Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/43

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Мэндбаяр

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч                 Б.Туяамандах

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч            Г.Цэрэндолгор

Шүүгдэгч                                                                   *******

                                                                                    *******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/273 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2421000650081 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Сумъяагийн ******* гэх овог нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 6 сар 1 хоногийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 21,000 төгрөгийг хурааж, 10 жил 1 хоногийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: *******/.

Шүүгдэгч ******* овогт *******гийн , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1980 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

мөн Дорнод аймгийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

мөн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: /.

2. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, *******  нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод байх байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн моторыг хулгайлан авч, хохирогч Б.Өнөржаргалд 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь ганцаараа 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, тоотод хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 50 инчийн ТСL маркийн зурагт, 40 литрийн бетон зэргийг хулгайлан авч хохирогч д 1,171,920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******гийн *******д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******гийн ид 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жилийн хорих ялыг, шүүгдэгч *******ид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ын 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түрдэг тэрэг нэг ширхгийг иргэний нэхэмжлэгч д буцаан олгож, бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь хохирогч , , иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийг, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би *******ыг машины мотор хулгай хийж байгааг мэдсэн. Намайг өргөлцөөд өгөөч гээд гуйгаад байхаар нь өргөлцөөд усны тэргэн дээр тавьж өгөөд би явсан. Миний хувьд үнэхээр их харамсан гэмшиж, шаналж байна. Яах гэж өргөлцвөө. Чадахгүй гээд байж байхгүй ямар тэнэг үйлдэл хийчих вэ. Миний ар гэр эхнэр, нялх нойтон хүүхдүүд минь, хараагүй аав, ээж минь үлдсэн байгаа. Хэдэн мал маллан ар гэрээ тэжээн тэтгэх гэж алдаж онохгүй байх юмсан гэж их хичээдэг байсан. Гэтэл өөрийн буруугаас болж ар гэр минь хэцүү байдалтай үлдлээ.

Анхан шатны шүүхээс надад 2 жилийн хорих ял оногдуулсан. Хулгай хийж байгааг мэдсээр байж тусалсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний ар гэр, үр хүүхдийг минь бодоод ялыг нэг жил болгон хөнгөрүүлж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Удаа дараа ийм хэрэгт холбогдож байна. Үүндээ ч гэмшиж байна. Түүгээр ч зогсохгүй найзыгаа ч ийм хэрэгт уруу татаж энд суулгаж байгаадаа харамсаж байна. Өөрийгөө өмөөрч хэлэх зүйл байхгүй.” гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ийн хувьд гэм буруу болон хийсэн үйлдэлтэйгээ маргах зүйлгүй байгаа. Харин хорих ялын хэмжээг багасгаж 1 жилийн хорих ялаар шийтгэж өгөх саналыг гаргаж байгаа. Үүнийг миний бие дэмжиж байна.” гэв.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “*******ын хувьд нийт хохирогч нартаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Бусдад төлөх төлбөргүй байгаа. Анхан шатны шүүхээс түүнд 3 жилийн хорих ял оногдуулсан. Хэдийгээр эрүүгийн хуулийн зорилгын дагуу залхаан цээрлүүлэх шинжтэй хэдий ч мөн давхар нийгэмшүүлэх санаа зорилготой байдаг. Түүний хувьд машиных нь мотор эвдэрсний улмаас амьжиргаагаа залгуулах боломжгүй болж дээрх үйлдлийг хийсэн гэж тайлбарладаг. Тиймээс нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгөөч гэж хүсч байна.” гэв.

9. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялын хэмжээ нь тэдгээрийн хийсэн үйлдэл, гэмт хэргийн хор уршигтай нийцэж байна гэж харж байна. Яагаад гэхээр эдгээр хүмүүс нь урьд нь удаа дараа хулгайлах гэмт хэргийг үйлдэж байсан. Энэ нөхцөл байдал хорих ял оногдуулахад нөлөөлсөн гэж харж байгаа. Ялын хэмжээг багасгах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм. Заавал хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн заалт биш гэж харж байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотын  байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн моторыг хулгайлан авч, хохирогч Б.Өнөржаргалд 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч ******* нь ганцаараа 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, тоотод хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 50 инчийн ТСL маркийн зурагт, 40 литрийн бетон зэргийг хулгайлан авч хохирогч д 1,171,920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...би 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...зам тээврийн осолд орж Портер маркийн машинаа өөрийн найз Мөнхбаатарын Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг тоотын хашаанд эд ангиудыг нь задлаад байрлуулсан байсан. Харин болсон асуудлын талаар өчигдөр Мөнхбаатарын эхнэр Цолмон нь миний утас руу 20 цагийн орчимд залгаад “манай байшингийн амбаарт байсан Портер машины чинь мотор нь алга болчихсон байна” гэхээр нь өнөөдөр би цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1 хх 21-22 дахь тал/,

гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөхрийн найз хар манай нөхөртэй хамт архи хувааж уугаад 30 орчим минутын дараа ийг гэрээс дагуулаад гарсан. Ингээд 1 цаг гаруй болсны дараа манай нөхөр орж ирсэн. Би хаачаад ирсэн талаар нь асуухад “ харин айлаас машины мотор авалцаад өгчих” гээд. Тэрэнд нь тусалж моторыг нь авалцаж өгөөд ирлээ гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх 28-30 дахь тал/,

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...01 дүгээр сарын 18-ны орой 19-20 цагийн орчимд би гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал гаднаас хар /*******/ гэх хуучин таньдаг байсан, манай баруун айлд ирдэг залуу орж ирээд “ахаа усны тэргээ өгчих, юм зөөгөөд өгье” гэхэд нь би хойд байшингаас усны тэргээ гаргаж өгтөл хар ганцаараа манай тэргийг түрээд урагшаа хашаанаас гарахад нь би гэртээ орж ирсэн. Ингээд 1 цаг орчмын дараа хар , манай баруун айлын 2 ирээд тэргийг чинь энд авчраад тавьчихлаа, дээр нь юм байгаа, би машин авч ирээд машинд ачаад явна гээд явсан. Ингээд 22 цагийн орчимд хар ганцаараа Портер /цэнхэр өнгийн/ машинтай ирээд тухайн тэргэн дээрх хар том юмыг аваад манай усны тэргийг өгөхөд нь би усны тэргээ байшиндаа оруулчихаад гэртээ орж амарсан...” гэх мэдүүлэг  /1 хх 33-35 дахь тал/,

гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед гэр рүүгээ очсон. Гэр рүү ороход үүдний таамбарт Портерын мотор байсан. Мөн 18 цагийн үед хүүхдүүдээ бие засуулах гээд гарахад мөн байсан. Тэгээд 21 цагийн үед дахин гарахад мотор нь байхгүй байсан. Тэгсэн үүдний өрөөнд моторны тос нь гоожсон байдалтай байхаар нь Өнөржаргал ах руу ярьж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх 36-37 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* гэгч нь түрдэг тэргээ түр хэрэглүүлээч гэж гуйж авсан. Тухайн үед манай нөхөр түүнд гаргаж өгсөн бөгөөд тухайн тэргийг ус зөөхөд ашиглах гэж байна л гэж ойлгосон. ...Гэтэл манай тэргийг хулгай хийхэд ашигласан болохыг би сүүлд нь мэдсэн...” гэх мэдүүлэг /1 хх 237-238 дахь тал/,

шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би тухайн гэрт ороход хойд хэсэгт тавиур дээр хар өнгийн том хэмжээтэй хавтгай дэлгэцтэй зурагт байхаар нь би уг зурагтыг зарж мөнгө олох зорилгоор авсан. Гэрээс гарах үед үүд хэсэгт нь 40 литрийн багтаамжтай төмөр бетон сав байхаар нь түүнийг бас авч гарсан...” гэх мэдүүлэг /1 хх 77-79, 156-157 дахь тал/,

хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...би 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хөдөө ажлаар гэрээ цоожилж яваад 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ иртэл манай эсгий гэрийн гадна талын цоожийг эвдээд хулгайч ороод TCL маркийн 50 инчийн зурагт, 40 литрийн багтаамжтай бетон зэрэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх 125-129 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ...өөрийн засварын газарт ажлаа хийж байхад гаднаас 15-16 цагийн орчимд Хэрлэн сумын 2 дугаар багт амьдардаг байсан, зүс таних нэрийг нь хэлж мэдэхгүй залуу цаасан хайрцагтай зурагт тэвэрчихсэн орж ирээд тухайн зурагтаа надад харуулаад “сэлбэгэнд өглөө” гэхэд нь би хайрцагны дээд талыг задлаад харахад хагарч цуурсан юм харагдахгүй болохоор нь “надад байгаа нь 60,000 төгрөг байна” гэж хэлэхэд тухайн залуу “за за өгчихье” гээд надаас бэлнээр 60,000 төгрөг аваад гарсан. Ингээд би тухайн зурагтыг аваад ажил дээрээ тавиад одоог хүртэл нээж задалж үзээгүй байж байгаа...” гэх мэдүүлэг /1 хх 133-134 дэх тал/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 3, 97 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 4-6, 98-103 дахь тал/,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 7-9, 110-118 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 10-13, 110-118 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 14-16 дахь тал/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 104-105, 108-109, 231-232 дахь тал/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 226-228 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний “DamnoXXK-ийн шинжээчийн дүгнэлт /1 хх 42-45, 139-142, 243-245 дахь тал/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.

4. Шүүгдэгч Л.*******, ******* нарын үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэж үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь гэмт хэргийг энэ хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд хэргийг зөв зүйлчилжээ.

5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, ******* нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үүрэг оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлын эд зүйлийн заримыг буцааж хүлээлгэн өгсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******д 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ид 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн  гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзлээ.

7. Шүүгдэгч ******* нь “... анхан шатны шүүхээс надад 2 жилийн хорих ял оногдуулсан, хулгай хийж байгааг мэдсээр байж тусалсан, …би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул миний ар гэр, үр хүүхдийг минь бодоод ялыг нэг жил болгож өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

8. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг шүүгдэгч *******ид оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан байна. 

9. Шүүгдэгч *******ид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******, ******* нарын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/273 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД                                                       Ц.ЭРДЭНЭЗУУ                                                                                                                    С.ГАНЧИМЭГ