Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02327

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02417 дугаар шийдвэртэй,

 

“К” ХЗХ-ны нэхэмжлэлтэй Б.О-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 65 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О- нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 80/19 тоот зээлийн гэрээ байгуулан 55 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаанд зээлийн хүүд 9 125 000 төгрөг төлсөн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш төлбөр хийгээгүй гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд зээлдэгчээс үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүү 10 950 000 төгрөг нийт 65 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байранд 68,2 м.кв 2 өрөө байрыг худалдаж авахдаа нэхэмжлэгчээс зээл нь үнэн.

Тус байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн байсан бөгөөд залилуулсан талаарх эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байгаа. Зээлийн гэрээний үндсэн үүрэг 55 000 000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин залилуулсан тул зээлийн гэрээний хүү төлөхгүй, мөн зээлийн гэрээний сунгалт гэж нэмэлт гэрээ байгуулаагүй байхад 550 000 төгрөгийг суутгаж тооцсоныг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар мөн Банк, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.О-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 65 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 484 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. “К” ХЗХ болон Б.О- нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний гол үндэслэл нь тус зээлийн гэрээний 3.1.6-т заасан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баян Монгол хороолол, 412 дугаар байр, ... тоот, 68.2м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авах байсан бөгөөд уг орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалан 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан.

Гэвч тус зээлийг авах үндэслэл болж, зээлийн барьцаанд тавьсан ... тоот орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Би үүнийг мэдсэн даруйдаа “К” ХЗХ-д мэдэгдэж, Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тус орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг битүүмжилсэн байсныг мэдсэн бол “К” ХЗХ-оос зээл авахгүй байсан бөгөөд, нэн даруй тус зээлийн гэрээнээс татгалзаж, энэ хүсэлтээ “К” ХЗХ-д өгсөн.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “К” ХЗХ-ны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байсан.

“К” ХЗХ болон Б.О- нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн баримтууд, “К” ХЗХ-д гэрээнээс татгалзаж байгаа талаар гаргасан хүсэлт болон хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоол, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн тус шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр ирүүлсэн албан тоот, мөн Хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуудас дутуу зэргийг анхан шатны шүүх харгалзаж үнэлэлгүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй байж шийдвэр гаргасан.

“К” ХЗХ гэх “Хадгаламж зээлийн хоршоо” нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “К” ХЗХ-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Шүүгч нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 183/ШШ2020/02417 дугаартай шийдвэр гаргахдаа “К” ХЗХ буюу “Хадгаламж зээлийн хоршоо” биш “К” ХХК буюу Хязгаарлагдмал хариуцлагатай компаниар хэргийг шийдвэрлэсэн мөн өмнөх шүүх хуралдаарыг хойшлуулах хуралдааны тэмдэглэлд мөн адил ХХК-р шийдвэрлэсэн нь техникийн алдаа биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн засаж болзошгүй ноцтой алдаа гэж үзэж байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийг шүүхийн нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулж гарын үсэг зуруулаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “К” ХЗХ нь хариуцагч Б.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65 950 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 55 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

“К” ХЗХ нь Б.О-тэй 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 80/19 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “К” ХХК нь 55 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, Б.О- нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн талаар талууд маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зээлдүүлэгч нь 55 000 000 төгрөгийг зээлэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь дээрх гэрээний үүрэгт 9 125 000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний үүргийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүргийг зөрчсөн, гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүү 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаа буюу 14 сар 18 хоногийн хүү 20 075 000 /55 000 000 * 2,5% = 1 375 000 төгрөгийн сарын хүү, 1 375 000 : 30 хоног = 45 833 төгрөг хоногийн хүү, 1 375 000 * 14 сар = 19 250 000 төгрөг, 45 833 * 18 хоног = 824 995 төгрөг, 19 250 000 + 824 995 төгрөг/ төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 9 675 000 төгрөгийг хасч тооцвол хүүд 10 400 000 төгрөг, нийт 65 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 9 675 000 төгрөгийн төлбөрөөс 550 000 төгрөгийг гэрээний сунгалт гэх агуулгаар суутгасан нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн эрүүгийн мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор Б.О-ийн гаргасан гомдлоор хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, уг гомдлын агуулга нь Ц.Цэрэнзаяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжлэгдсэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баян Монгол хороолол, 412 дугаар байр, ... тоот, 68.2м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б.О-т худалдсан гэжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4/8843 тоот, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 218 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8/927 тоот албан бичгүүдээр гомдолд дурдсан орон сууцыг битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

 

Дээрх баримтууд нь “К” ХЗХ нь Б.О-тэй 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 80/19 тоот зээлийн гэрээнд хамааралтай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Зээлийн гэрээний 3.1.6-д зээлийн зориулалтыг орон сууц худалдан авах гэж тохиролцсон боловч дээр дурдсан ... тоот орон сууцыг худалдан авах байсан гэж тодорхойлоогүй байхаас гадна энэ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч нь талуудын хооронд ... тоот орон сууцыг нэхэмжлэгчид барьцаалсан гэх тайлбараа Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын нэрийг буруу бичиж техникийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02417 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “К” ХХК гэснийг “К” ХЗХ гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

 

                              ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА