| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 2324000550060 |
| Дугаар | 2024/ДШМ/49 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ДШМ/49
А.Жавхланд холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн
Прокурор Н.Баасанжав /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа
Хохирогч Н.Чойжилжав
Хохирогчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн
Иргэний нэхэмжлэгч П.Дуламсүрэн
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Н.Чойжилжавын давж заалдах гомдлоор А.Жавхланд холбогдох 2324000550060 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн их сургуульд малын их эмч мэргэжлээр суралцдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Баянзүрх дүүргийн 26-р хороо Баянмонгол 418 байр 110 тоот оршин суух хаягийн бүртгэлтэй, Завхан аймгийн Их-Уул суманд оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /УК05210132 регистрийн дугаартай/ Хүлэг бариач овогт Анхбаярын Жавхлан.
Шүүгдэгч А.Жавхлан нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт баг Тэхийн ам гэх газарт иргэн С.Батбаатар луу хувийн таарамжгүй харьцааны улмаас чулуу шидсэн боловч уг чулуу нь Н.Чойжилжавын толгойн тус газарт онож, түүний эрүүл мэндэд нь “дух ясны ил цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, эдийн няцрал, баруун гар хөлийн саажилт, бүсэлхийн 4, 5-р нугаламын фиброзон цагираг урагдал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хүлэг бариач овогт Анхбаярын Жавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч А.Жавхланд 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жавхланд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жавхлан нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч А.Жавхлан нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Чойжилжавт эмчилгээний зардал болон бусад зардалд 7,260,864 төгрөг, сэтгэцийн хохирол 15,180,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 4,604,060 төгрөгийг тус тус төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Чойжилжавын мал харуулсны хөлс 3,975,000 төгрөг, ирээдүйд олох ёстой орлого 3,000,000 төгрөг, хөдөлмөр чадвар алдалтын зөрүү 2,090,000 төгрөг, хөдөлмөр чадвар алдалтын сэргэх хүртэл тэтгэлэг, цаашид эмчилгээний зардал гаргуулах, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол 577,900 төгрөг гаргуулах, иргэний нэхэмжлэгч П.Дуламсүрэнгийн олох ёстой орлого 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцүүлэхгүйгээр орхиж шүүгдэгч А.Жавхланд холбогдуулан иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Н.Чойжилжав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...ам бүл 5, малчин, хувиараа хар бор ажил хийж 5 тонны машин барьж ноос ачиж зөөдөг байсан. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүний гарт хүнд гэмтэл авч 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хагалгаанд орж нэг удаа амь аварсан хагалгаа болж толгой, нүд, дух, нуруу барьсан, тархи, задарсан, тархи нөхөн сэргэхэд хэцүү гэсэн. Одоо байдлаар толгой өвдөөд унтахгүй мэдрэлийн судас гэмтсэнээс болоод гацаж, ярихад муу болоод байна. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл байнгын эмнэлгээр явж байна, хүний асаргаанд 7 удаа эмнэлэгт хэвтэж, эм тариа унаа мал, такси хөлслөх үр хүүхэд эхнэр сахиж 4 зэрэг явж, хэдэн малаа зарж, хөлсөөр харуулан, эхнэр Дуламсүрэн асран, ар гэрээ авч явах, малаа харах, өөрийгөө эмчлүүлж чадахгүй байна. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 11 хүртэл шарх эдгээгүй хэцүү байсан. 3 сар болж шарх эдгэсэн дахин хагалгаа 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орсон, дахиад орох заалттай байгаа. Бид жил гаруй эмчлүүлж өнөөдөр 20 гаруй сая төгрөг орсон, гэтэл 701.000 төгрөг өглөө хор уршгаа арилгуулах, эрүүл болгуулах, зардал авах хүсэлтэй байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч А.Жавхлан болгоомжгүйгээр хохирогч Н.Чойжилжавын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг нэхэмжлэх эрх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар “...бусдын эрх амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр алдар хүндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэсэн нийтлэг зохицуулалтаар шүүгдэгч А.Жавхлан хохирогч Н.Чойжилжавын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй. Хохирогчийн зүгээс анхан шатын шүүх хуралдаан дээр эмчилгээний төлөгдөөгүй зардлаа нэхэмжилсэн. Эмчилгээний зардалд 5,351,008 /таван сая гурван зуун тавин нэгэн мянга найман зуун найман/ төгрөг нэхэмжилсэн. Хохирогч нь удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн. Хохирогч малчин хүн малаа хариулан амьдардаг байсан. Мал аж ахуй эрхлэх боломжгүй болсон. Хохирогчийг эхнэр нь сахидаг. Малаа өөр хүнд хөлсөөр харуулсан. Малын хөлс 3,975,000 /гурван сая есөн зуун далан таван мянга/ төгрөгийг мөн нэхэмжилж байгаа. Эмчилгээний зардлыг гаргуулах үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Мал харсны хөлс гаргуулах хохирлын тухайд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна гэсэн хуулийн нийтлэг зохицуулалттай. Малыг харж байсан н.Бямбацогт нар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Малын хөлсний 1,000,000 /нэг сая/ төгрөг өгсөн нь дансны хуулгаар нотлогдчихсон. Үлдэгдэл 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг нь хавар бэлнээр авъя аа гэхээр нь бэлнээр өгсөн. Бэлэн мөнгө өгсөн тэр баримт байхгүй ч гэрээний тооцоог нь тохироод гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээг үндэслээд мал харуулсан хөлсийг олгох боломжтой гэж үзэж байна. Н.Чойжилжав тухайн гэмт хэрэгт өртөхөөсөө өмнө Мөнх Баянбүрд булаг хоршоонд ноос ачигчаар ажилладаг байсан. Нэг өдрийн 300,000 /зуун мянга/ төгрөгийн цалинтай тухайн хугацаанд гэрээтэй ажиллаж байсан ба 30 хоногийн хугацаатайгаар ажиллаж байсан. Ажлын хөлс 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр тохиролцсон байсан. Үүнийг мөн нэхэмжилж байна. Нэг өдрийн 100,000 /зуун мянга/ талаарх тодорхойлолт байгаа. Үүнийг мөн гаргуулах үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой асарч сувилах нэмэгдэл хоол өгөх хиймэл эрхтэн хийлгэх сувиллын газар сувилал үзүүлэх зэрэг зайлшгүй зардлыг өгч төлнө гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжилж байна. Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон. 2024 онд бол 660,000 /зургаан зуун жар/ мянга болсон. Анхан шатны шүүх хуралдаанд 2024 оны 09 дүгээр сар хүртэл 2,991,000 /хоёр сая ерэн нэгэн мянга/ төгрөгийг зөв тооцсон байна. Үүн дээр өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацааны төлбөрийг нэмж тооцох боломжтой байна. Мөн цаашид хөдөлмөрийн чадвар сэргэх хүртэл тэтгэлэг тогтоолгох эрх нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зохицуулсан байна. Хохирогч хэвийн байдалдаа орох, хөдөлмөрийн чадвар сэргэх хүртэл эмчилгээтэй холбоотойгоор гарах зардлууд байна. Хохирогчийн хөдөлмөрийн чадвар сэргэх хүртэл тэтгэвэр тогтоолгомоор байна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг мөн нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг дөрөвдүгээр зэрэглэлээр тогтоосон байдаг. Анхан шатны шүүх 15 хувиар тогтоосон. Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал байгаа. Жишиг аргачлалын хүснэгтээр тооцоолон сэтгэцэд учирсан хор уршгийн хэлбэр 4 дүгээр зэрэглэл хохирогчийн биед учирсан хүнд хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн эмгэг гэж тодорхойлон 15-30 хувь албан ёсны доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг гаргуулъя. Хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт дээр Нацаг овогтой Чойжилсүрэн малчин гавлын, нурууны ясны хугарал гэсэн оноштойгоор Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар тогтоосон. Үүнийг дахиад сунгасан хөдөлмөрийн чадвар алдагдлыг 70 хувиар тогтоосон байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ өөрчлөгдсөн. 35 хувьтай байснаа 70 хувьтай болсон. Сэтгэцэд учирсан хохирлыг дахин тооцож гаргуулах эдгээр хохирлыг гаргуулахаар давж заалдах шүүхэд гомдол гаргасан. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх мал хариулсны хөлс, ирээдүйд олох ёстой байсан орлого хөдөлмөрийн чадвар алдалтын зөрүү 2,994,000 /хоёр сая ерэн дөрвөн мянга/ төгрөг, хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээх хүртэл тэтгэлгийг шүүгдэгч А.Жавхлангаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч хохирогчоос гаргасан баримтын хүрээнд тооцоог гаргах боломжгүй гэж үзсэн. Шүүх иргэний нэхэмжлэлээр хангуулах эрхтэй болохыг заана гэж байгаа. Тооцоо гаргуулах тодорхойгүй нөхцөл байдал харагдахгүй байна. Мал хариулах хөлсийг тохироод гэрээгээ байгуулчихсан. Мөн ирээдүйд олох боломжтой байсан орлого дээр тухайн авах ёстой орлогоо тодорхой бичсэн, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацаа тогтоосон акт хэрэгт авагдсан байгаа. Тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөн. Төлбөр гаргуулах нөхцөл тодорхой байна. Хохирогчийн давж заалдсан гомдлыг хангаж өгнө үү. Анхан шатны шүүхээс хохирогчид учирсан хохирлуудад дүгнэлт хийж тодорхой хэмжээний хохирлыг гаргасан. Зарим хэмжээний хохирлуудыг хэрэгсэхгүй болгосон гэв.
Иргэний нэхэмжлэгч П.Дуламсүрэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Малаасаа зарж эмчилгээ хийлгэсэн. 12 дугаар ангийн хүүхэдтэй. Өөрийнхөө байшингийн ханыг Н.Чойжилжав цөмлөсөн. Малаа хүнд хөлсөөр харуулсан гэрээ байгаа. Хүүхдүүдээ бодоод амьдарч байна. Шар хадны эмнэлэгт хэвтүүлье гэхээр хүүхдүүд нь зөвшөөрдөггүй. Эрүүл саруул ажил хөдөлмөр хийгээд явж байсан хүн. Шинжээчийн дүгнэлтэд байсан чулууны зураг байхгүй болсон байсан. Бид нар өмгөөлөгч авсан. Хагалгааны заалттай. 5 килограммаас дээш юм өргөж болохгүй гэсэн. Хоолтой, хоолгүй хүн сахиад амьдарч байна. Эмнэлгийн хяналтад сар болгон үзүүлээд явж байна. Гомдолтой байна гэв.
Шүүгдэгч А.Жавхлангийн өмгөөлөгч М.Гомборагчаа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …нь хохирогч Н.Чойжилжавт болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан. Өөрийн үйлдлийнхээ гэм бурууг А.Жавхлан хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугаа хүлээн гэмшиж хохирогчид учруулсан хохирлоо бол төлж барагдуулсан. А.Жавхлан оюутан тухайн үед өөр хүнтэй таарамжгүй харьцааны улмаас шидсэн чулуу нь Н.Чойжилжавыг оносноор хүнд гэмтэл учирсан. Хүнд гэмтэл учирснаас хойш түүний ээж нь Улаанбаатар хот авч явж үзүүлсэн. А.Жавхлан, түүний ээжийн зүгээс хохирлыг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршиг эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан үзсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтойгоор үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт А.Жавхлангийн төлсөн хохирлуудыг барагдуулсан талаар дурдсан байдаг. Үүнд эм эмчилгээний зардал, бусад зардалд 7,260,864 /сая хоёр зуун жаран мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөг төлсөн баримтыг дурдсан байдаг. Гэмт хэргийн улмаас хохирсон сэтгэцийн хохирлыг тогтоолгохоор шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтээр гарсан 15,080,000 /арван таван сая зуун наян мянга/ төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 14,604,060 /дөрвөн сая зургаан зуун дөрвөн мянга жар/ төгрөгийг төлж барагдуулсныг дурдсан. Шүүхийн шийтгэх тогтоолын 6 дугаар заалтаар мал харуулсны хөлс гэж нэхэмжилсэн ээд 3,975,000 /гурван сая есөн зуун далан таван мянга/ төгрөг, ирээдүйд олох ёстой орлого 3,000,000 гурван сая төгрөг, хөдөлмөрийн чадвар алдалтын зөрөө 2,090,000 /хоёр сая ерэн мянга/ төгрөг цаашид гарах зардал гэж иргэний нэхэмжлэгчээр эхнэр П.Дуламсүрэн оролцон 10,000,000 /арван сая/ төгрөг нэхэмжилсэн. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг нотлох баримтын шаардлага хангаагүй. Малаа хүнээр маллуулсан, хоршоонд ноосны ажил хийж байсан талаарх баримтаа шүүхэд ирүүлсэн байдаг. Иргэн хүн орлого олж байсан бол татвар төлсөн байх ёстой энэ талаар баримт байдаггүй. Хохирлыг тооцох үндэслэлгүй байсан учраас шүүхийн шийтгэх тогтоолын 6 дугаар заалтаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зүйлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж, хохирлоо гаргуулах боломжтой гэсэн нээлттэй байдлаар үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтын хэмжээнд 3,000,000 /гурван сая/ төгрөг буюу 3,000 /гурван мянга/ нэгжээр торгох хариуцлага оногдуулсан. Гэмт хэргээс үүссэн хохирлыг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлээд гаргах ёстой. Иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн мөнгө нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд анхан шатны шүүх хохиролтой холбоотой зүйлийг хэлэлцэх боломжгүй байсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгтэй хохирлыг шийдвэрлэх боломжгүй учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хохирогч тал өмгөөлөгч авч хөлсөлж байсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын өмгөөлөгчтэй оролцсон. Шүүх өмгөөлөгч томилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэв.
Прокурор Н.Баасанжав давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас үнэлэх боломжтой баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалсан. Хохиролтой холбоотойгоор гаргаж өгсөн баримтуудаас 7,260,864 /долоон сая хоёр зуун жаран мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөгийн баримтыг үнэлсэн. Шүүгдэгч талаас 6,559,000 /зургаан сая таван зуун тавин есөн мянга/ төгрөгийг төлсөн байсан. Шүүх хуралдаанаас өмнө 7,001,864 /долоон зуун нэг мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөгийг шүүх хуралдаанаа завсарлуулаад 5 хоногийн дотор шүүгдэгч хохирогчид төлсөн. Үнэлэх боломжтой бүх баримтуудыг шүүгч үнэлсэн. Мал харуулсны хөлс 3,900,750 /гурван сая есөн зуун мянга долоон зуун тавь/ төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Мал хөлсөөр харуулах гэрээ байсан боловч хэнд, хэдэн төгрөг ямар байдлаар өгсөн. Мал харуулсны хөлсийг авсан эсэх нь тодорхойгүй байсан. Үүнийг иргэний журмаар нотлох баримтуудаа нэмж бүрдүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай байсан учраас шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй. Олох ёстой байсан орлого 3,000,000 /гурван сая/ төгрөг гэж байгаа боловч ажил хийж байсан гэдгийг нотлох баримт бас энэ хавтаст хэрэгт хангалттай авагдаагүй байсан. Хөдөлмөрийн чадвар алдалтын зөрөө 2,090,000 /хоёр сая ерэн мянга/ төгрөгт мөн тооцооллыг хийхэд бас тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээлүүд үүссэн учраас эдгээр зардлуудыг нэхэмжилсэн нэхэмжлэлүүдийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдсэн. Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтаас гадна нэмж гаргаж өгөх нотлох баримтуудаа үндэслээд иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэдэг байдлаар шүүх шийдвэрлэсэн. Хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлыг “дөрөвдүгээр” зэрэг гэж үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, тавдугаар зэрэглэлд хамаарах ёстой гэдэг байдлаар тайлбар, гомдлоо танилцуулж байх шиг байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчид хохирогч өөрийн биеэр очиж үзүүлсэн. Шинжилгээний байгууллагын дүгнэлтэд Н.Чойжилжавын сэтгэцэд учирсан хор уршгийн хэм хэмжээг дөрөвдүгээр зэрэг гэж тодорхойлсон. Шүүх Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаартай тогтоолд заасан үндэслэл, журам болон шүүгчид олгосон эрх хэмжээний хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 15,180,000 /арван таван сая нэг зуун наян мянга/ төгрөгөөр тооцооллыг гаргаж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт, бусад журам аргачлалд заасны дагуу дээрх тооцооллыг гаргасан. Шүүгдэгчийн тухайд хохирогчид 6,559,000 /зургаан сая таван зуун тавин есөн мянга/ төгрөгийг нөхөн төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд орж ирсэн 4,604,060 /дөрвөн сая зургаан зуун дөрвөн мянга жар/ төгрөгийг нөхөн төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардал, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байр суурьнаас оролцсон. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг үндэслэн дээрх шийдвэрүүдийг гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хяналаа.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
3. Шүүгдэгч А.Жавхлан нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт баг Тэхийн ам гэх газарт иргэн С.Батбаатар луу хувийн таарамжгүй харьцааны улмаас чулуу шидсэн боловч уг чулуу нь Н.Чойжилжавын толгойн тус газарт онож, түүний эрүүл мэндэд нь “дух ясны ил цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх, доорхи цусан хураа, эдийн няцрал, баруун гар хөлийн саажилт, бүсэлхийн 4,5-р нугаламын фиброзон цагираг урагдал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд хохирлыг болгоомжгүйгээр учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Н.Чойжилжавын “...2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Их-Уул сумын 100 жилийн ойн баяр наадмын үеэр Их-Уул сумын Хуягт баг Тэхийн ам гэх газар их насны морины уралдаан үзэхээр 2 хүүхэд, эхнэрийн хамт очсон. Морины барианы хашаа руу эхнэрийн хамт очихоор хүмүүсийн зах хэсгээр алхаж явж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нуруугаар хатгаад, нүд толгой маш их өвдөж байсан. Улаанбаатар хотод энэ оны 07 дугаар сарын 24-ний өдөр гавал тархины хагалгаанд орсон. Одоо өдөр болгон Гэмтлийн эмнэлэгт эмчид үзүүлж тариа хийлгэж байнгын хэвтрийн дэглэм сахиж байсан. Дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн болон эмчилгээ хийлгэж байгаатай холбоотой гарсан бүх зардлыг нэхэмжилж байна. Эмчилгээ хийлгэж байсан болохоор мөнгө санхүүгийн асуудал их гарч байна. Эхнэрээсээ асуухад миний толгой руу Анхбаярын хүү болох Жавхлан чулуу шидсэн гэж надад хэлж байсан. Эм тарианыхаа баримт буюу 8 хуудас 108 ширхэг баримт авчирч ирсэн. Энэ хуудсан дээрх мөнгөн дүнг нэхэмжилж байна. эмчилгээний баримтад тусгагдсан 3,920,719 төгрөгийг яллагдагч А.Жавхлан бүрэн барагдуулсан учир хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлмээр байна. Миний бодлоор бүрэн барагдуулсан. Уг хэргийг маань хөнгөрүүлэн шийдвэрлэхийг хүсэж байна. Надад уг хэрэгтэй холбоотой санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Батбаатарын “...2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр сумын баяр наадмын үеэр Хуягтын амны шүдэлгээний газарт морь хэмжиж байх үед нь морины комисс морьдоо оруулаарай гээд хэлэхээр нь би морьдоо оруул гэж байна шүү гээд хэлтэл манай сумын Жавхлан гээд залуу чи адуугүй юм байж дуугай бай гэх зэргээр надтай маргалдахаар нь ахын дүү аятайхан бай гэж хэлээд л өнгөрсөн. Гэтэл маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хурдан морь барианы газар буюу Тэхийн аманд өмнөд өдөр надтай маргалдсан Жавхлан гэх залуутай тааралдах үед хажуу талын эрэг рүү гүйж харагдсанаа хүмүүс дундаас гэнэт толгой нь шомбос хийхээр нь хартал над руу нэг чулуу авч шидсэн юм би ч гараараа нүүрээ хаатал нөгөө чулуу нь миний суганы доогуур гараад манай хадам ах Чойжилжавыг оносон. Дахиад нэг чулуу шидсэн нь миний толгой дээгүүр гарч яваад тухайн үед би мориноосоо буугаад хадам ах дээрээ очтол чулуунд оногдоод унасан байсан. Тэгээд хадам ахын толгой хагарсан цус гоожсон, нүдний шил нь хагарсан харагдсан. Тухайн газраас манай эхнэр Оюунсүрэн ахыг босгож түшээд манай эмнэлгийн машин руу хүргэж өгөөд эмч аваад төв рүү явсан. Өөр зүйл мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Лханаажавын “...2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу манай сумын 100 жилийн ойн хурдан морины уралдаан Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт баг Тэхийн ам гэх газарт болж байх үед миний төрсөн дүү болох Чойжилжав гэгчийг хурдан морь барианы газарт байх үед нь нэг залуу чулуу шидээд толгой духны хэсгийг нь цөмлөсөн сумын эрүүл мэндийн төв дээр ирлээ гэж над руу хэлсэн. Тэр үед нь би сумынхаа эрүүл мэндийн төв дээр очтол манай дүүгийн толгой дух хэсгээс маш их хэмжээний цус гарсан байдалтай яаралтай Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг явах шаардлагатай гээд би эмнэлгийн машинтай эхнэр, хүүхдүүдийнх нь хамтаар аваад явсан. Тухайн үед манай дүүгийн толгой руу чулуу шидэж хагалсан Жавхлан гэх залуугийн ээж Анхбаяр хамт явсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч П.Дуламсүрэнгийн “...Их-Уул сумын Хуягт баг Тэхийн ам гэдэг газар Их-Уул сум байгуулагдсаны 100 жилийн ойн баярын их насны морины уралдаан болж байсан. Морины уралдааныг үзэхээр нөхөр Чойжилжав, 2 хүүхдийн хамт 17 цагийн үед морины хашаа руу алхаж байх үед бид хоёрын голоор морьтой хүн дайрах шахаад хажуу талаар гараад явсан Манай нөхөр болох Чойжилжав шууд газар луу унаад өгсөн. Тэгээд шууд цагдаа дуудаарай гээд орилсон чинь цагдаа ойрхон байж байгаад ирсэн. ...Тэндээс эмнэлгийн машинд суулгаад Тосонцэнгэл яваад Тосонцэнгэлийн эмнэлэгт хоёр хоноод өглөө нь Улаанбаатар хот руу ирсэн. Их-Уул сумын Хонгор багын иргэн Батаа буюу Самбуудорж гэдэг хүний хүүхэд байсан. Бид хоёр тэнд байсан хүмүүсийг захлаад явж байсан. Тэгээд Чойжилжавыг чулуугаар цохиод унаад өгөхөд хажуугаар явж байсан хүмүүс энэ хүүхэд хоёр чулуу бариад явж байсан нэгийг нь шидчихлээ гэж хэлээд тэнд байсан хүмүүс гаргаж ирсэн. Тухайн хүүхэд Их-Уул сумын харьяат Анхбаярын Жавхлан нь шар алаг цамцтай явж байсан. Яагаад энэ чулууг шидэв гэхэд тэр хүүхэд морьтой хүн лүү шидэх гэж байгаад шидчихлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10031 дугаартай: “...Н.Чойжилжавын биед дух ясны ил цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, эдийн няцрал, баруун гар хөлийн саажилт, бүсэлхийн 4, 5-р нугалмын фиброзон цагираг урагдал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д. 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн,
Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн “...Н.Чойжилжавын биед учирсан дух ясны ил хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал гэмтэл нь дух нүүр хэсэгт хүч үйлчлэх буюу чулуугаар цохих үед үүсэх боломжтой. Дүгнэлтэд тусгагдсан бүсэлхийн 4, 5 нугалмын фиброзон цагираг урагдал нь үйлчлэлээр буюу чулуугаар цохих мөн нуруу хүч үйлчилж унахдаа хавтгаа гадаргуу дээр биш овгор товгор зүйл дээр унах үед үүсдэг гэмтэл ба дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 81 дугаартай: “...Урьд гаргасан 10031 тоот хүний биед үзлэг хийсэн шинжилгээ үндэслэлтэй байна. Н.Чойжилжавын биед дух ясны ил цөмөрсөн хугарал, суурь ясны зүүн их далавч, зүүн нүдний ухархайн дээд ирмэг, гадна хана, зүүн хоншоор ясны урд хананы хугарал, тархины зүүн талын бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, эдийн няцрал, баруун гар хөлийн саажилт, бүсэлхийн 4-S1 нугалмын фиброзон цагираг урагдал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 20-нд үүссэн байх боломжтой ба энэ нь дүрс оношилгооны шинжилгээний шинж болон Н.Чойжилжавыг өөрийн биеэр нь үзсэн шинжээч эмчийн үзлэг, ГССҮТ-н эмч нарын үзлэг, клиник шинж тэмдгүүдээр тогтоогдож байна” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
4. Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч А.Жавхлан нь болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч А.Жавхланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.
7. Хохирогч Н.Чойжилжав нь “... 2023.07.20-ны өдөр хүний гарт хүнд гэмтэл авч 2023.07.24-нд хүнд хагалгаанд орж, амь аврагдсан. Одоо толгой, нүд, дух, нуруу, тархи нөхөн сэргэхэд хэцүү гэсэн. Одоо болтол толгой өвдөөд унтахгүй, мэдрэлийн судас гэмтсэнээс болоод гацах ярихад муу болоод байна...байнгын хүний асаргаанд байна. 7 удаа эмнэлэгт хэвтэж, эм тариа, унаа мал, такси хөлслөх зэрэгт их мөнгө гарч байна. Хэдэн малаа зарж, хүнээр хөлсөөр харуулж, эхнэр байнга асарч байна. ...Дахин хагалгаанд орох заалттай байгаа. Би эмчлүүлэхэд 20.000.000 төгрөг орсон тэгтэл 701.000 төгрөг өглөө. Хор уршиг арилгуулах эрүүл болгуулах зардал авах хүсэлтэй байна гэжээ.
9. Шүүгдэгч А.Жавхлангийн үйлдлийн улмаас хохирогч Н.Чойжилжавын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол, төлбөрөө шаардах эрхтэй байна.
10. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай үнэлж, нотлох баримтын шаардлага хангасан гэх 7,260,864 төгрөгийн хохирлоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эм, тариа, эмчилгээ болон бусад зардалд авсан гэх 6,559,000 төгрөгийг хасаад үлдсэн 701,864 төгрөгийг шүүгдэгч А.Жавхлангаас гаргуулж, хохирогч Н.Чойжилжавт олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэсэн, Шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
11. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ
12. Анхан шатны шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаартай “хохирогч Н.Чойжилжавын сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна...” гэсэн дүгнэлтэд үндэслэн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.4, 4 дэх хэсэгт заасан “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-д дөрөвдүгээр зэрэглэлийн сэтгэцийн эмгэгийг 15-30% тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно гэснийг харгалзан хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, гомдол, санал болон шүүгдэгчийн гэм буруу зэргийг харгалзан хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 15 хувиар тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр буюу 15,180,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
13. Харин хохирогч Н.Чойжилжав нь мал хариулсны хөлс 3,975,000 төгрөг, ноосны ажлыг өдрийн 100,000 төгрөгөөр тооцож хийх байсан тул ирээдүйд олох ёстой орлого 3,000,000 төгрөг, хөдөлмөр чадвар алдалтын зөрүү 2,090,000 төгрөг, хөдөлмөр чадвар алдалтыг сэргээх хүртэлх тэтгэлгийг, иргэний нэхэмжлэгч П.Дуламсүрэн нь цагаан идээ боловсруулж худалдсан болон гутал хийж борлуулах зардал болох 10,000,000 төгрөгийг шүүгдэгч А.Жавхлангаас тус тус нэхэмжилснийг, мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Д.Цэндсүрэн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Чойжилжавын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 577,900 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсныг тус тус нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар хохирлыг тооцож, гаргуулах боломжгүй байжээ.
14. Шүүх хэрэгт гаргаж өгсөн баримтын хүрээнд тодорхой тооцоог гаргаж шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэж, иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.
15. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Чойжилжавын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАТТОГТОХ
Б.НАМХАЙДОРЖ
Б.АРИУНБАЯР