| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрхэмбаярын Азбаяр |
| Хэргийн индекс | 128/2026/0388/З |
| Дугаар | 128/ШШ2026/0559 |
| Огноо | 2026-06-02 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2026/0559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Н*******,
Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар,
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н*******, Т.Т******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийн хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасаж тооцсон 34 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах-аар маргаж байна.
Хоёр.Маргааны үйл баримтын талаар:
2.1. Нэхэмжлэгч Г.Н******* нь М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтцийн дагуу ажилтнуудыг томилох тухай А/03 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс тус компанийн Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын Хууль, эрх зүйн мэргэжилтнээр томилогдсон байна.
2.2. Нэхэмжлэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр М ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын газрын хүний нөөц, удирдлагын хэлтэст жирэмсний амралт авахаар хүсэлт гаргасан байх бөгөөд тус хүсэлтийг үндэслэн М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/735 дугаар тушаалаар нэхэмжлэгчид жирэмсний болон амаржсаны амралт олгохоор шийдвэрлэсэн.
2.3. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас, Нийслэлийн өргөө амаржих газрын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсаар тус тус тэтгэмж авах эрх үүссэн болохыг тодорхойлсон байх бөгөөд жирэмсний болон амаржсаны тэтгэмжид нийт ,, төгрөг олгосон байна.
2.4. Тус шүүх нь Г.Н*******гоос 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШЗ2026/2820 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Миний бие Г.Н******* нь М ТӨХК-д ажилладаг ба 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр жирэмсний амралтаа авсан. Улмаар жирэмсний тэтгэмж авах хүсэлтээ Нийгмийн даатгалын газарт гаргасан ба миний оршин суух харьяаллын дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас жирэмсний тэтгэмжийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр /сүүлийнх нь/ олгохдоо хуульд заасан 120 хоногоос 34 хоногийг хасаж, нийт 86 хоногоор олгосон байсан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно гэж, 7.2-т Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно гэж тус тус зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувиар, нийт 120 хоногоор баярын өдөр тохиосон ч ажлын өдөртэй адилтгаж олгохоор маш тодорхой заасан байхад үндэслэлгүйгээр уг хууль болон Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн зорилт, зарчим, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тэтгэмжээс хасаж олгосон.
Ингээд миний бие дээд шатны байгууллага болох Нийгмийн даатгалын Ерөнхий газарт үндэслэлгүйгээр тэтгэмжээс хасаж тооцож олгосон талаар хуулийн хугацаанд гомдол гаргахад Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 04/627 дугаартай албан бичгээр гомдлыг хүлээн авахгүй боломжгүй гэх хариуг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр е-mail-ээр ирүүлсэн.
Нийгмийн даатгалын Ерөнхий газрын албан бичигт ... ажлын өдрөөр тооцон олгож байна... гэж хууль зүйн үндэслэлдээ дурджээ.
Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7.1 дэх хэсэгт нийт 120 хоногоор тооцож олгохоор заасан байхад ямар үндэслэлээр ажлын хоног гэж хорогдуулан тооцсон хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Хууль тогтоогчийн 120 хоног гэж тогтоосон нийт хугацааг нийтээр тэмдэглэх болон амралтын өдрийг хасах тухай ямар ч агуулга байхгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн... гэжээ. Тухайн зарчмын агуулга нь аливаа нийтийн албан тушаалтан хуулиар зөвшөөрсөн үйлдлийг л гүйцэтгэх чиг үүрэгтэй болохоос хуулиар хязгаарлаагүй, хориглоогүй гэх агуулгаар дур мэдэн аливаа хэм хэмжээ тогтоох, дур зоргоороо тайлбарлахыг хориглосон агуулгатай юм. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн аль алинд ч даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгохдоо ямар нэг нарийвчилсан журам, заавар, аргачлал баталж, мөрдөх талаар эрх олгогдоогүй байна.
Иймд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралтын өдрийг хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоож, Жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасаж тооцсон 36 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Г.Н*******гийн хувьд М ТӨХК-д хууль эрх зүйн мэргэжилтнээр ажилладаг. 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь жирэмсний амралтаа авсан байдаг. Улмаар жирэмсний тэтгэмжээ авах хүсэлтээ оршин суух харьяаллын дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасан. Тус дүүргийн Нийгмийн даатгалын газраас жирэмсний тэтгэмжийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр олгохдоо хуульд заасан 120 хоногоос 34 хоногийг хасаж, нийт 86 хоногтой дүйцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно гэж заасан байдаг. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно гэж заасан. Ингэснээр жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувиар нийт 120 хоногоор, баярын өдөр тохиосон бол ажлын өдөртэй адилтгаж олгохоор тодорхой заасан байхад хариуцагчаас үндэслэлгүйгээр уг хууль болон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн зорилт, зарчим, заалтыг буруу тайлбарлан тэтгэмжийг хасаж олгосон байна. Иймд нэхэмжлэгч Г.Н******* нь дээд шатны захиргааны байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газарт үндэслэлгүйгээр тэтгэмжээс хасаж тооцож олгосон талаар хуулийн хугацаанд гомдол гаргахад Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 04627 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан бичигт ажлын өдрөөр тооцож олгож байна гэж хууль зүйн үндэслэлээ дурдсан байдаг. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нийт 120 хоногоор тооцож олгохоор заасан байхад ямар үндэслэлээр ажлын хоног гэж хорогдуулан тооцсон хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Хууль тогтоогчийн 120 хоног гэж тогтоосон нийт хугацааг нийтээр тэмдэглэх баяр болон амралтын өдрийг хасах ямар ч агуулга зохицуулалт байхгүй байгаа. Тийм учир хариуцагчаас үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа нь Монгол улсын Үндсэн хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхийг зөрчиж байна. Мөн тухайн зарчмын агуулга бол албан тушаалтан хуулиар зөвшөөрсөн үүргийг гүйцэтгэх чиг үүрэгтэй болохоос биш хуулиар хориглоогүй гэх агуулгаар дур мэдэн аливаа хэм хэмжээ тогтоох, дур зоргоороо тайлбарлахыг хориглодог. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хууль дээдлэх зарчим байдаг. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн аль алинд нь даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгохдоо ямарваа нарийвчилсан хууль заавар аргачлал дагаж мөрдөх талаар эрх олгогдоогүй байдаг. Иймд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралтын өдрийг хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоож, жирэмсний болон амаржсаны тэтгэмж тооцсон 34 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:... Даатгуулагч Г овогтой Н******* /РД:/ нь 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дугаартай жирэмсний тэтгэмжийн хүсэлтийг ирүүлсэн. Уг хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 04 өдөр төгрөгийн хөдөлмөрийн хөлсний дунджаас сарын дундаж хоног болох 21 хоногт хувааж 100 хувиар тооцон жирэмсний эхлэх огноо 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс дуусах хугацаа 2026 оны 01 дүгээр сарын 15 хүртэл тэтгэмж олгох ажлын 44 хоногт ногдох төгрөгийн тэтгэмжийг шийдвэрлэсэн. Мөн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дугаартай амаржсаны тэтгэмжийн хүсэлтийг ирүүлсэн. Хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 20 өдөр төгрөгийн хөдөлмөрийн хөлсний дунджаас сарын дундаж хоног болох 21 хоногт хувааж 100 хувиар тооцон амаржсаны эхлэх огноо 2026 оны 01 дүгээр сарын 01-ээс дуусах хугацаа 2026 оны 03 дугаар сарын 01 хүртэл тэтгэмж олгох ажлын 42 хоногт ногдох төгрөгийн тэтгэмжийг шийдвэрлэж нийт төгрөгийн тэтгэмжийг бодож олгосон байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийн 3.3 дах заалтад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгох хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор заасан тул даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж тооцох сарын дундаж цалин хөлсийг 21-т хувааж тооцно гэсэн зөвлөмжийг ирүүлсэн байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Заавар батлах тухай А/267 дугаартай тушаалаар Тэтгэмж бодох заавар-ыг хавсралтаар баталсан. Улмаар дээрх тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж танилцуулан, тус яамнаас захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 7399 дугаарт бүртгэсэн.
Тэтгэмж бодох зааврын 5.3.3 дах хэсэгт ...Тэтгэмж бодох ажлын өдрийг даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд жирэмсний болон амаржсаны амралт эхэлсэн өдрөөс дууссан өдрийн хооронд бичигдсэн 120, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд ногдох ажлын өдрөөр тооцно гэж, 5.3.4 дэх хэсэгт ... Олговол зохих нийт тэтгэмжийн хэмжээг энэ зааврын 5.3.3-т заасан өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг тэтгэмж олгох ажлын өдрөөр үржүүлж тооцно... гэж тус тус зааж өгсөн. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан гомдол гаргасан ба Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 04/627 дугаартай албан бичгээр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар нь таны өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид ** төгрөгийг тооцон олгосон нь зөв байгаа талаар албан бичгийн хариуг иргэнд хүргүүлсэн байна.
Хэрэв даатгуулагчийн хүсэлтээр хуанлийн хоногоор тооцохоор бол нийт 12 сарын дундаж цалин нь ** төгрөгийг сарын дундаж ажлын 21 хоногоор биш 30 хоногоор тооцох шаардлагатай болно. Тэгж тооцохоор бол 12 сарын дундаж цалин нь **-г *30 хоногтоо хувааж 100 хувиар тооцон жирэмсний 60 хоногоор үржүүлэхэд ялгаагүй ** төгрөг болно. Амаржсаны тэтгэмж мөн адил бодогдож нийтдээ ** төгрөг олгохоор байна. Харин манай байгууллага нийтээр амрах баярын 2 хоногийн тэтгэмж болох ** төгрөгийн тэтгэмжийг буцаан нэхэмжлэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Г.Н*******гийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийн 3.3 дахь заалтад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгох хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно гэж заасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны А/192 дугаартай Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6 дахь хэсэгт хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор заасан тул даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны ажилгүйдлийн тэтгэмжийг 21 хоногт хуваан тооцно гэсэн зөвлөмжийг ирүүлсэн байдаг. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны А/267 дугаар тушаалаар баталсан заавар батлах тухай тушаал байгаа. Тус тушаалын хавсралтаар тэтгэмж батлах зааврыг баталж өгсөн байдаг. Улмаар тус тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж танилцуулан тус яамнаас улсын нэгдсэн сангийн 7399 дугаарт бүртгэсэн байдаг. Энэхүү тушаалыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг үндэслэж гаргасан байдаг. Тус хуулийн заалтад Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар, тэдгээрийг хэвлүүлэх, үнэ тогтоох, зарцуулах, тайлагнах журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална заасан байдаг. Энэ эрх хэмжээний хүрээнд хуулиар зохицуулаагүй асуудлыг тус заавраар зохицуулсан бөгөөд Тэтгэмж бодох зааврын 5.3.3 дахь хэсэгт тэтгэмж бодох ажлын өдрийг даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудаст жирэмсний болон амаржсаны амралт эхэлсэн өдрөөс дууссан өдрийн хооронд бичигдсэн 100 хувь, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд ногдох ажлын өдрөөр тооцно гэж, тус зааврын 5.3.4 дэх хэсэгт олговол зохих нийт тэтгэмжийн хэмжээг энэ зааврын 5.3.3-т заасан өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг тэтгэмж олгох ажлын өдрөөр үржүүлж тооцно гэж зааж өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий газар гомдол гаргасан ба 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 04627 дугаартай албан бичгээр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар нь таны өргөдөл хүсэлтийг хүлээн авч жирэмсний болон амаржсаны тэтгэмжид ** төгрөгийг тооцон олгосон нь зөв байгаа талаар албан бичгийн хариуг ирүүлсэн байдаг. Хэрвээ даатгуулагчийн хүсэлтээр нийт хоногоор тооцохоор бол нийт 12 сарын дундаж цалин, хөлс болох ** төгрөгийг сарын дундаж, ажлын 21 хоногоор бус 30 хоногоор тооцох шаардлагатай болно. Тус тооцооллоор 12 сарын дундаж цалин ** төгрөгийг 30 хоногтоо хувааж 100 хувиар тооцсон жирэмсний 60 хоногоор үржүүлэхэд ялгаагүй ** төгрөг болно. Амаржсаны тэтгэмж мөн адил бодогдож нийт ** төгрөг болохоор байна. Манай байгууллага нийтээр амрах баярын 2 хоногийн тэтгэмж болох ** төгрөгийн тэтгэмжийг буцаан нэхэмжлэх тооцоо гарч байна. Иймд нэхэмжлэгч Г.Н*******гийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг.Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1. Нэхэмжлэгч Г.Н******* нь М******* ТӨХК-д 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын Хууль эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж эхэлж, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр М******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/735 дугаар тушаалаар 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авсан байна.
1.2. Г.Н******* нь 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Өргөө амаржих газар-ын тусламж үйлчилгээний дагуу жирэмсний тэтгэмж авахад шаардлагатай баримтуудыг бүрдүүлэн нэхэмжлэгчийн Жирэмсний болон амаржсаны магадалгааг тус эмнэлгүүдийн даатгал хариуцсан эмч Р.С*******, Ж.О******* нар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт илгээсэн байна.
1.3. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн магадалгааны дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн байцаагч С.Д******* нь даатгуулагчийн жирэмсний тэтгэмж авахаас өмнөх 12 сарын хөдөлмөрийн орлого буюу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сар хүртэл хөдөлмөрийн хөлсний дундаж цалин ** төгрөгийг сарын ажлын өдрийн дундаж хоног 21 хоногт хуваан тооцож нийт ** төгрөг олгохоор, Нийслэлийн Өргөө амаржих газраас ирүүлсэн магадалгааны дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн байцаагч П.М******* даатгуулагчийн амаржсаны тэтгэмжийг мөн адил тооцож ** төгрөг олгохоор шийдвэрлэж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналтын байцаагч Т.Т** баталгаажуулснаар нийт ** төгрөгийг даатгуулагчид олгосон байна.
Хоёр. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Г.Н*******гоос Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийн хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасаж тооцсон ** хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2.2. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т ... даатгуулагч гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг, 4.1.-д ...тэтгэмж гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох тохиолдолд өөрт нь, нас барахад түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох мөнгөн хөрөнгө, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д ...Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж тус тус заажээ.
2.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /хүчингүй болсон/ 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно, 4 дэх хэсэгт Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно гэж тус тус заасан байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 7 дугаар зүйлийн 7.1-т ...Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно, 7.2-т Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно гэж тус тус заажээ.
2.4. Нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд ...Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцох-оор зохицуулсан байсан хэдий ч тус хуулийн шинэчлэн найруулгад жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувиар, нийт 120 хоногийг баярын өдөр тохиосон ч ажлын өдрөөр тооцож жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгох ёстой буюу ажлын гэдэг үг шинэчилсэн найруулгад тусгагдаагүй тул хууль тогтоогчоос тогтоосон 120 хоногоос амралтын 34 хоногийг хасаж тооцсон нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
2.5. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарт Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль шинэчлэн найруулга батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж-ийг хүргүүлсэн байх бөгөөд тус зөвлөмжийн 3.3-т ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгох хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор заасан тул даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа түр адсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж тооцох сарын дундаж цалин хөлсийг 21-т хувааж тооцно, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Тэтгэмж бодох заавар тухай *** дугаар тушаалын 5.3.3-т ...тэтгэмж бодох ажлын өдрийг даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд жирэмсний болон амаржсаны амралт эхэлсэн өдрөөс болон дууссан өдрийн хооронд 120, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд ногдох ажлын өдрөөр тооцно, 5.3.4-т ...олговол зохих нийт тэтгэмжийн хэмжээг энэ зааврын 5.3.3-т заасан өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг тэтгэмж олгох ажлын өдрөөр үржүүлж тооцно гэж тус тус заажээ.
2.6. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн хугацааг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тогтоосон байна.
2.7. Нэхэмжлэгчийн жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн хугацаа буюу 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 60 хоног, ажлын 44 хоног байх бөгөөд хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчийн жирэмсний амралтын тэтгэмжийг нэхэмжлэгчийн жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалинг ** төгрөг байхаар тооцож, сарын дундаж ажлын хоног 21 хоногт хувааж, жирэмсний эхлэх, дуусах хугацаанд ажлын 44 өдөр байхаар тооцож нийт ** төгрөгийн тэтгэмж,
Нэхэмжлэгчийн амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн хугацаа буюу 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөн адил 60 хоног, ажлын 42 хоног байх бөгөөд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчийн амаржсаны эхлэх, дуусах хугацаанд ажлын 42 өдөр байхаар тооцож нийт ** төгрөгийн тэтгэмжийг тус тус олгож, нийт ** төгрөгийг тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн байна.
2.8. Дээрхээс үзвэл хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, тус хуулийг мөрдөх, хэрэгжүүлэхтэй холбоотой Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зөвлөмж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Тэтгэмж бодох заавар тухай А/267 дугаар тушаалыг тус тус баримлан нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг эрх үүссэн хугацаанаас дуусах хүртэлх хугацааны ажлын өдрөөр тооцож тэтгэмж олгосон байх бөгөөд хариуцагчийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн зорилт, зарчим, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.9. Харин нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар хуанлийн хоногоор бүтэн тооцвол нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин ** төгрөгийг 30 хоногт хувааж 60 хоногоор үржүүлэхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж тус тус ** төгрөг, нийт ** төгрөгийн тэтгэмж олгохоор байх бөгөөд хуанлийн бүтэн хоногоор тооцсон тооцоолол, ажлын 21 хоногоор тооцоолсон тооцооллын хувьд ижил үнийн дүнтэй байна.
2.10. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 7 дугаар зүйлийн 7.2-т Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно гэж зааснаас үзэхэд хууль тогтоогчоос ажлын өдрөөр тэтгэмжийг тооцон олгох утгыг илэрхийлж байх ба хэрэв нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар ажлын гэх үг шинэчилсэн найруулгад ороогүй, 120 хоногийг бүхэлд нь оруулан тооцохоор зохицуулсан гэх агуулгын хүрээнд авч үзвэл дээрх заалтыг хууль тогтоогчоос тусгайлан оруулах шаардлагагүй байхаар харагдаж байна.
2.11. Иймд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийн хасаж тооцож олгосон нь актыг хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н*******гоос Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийн хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасаж тооцсон 34 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АЗБАЯР