| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0082/э |
| Дугаар | 376 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Р.Батнасан;
өсвөр насны шүүгдэгч: Б.Бямбацогт, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Батдулам, өмгөөлөгч Ц.Цэгмид нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батдуламын Бямбацогтод холбогдох эрүүгийн 1809016190350 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 58 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дабадаржаагийн 20 дугаар гудамжны 27 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УИ00281215 регистерийн дугаартай, Хотгоод овогт Батдуламын Бямбацогт.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Өсвөр насны яллагдагч Б.Бямбацогт нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Сүхбатын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Бямбацогт мэдүүлэхдээ: Сүхбаттай урьдны таарамжгүй харьцаа байсан юм. Сүхбат намайг өмнө нь зодож, их дээрэлхэдэг байсан. Тухайн өдөр Сүхбат намайг мөрлөөд дээрэлхээд байсан ба “яагаад дээрээс хойш ингэж байгаа юм” гэхэд “яасан гэнээ гөлөг минь” гээд миний цээж рүү цохисон. Сүхбат намайг дахиад цохих нь гэж айгаад түүний нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Сүхбат /хх-ийн 6-7/, арван зургаан насанд хүрээгүй гэрч У.Уламбаяр /хх-ийн 15-16/, гэрч А.Ганцэцэг /хх-ийн 17-18/, Д.Батдулам /хх-ийн 28-29/ нарын мэдүүлэг, өсвөр насны Б.Бямбацогтын гэрч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-10, 22-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4262 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/, өсвөр насны шүүгдэгч Б.Бямбацогтын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30-38/, арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Сүхбат, түүний хууль ёсны төлөөлөгч, өсвөр насны шүүгдэгч Б.Бямбацогт, түүний хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан хүсэлт /хх-ийн 39-41, 45-46/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Бямбацогт нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны орой 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гудамжинд “бага ангид байхад намайг дээрэлхэж зодож байсан” гэж шалтаглан Г.Сүхбатыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Сүхбатын /хх-ийн 6-7/: ”…2018 оны 03 дугаар сарын 28-ны 18 цагийн орчим би найзынхаа гэрийг 6 дугаар гудамжинд нүүлгэж өгчихөөд буцаад үлдсэн зүйлүүдийг нь зөөх гээд 10 дугаар гудамжны үзүүр дээр явж байхад урд нь хамт нэг сургуульд сурч байсан Бямбацогт гэрийнхээ хашаанаас гарч ирээд “хөөе Сүхээ” гэсэн. Би “яасан” гээд эргээд хартал нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон…” гэх мэдүүлгээр,
арван зургаан насанд хүрээгүй гэрч У.Уламбаярын /хх-ийн 15-16/: “…2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр найз Сүхбат, Буянжаргал нарын хамт манай эгчийн гэрийг нүүлгэчихээд гэртээ харих гээд явж байсан юм. Сүхбат урд түрүүлээд явж байсан бөгөөд гэнэт хаалганаас үл таних хүүхэд гарч ирээд Сүхбатыг шууд нүүрэнд нь гараараа цохисон. Сүхбат доошоо тонгойгоод хамраа бариад хамраас нь цус гараад байсан…Ямар шалтгаанаар Сүхбатыг цохисныг мэдэхгүй…” гэх мэдүүлгээр,
өсвөр насны Б.Бямбацогтын гэрч, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 8-10, 22-23/: “…Бага ангид байхаасаа л Сүхбат намайг дээрэлхэдэг байсан. 4 жилийн өмнө намайг зодож байсан…Би Сүхбатын нүүрэн тус газар нь гараараа нэг л удаа цохисон…” гэх мэдүүлгээр,
Б.Бямбацогтын буруутай үйлдлийн улмаас Г.Сүхбатын биед “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №4262 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээн мэдүүлсэн, түүний мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдсан, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас биед нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн өсвөр насны шүүгдэгч Б.Бямбацогт нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны орой Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гудамжинд “бага ангид байхад намайг дээрэлхэж зодож байсан” гэж шалтаглан Г.Сүхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Дээрх шалтаг, шалтгааны улмаас хохирогчийг зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн Б.Бямбацогтын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү өсвөр насны шүүгдэгч Б.Бямбацогтын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд Б.Бямбацогт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Сүхбат болон түүний хууль ёсны төлөөлөгч А.Ганцэцэг нараас “…хохиролд нийт 1.600.000 төгрөг авсан тул дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн хүсэлтийг хэрэгт хавсарган өгсөн байх тул өсвөр насны шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өсвөр насны шүүгдэгч Хотгоод овогт Батдуламын Бямбацогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бямбацогтыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бямбацогт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Бямбацогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ