Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 209/МА2022/00027

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын
албаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00095/и

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох     

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний  үүргийн биелэлтэд 3,750,000 төгрөг гаргуулах” тухай,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан давж заалдах  гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаартай гэрээгээр 5,000,000 төгрөгийн 1 ширхэг FT-200 маркийн тракторыг иж бүрдлийн хамт урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний дотор төлөхөөр гэрээ байгуулсан боловч үлдэгдэл 50 хувийг одоог хүртэл төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан анз 1,250,000 төгрөг, гэрээний үлдэгдэл 2,500,000 төгрөг нийт 3,750,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-аас хөнгөлөлттэй үнээр урьдчилгаа өгөөд трактор авч болно гэсний дагуу өргөдөл өгч байсан боловч урьдчилгаанд өгөх мөнгө олдоогүй учир трактороо аваагүй.

Дархан сумын мэргэжилтэн ******* дуудаж ******* гэдэг хүнд тракторыг өгсөн нь тодорхой болоод хүсэлтээ мэргэжилтэнд нь өгсөн. Миний гарын үсэг биш, мөн би банкинд мөнгө ерөөсөө шилжүүлээгүй. Иймд зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах гомдол гаргаж байна.

4.а. Хариуцагч ******* нь  нэхэмжлэгчтэй гэрээ байгуулснаа үгүйсгээгүй. Тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудаст ******* гэдэг хүний гарын үсэг байгаа нь хариуцагчийг тракторыг хүлээн аваагүй гэдгийг нотлоогүй байна.

Хариуцагч тал гэрээ байгуулаагүй, эд хөрөнгийг хүлээн аваагүй гэдгээ бүрэн нотлоогүй байхад шүүх хэт нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан.

4.б. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан тул хохирлыг нөхөн төлүүлж татвар төлөгчдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

         3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулбар боловч нотариатаар гэрчлүүлсэн байх тул хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. Мөн  эдгээр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна. 

5. Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчөөгүй, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоож, дээр дурдсанчлан хуульд заасан шаардлагыг хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хариуцагч *******д  холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж үзэв.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  ...хариуцагч нь гэрээ байгуулагдсаныг үгүйсгээгүй, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудаст *******ы өмнөөс ******* гэдэг хүний гарын үсэг байгаа гэх нь *******ыг уг техникийг хүлээн аваагүй гэдгийг нотлоогүй, зээлийн гэрээний талууд адил эрх эдэлж, үүрэг хүлээх атал хариуцагч гэрээ байгуулаагүй, аваагүй гэдгээ бүрэн нотлоогүй байхад шүүх хэт нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж,татвар төлөгчдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсье гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл хэргийн үйл баримт болон нөхцөл байдал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт зэргээс  тогтоогдохгүй байна.

7. Учир нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч тал худалдан авагчид эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй.

Ийнхүү эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бол худалдагч нь худалдан авагчаас эд хөрөнгийн үнийг шаардах эрхгүй юм.

Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл:  нэхэмжлэгч тал нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж гэрээний үүргийн биелэлт шаардсан  гэж  үзэхээр байна.

 Худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч буюу худалдагч нь “эд хөрөнгө шилжүүлэх” үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

8. Харин энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх боловч эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэдгээр талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, уг хэлцлийн дагуу шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг хуульчлан зохицуулсан.

Энэ нь талуудын хооронд хуулиар хориглосон хэлцэл хийгдсэн тохиолдолд хууль зөрчсөн хэлцэл болно гэж ойлгогдож байна.

Уг маргааны хувьд нэхэмжлэгч тал гэрээний үүргийн биелэлт шаардсан, хариуцагч нь гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй, харин эд зүйлийг огт хүлээн аваагүй гэж маргадаг. Энэ нь  хууль зөрчсөн хэлцэл болохгүй.       9. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэв.

10.Түүнчлэн  анхан шатны шүүх нь  шүүх хуралдааны тэмдэглэлд “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ...” гэж, 

шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т  заасныг  баримтлан ...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж   хууль хэрэглээг зөрүүтэй бичсэн алдаа гаргажээ.

Дээрх байдлыг тодруулах үүднээс шүүх хуралдааны бичлэг үзэх, сонсох шаардлага үүссэний дагуу тус шүүхийн Тамгын газарт албан бичгээр хүсэлт гаргаж, бичлэгийг сонсоход шүүгч “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ...” гэж хууль хэрэглээний заалтыг тодорхой танилцуулсан байна.

Гэвч  шүүх  энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэ нь хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /хх-30/,  “Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шийдвэр”  гэсэн гарчиг бүхий албан ёсны бланк дээр бичигдсэн шийдвэр /хх-31/ зэргээр тогтоогдож байгаа, энэ талаар хэргийн оролцогч нарын  хэн алинаас гомдол гараагүй, шүүхийн шийдэл нь адил бичигдсэн зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, харин  зөрчлийг магадлалд тэмдэглэх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ   НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул давж заалдах гомдол гаргахдаа  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                                                                

                                         ШҮҮГЧИД                                       Г.ДАВААРЕНЧИН                                                                                                                                              Б.ОЮУНЦЭЦЭГ