| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2440000000047 |
| Дугаар | 2024/ДШМ/55 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ДШМ/55
2024 11 20 2024/ДШМ/55
Ж.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Хяналтын прокурор Г.Г ,
Шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч О.Д ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нарыг оролцуулан,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Б-т холбогдох эрүүгийн 2440000000047 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 22-ны орой 21 цаг 30 минутад Хэнтий аймгийн ................................. тоотод байх хадам ээж Б.М-ийн гэрт хууль бусаар нэвтэрч гэрийн хаалгыг гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 450 000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.М-ийн монгол гэрийн цоожтой хаалгыг нь өшиглөн, өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, мөн дээрх хугацаанд хохирогч Б.М-ийн биед халдаж зодсоны улмаас зүүн хацарт шарх, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, дотор буланд цус хуралт, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.А-аас шүүгдэгч Ж.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлаж оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 (зургаан) сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаан) сарын хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь эрүүл мэндтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Миний бие Хэнтий аймгийн Г................. эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ..................... ТББ"-д харьяалагдаж, Г сумаас Хэнтий аймгийн төв рүү, Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу такси үйлчилгээнд явдаг. Сард дунджаар 4.000.000-5.000.000 төгрөгийн орлогыг тогтмол олж, өрхийн орлогоо дангаараа бүрдүүлж, гэр бүлийнхээ амжиргааг залгуулдаг. Анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь миний хот хооронд такси үйлчилгээнд явж, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарлаж байх тул Ж.Б надад ногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ж.Б нь давж заалдах гомдолдоо “миний зорчих эрх хязгаарлах ялыг, торгох ялаар сольж өгнө үү” гэсэн байна. ...анхан шатны шүүхээс тус бүрт нь 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ял буюу нэмж нэгтгээд нийт 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байна гэж үзэж байна. Учир нь Ж.Б нь “..би сард авто тээврийн такси үйлчилгээнд явж, сард 4-5 сая төгрөгийн орлого олдог” гэдэг ч ...энэ байдлаа нотолсон нотлох баримтууд авагдаагүй. Тухайлбал: Нийгмийн даатгалын лавлагаа, авто тээврийн төвд ажилладаг эсэх тодорхойлолт, хувиараа таксинд явдаг юм уу, зөвшөөрөлтэй явдаг юм уу энэ талаарх баримт, 4-5 сая төгрөг олдог талаарх дансны хуулга зэрэг эдгээр баримтууд авагдаагүй байна. Дээрх зүйл ангиуд нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн 3 ялын санкцтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлтэй буюу нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд адилхан санкцтай учраас шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндслэлтэй байна гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Б нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаагүй. Өөрийн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Хувийн байдлын хувьд эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Ажил хөдөлмөр эрхлэлтийн хувьд хувиараа Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу, Хэнтий аймгаас Галшар сум руу такси үйлчилгээнд явж өрхийн орлогоо бүрдүүлдэг. Анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь түүний ажил мэргэжлийн онцлог болон ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл байдлыг хязгаарласан нь тохироогүй байна гэж өмгөөлөгчийн хувьд гомдол гаргасан. Түүний хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан. Хохирогчийн хувьд хохирол, гомдолгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Ийм учраас миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон ажил эрхлэлтийн онцлог зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчөлт оруулж зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэсэн саналтай байна. Түүний хувьд торгох шийтгэлийг төлөх бүрэн боломжтой. Гэрч нарын өгсөн мэдүүлгээр Ж.Б нь Улаанбаатар хот, Галшар сум хоёрын хооронд такси тээврийн үйлчилгээнд явдаг талаар мэдүүлсэн байдаг. Мөн 2024 оны 03 сарын малын А дансны тодорхойлолтоор тодорхой тооны малтай болох нь тогтоогдсон. Ийм учраас торгох шийтгэлийг төлөх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...“ гэв.
Шүүгдэгч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2017 оноос хүн тээврийн комипанд үйл ажиллагаа явуулж, өрхийн орлогоо бүрдүүлдэг учраас зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөн шийдвэрлэж өгнө үү гэж гуйж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ж.Б-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Б нь согтуугаар 2024 оны 06 дугаар сарын 22-ны 21 цаг 30 минутад Хэнтий аймгийн .................-ийн гэрт хууль бусаар нэвтэрч гэрийн хаалгыг эвдэж 450,000 төгрөгийн хохирол учруулсан, өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Б.М-ийн: “...манай хүргэн Буянбаатар гаднаас хаалгыг маань цөм өшиглөж гэрт маань орж ирээд намайг нүүр болон хамар хэсэгт маань гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн толгойны баруун хэсэгт нэг удаа гараараа цохиж баруун гуяны дотор хэсэгт гуталтай хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн, мөн баруун гарын бугалганы дотор хэсэгт хөхөрсөн байна. ...архи ууж манай охиныг хардаж байнга дарамталж дээрэлхэж байна. Өмнө нь гэр бүлийн хүчирхийллээр арга хэмжээ авагдаж байсан. ...Өмнө нь болсон асуудлуудыг охин маань гурван хүүхдээ бодоод цагдаа шүүх гээд хэлээд хэрэггүй гээд байдаг байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12, 59 дүгээр хуудас),
-Эрх бүхий албан тушаалтны хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 6-9 дүгээр хуудас),
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Н-ийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 326 дугаартай:
“1.Б.М-ийн биед ...гэмтэл тогтоогдлоо. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 25-26 дугаар хуудас),
-“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №2024/ШД-231 дугаартай “5 ханатай монгол гэрийн хаалгыг 450,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт (хх-ийн 67-69 дүгээр хуудас),
-Яллагдагч Ж.Б-ын: “...Би хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг (хх-ийн 50-51 дүгээр хуудас) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Ж.Б-ыг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ж.Б нь “...зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан ялыг оногдуулсан байх тул шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Д.ГАНЗОРИГ