Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0169

 

“М-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн гаргасан давж заалдах гомдлоор, “М-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:
   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0006 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.2, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус баримтлан “М-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Ашигт малтмалын хайгуулын … тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, “М-Э” ХХК-ийн 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлд даалгаж, … тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 889 тоот “… тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 18800 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
   Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэг. Дорноговь аймгийн Сайхандулаан, Сайншанд сумын нутаг Өндөр жавхлан нэртэй талбайд “Ф э” ХХК-д ашигт малтмалын хайгуулын … дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 877 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг “М-Э” ХХК-д шилжүүлэн бүртгэж, … дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Ашигт малтмалын хайгуулын … дугаартай тусгай зөвшөөрлийн хуульд заасан хүчин төгөлдөр байх хугацаа 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл байсан.
“М-Э” ХХК-иас Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийн даргатай 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр … тоот ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар талууд тохиролцсон байна.
2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хайгуулын … дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэгт буюу Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт хамаарах 985.52 га талбайд “М-Э” ХХК-иас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хүлээн авч хянан үзэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 508 дугаар шийдвэрээр … дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн байна.
Хоёр. Магадлалын 14 дүгээр талд “... Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 90 хоногийн өмнө шинжээч томилуулах хүсэлт гаргана. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулна гэх зэргээр хууль тогтоогч хуульчлаагүй байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасан зохицуулалтын агуулгаас үзэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 30 хоногт багтаан шийдвэрлэж, уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 90 хоногт багтаан хэлэлцэж, дүгнэлт гаргана гэж ойлгогдохоор хуульчилсан байна” гэсэн нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухайн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулаад, шинжээчээр дүгнэлт гаргуулсны үндсэн дээр төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхөөр зохицуулсан болно.
Гэтэл нэхэмжлэгч компанийн хувьд хугацаа дуусахаас өмнө шинжээч томилуулах хүсэлтээ ирүүлсэн болохоос тайлангаа боловсруулаад, шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлээгүй болно.
Гурав. Магадлалын 16 дугаар талд “... Нэхэмжлэгч нь цаашид ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэл зоригтой байсан буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд тодорхой оролдлогууд хийж байх үед хайгуулын … тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Учир нь “М-Э” ХХК-иас Ашиг малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийн даргатай 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр … тоот “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар талууд тохиролцсон.
Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар заасан тул Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын кадастрын бүртгэлийн системд … дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн бөгөөд энэхүү бүртгэлийн үйл ажиллагааг хууль бус гэж үндэслэлгүй болно” гэжээ.
                                                                           ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх “М-Э” ХХК-ийн “Ашигт малтмалын хайгуулын … тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, “М-Э” ХХК-ийн 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлд даалгаж, “… тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “… тоот тусгай зөвшөөрөл бүхий 18800 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 889 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
1. Нэхэмжлэгч “М-Э” ХХК нь “Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дахь Өндөр жавхлантын … тоот тусгай зөвшөөрөл талбайд 2012-2014 онуудад явуулсан эрлийн ажил ба Бор хулангийн чулуун нүүрсний ордын зүүн, зүүн хойд хэсэгт хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр Ашигт малтмалын газрын Геологийн албанд гаргажээ.
Уг хүсэлтийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэн хүлээн авч, Монгол Улсын нүүрс, шатдаг занарын мэргэшсэн геологич О.М, Ч.Г нарыг 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шинжээчээр томилсон болох нь хэрэгт авагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “шинжээч томилсон тухай” баримт болон шинжээч О.М, Ч.Г нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь … тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө буюу 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын газрын Геологийн албанд гаргасныг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ... шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэж заасан хугацаанд гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэж хуулиар тогтоосон тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болсон зохицуулалт байна.
Харин Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр ... мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамааралтай бус төрийн захиргааны байгууллага шинжээч томилох, дүгнэлт гаргах хугацааг хуулиар тогтоосон байна.
Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас “өмнө” тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэх хугацааг нэгэнт тогтоож өгсөн байхад “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө шинжээч томилуулах, 90 хоногийн өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж ойлгох үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, хуулиар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргахыг зөвшөөрсөн, мөн “2014 оны 03 дугаар сарын 23-ний өдөр ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулах” тухай “М-Э” ХХК-ийн хүсэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл авч, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шинжээч томилсон атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт заасан хугацаанд дүгнэлтээ одоог хүртэл гараагүй нь төрийн захиргааны буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдсон.
Тиймээс анхан шатны шүүх, “М-Э” ХХК-ийн 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
2. Нэхэмжлэгчийн “… тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ...” гэж заасан хугацаанд гаргасныг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй бөгөөд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дахь Өндөр жавхлантын … тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд “ашиглалтын тусгай” зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах “М-Э” ХХК-ийн эрхийг хязгаарлах, хүн, хуулийн этгээдийн эрхийг дордуулсан агуулгаар хуулийг тайлбарлах үндэслэлгүй юм.
Зүй нь, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах болон тухайн талбайд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл хүсч өргөдлөө гаргахад хуульд тусгайлан заасан заавал бүрдүүлэх баримт бичигт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт шаардлагатай бөгөөд уг дүгнэлтийг гаргуулахгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч “М-Э” ХХК эрхээ цаашид хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн гэж бүрэлдэхүүн дүгнэв.
3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын хайгуулын … тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон үйлдэл хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар … тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө шинжээчийн дүгнэлт гаргуулахаар 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандаж, “М-Э” ХХК хүсэлтээ гаргасан, уг хүсэлтийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасан хугацаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дүгнэлт гаргаагүй зэргээс үзэхэд “М-Э” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ хэрэгжүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын … тоот тусгай зөвшөөрлийн талбайд 2012 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж, хайгуулын үйл ажиллагаанд хөрөнгө зарцуулж, цаашид уг талбайдаа ашигт малтмал олборлох ашиг сонирхолтой, хууль болон төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас хамааран тусгай зөвшөөрөл эзэмших хугацааг сунгуулах, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргахад урьдчилсан нөхцөл болох шаардлагатай баримт бичгийн бүрдлийг “М-Э” ХХК-иас үл хамаарах үндэслэлээр бүрдүүлэх боломжгүй байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон нь буруу болжээ.
4. “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 889 дүгээр шийдвэрийг илт хууль бус болгохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх зэрэг захиргааны акт илт хууль бус болох үндэслэл, тийм нөхцөл шууд тогтоогдоогүй тул дээрх маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Тодруулбал, маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 889 дүгээр шийдвэрийн алдаа нь илэрхий биш бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бусад тооцох захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
Хэдийгээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь хууль бус захиргааны актын шинж агуулсан байлаа ч шүүх зөвхөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлж гаргасан тэр хүрээнд маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх замаар хэргийг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим юм.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зөв гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
                                                                     ТОГТООХ нь:
   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР