| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/08297/И |
| Дугаар | 197/ШШ2025/06628 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/06628
| 2025 05 22 | 197/ШШ2025/06628 | |||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, Д овогтой Ц /РД: ***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж ** байрлах Банкны төлбөр барагдуулах газар /РД: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/******** дугаар шийдвэрээр Д.Ц-оос 104,644,915 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Ч хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох улсын эрхийн бүртгэлийн Ү-********* дугаартай Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 139 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авч 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгчийн хуульд зааан бие даан худалдан борлуулах боломжийг олголгүйгээр гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. Тодруулбал, Албадан дуудлага худалдаанаас өмнө төлбөр төлөгч Д.Ц нь өөрийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 139 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 200,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон иргэн Н.А-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72.2-т Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ", мөн 72.3-т "Төлбөр төлөгч хөрөнгийг албадан худалдахаас өмнө энэ хуулийн 72.1-д зааснаас илүү үнээр худалдахаар гэрээ байгуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлснээр хөрөнгийг худалдан авагчид шилжүүлнэ" гэж тус тус заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулж Худалдах, худалдан авах гэрээг хүргүүлсэн боловч хүлээж авалгүйгээр албадан дуудлага худалдаанд оруулж гуравдагч этгээдэд худалдан борлуулсан явдалд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн бие даан худалдан борлуулах боломжийг олголгүй явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. гэв.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д.Ц-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Ц-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачлага гаргаагүй. Иймд төлбөр төлөгч Д.Цийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.Х, Ц.Н, Ц.Н нарын өмчлөлийн Баянгол дүүргийн ** дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, 139 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн, хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 392,500,000 төгрөгөөр үнэлсэнийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үнэлэгдсэн үнийн дүнгийн 70 хувиар тооцон орон сууцыг 274.750.000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд оруулахад дэнчин ирээгүй, худалдан борлогдоогүй тул 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ болох 392.500.000 төгрөгийн 50 хувь буюу 196.250.000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/02-*** дугаар тогтоол, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3-4/1266, 3- 4/1267, 3-4/1268, 3-4/1269, 3-4/1270 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт гардуулан өгсөн. Төлбөр төлөгч Д.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 72.2 "Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ"-д заасны дагуу хөрөнгөө бусдад худалдан борлуулахаар "худалдах худалдан авах гэрээ" байгуулж хүсэлт гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 72.3-т заасан төлбөрийг манай байгууллагын дансанд шилжүүлээгүй тул 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө 205,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу явагдсан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон нь хуулийн дагуу явагдсан байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэсэн хариу тайлбар гаргасан байна.
4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: худалдах, худалдан авах гэрээ хэргийн материалын 8 дугаар хуудас, Хэргийн материалын 81 дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/**** дугаар шийдвэрээр Д.Ц-оос 104,644,915 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Чингис хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох улсын эрхийн бүртгэлийн Ү-*********** дугаартай Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 139 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авч дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Банкны төлбөр барагдуулах газарт хариуцуулж шийдвэрлэжээ. Зохигчид энэ талаар маргаагүй болно.
7. Дээрх шийдвэрийг Д.Ц сайн дураар биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийсэн байна. Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдэж, уг ажиллагааг мөн өдрийн тэмдэглэлээр баталгаажуулжээ.
8. Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж зааснаар мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заалтыг баримтлан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргасан байна.
9. Энэ хугацаанд төлбөр төлөгч төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа талаар нэхэмжлэгч маргаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 175 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
10. Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцож тогтоожээ.
11. Нэхэмжлэгчийн гаргасан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага мөн үндэслэлгүй байна. Улсын Ү-******** дугаартай Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 139 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаагаар зарагдаагүй учир хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан талаар хариуцагч тайлбарлажээ. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцсон нь хуульд нийцжээ.
12. Иймд улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэгдсэн, Д.Цийн өмчлөлийн Баянгол дүүрэг, *** дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 139 м.кв талбайтай 4 өрөө сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтыг дагуу явуулахаар шийдвэрлэсэн 2025 оны 03 дугаар сарын 28-ны хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол нь хууль болон төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
13. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгч Д.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т зааснаар 2025 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 197/ШЗ2025/****** тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ