мэдүүлсээр байтал энэхүү нөхцөл байдлыг тодруулан шалгаагүй, тэрээр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өөрийн хүү Э.Цэрэнпунцагаас гэрчийн мэдүүлэг авхуулах тухай хүсэлтийг амаар гаргаж байсан боловч мөрдөгч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй буюу энэхүү хүсэлтийг шийдвэрлээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэснийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэснийг тус тус зөрчсөн бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч нь хэт нэг талыг барьж, мөрдөгч, прокурор зөвхөн яллах нөхцөл байдлыг тогтооход анхаарч, цагаатгах нөхцөл байдал шүүгдэгчийн эрхийг зөрчиж, хязгаарласанд гомдолтой байна. Нөгөө талаар дээрх хүмүүсээс гэрчийн мэдүүлгийг хангалттай авсан тохиолдолд гэм буруугийн талаарх дүгнэлтэд хэрхэн нөлөөлөх байсан, цаашлаад шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаараагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Энхтайван давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Д.Энхтайван би 2023 оны 08 дугаар сарын 08-ны өглөө өөрийн үхрээс сүүлэндээ эрчлээстэй, оно имтэй 3 сарлагийн сувай үнээ тууж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Цахирын даваа гэх газар аваачиж, Азжаргал гэдэг айлын хашаанд хашсан. Энэ үхрүүдийн эвэртэй халтар үнээ нь их мөргөдөг үхэр байгаа юм. Гурвуулаа сүүлэндээ бүдэг эрчлээстэй би урьд жил нь буюу 2022 онд сувай үхрүүдийнхээ сүүлийг эрчилсэн байсан. Эдгээр үхрүүдийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Батхүү гэдэг хүнд өгөх гэж тууж аваачсан, Батхүү нь ирж ачиж авч явах байсан юм. Энэ үхрүүдийг хохирогч гэх Б.Мөнхбат миний үхрүүд гэж хэлээд байгаа Мөнхбатын үхэр мөн эсэхийг нарийн сайн шалгаж, тогтоож өгөөгүй, зөвхөн түүний миний үхэр гэж хэлсэн амаар намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Хэрэгт Ж.Батхүүгийн манай үхрүүдийг аваад дамжуулж өгсөн байсан, тэр хүмүүс бас зүс хэлснээс биш нарийн шинж тэмдгийг хэлээгүй. Малын зүс “хар халтар” гэж ойролцоо байгаа хэдий ч энэ байдлыг мөн л ээдрээ эргэлзээгүй хохирогч хэлж чадаагүй. Миний тухайд 2021 оны зун Баянхонгор аймгийн Гурван булаг сумын Хүрэлсүх, Цоо /бүтэн нэрийг мэдэхгүй байна, 40 гаран насны хүн байгаа/ нараас нийт 30 гаруй үхэр авсан. Цоогоос авсан үхэрнүүд оно имтэй үхрүүд байсан. Гэтэл Цоо гэдэг хүнээс мэдүүлэг аваагүй. Манай эхнэр Баянхонгорын  2 хүнээс үхэр авсан талаараа хэлсэн гэдэг, мөн өмгөөлөгч болон миний тухайд гэрчээр асуугдсан Хүрэлсүх, Жамъянсүрэн нараас шүүх хурал дээр хэргийн нөхцөл байдал, үхрийн талаар тодруулж асуух хүсэлт тавьсан боловч хуралд этгээд хүмүүсийг оролцуулах хүсэлтийг хүлээж аваагүй. Хохирогч Б.Мөнхбаттай би эхнэр Жамъянсүрэнгийн хамт хоньны бэлгээр дээр нь очиж уулзсан “үхрийг чинь авсан, төлж өгнө...” гэсэн яриа ерөөсөө яриагүй. Хохирогч намайг улаан цайм гүтгэж байна. Энэ байдлыг ч манай эхнэрээс асууж тодруулах шаардлагатай байх. Мөн манай хүргэн ах болох Амараад, Мөнхбат очиж “Энхтайван миний 3 үхрийг авсан байна, би 3 бяруу өгчих” гэж уулзтал уулзаагүй байж худлаа ярьж явсан байсан. Хэрэгт үхрийн толгой, цаашаа харсан үхрийн зураг, толгойн хэсгийн гэсэн 3 зураг байгаа. Би үүнийг өөрийн үхэр гэж хэлнэ. Мөн Мөнхбат миний үхэр ч гэсэн байна. Тийм болохоор энэ зургийг надад анх үхэр зарсан Цоо, Хүрэлсүх нараас аль альнаас нь асууж таниулах шаардлагатай болж байна. Одоо манай үхэрт оно имтэй ч, ухна имтэй ч үхэр байгаа. Яагаад намайг манай үхэр миний авсан үхэр гэж яриад байхад миний малд үзлэг хийж “алдсан гэгдэх” үхэртэй адил имтэй үхэр байгаа эсэхийг шалгаагүй юм бол гэж гомддог. Хохирогч 2 хар үнээ, 2 халтар үнээ гэж, он сараа 9 сарын 15-аас гэж, 8 сарын 12-15 гэж гэх мэтээр янз янз зөрүүтэй хэлж байдаг. Миний тухайд хулгай хиж худал ярьдаггүй хүн гэдгийг нутгийн хүмүүс ч мэднэ. Гэтэл хэргийн үнэн мөнийг олохын тулд хохирогчийн болоод миний хувийн байдлыг ерөөсөө тогтоогоогүй. Хүний өмнөөс хэлэх үггүй болж, хорих ял шийтгүүлсэндээ туйлын их гомдолтой байна. Хэрэгт байгаа баримтууд нь миний эсрэг гэж үзэхээс илүүтэйгээр, миний Батхүүд үхэр өгсөн, өгөх үхрээ хашсан үйл явцыг нотолсон баримтууд, харин миний үхэртэй эсэхийг дээрхи 3 үхэр миний үхэр мөн эсэхийг шалгаж тогтоосон баримт ерөөсөө байхгүй байна. Одоо харин миний 2023 оны 8 сарын 8-ны өдөр өөрийнхөө үхрээс 3 үхэр тууж явсныг манай сумын дээд Цэцүүх гэдэг газар байдаг. Р.Лхагваа гэдэг хүн харсан байдаг юм. Үүнийг би цагдан хоригдсоныхоо дараа сонслоо. Үүнийг ч мөн шалгуулж асуулгамаар байна. Иймд надад холбогдох хэргийг хянан, үнэн зөвийг олж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэрэгт нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй гэж үзэж байна. 3 тооны үхэр алдагдсан үйл баримт байна. 3 тооны үхрийг  хаанаас, яаж алдаад байгаа талаар хэрэгт байдаггүй.  Шүүгдэгч Д.Энхтайван 3 тооны үхрийг хаанаас яаж тууж яваад байгаа юм бэ?.  Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тодорхойлж чадаагүй байна. Хэргийн үйл баримтын талаар мэдэх шүүгдэгчийн эхнэр н.Жамъянсүрэнг асуулгах хүсэлтийг гаргаж байсан боловч гэр бүлийн гишүүн гэх үндэслэлээр асуугаагүй байдаг. Шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Гэр бүлийн гишүүн өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч болохгүй гэсэн зохицуулалттай болохоос хэргийн нөхцөл байдлыг тодруулан мэдүүлэг өгөхийг хориглосон зохицуулалт байхгүй. Эрүүгийн хуулийн хэрэглээний асуудал дээр хэнийг гэр бүлийн гишүүн гэж үзэх вэ гэдэг нь тодорхой. Гэр бүлийн гишүүнийг ямар үед асуухгүй байх вэ? гэдэг асуудлыг ярина уу гэхээс биш асуулгая гэж хүсэлт гаргаж байхад хөнгөрүүлэх нөхцөл байдалтай мэдүүлэг өгөх магадлалтай гэх үндэслэлээр гэрчээр асуухгүй байгаа байдал нь хүний эрхийн зөрчил гэж үзэж байна. н.Жамъянсүрэнг асуувал үхрийн содон шинж тэмдэг, үхрийг хаанаас худалдан авсан, яагаад үхэр аваачиж өгөх болсон, үхрийг хэн, хэзээ тууж ирсэн зэрэг бүх л нөхцөл байдлыг тодруулах боломжууд байсан.  н.Жамъянсүрэнг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг удаа асуусан гэхдээ энэ бүгдийг бол хангалттай асууж чадаагүй. н.Жамъянсүрэн мэдүүлэгтээ “...миний нөхөр хүүхэдтэйгээ яваад энэ үхрийг тууж ирсэн. 2 удаа авчирсан. н.Хүрэлсүх, н.Цоо гэх хүмүүсээс Баянхонгор аймгаас худалдан авсан.  н.Цоо гэдэг хүний хүнээс авчирсан. н.Цоо  гэх хүнээс авсан үхрүүдээ тууж ирээд ямар им тамгатай гэдгийг нь шалгаагүй. Анх Д.Энхтайвантай цагдан хорих байранд очоод уулзах үед хохирогчтой газар нутгийн маргаанаас болоод таарамжгүй харилцаатай талаараа хэлж байсан. Хувийн байдлыг бас шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Мал хулгайлах гэмт хэрэг нотлоход хэцүү. Гэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг нотлох нь прокурор, мөрдөн шалгах байгууллагын үүрэг. Тиймээс 2 талаас нь тэгш тэнцүү дэнсэлж шалгах ийм нөхцөлийг бол орхигдуулчихсан байна. Таньж олуулах ажиллагаа учир дутагдал ихтэй. Д.Энхтайван гомдол дээрээ  таньж олуулах зургийг хараад миний үхэр л гэж хэлнэ. Сарлагийн үхрийн хар толгойд байгааг хар зүстэй сарлагийн үхэр гэж хэлнэ.  3 жилийн сувай үхэр юм юм уу ,он имтэй эсэх нарийн ялгаа зурагт харагдахгүй байна. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд хохирогч миний алдсан үхэр 3 жилийн сувай он имтэй үхэр байгаа гэж хэлдэг. Тухайн зурган дээр хохирогчийн хэлсэн нөхцөл байдал тогтоогддоггүй.  н.Жамъянсүрэнгээ олон зүйлийг тодруулах шаардлагатай байсан. н.Жамъянсүрэнг гэрчээр асуусан бол хохирогчтой уулзсан эсэх, уулзахдаа юу ярьсан зэрэг нөхцөл байдал тодорхой болох байсан.  н.Жамъянсүрэнг гэр бүлийн гишүүн гэдэг утгаар нь шүүгдэгчийг цагаатгах нөхцөл байдлыг бүрдүүлнэ ээ гэдэг байр суурийг бариад асуугаагүй байдал нь хүний эрхийн том зөрчил юм гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Мөнхбат оторлоод Төв аймаг явсан тул өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Хэрэг шалгагдаад 3 тооны үхрийг хулгайлсан эсэх асуудал яригдаж байна.  Анхан шатны шүүх Д.Энхтайваны 3 тооны үхэр хулгайлсан нь нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсөн.  Хохирогчид хууль сануулан мэдүүлэг авсан.  Тухайн үед хохирогч, шүүгдэгч нар  өвөлжөө бэлчээрийн талаар маргаантай асуудалтай байсан талаар шүүгдэгч ярьж байна. Өмнө нь мөн дурдаж байсан. Бодит байдал дээр маргаан байсан эсэх нь тодорхой биш. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн өгч байгаа мэдүүлэг зэрэг зүйлүүдээр нотлогдож байна гэж шүүх дүгнэсэн. Шүүгдэгч эхнэртэйгээ очоод үхэр авсан талаараа уучлалт хүсэх талаар ярьсан байдаг. Хөдөөгийн хүмүүс малын хулгайн гэмт хэрэг гарахад хоорондоо зохицдог асуудал байдаг. Тодорхой хугацааны дараа өргөдөл өгсөн байдаг. Шүүгдэгчийг адууны хашааны ойролцоо явахад нь хохирогч уулзсан байдаг. Хөдөө мал дээр байгаа хүмүүс малынхаа зүс, эм, зан аашийг мэддэг. Үхэр хулгайлсан байна гэж шүүх шийдвэр гаргасан. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг шүүх хангаж шийдээгүй. Малчин малаа алдсан тодорхой хугацаанд үнэлсэн үнэлгээг бол бууруулж шийдсэн. Шүүгдэгч хохирлоо бол төлж барагдуулсан. Хавтаст хэргийн хүрээнд шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан байна гэж үзэж байна гэв.

Прокурор Б.Чулуунхүү давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Д.Энхтайваны тухайд 2023 оны 08 дугаар сарын 07-08 өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Их жаргалант гэх газраас Б.Мөнхбатын 3 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж хохирогч Б.Мөнхбатад 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь Д.Энхтайваны тухайд н.Батхүү гэх хүнтэй хурдан морины наймаа хийсэн. Хурдан морины үнийг өгөхгүй болохоор нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх өдрийн өмнөх өдөр нь н.Батхүү мөнгөө авъя гэхэд нь 3 үнээ өгье. Маргааш Жаргалантын даваан дээрээс ирээд авчих гэж хэлсэн байдаг. Маргааш өглөө нь үүрээр саахалт бэлчээрлэдэг айлынхаа үхрээс зүс тэмдгээр нь туугаад Азжаргал гэх айлын хашаанд аваачиж хашчихаад тухайн айлыг нүүж байхад нь гэрийг нь буулгалцаж өгөөд, 3 тооны үхрийг н.Батхүү гэх хүн ирж авна хэлсэн байдаг. Тууж ирсэн 3 тооны үхэр Б.Мөнхбатын эзэмшлийнх гэдэг нь хууль сануулаад авсан гэрчүүдийн мэдүүлэгт “...Б.Мөнхбатын эзэмшлийн 3 тооны үхэр гэдэг нь тогтоогдсон.  Гэрчийн гаргаж өгсөн гэрэл зургийг хохирогчид үзүүлэхэд энэ миний 3 тооны үхэр мөн байна гэдэг.  Хөдөөгийн хүмүүс өөрийн хариулгатай малыг толгойг нь байтугай арьс, ширийг нь хараад бараг таньдаг. Малын зүсийг таних нь төвийн бид нараас бол арай өөр байдаг. Хохирогч өөрийн мал мөн байна гэдэг. Мөн им, тамгаар нь худалдаж авсан гэх гэрчүүд малын зүс, им тамгаар нь хэлдэг.  Баянхонгор аймгаас 20 гаруй тооны мал худалдаж авсан гэдэг хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Тухайн худалдаж авсан 20 гаруй тооны үхрээс 3 тооны үхрийг ялгаж аваачсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй.  Гэрчүүдийн мэдүүлгээр бол үгүйсгэгддэг. Анхан шатны шүүхээс Д.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тухайн хэрэг шалгагдахаас өмнө болон хэрэг шалгагдсаны дараа хохирогчийн мэдүүлж байгаагаар Д.Энхтайван гэх хүн би танай 3 тооны үхрийг өөр хүний мал байна гэж бодоод аваад явчихсан юм. Хэрвээ танайх байсныг мэдсэн бол би авахгүй байсан. Хохирол төлбөрийг нь төлж өгье гэж ярьсан талаар хууль сануулаад авсан хохирогчийн мэдүүлэгт дурдагддаг. Шүүх хуралдаан дээр мөн хууль сануулан авсан хохирогчийн мэдүүлгээр бол тогтоогддог. Шүүгдэгч тухайн гэмт хэргийн талаар үнэн зөвийг мэдүүлэх үүрэггүй учраас шүүхээс оногдуулсан ял, албадлагын арга хэмжээг багасгах эсвэл өөрийгөө цагаатгах байр сууринаас ямар ч мэдүүлэг өгөх эрхтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Шүүгдэгч Д.Энхтайван нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Их Жаргалант” гэх газраас хохирогч Б.Мөнхбатын эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үеийн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Мөнхбатын “...2023 оны 08 дугаар сарын 10-ны орчим манайх Цэцүүх баг Дунд Цэцүүхийн адаг руу нүүх гээд үхрээ малаа бөөгнүүлэхэд манай өөрийн эзэмшлийн үхрээс Эвэртэй халтар бүдүүн сувай үнээ, мухар хар дөнжин үнээ, мухар хар, 3 жилийн харын сувай үнээ зэрэг нийт 3 тооны үхэр байхгүй байсан. Тэгэхээр нь малаа хүнд хөлсөөр харуулчхаад Архангай аймгийн Цахир, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт зэрэг сумдаар 1 сар гаруй хугацаанд хайгаад олоогүй мөн Их-Уул сумын Зарт баг болон сумын төвөөр эрж хайсан. Миний өөрийн эзэмшлээс алдагдсан гэх 3 сарлагийн үхэр бол миний өөрийн тугал үхэр. Эвэртэй, халтар зүсмийн, зөв талын чих нь үзүүрээсээ оно имтэй, нас гүйцсэн сувай үнээ, мухар, хар зүсмийн, зөв талын чих нь үзүүрээсээ оно имтэй, дөнжин, сувай үнээ, мухар, хар зүсмийн, зөв талын чих нь үзүүрээсээ оно имтэй, 3 жилийн харын сувай, нас гүйцсэн үнээ. Манайх Их-Уул сумын Цэцүүх баг Дунд Цэцүүхийн Их Жаргалант гэх газарт зусландаа байсан. Намайг үхэр алдсан талаар манай нутгийн иргэд мэднэ. Би ойр орчим нутаглаж байсан хүмүүст хэлж захиж байсан. Миний өөрийн тугал үхрүүд тул ижил сүргээсээ тасарч байгаагүй. Би тухайн үхрүүдээ тус бүрийг 1.5 саяар үнэлнэ. Хөвсгөл аймгийн Жаргалант сум Цахирын даваа гэх газарт миний алдсан 3 тооны үхэртэй ижил зүс, шинж тэмдэгтэй 3 тооны үхрийг 2023 оны 08 дугаар сарын 12-13-ны өдрийн орчим хашаатай байхыг манай сум багийн малчин Батбаяр гэх хүн тухайн газрын хажуугаар нь явахдаа харсан байсан. Тухайн 3 тооны үхрийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Нэргүй гэх ирж ачиж яваад сумын төв оруулаад эвэртэй халтар үхрийг нь махалж зараад үлдсэн 2 үхрийг нь өөр хүнд худалдан борлуулсан байсан. Тухайн 3 тооны үхрийг манай сум багийн иргэн аймгийн алдарт уяач ............. Энхтайван гэх аваачиж хашсан гэж хүмүүсээс сонссон. ....... гэх иргэн Д.Энхтайван гэгчид халиун морь, буурал даага 2 зарсныхаа үнэнд авсан гэж ярьсан. Тус газрын ойролцоо байсан Жагай гэх залууд энэ үхрийг Жаргалант сумаас хүн ирж авна гэж хэлээд хашаанд үлдээсэн байсан юм билээ. Яг тухайн 3 үхрийг Нэргүй гэгч ирээд ачих үед ..........., ..........,.......... нар ачиж өгсөн байсан. Би тухайн алдсан малаа олж авмаар байна. Би алга болсон үеэс эхлэн өнөөдрийг хүртэл сураг ажиг тавьж эрэн хайж байгаа. ...Би өмнөх мэдүүлэгтээ мал алдсан хугацаагаа 2023 оны 08 дугаар сарын 10-ны орчим байх гэж мэдүүлсэн юм. Яг нарийн санаад он сар хөөхөөр манайх Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх баг Их Жаргалант гэх газраас Дунд Цэцүүхийн адаг гэх газар руу нүүх гээд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үхрээ малаа бөөгнүүлэхэд манай өөрийн эзэмшлийн үхрээс дээрх алдагдсан гэх 3 тооны үхэр байхгүй байсан байна. Манайх Их-Уул сумын Цэцүүх баг Дунд Цэцүүхийн Их Жаргалант гэх газарт зусландаа байсан. Д.Энхтайван гэх айлтай манайх голын наана цаана ойрхон байсан. Ойролцоогоор 1 километр гаруй л байх, манайхны мал бэлчээр усаар нийлсэн л байдаг юм. Нэргүй буюу Ж.Батхүү гэх иргэнээс Д.Энхтайван гэгч халиун морь худалдан авсныхаа үнэнд миний үхрийг хулгай хийн аваачиж өгсөн байсан. Намайг Завхан аймгийн Их-Уул сумын Их-Жаргалант гэх газарт ганцаараа хонио хариулаад явж байхад Д.Энхтайван эхнэртэйгээ хамт ирээд хонины бэлчээр дээр надтай уулзаад би ........ үхрийг авах гэж байгаад андуураад танай хулгайд алдсан гэх 3 тооны сарлагийн үхрийг авсан байна. Би үхрийг чинь төлж өгнө. Би олон жил шоронд явах гээд байна. Хохирлыг чинь ямар ч байсан барагдуулна. Хэрэв танайх гэдгийг мэдсэн бол би авахгүй байсан гэж хэлсэн. Түүнийг тэгж хэлэхээр нь би 2 хоногийн дараа түүнийг адууныхаа хашаан дээр хүмүүстэй байхаар нь очоод за надтай ямар яриа хөөрөө байна гэхэд одоо юу байх вэ дээ гэхээр нь за за хүмүүсийн хажууд санаа зовоод ярьж чадахгүй байгаа юм байлгүй дээ гэж бодоод тодруулж асуулгүй явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г...........ын “...2023 оны 08 дугаар сарын 08-ны өглөө Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт Дунд Цэцүүхэд байрлах өөрийн гэрээсээ малд явсан юм. Би малд явахдаа Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Цэцүүхийн Цахирын даваан дээр явж байх үед тухайн газарт нутаглаж байсан ..... гэх залуугийнх гэрээ буулгаад буурь сэлгэж ойрхон нүүж байсан бөгөөд би цаашаа малдаа явчхаад ирэхэд гэрээ барих гэж байсан. Би гэрийн модноос босголцож өгчхөөд явах үед үхрийн хашаан дээр 3 тооны хар зүстэй, 2 мухар, 1 эвэртэй сарлагийн нийт 3 үхэр хашаатай харагдсан би тухайн үед яагаад хашсан үхэр юм бол гэж бодоод өнгөрсөн. Гэтэл манай багийн малчин ....... гэх хүний 3 тооны сарлагийн сувай үнээ алга болсон талаар яриа болоод би ......ад намайг явж байх үед Цахирын даваанд ......... гэх залуугийн хаваржааны хашаан дээр үхэр хашаатай байсныг хэлсэн. Энхтайван гэх хүний 3 тооны үхэр хашсан хашаа бол ........... гэх залуугийн эзэмшлийнх байх хаваржааны газарт шургаагаар барьсан үхрийн хашаа байсан. Тус хашаа нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Цахирын даваанд хамаарна. Д........... 3 тооны үхрийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн ........ хурдан морины наймаа хийсэн түүнийхээ өртгөнд өгсөн гэж дуулсан. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн орчим намайг Цахирын даваан дээр явж байхад 3 үхэр хашаатай байсан. ........ын гэрийн гадаа ............. байсан. Мориор тууж очсон байх морьтой явсан. Ямар нэгэн им байсныг анзаарч ойртож сайн хараагүй. Энхтайван бор морьтой явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч П............ын “...2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай найз ........... буюу ........... манайд нэг залуугийн хамт ирээд найз нь Их-Уул сумын ....... гэх хүнээс 3 үхэр авахаар боллоо би мостгүй машинтай тул Цахирын даваа өөд гарахгүй байх танай энд хашаан дээр маргааш авчраад өгнө гэсэн би ирж авна гээд явсан. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өглөө манайх нүүх гээд гэр буулгах гэж байтал Тайван буюу .......... гэх хүн манай малын хашаанд 3 үхэр авч ирж хашчихаад надтай хамт машин дээр мод ачиж өгчхөөд ах нь ажилтай гээд яваад өгсөн. Би ч гэрээ ачиж дуусаад нүүсэн. Тухайн өдөр үдийн үед манай найз .......... буюу ........... өөрийнхөө ........ маркийн машинтай ганцаараа ирээд би тухайн 3 үхрийг нь хамт ачиж өгөөд явуулсан. Манайх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Булагтын ам гэх газарт нутаглаж байгаад буурь сэлгээд тус өдөр Цахирын дээд даваа гэх газарт буусан. .......... гэх хүний 3 тооны үхэр хашсан хашаа бол миний эзэмшлийн хаваржааны газарт байх хашаа. Тухайн газрын оноосон нэр нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Цахирын давааны Булагт гэх газар. Ерөнхий нэршлээрээ бол Цахирын даваа гэх нэршилд хамаарагдана...........н нь “Ах нь ........... буюу ....... хурдан морины наймаа хийсэн түүнийхээ өртгөнд өгч байгаа юм. ......... ирээд авах байх” гэж л хэлсэн. Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дунд Цэцүүхийн мухарын ам гэх газарт байсан. Энэ 2 газар ойролцоогоор хоорондоо 10 километр орчим зайтай. Цахирын давааны 2 талын л нутаг. Д.......... гэх хүний хашсан байсан 3 тооны үхэр бол эвэртэй халтар сарлагийн үнээ, оодон сүүлтэй банхагар толгойтой мухар хар сарлаг үнээ, шөвгөрдүү хошуутай мухар хар сарлагийн дөнжин бололтой үнээ байсан. Ямар нэгэн им байсан эсэхийг сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж........... “...Би Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн иргэн ........ буюу ............. гэх хүнтэй 2023 оны 03 дугаар сүүлээр манай суманд хурдан морины уралдаан болох үед танилцаад миний тэжээж байсан Халиун морийг үзчихээд ах нь худалдан авъя гэж яриа хийж тохироод 2023 оны 04 дүгээр сард Халиун морио машинаар ачаад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн нутаг Цахирын даваан дээр аваачиж өгөөд Энхтайван мориор ирж авч явсан. Анх наймаа хийж ярихдаа миний халиун морийг 4 сая төгрөгөөр мөнгөөр авна гэж тохирсон боловч сүүлдээ мөнгө төгрөгөө өгөхгүй болохоор нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн найз Батбаярын хамт мотоциклоор Энхтайван гэх хүний нутаглаж байсан газарт очоод мөнгөө нэхтэл ах нь чамд 3 сувай үнээ өгье маргааш чи ирээд авчих гэхээр нь та маргааш надад Цахирын даваан дээр гаргаж ирж өгөөрэй миний машин мостгүй тул даваа өөд гарахгүй гэж хэлээд явсан. Би явах замдаа найз ........... дайраад маргааш Энхтайван 3 үхэр танай ийшээ авч ирж өгөх байх найз нь машинаар ирж ачиж авна гэж хэлээд явсан. Маргааш өдөр нь буюу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас өөрийнхөө Бонго-3 маркийн ........ ......... улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн нутаг Цахирын даваа гэх газарт байрлах найз .............а хаваржааны малын хашаан дээрээс ирж 3 тооны сарлагийн сувай үнээг ачсан. Эвэртэй халтар үнээ ааштай байсан учир нядалсан. Хашаанаас ачихад эвэртэй халтар нь хашаа мөргөж гарахаар нь мориор хөөгөөд бугуйлдаж авсан. Тиймээс Жаргалант сумын төв оруулан эвэртэй халтар зүсний сувай үнээг нь нядалж махыг нь зарсан. Тэгээд Г............ гэх хүнд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2 үнээг нь 2,600,000 мянган төгрөгөөр зарсан. Гэтэл Г....... гэх хүн өөр хүнд Архангай аймаг руу өгч явуулаад тухайн үхэр авсан хүн нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1-р багийн нутаг дэвсгэр Ороохын даваа гэх газарт явж байгаад сумын цагдаатай таараад гарал үүсэлгүй гээд төв ороод ирлээ гэж надад хэлээд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өглөө сумын засаг даргын тамгын газар дээр малын А данс шүүлгэж байгаад Г..........ад бас нэг хайнаг үхэр зарсан гэх Ц...........ыг өөрийнхөө үхрийн гарал үүсэлтэй хамт сумын малын эмч ....... гэх хүнээс очоод гарал үүсэл авчих гээд явуулсан. .......... өөрийнхөө зарсан үхэр дээр болон миний зарсан 2 үхэрт гарал үүсэл авч өгөөд тухайн 3 тооны үхрийг ачсан машин нь явсан байсан. ........... Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг дэвсгэр Дунд Цэцүүхийн мухар гэх газарт байсан. Би оройхон очих үед үнээний зэлэн дээрээ эхнэрийнхээ хамт байсан. Надад ямар нэгэн байдлаар энэ үхэр шүү гэж зүсэлж өгөөгүй. Маргааш 3 тооны сувай сарлагийн үнээ ирж ав гэсэн. Энхтайван гэх хүний надад өгөх 3 тооны үхрээ хашсан хашаа бол манай найз ........... эзэмшлийн хаваржааны газарт байх хашаа. Тухайн газрын оноосон нэр нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Цахирын давааны ............. гэх газар. Ерөнхий нэршлээрээ бол Цахирын даваа гэх нэршилд хамаарагдана. Манай найз ............ыг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өглөө нүүх гэж байхад мориор 3 сарлаг үхэр тууж ирж хашсан гэж байсан. Эвэртэй халтар сарлагийн үнээ, оодон сүүлтэй саглагар толгойтой мухар хар сарлаг үнээ, шөвгөрдүү хошуутай мухар хар сарлагийн үнээ байсан. Ямар нэгэн им байсан эсэхийг сайн хараагүй. Бага залуу үнээнүүд байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б................ “...Би ........ гэх хүнийг сайн танихгүй. Энэ хүн манай нөхрөөс 2023 оны хавар морь худалдан авч байсан тэр үед л харсан. Халиун зүсмийн 1 тооны морийг 4 сая төгрөгөөр манайхаас худалдан авсан. Тэр хүн тухайн үед мөнгө төгрөг өгөөгүй авсан. 2023 оны 08 дугаар сард манай нөхөрт морины үнэ хөлсөндөө 3 тооны үхэр өгсөн байсныг манай нөхөр очиж ачиж ирсэн. Манай нөхөр Их-Уул сумын Цэцүүх баг .......... сумдын залгаа нутаг ........... ........... гэх газраас 3 тооны сарлагийн сувай үнээнүүд өөрийнхөө Портероор явж 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ачиж ирсэн. Тухайн 3 үхрийн 1 нь эвэртэй халтар, 2 нь мухар хар зүсмийн залуу үнээнүүд байсан. 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр эвэртэй халтар үнээг нь махлаад махыг нь зарсан. Үлдсэн 2 үхрийг нь ......... ............ гэх хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Х............гийн “...Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5-р багийн Ж............ гэгчид 1 хар зүсмийн сарлагийн эм үхэрт гэрчилгээ олгосон. Тухайн иргэн малын А дансаар 1 үхэр тоологдсон байсан тул 1 үхэр дээр бичсэн. Хаанаас авсан эсэхийг мэдэхгүй. Архангай аймгийн Тариат сумын ............. .... багийн иргэн ..... гэх хүн хариуцан авч явсан. Ж.Батхүү хэлэхдээ би энэ хүнд энэ үхрийг зарж байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б............ “...Би 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ирж 2 үхэр ачсан. Тухайн үед Архангай аймгийн Их тамир сумаас миний танил дүү болох Г............. гэх залуу ахаа би Хөвсгөл аймгийн ............ сумаас машин зарсны үлдэгдэлд мал авахаар боллоо ачаад өг гэхээр би Жаргалант суманд ирж тухайн 2 тооны үхрийг ачаад Архангай аймгийн Их тамир сум оруулж ........... аав .......... гэх хүний үхэрт аваачиж буулгаад буцаж ирсэн. Би мухар хар зүсмийн сувай үнээнүүд ачсан. Имийг нь сайн ажиглаагүй. Тухайн 2 үнээ нь ямар нэгэн будаг болон бусад тэмдэглэгээ байхгүй байсан. Миний танил дүү Г.............. машин зарсны үнийн үлдэгдэлд Г.............. гэх хүнээс мал авна гээд тус иргэнээс 2 тооны сарлагийн үхрийг Хөвсгөл аймгийн ......... сумын төвөөс хашаанаас ачсан. Г.............. гэх тэр 2 үхрийг Жаргалант сумын иргэн Ж.Батхүү гэгчээс авсан гэж байсан. Өөрийн тугал үхэр биш гэж байсан. Би эдгээр хүмүүсийг огт танихгүй үхэр ачих гэж ирэх тэр үед л харсан. Би өөрийнхөө эзэмшлийн ....... ........ улсын дугаартай цагаан өнгийн .......... машинаас ачиж явсан. Би Архангай аймгаас .......... хамт ирсэн. Мал авсан айлд Ж.......... болон түүний эхнэр, Г.......... гэх хүмүүс байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.......... “...Би 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд .............у гэх хүнд Хөвсгөл аймгийн иргэн Ж............... гэх хүнээс 2 тооны үхэр худалдан авч ............... гэх хүний унаж явсан цагаан өнгийн супер Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр Жаргалант сумын Хөнжлийн гол гэх газраас ачиж өгсөн. Тэгээд Архангай аймгийн Их Тамир сум руу явна гээд хөдлөөд явсан. Би тухайн иргэнд хоёр тооны хар зүсмийн сарлагийн үнээг өгсөн. Тухайн хоёр үхрийн эзэмшигч нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Ж............... гэх хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г............. “...Миний бие өөрийн ............. маркийн автомашинаа Хөвсгөл аймгаас манай суманд оторлож ирлэг ........ гэх хүний хамаатан болох Чинбатын хүүд 2022 оны 12 дугаар сард 15.000.000 төгрөгөөр зарсан. Тэгсэн чинь тухайн үед бэлэн 10.000.000 төгрөг өгөөд 5.000.000 төгрөгт нь хавар мал өгье гэж хэлсэн. .......... хүүг ........... гэдэг бөгөөд би хавар 5.000.000 төгрөгийн малаа авч чадаагүй байж байгаад 2023 оны 08 дугаар сарын эхээр би өөрийн авлагатай малаа авах гээд Хөвсгөл аймгийн Жаргал сум руу очсон. Тийшээ очихдоо би Архангай аймгийн Тариат сумын ...... гэх ахын гэрт очоод автомашиныг нь гуйгаад бид 2 хамт явсан. Миний авлагатай айл болох .............х нь Хөвсгөл аймгийн Жаргал суманд байдаг юм. Тэгээд Амарсанаа ах бид 2 малаа авчхаад 20 цагийн үед буцаад ........... ахын гэрт бараг ирэх гэж байхад бид хоёрын араас цагдаа нар хөөж ирээд бид хоёрыг Хөвсгөл аймгийн ........ сум руу буцаагаад аваад явсан. Тэгээд бид хоёр буцаад Жаргал сум руу очих гэж байхад шөнийн 01 цаг орчим болж байсан. Бид 2 тэр шөнө цагдаа дээр юун мал ачиж яваа талаараа мэдүүлэг өгсөн. Тэгээд өглөө нь ачиж явсан гурван малынхаа гарал үүслийн бичгийг авчхаад буцаад Архангайн ........... суман дээрээ ирсэн. Тариат дээр хайнагийн 1 эр үхрийг нь 1.350.000 төгрөгөөр таарсан нэг хүндээ зарчихсан. Тэгээд нөгөө 2 үхрийг нь би Архангай Тариат суманд байх гэрийнхээ гадна малын хашаанд байлгаж байсан. Тэгсэн чинь 8 дугаар сарын сүүлээр нэг үхэр нь модонд орооцолдоод 1 нүдээ сохолчихсон байсан. Тэгэхээр нь үхэхээс нь өмнө тэр үхрийг махлаад 950.000 төгрөгт зарсан. Энэ явдлаас 7 хоногийн дараа нөгөө 3 үхрээс үлдсэн нэг үхэр нь нутаг руугаа гүйж байсан юм байна лээ. Тэрийг манай аав харчхаад араас нь хөөж очих гэж байхдаа мотоциклтойгоо осолдоод бэртчихээр нь би тэр үхрийг тэнд нь очингуутаа шууд нядлаад 970.000 төгрөгөөр зарсан. Тэгээд байж байтал одоогоос сарын өмнө над руу Завхан аймгийн цагдаагийн газраас нэг хүн залгаад та ирж мэдүүлэг өг гэж надад хэлсэн. Миний бие Д.............. болон Ж............... нарыг огт танихгүй бөгөөд сонсож байгаагүй хүмүүс байна. Харин ....... ............ таньдаг бөгөөд энэ ахын хүүд өөрийн автомашинаа зараад Чинбатаас 3 тооны малыг автомашины мөнгөндөө авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 69-70/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

4. Анхан  шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

5. Шүүгдэгч Д..........., түүний өмгөөлөгч Н.................. нар давж заалдах гомдолдоо: ...мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ............, Б............., Э.................. нараас мэдүүлгийг хангалттай тодруулан авч чадаагүй, мөрдөгч, прокурор зөвхөн яллах нөхцөл байдлыг тогтооход анхаарч, цагаатгах нөхцөл байдлыг тогтооход огт анхаараагүй, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарласанд гомдолтой байна. иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ

6. Мөрдөн шалгах явцад Б........г хавтаст хэргийн 11141-00142 дүгээр хуудсанд, 146-147 дугаар хуудсанд С............ийг гэрчээр хууль сануулан асуужээ.

Гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт хохирогч Б.............ын хулгайд алдсан 3 тооны үхэртэй адилхан нас, зүстэй үхэрнүүд байсан талаар огт дурдагдаагүй байна. Мөрдөгч хэрэг шалгах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

7. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь бүхэлдээ шүүгдэгч  Д...........ыг хохирогч Б...........ын 3 тооны үхрийг хулгайлсан үйлдлийг нотолсон шинжтэй байна.

8. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд ...мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг ...гэмт этгээд  бусдын эзэмшил, өмчлөлийн малыг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, үнэ төлбөргүйгээр, хууль бусаар, нууц аргаар, шунахай сэдэлт зорилгоор өөрийн эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцно гэж томъёолжээ.

9. Анхан шатны шүүх шүүгдэгч Д............ нь хохирогч Б...........ын 3 тооны үхрийг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэн, шүүгдэгчийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж, шүүгдэгчид 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан, ял хүнддээгүй  байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

10. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д........, түүний өмгөөлөгч Н........ нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д........... болон түүний өмгөөлөгч Н............. нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ Ж.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР 

Б.НАМХАЙДОРЖ