| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0082/э |
| Дугаар | 388 |
| Огноо | 2018-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Н.Түвшинбаяр;
хохирогч: З.Золбоо, түүний өмгөөлөгч Б.Баясгалан;
шүүгдэгч: М.Мөнх-Од (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхбатын Мөнх-Одод холбогдох эрүүгийн 1709024210188 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-240 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Дархан-Уул аймаг, Дархан 18 дугаар баг, Үйлдвэрийн районд оршин суух, ял шийтгэлгүй, ТЯ90052613 регистерийн дугаартай, Боржигин овогт Мөнхбатын Мөнх-Од.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч М.Мөнх-Од нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” нэртэй бааранд иргэн З.Золбоотой хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, хөлөөрөө 3 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд үүдэн 2 шүдний булгарал, үүдэн хоёр шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнх-Од мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр уг залуутай танилцсан. Бид нэг газар тус тусдаа ширээнд сууж байгаад танилцаад бөөнөөр нэг ширээнд нийлж суусан. Хорооллын “Кастел” нэртэй бааранд орьё гээд явцгаасан. Тэндээ шөнийн 3 цаг өнгөртөл бүжиглэсэн. Тухайн үед би буудалд байрлаж байсан. Буудалруугаа явахаар такси барих гээд зогсож байтал Золбоо “одоо явахгүй ээ, би даая, дажгүй залуу байна” гээд байсан. Золбоо манай найзын дарга албан тушаалтан байсан. “Кастел” бааранд манай найз бид хоёр тооцоо хийсэн. Тэгтэл Золбоо “одоо би даана” гээд “Лакс” нэртэй бааранд орсон. Би куртикаа тайлаад бүгжиглэж байгаад иртэл ширээ дүүрэн юм захисан байсан. Ингээд үүрийн 6 цагийн үед баарнаас гарах гэсэн чинь “танай ширээ тооцоо хийгээгүй байна” гэсэн. Манай найз Эрдэнэбилэг ямар ч ухаангүй тасарсан байсан. Би Золбоод хандан “тооцоогоо хийж чадахгүй байсан юм бол яасан их юм захиалсан юм бэ” гэхэд “намайг тооцоо хийж чадахгүй гэж бодож байна уу, гарч үзэх үү” гэсэн. Үүнээс болж маргалдсан. Тэгээд Золбоогийн нүүр рүү гараараа 1 удаа цохиж, газар унахад нь нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Золбоо мэдүүлэхдээ: Шүүгдэгчийн ярьж байгаатай санал нийлэхгүй байна. Би Эрдэнэбилэгтэй Австрали улсад хамт сурч байсан. Бид 2 хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн “Эволюшн” нэртэй газар сууж байгаад Эрдэнэбилгийн найз Төөгий гэх залуутай тааралдсан. Төөгийтэй хамт Мөнх-Од явж байсан. Бид нар хамт сууж ууж байгаад хорооллын “Castel” нэртэй бааранд орсон. Тэндээс Эрдэнэбилэг бид 2 тооцоог нь хийж гарсан. Үүний дараагаар талбайн ард байрлах “Лакс” бааранд орсон. Тооцоо хийх болсон чинь Эрдэнэбилэг “түрийвчээ хаясан” гээд унтаа байдалтай байсан. Эрдэнэбилэгийн утсыг тооцоонд тавиад “маргааш ирж өөрсдөө утсаа аваарай” гэж хэлсэн. Бид хоёрын хувьд “гараад үзье” гэсэн зүйл яриагүй. Би Эрдэнэбилэгийн хувцсыг бариад гарч явж байхад Мөнх-Од шууд эргэж хараад цохьсон. Тухайн үед Мөнх-Од “ямар их юм захиалсан юм бэ” гэснээс бид маргасан. Тухайн үед би тооцоог бүрэн төлөх боломжгүй байсан. Харин манай найз Эрдэнэбилэг тооцоо хийх боломжтой байсан. Бидний хооронд зодоон хийхээр маргаан байгаагүй. Одоо би шүдэндээ имплант хийлгэх 6.576.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Золбоо /хх-ийн 11-12/, гэрч У.Төмөрхуяг /хх-ийн 15/, Ж.Эрдэнэбилэг /хх-ийн 14/ нарын мэдүүлэг, шинжээч эмч А.Амгаланболдын мэдүүлэг /хх-ийн 21-22/, М.Мөнх-Одын яллагдагчаар мэдүүлсэн мэүүлэг /хх-ийн 25-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15052 тоот дүгнэлт /хх-ийн 18/, хохирлын баримтууд /хх-ийн 38-44/, М.Мөнх-Одын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 27-28, 33-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
М.Мөнх-Од нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” бааранд “төлбөр тооцоог нь хийж чадахгүй байж архи, ундаа захиалсан” гэж дургүйцэн З.Золбоог зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогч З.Золбоогийн /хх-ийн 11-12/: “... 2017 оны 12 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед өөрийн танил Эрдэнэбилэгтэй хамт “Революшн” нэртэй пабд сууж байхад Эрдэнэбилэгийн найз Төөгий гэх залуу, Од гэх залуутай тааралдсан. …Бид 4 Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Лакс” бааранд орсон. Тэнд виски, хэдэн пиво уугаад байж байтал баар хаах болоод тооцоо хийх болсон. Эрдэнэбилэг тооцоо хийх гээд түрийвчээ хайгаад олоогүй ба Төөгий хамгаалагч нартай нь яриад маргааш мөнгөө өгөхөөр болсон. Төөгий, Эрдэнэбилэг 2 түрүүлээд гарсан ба Од бид 2 араас нь гарах гээд явж байтал Од гэнэт эргэж хараад ямарч үгийн зөрүүгүй миний уруул орчимд гараараа нэг удаа цохисон. Миний уруул сэтрээд 2 шүд булгараад уначихсан. Намайг доошоо тонгойход дээрээс дарж байгаад 3 удаа өшиглөхөд миний уруул болон дух хэсэгт оносон…” гэх мэдүүлгээр,
гэрч У.Төмөрхуягийн /хх-ийн 15/: “…”Лакс” баар 6 цагийн үед хааж байхад гарсан ба гарахдаа би хамгийн урд талд нь алхаж байсан. Миний араас Мөнх-Од, Золбоо нар гарсан. Би гадаа гараад хүмүүс гарч ирэхгүй байхаар нь буцаад орсон чинь Мөнх-Од Золбоо ахыг цохисон байдалтай байсан…” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Эрдэнэбилэгийн /хх-ийн 14/: “…”Лакс” баарнаас 6 цаг өнгөрч байхад гарсан ба би түрүүлээд гарсан. Араас Мөнх-Од, Золбоо нар гарсан байсан. … Мөнх-Од нь Золбоог цохисон байсан. Би тухайн үеийн болсон асуудлыг сайн санахгүй байна. Учир нь би их согтсон байсан…” гэх мэдүүлгээр,
М.Мөнх-Одын буруутай үйлдлийн улмаас З.Золбоогийн биед “үүдэн 2 шүдний булгарал, үүдэн 2 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №15052 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 18/,
шинжээч эмч А.Амгаланболдын /хх-ийн 21-22: “...З.Золбоогийн биед учирсан гэмтэл нь …ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-аар тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх мэдүүлгээр,
М.Мөнх-Одын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн25-26/: “…Эрдэнэбилэг, Золбоо, Төөгий бид 4 Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Лакс” бааранд орцгоогоод, би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ширээн дээрээ очиход хоёр шил архи, ундаа захиалчихсан байсан юм. Хэн захиалсныг нь мэдэхгүй байна. “Лакс” баар үүрийн 6 цагийн орчим хаах гээд бид нарыг тооцоогоо хийхийг шаардсан ба Золбоо Эрдэнэбилэгийг тооцоо хийнэ гээд байсан. Тухайн үед Эрдэнэбилэг ямарч ухаангүй согтуу унтаж байсан юм. Би Золбоод хандаж “тооцоогоо хийж чадахгүй байсан юм бол яах гэж ийм их юм захиалсан юм бэ?” гэхэд уурлаад “намайг тооцоо хийж чадахгүй гэж бодоод байгаа юм уу? Хоёулаа гараад үзчихье” гээд байсан. Тэгэхээр нь би “тэгье, тэгье” гээд гадаа гарах замдаа “Лакс” баарны коридорт Золбоогийн нүүр орчимд нь гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Золбоо газарт уначихаар нь 1-2 удаа нүүр орчимд нь өшиглөсөн…” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээн мэдүүлсэн, түүний мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдсан, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас биед нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч М.Мөнх-Од нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Лакс” бааранд “төлбөр тооцоог нь хийж чадахгүй байж архи, ундаа захиалсан” гэж дургүйцэн З.Золбоог буруутган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Дээрх шалтаг, шалтгааны улмаас хохирогчийг зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн М.Мөнх-Одын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч М.Мөнх-Одын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч З.Золбоо гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хиймэл эрхтэн (имплант), шүдний тулгуур эдийн эмчилгээ хийлгэхэд зайлшгүй шаардагдах 6.495.000 төгрөгийг урьдчилан төлүүлэхээр, эмчилгээний 81.000 төгрөг, нийт 6.576.000 төгрөгийн зардлыг хавтаст хэрэгт тусгуулан шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.
Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан эмчилгээний, хиймэл эрхтэн хийлгэх зэрэг зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.
Ийм учраас шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон, гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон бүгд 6.576.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгоор шүүгдэгч М.Мөнх-Одод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх буюу нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овогт Мөнхбатын Мөнх-Одыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Одыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Одод оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Од нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Одоос нийт 6.576.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Золбоод олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнх-Одод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ