2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/03377

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 22

191/ШШ2025/03377

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* овогтой ******* миний бие 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Техник туслалцааны үйлдвэрийн Барилга трест байгууллагад ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй, тухайн байгууллагад ажилласан холбогдох тушаалууд байгаа боловч архив, нийгмийн даатгалаас шүүлгэхэд эхэлсэн, чөлөөлөгдсөн тушаал байхгүй, зөвхөн цалин олгосон баримтууд байгаа юм. Иймд намайг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Техник туслалцааны үйлдвэрийн Барилга трест ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 152 дугаар бүртгэлийн хүснэгт, БНМАУ-ын Барилгын хорооны харьяа Техник туслалцааны Үйлдвэрийн барилга трестийн даргын 1990 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 239 дүгээр тушаал, түүний хавсралтууд, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1981 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 126/271 дугаар цалингийн тооцооны хүснэгт, ББМҮ яамны харьяа Техник туслалцааны Үйлдвэрийн барилга трестийн даргын 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 05, 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 44а дугаар тушаал, түүний хавсралтууд, цалингийн тооцооны хүснэгтүүд, 1987 оны 6 дугаар сарын цалин тавьж олгох хүснэгт, БНМАУ-ын Барилгын хорооны харьяа Техник туслалцааны Үйлдвэрийн барилга трестийн даргын 1988 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаар тушаал, түүний хавсралт, Н.******* гаргасан тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараас, Ж.******* гаргасан тодорхойлолт зэргийг ирүүлжээ. /хх 3-33 /

Шүүхийн журмаар: тус шүүхийн 191/ШЗ2025/05689 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн Архивын газраас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/97 тоот хариу, түүний хавсралтууд, Үндэсний төв архиваас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02/125 тоот хариу, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4/2078 тоот хариу, түүний хавсралтууд, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 122 тоот хариу, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01-48 тоот хариу, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн 01/85 тоот хариу, тус шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/12698 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 205 тоот хариу, гэрч Ж., Н. нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлжээ. /хх 46-68, 74-84/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Х.******* нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох шаардлага гаргасан.

 

2.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:

2.1.Үндэсний төв архиваас: баримтууд шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй талаар тодорхойлжээ. /хх 59/

 

2.2.Нийслэлийн архивын газраас дараах баримтуудыг ирүүлсэн. Үүнд:

-Улсын барилгын хорооны харьяа техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн даргын 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн улирлын үр дүнгийн шагналын мөнгө олгох тухай 222 дугаар тушаалын хавсралтын 6-д Х.*******, ажилласан хоног 76 өдөр, авсан цалин 1500, олгох шагнал 40 хувь 200 төгрөг гэж,

-ББМҮЯамны харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн даргын 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орон тоо, зохион байгуулалтын тухай 44а тушаалын хавсралтын материалын үйлдвэр хэсгийн 8-д нягтлан бодогч *******, 500 төгрөг гэж тусгагджээ.

-ТТҮБ трестийн 1986 оны 10 дугаар сард ажилчдад цалин хөлс олгосон цалингийн тооцооны хүснэгтийн 5-д *******.Х - олгох 189 төг, 72 мөнгө гэж, 1987 оны 12 сард цалин тавьж олгосон хүснэгтийн 6-д Х.******* -олгох 251 төг 50 мөнгө гэж тусгагдсан, мөн огноо тодорхойгүй хэд хэдэн цалин хөлс тавьж олгосон баримтуудыг ирүүлсэн байна.

 

2.3.Нийслэлийн архиваас ирүүлсэн дээрх баримтуудаас гадна нэхэмжлэгч Нийслэлийн архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан давхцаагүй дараах баримтуудыг ирүүлсэн. Үүнд:

-ББМҮЯамны харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн даргын 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Комисс байгуулах тухай 05 дугар тушаалын хавсралтын 5 конторын 2 давхарт бүлгэмийн дарга Болат, орлогч *******, ня-бо гэж,

-Улсын барилгын хорооны харьяа техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн даргын 1988 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Мөнгөн кассны дүрэм батлах, ажилчин албан хаагчдын цалин хөлс авч байх итгэмжлэгдсэн хүмүүсийг томилох тухай 205 дугаар тушаалын хавсралтын 2 хэсэг БҮ бааз, ******* бригад, итгэмжлэгдсэн хүн Алимаа мастер, итгэмжлэхийн дугаар 17 гэж тусгагджээ.

-Мөн ТТҮБТ үйлдвэрийн баазын 1986 оны 12 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн 5-д Х.*******- олгох 112 төгрөг гэж, 1986 оны 9 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтийн 7-д Х.******* -222 төг 88 мөнгө гэж, 1987 оны 6 дугаар сард цалин тавьж олгох хүснэгтийн 7-д Х.*******- олгох 250 төгрөг гэжээ.

 

2.4.Улсын бүртгэлийн ерөнхий газраас: ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч анх 1988 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ХААТР-1 маягтаар бүртгүүлэхдээ өөрийн мэргэжлийг барилгын нябо эдийн засагч, ажилладаг газрыг Техник туслалцааны үйлдвэрийн Барилга трест, үйлдвэрийн баазад, цалингийн нягтлан бодогч, анх 1986 онд ажилд орсон гэж,

-1989 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрснийг бүртгэх анкетад эцгийн нэр ******* *******, ажилладаг байгууллага-МУИС, эрхэлдэг ажил-Оюутан гэж өөрийн ажил хөдөлмөрийн талаар тэмдэглүүлж байжээ. /хх 61-64/

 

2.5.Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын лавлагаагаар: тэрээр маргаанд хамаарах 1990 оноос хойшхи хугацаанд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д хамрагдаагүй болохыг тодорхойлсон байна. /хх 66/

 

3.Гэрч Ж.гаас Х.*******тай 1986-1991 он хүртэл хамт ажилласан, би инженер, Х.******* нягтлан байсан гэж, гэрч Н. 1986-1991 он хүртэл манай тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан гэж мэдүүлсэн.

Хэрэгт авагдсан Н.******* хөдөлмөрийн дэвтэрт тус байгууллагад 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан гэж тусгагдсан. Харин гэрч Ж.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нэхэмжлэгчээс баримтаар ирүүлээгүй. Түүнчлэн шүүхийн журмаар гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэр, дээрх хугацаанд ажилласан хугацааг тооцсон эсэх лавлагааг холбогдох нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар хүргүүлсэн боловч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Сүхбаатар болон Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тус тус байхгүй талаарх хариуг ирүүлсэн. /хх 28-31/

Хэрэгт авагдсан дээр дурдсан зарим тушаалд гэрч Ж.******* нэр давхар дурдагдсан байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэлнэ.

 

4.Шүүх гэрчүүдийн мэдүүлэг, Нийслэлийн архивын газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгал газраас ирүүлсэн лавлагаа зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчийг 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаагаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан анхны цалин хөлс олгосон баримт дах хугацаанаас эхэлж улсын бүртгэлээс ирүүлсэн баримтад өөрийн ажлыг нэхэмжлэгч МУИС, оюутан гэж мэдүүлсэн хугацаа хүртэл тогтоов.

Нэхэмжлэгчээс хуралдааны явцад ажиллахын хажуугаар давхар суралцаж байсан гэж тайлбарласан ч гэрч Ж. тэрийг сайн санахгүй байна. Дөнгөж сургуулиа төгсөж ирээд 1991 он хүртэл ажилласан, шууд хотын захиргаанд очсон санагдаж байна гэж, гэрч Н. огт суралцаж байгаагүй. 1986 онд сургуулиа төгсөж ирээд 1991 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн.

Иймд 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамаарах дэмжих баримтууд хэрэгт цуглараагүй тул тогтоох боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:******* /-ийг 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Техник туслалцааны үйлдвэрийн Барилга трестэд нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн 1989 оны 10 дугаар сарын 12-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ