| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 128/2016/0782/З |
| Дугаар | 964 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 964
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, иргэн Х.Т*******ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох “Байгаль орчин, аялал жуучлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох, тус яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын сав газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, даатгалын дэвтэрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Т*******, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нарын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Х.Т*******ын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн ажиллагааны явцад талууд дараах нөхцөлөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулав.
1. Нэхэмжлэгч өөрийнх нь гаргасан саналын дагуу 2016 оны 8 дугаар сард харилцан тохиролцсоны дагуу тус яамны харьяа *******н захиргааны удирдах албан тушаал болох *******т, төлөвлөлтийн албаны даргын албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар,
2. Нэхэмжлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар,
3. Мөн өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, эдгээр даатгалын дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хариуцагч нөхөн хийж өгөхөөр тус тус хүлээн зөвшөөрсөн болно. Эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгосон болно. Дээр дурдсан нөхцөлөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж *******н усны менежмент, төлөвлөлтийн албаны даргаар ажиллах болсон тул өөрийн нэхэмжлэлийн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнөх албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг урьдчилан танилцуулсан бөгөөд үүнийг харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан байна.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Х.Т*******ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэгчийг *******н захиргааны удирдах албан тушаал болох *******т, төлөвлөлтийн албаны даргын албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулах, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, мөн өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, эдгээр даатгалын дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хариуцагч нөхөн хийж өгөхөөр, нэхэмжлэгч Х.Т******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнөх албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж эвлэрсэн байх тул нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөгийг гаргуулан Х.Т*******т олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ