Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Ш.Насанжаргал (томилолтоор);

шүүгдэгч: П.Золжаргал (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пүрэвцэрэнгийн Золжаргалд холбогдох эрүүгийн 1809009900266 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Венус” караоке бааранд зөөгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт  Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 94 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ШУ94082312 регистерийн дугаартай, Боржигон овогт Пүрэвбаасангийн Золжаргал.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч П.Золжаргал нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ж.Баасанцэрэнтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Золжаргал мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Баасанцэрэн /хх-ийн 8-9/, гэрч Н.Оюунханд /хх-ийн 27/ нарын мэдүүлэг, П.Золжаргалын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №12809 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/, П.Золжаргалын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30-44/, хохирогч Ж.Баасанцэрэн, яллагдагч П.Золжаргал нарын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 45, 49/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

П.Золжаргал нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний орой Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт “гэр рүү хамт явсангүй” хэмээн дургүйцэн өөрийн хамтран амьдрагч Ж.Баасанцэрэнг зодож хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Ж.Баасанцэрэнгийн /хх-ийн 8-9/: “...2018 оны 02 дугаар сарын 19-нд эгчийндээ 2 дүүгээ харж байтал миний найз залуу Золжаргал өөрийн найз Тэмүүлэнгийн хамт согтуу ирээд намайг “гэр рүүгээ хамт явъя” гэсэн. Би “явахгүй” гэтэл цүнх аваад зугтаасан. Араас нь гараад “цүнх өг, цагдаа дуудлаа шүү” гэхэд гэдэс рүү цохиод, нүүрэнд 2-3 цохисон. Миний хамраас цус гарсан…Би энэ хүнтэй 3 жил үерхэж байна. Энэ хугацаанд ер нь бол “гар хүрээд” байдаг байсан…” гэх мэдүүлгээр,

П.Золжаргалын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 24-25/: ”…2018 оны 02 дугаар сарын 19-нд өөрийн хамтран амьдрагч найз Баасанцэрэн рүү утсаар залгаж “хаана байна” гэж ярихад “эгчийн гэрт, 3 дугаар сургуулийн тэнд байна” гэсэн. Найз Тэмүүлэнгийн хамт Баасанцэрэн дээр очиж орцонд дуудаж гаргаж ирээд “Тэмүүлэнгийн найз охин Ээгий дээр очъё” гэхэд Баасанцэрэн “үгүй очихгүй, чи архи уусан байна” гээд надтай маргалдсан юм. Баасанцэрэн нь орцонд муухай орилоод хашгираад намайг загнаад байхаар нь “чи дуугүй байгаач” гээд баруун гарын алгаар нүднийх нь орчим түлхсэн. Гэтэл тэр дороо Баасанцэрэнгийн нүд хавдаад хөхөрчихсөн…” гэх мэдүүлгээр,

П.Золжаргалын буруутай үйлдлийн улмаас Ж.Баасанцэрэнгийн биед “зүүн нүдний доод зовхинд хаван цус хуралт” бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №12809 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээн мэдүүлсэн, түүний мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгээр давхар батлагдсан, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас биед нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон, шүүгдэгч, хохирогч нар хамтын амьдрал, гэр бүлийн харилцаатай байснаа хэн аль нь гэрчилж мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч П.Золжаргал нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний орой Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт “гэр рүү хамт явсангүй” хэмээн дургүйцэн өөрийн хамтран амьдрагч, гэр бүлийн харилцаатай хүн болох Ж.Баасанцэрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

           

Дээрх шалтаг, шалтгааны улмаас өөрийн хамтран амьдарч, гэр бүлийн харилцаатай байсан хүнийг зодож, бие махбодийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан П.Золжаргалын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Ийнхүү шүүгдэгч П.Золжаргалын “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.Баасанцэрэн нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвбаасангийн Золжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Золжаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Золжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ