2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/03378

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 22

191/ШШ2025/03378

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.******* миний бие ******* аймгийн ******* суманд төрсөн. Миний бие 1987 онд дунд сургуулиа дүүргэсэн бөгөөд 1991 онд Архангай аймаг дахь Багшийн сургууль төгсөж, ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд Бага ангийн багшаар 1991 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1999 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тасралтгүй 8 жил ажилласан. Улмаар 1999 онд Улаанбаатар хотод шилжин ирж Нийслэлийн 53-р бүрэн дунд сургуульд Бага ангийн багшаар 2025 он буюу тэтгэвэртээ гарах хүртлээ ажилласан. Миний бие тэтгэвэртээ гарах гэсэн боловч ******* аймаг ******* суманд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэр олдохгүй байгаа тул тухайн газар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж хэлсэн. ******* аймгийн ******* суманд ажиллаж байсан, ажлаас халагдсан тушаал, шийдвэр хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байдаг. Миний бие тэтгэвэрт гарах хүртлээ 2 газар ажилласан бөгөөд түүний нэг нь ******* аймаг, ******* сумын 8 жилийн сургуульд багшилж байсан явдал юм. Намайг ажиллаж байсан болохыг хөдөлмөрийн дэвтрээр нотлогдоно, мөн хамт ажиллаж байсан багш нар, шавь нар, тухайн үеийн зургуудаар минь бүрэн тодорхойлогдоно гэж үзэж байна. Иймд намайг 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 7 жил 9 сар 15 хоног ******* аймаг, ******* сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, ******* аймгийн архивын тасгийн тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын тодорхойлолт, өөрийн 397340 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ө.******* гаргасан тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ж. гаргасан тодорхойлолт, түүний 260803 тоот хөдөлмөрийн дэвтэр, 290013 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, ******* аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 7 дугаар сарын 67 дугаар тушаал хуулбар, ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1999 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаар тушаалын хуулбар, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын 1999 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тушаалын хуулбар, түүний хавсралт, ******* аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаар тушаалын хуулбар, түүний хавсралт, ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тушаалын хуулбар, түүний хавсралт, ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1999 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03, 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр тушаалын хуулбар, түүний хавсралт, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, гэрэл зураг зэргийг ирүүлжээ. /хх 4-35, 49-53/

 

Шүүхийн журмаар: 191/ШЗ2025/05765 тоот захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4/2078 тоот хариу, түүний хавсралтууд, ******* аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 100 тоот хариу, түүний хавсралтууд, ******* аймгийн архивын тасгаас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/243 тоот хариу, түүний хавсралтууд, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/48 тоот хариу, түүний хавсралтууд,2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/86 тоот хариу, гэрч Ө., Ж. нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлжээ. /хх 54-125, 132-136/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч 3.******* 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох шаардлага гаргасан.

 

2.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:

2.1.1970 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, багш мэргэжилтэй, *******д анх 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн, ******* сумын 8 жилийн сургуулиас олгосон 397340 тоот хөдөлмөрийн дэвтэр авагдсан.

Уг дэвтэрт ******* аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 46 дугаар тушаалаар ******* сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар томилон ажиллуулав гэж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож 03 жилийн 6 сар ажилласнаар баталгаажуулж, Нийгмийн даатгалын 290015 дугаар дэвтэр олгов гэж, 2002 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчаас Улсад ажилласан хугацааг 3 жил 6 сараар тооцов гэж тэмдэглэжээ. /хх 7-9/

 

2.2.******* аймгийн архивын тасгаас: нэхэмжлэгчид холбогдох 1993 оны ******* сумын 8 жилийн сургуулийн захирлын тушаалд бага ангийн багшаар томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, чөлөө, тэтгэмж олгосон, шагнасан, арга хэмжээ авсан, ажил хариуцуулсан, комисст томилсон, 1999 онд чөлөөлсөн тухай тушаал олдохгүй талаар тодорхойлж, дараах баримтуудыг ирүүлсэн. Үүнд:

-******* аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн төгсөгчдийг хуваарилах тухай 67 тоот тушаалд 1991 онд их дээд, тусгай мэргэжлийн дунд сургууль төгсөгчдийн хуваарийг хавсралтаар баталж, хавсралтын г/ Багшийн колледж хэсгийн 18-д -Зандарьяа ******* -тэлмэн гэж,

-******* аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Багш нарын хуваарь батлах тухай 72 дугаар тушаалд 1991-1992 оны хичээлийн жилд ЕБС, цэцэрлэгүүдэд ажиллах багш нарын хуваарийг батласнаас хавсралтын ******* сумын 8 жилийн сургууль, цэцэрлэгт ажиллах удирдах ажилтан, сурган хүмүүжүүлэгч нарын нэрсийн бага анги хэсгийн 10.З.******* гэж,

-******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тушаалаар багш нарын ээлжийн амралтын хуваарийг баталснаас хавсралтын 33-т З.*******, багш гэж,

-Сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн багш нарын цалин тогтоох тухай 01 тоот тушаалын хавсралтын 25-д З.*******, багш, ажилласан жил 2,6 жил, өмнөх цалин 6.500 төгрөг, шинээр 7598 төгрөг гэж,

-Сургуулийн захирлын 1995 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн багш ажилчдын ээлжийн амралтын, илүү цагийн мөнгийг олгох тухай 16 тоот тушаалын хавсралтын 19-д З.*******, багын багш, ажилласан жил 3 жил 06 сар гэж тусгагдсан байна.

-Үүнээс хойш 1996 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 20 тоот, 1997 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот, 1998 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10 тоот, 1999 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 тоот, 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 24 тоот тушаалуудыг ирүүлсэн байна. /хх 99-217/

 

2.3.******* аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаагаар: ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийн 1991-1994 оны шимтгэл төлөлтийн тайлан байгаа талаар дурдаж, нэхэмжлэгчийн 1995 оны 1-6, 8-12 сард нийгмийн даатгал төлөгдсөн байгааг тодорхойлжээ. /хх 59-98/

 

2.4.Үүнээс гадна нэхэмжлэгчээс хэрэгт ирүүлсэн баримтаар: завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийн 55 дугаартай нэхэмжлэгч З.*******ын шимтгэл төлөлтийн архивын лавлагааг олгожээ. Уг лавлагаанд нэхэмжлэгчийн 1995 оны 1,2,4,5,6,8-12 сар, 1996 оны 1-10, 12 сар, 1997 оны 1-6 сар, 8-12 сар, 1998 оны 1-12 сар, 1999 оны 1-6 сард тус тус шимтгэл төлсөн болохыг тодорхойлсон байна.

 

2.5.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар:

-1993 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрлэснийг бүртгэх анкетад бүртгүүлэхдээ ******* аймаг, ******* суманд оршин суудаг, ажилладаг байгууллага 8 жилийн сургуульд багш гэж,

-1994 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрснийг бүртгэх анкетад эх-З.*******, ажилладаг байгууллага-8 жилийн дунд сургууль, Эрхэлдэг ажил-багш, байнга оршин суугаа хаяг-******* аймаг, ******* сум гэж,

1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрснийг бүртгэх анкетад эх З.*******, ажилладаг байгууллага-8 жилийн дунд сургууль, Эрхэлдэг ажил-бага ангийн багш, байнга оршин суугаа хаяг-******* аймаг, ******* сум гэж өөрийн ажил хөдөлмөрийн талаар тэмдэглүүлж байжээ. /хх 54-58/

 

3.Гэрч Ө. нэхэмжлэгчтэй 1991 оны 8 дугаар сараас 1999 оны 6 дугаар сар хүртэл хамт ажиллаж байсан гэж, гэрч Ж. нэхэмжлэгчтэй 1991 оны хичээлийн жил эхлэх үеэс, 1999 оны хичээлийн жил дуустал хамт ажилласан гэж мэдүүлсэн.

Хэрэгт авагдсан Ж. хөдөлмөрийн дэвтэрт тус байгууллагад 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан гэж тусгагдсан, мөн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас гэрч Ө. дээрх хугацааг ажилласан жилд тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоохдоо оруулсан болохыг тодорхойлсон. /хх 65, /

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын лавлагаагаар: гэрч Ө. нь анх тэтгэвэр тогтоолгохдоо 1991 оны 8 дугаар сараас 1999 оны 8 дугаар сарын хоорондох хугацааг ажилласан жилд тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. З.******* нь 1991-1999 онд ажиллаж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гаргах боломжгүй болохыг тодорхойлсон байна. /хх 118-125, 136/

 

4.Иймд гэрчүүдийн мэдүүлэг, тэдгээрийн Хөдөлмөрийн дэвтэр дэх бичиглэл, ******* аймгийн архивын тасаг, ******* аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаа, гэрэл зураг зэргийг харгалзан үзэж шүүх нэхэмжлэгчийг тушаалын огноо болох 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч тус бүрээр төлж эхэлсэн, улмаар мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данстай байхаар заасан.

Энэ шийдвэрийн 2.4-т дурдснаар нэхэмжлэгчийн 1995 оноос 1999 оны 6 дугаар сар хүртэлх ажилласан хугацааг баталгаажуулсан. Харин тухайн хугацаанаас зарим сар баталгаажаагүй байх боловч үүнийг эхлээд захиргааны журмаар шийдвэрлэх учиртай.

Иймд нэхэмжлэгч нэгэнт эрх бүхий байгууллагаас захиргааны журмаар баталгаажуулсан 1995 оноос хойшхи хугацааг шүүхээр тогтоолгохоор шаардсан нь үндэслэлгүй, шүүх уг үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймаг, ******* сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ