Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02326

 

 

Н.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/02054 дугаар шийдвэртэй,

 

Н.Д-гийн нэхэмжлэлтэй Э.Т-д холбогдох зээлийн гэрээ болон хохиролд 2 770 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Т-д 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн.

Зээлийн гэрээг Э.Т-гийн хүсэлтээр 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 17 сараар сунгасан. Э.Т- нь 2016 оны 04 сарын 22-ноос хойш хүү болон үндсэн зээлээ төлөөгүй, алга болсон тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, хаягийг нь тодруулж авсан. Э.Т- нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 1 600 000 төгрөгийг зээлийн хүүд өгсөн. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 8 сарын хүү болох 800 000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд үндсэн зээл 1 000 000 төгрөг, зээлийн хүү 800 000 төгрөг, алдангид 900 000 төгрөг, эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 2 770 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хариуцагч Э.Т- нь харилцан тохиролцож байгуулсан. Энэ гэрээгээр Э.Т- нь Н.Д-гээс бодитоор 1 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн.

Дараагийн зээлийн гэрээгээр мөнгө аваагүй учир энэ гэрээг эс зөвшөөрч байна. Н.Д- нь 2015 оны зун Э.Т-г хугацаа, үнийн дүн бичээгүй цаасан дээр “хоёулаа гэрээгээ 6 сараар дахиад сунгая гарын үсгээ зурчих” гэж хэлээд гарын үсгээ зуруулж авсан байдаг. Гэтэл өөрөө дураараа 17 сарын хугацаа, хүү зэргийг гараараа нөхөж бичсэн. Гэрээ гэдэг нь талуудын харилцан тохиролцоо байх учиртай бөгөөд гарын үсэгтэй цаасыг ашиглаж, зөвшөөрөлгүй, хугацаа, хүүг нөхөж бичсэн баримтыг ойлгохгүй. Иймд 2 дахь гэрээний сунгалтаар нэхэмжилж буй мөнгийг эс зөвшөөрч байна. Түүнд өөрийн боломж чадлын хэрээр 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сар хүртэл 1 600 000 төгрөг төлсөн тул мөнгө нэмж өгөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Э.Т-гаас 2 620 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгч Н.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Т-гаас 56 870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 2 770 000 төгрөг гаргуулахаар 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний сунгалт гэх баримтуудыг өгсөн. Түүнээс 1 000 000 төгрөг зээлсэн нь үнэн, боломжоороо 1 500 000 төгрөг төлсөн.

Би 2015 оны зун гэрээр нь очиход, “чи мөнгийг маань гүйцээж өгөхгүй удааж байна,  хоёулаа гэрээгээ 6 сараар сунгая” гэж хэлсэн. Надаар хоосон цэглэсэн цаасан дээр надаар гарын үсэг зуруулчихаад, цэгийн оронд 6 сарынхаа сунгалтыг нөхөж бичнэ гэж ойлгож зөвшөөрсөн. Гэтэл миний гарын үсэгтэй цаасыг ашиглаж, 17 сарын хугацааны сунгалт гэж бичсэнийг би шүүхэд хариуцагчаар дуудагдаад мэдсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Д- хариуцагч Э.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 2 770 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Н.Д- нь Э.Т-тай 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Э.Т- нь 1 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэгч Н.Д-гээс зээлсэн байна. Талуудын хооронд гэрээг бичгээр байгуулж, хүү тохиролцсон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.

 

Дээрх гэрээний дагуу Н.Д- нь Э.Т-д 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн, Э.Т- нь уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн гэрээний үүрэгт 1 600 000 төгрөгийг буцаан төлсөн талаар талууд маргаагүй.

 

Н.Д-, Э.Т- нар нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 12 сарын хугацаагаар сунгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэнэ. Иймд Н.Д- нь Э.Т-гаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтад гарын үсэг зурсан хэдий ч гэрээг сунгах хугацааны талаар тохиролцоогүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Э.Т- нь үндсэн зээл 1 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 23 сарын зээлийн хүүд 2 300 000 төгрөг, нийт 3 300 000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн 1 600 000 төгрөгийг зээлийн үүргээс хасч тооцож, түүнээс 1 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Гэрээний 5гэрээнд зээлдэгч нь заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцжээ.

 

Зээлдэгчээс төлсөн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгч алданги тооцож аваагүй тохиолдолд зээлдэгч нь гүйцэтгээгүй үүрэг 1 700 000 төгрөгөөс алданги төлөх үүрэгтэй бөгөөд 1 700 000 төгрөгийн 0.5 хувиар тооцвол 8 500 /1 700 000 * 0,5%/ төгрөгийг хэтэрсэн хугацаагаар тооцвол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул анхан шатны шүүх хуульд зааснаар хязгаарлаж алдангийг 850 000 /1 700 000 төгрөгийн 50 хувь/ төгрөгөөр тооцсон нь зөв байна.

 

 Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Т-гаас зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг, зээлийн хүү 700 000 төгрөг, алдангид 850 000 төгрөг, нийт 2 550 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

 

Э.Т- нь 2016 оны 06 дугаар сард зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн, Э.Т-г Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01274 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар эрэн сурвалжлах шийдвэр гарсан өдрөөс хойш мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх 3 жилийг дахин тоолох юм.

 

Нэхэмжлэгч Н.Д- нь хариуцагч Э.Т-г эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хохирол гэж тодорхойлон нэхэмжилсэн ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол гэж тодорхойлсон нь буруу болжээ.

 

Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол гэж тодорхойлон нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 70 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/02054 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.3-д” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА