| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2311005191538 |
| Дугаар | 2024/ДШМ/1255 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ДШМ/1255
2024 11 21 2024/ДШМ/1255
Б.Э, Г.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бат-Эрдэнэ,
хохирогч Б.З, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,
цагаатгагдсан этгээд Б.Э, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг, Б.Батжаргал,
цагаатгагдсан этгээд Г.Э, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/603 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл, хохирогч Б.З, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Э, Г.Э нарт холбогдох эрүүгийн 2311 00519 1538 дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Э нь 2023 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн булаг” амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Зтай маргалдаж, түүний хэвлийн хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “3-р хавирганы хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Г.Э нь 2023 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн булаг” амралтын газрын 205 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Зтай маргалдаж, түүний нүүр хэсгээр хана мөргүүлж эрүүл мэндэд нь “хамрын таславчийн хугарал, муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Э, Г.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э, Б.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, шүүгдэгч Б.Э, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Ггаас нэхэмжилсэн 1.555.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Заас нэхэмжилсэн 15.892.037 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн “2311 00519 1538” дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СиДи, 1 ширхэг флаш диск зэргийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/603 дугаартай цагаатгах тогтоолоор “...Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд ..., их эмч Н, бага эмч Г.Т, арга зүйч Б.Э, Г.Э, сувилагч Б.З, Б, Р.Э, Д.Б, Б.К, О, Г, А, туслах сувилагч Н.Г, Ж.Э, Б нар 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн булаг” амралтын газарт “шагналт байранд орсон” үйл явдлыг тэмдэглэж нэг хоног амрахаар ирцгээсэн байна. Тэд хоол цайгаа идэж уусны дараа тус амралтын газрын 207 тоот өрөөнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж сууцгаасан. 22 цаг 30 минутын орчимд хохирогч Б.З байхгүйг мэдсэн гэрч Б.К, Д.Б нар тус амралтын газраар хайж 205 дугаартай өрөөнд унтаж байсныг олж сэрээн, “хэлэхгүй яасан юм” гэж ярилцаад гаднаас түгжиж орхисон байна. 3-наас 4-нд шилжих 00:16 минутад шүүгдэгч Г.Э гэрч Р.Э нар 205 дугаартай өрөөнд түлхүүрдэн орж “ажлын хамт олонтойгоо хамт байцгаая, би амармаар байна” гэх зэрэг зүйлс ярилцаад өрөөнөөс шүүгдэгч Г.Э, хохирогч Б.З нар зууралдан, маргалдаж гарсан байна. Шүүгдэгч Г.Э, хохирогч Б.З нар хонгилд гарч ирэхэд шүүгдэгч Б.Э тэдэн дээр ирж хохирогч Б.З, шүүгдэгч Б.Э нар “та хоёрын албанд ажилладаг гэж юу байдаг юм, арга зүйч хийдэг гэж юу байдаг юм” гэх зэргээр маргаж, харилцан үсдэлцэж, шүүгдэгч Б.Э нь зүүн гуяны дотор хэсгээр хохирогчийн бөгс хэсэгт 1 удаа, баруун хөлөөр хохирогчийн урд хэсэг рүү араас нь 1 удаа өшиглөхөд шүүгдэгч Б.Эыг Г салгахад шүүгдэгч Г.Э, гэрч Ж.Э, Р.Э, Д.Б нар хажууд нь хараад байж байсан. Ингээд хохирогч Б.Зыг гэрч Б.К 209 тоот өрөөнд авч ороход Б, О, Б нар байсан бөгөөд хохирогч Б.З надад “Та нар Э бид хоёрыг салгахдаа намайг бөөндөө барьж аваад, гар хөл барьж байгаад Эд зодууллаа” гэж хэлээд гэрч Б.Кийн зүүн хацар луу нэг удаа алгадаж хэрүүл маргаан дууссан байна.
Маргааш буюу 02 дугаар сарын 04-ний өглөө нь хохирогч Б.З гэрч Г.Тийн хамт ажилдаа явахаар автобусанд сууж тус амралтын газраас явсан үйл явдал тогтоогдсон байна.
...Уг шинжээчийн дүгнэлт, түүнийг гаргасан шинжээч эмчийн өгсөн мэдүүлгээр хохирогчид дээрх гэмтэл учирсан. Энэ нь хөнгөн зэргийн гэмтэл болохыг нотолж, тогтоосон байх боловч энэ гэмтлийг хэн, хэзээ учруулсан болохыг нотлохгүй. Хохирогчид учирсан дээрх гэмтлийг хэн, хэзээ учруулсан талаар өөр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна.
...Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Эыг дээр дурдагдсан өшиглөлт хохирогчийн цээжинд оносон, энэ өшиглөлтөөс болж хохирогчийн зүүн 3-р хавирганы хугарал бүхий гэмтэл үүссэн байна гэж тодорхойлох, тэр өшиглөлт оноогүй эсхүл оноод тэр хавиргыг хугалаагүй гэж тодорхойлох боломжгүй байна.
Эдгээрийг нэгтгэн дүгнэхэд хохирогчоос мэдүүлж буй үйл явдал хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. Харин амралтын газрын өрөөнд ямар нэг зодоон цохион болоогүй, хонгил хэсэгт хохирогч, шүүгдэгч нар харилцан үсдэлцээд, зууралдан салж байгаа нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Зд учирсан гэмтэл шүүгдэгч Г.Э, Б.Э нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй байна гэж дүгнээд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй гэж үзэж, Г.Э, Б.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж...” шийдвэрлэсэн.
Цагаатгах тогтоолыг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол...” шинжээч томилж, шинжилгээ хийлгэх талаар хуульчилж өгсөн.
Хохирогч Б.Заас цагдаагийн байгууллагад гаргасан бусдад зодуулсан талаарх гомдлыг мөрдөгч хүлээн авч, түүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоолгох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2342 дугаартай дүгнэлт, /1хх 242-250, 2хх 1-11/, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 303 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Б.Зын биед зүүн 3-р хавирганы хугарал, хамрын таславчийн хугарал муруйлт, баруун зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн 3-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын таславчийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх /1хх 65-67/ дүгнэлтүүд гарсан.
Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмч Б.Даваасүрэнгийн өгсөн “...Зүүн гуравдугаар хавирганы хугарал гэмтэл нь цохих, өшиглөх үед үүсэх боломжтой. Зүүн гуравдугаар хавирганы хугарал гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйл дээр унах, цохигдоход үүсэх боломжтой. Уг гэмтлийг авснаас хойш идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. ...Хамрын таславчийн хугарал, муруйлт гэмтэл нь шинэ дээрээ буюу 2-4 цагийн хугацаанд мэдэгдэхгүй ба хамар битүүрэх, амьсгал саадтай болох гэх мэт шинж тэмдгээр үүсэх боломжтой ба хамрын таславч аль хэсэгтээ хугарснаас шалтгаалж хавдаж хөхөрнө...” гэсэн мэдүүлгийг өгсөн.
Хохирогч Б.Заас мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Г.Э хажуугаас нь намайг дахиж үстээд өрөөнөөс гаргасан юм. Г.Э намайг үстээд... Г.Э нь намайг үстсэн байдалтайгаа хаалганы харалдаа хэсэгт нүүрний урд хэсгээр эгц байдалтай хана мөргүүлсэн... Хана мөргөхөд би газарт унаагүй бөгөөд Б.Э намайг дахин алгадаад, цээжний хэсэг рүү 1 удаа жийсэн юм... Тэгэхэд нь би доошоо тонгойсон байхад Б.Э нь дахин 3-4 удаа цээж рүү өшиглөсөн... Б.Э намайг нэг удаа өшиглөөд үргэлжлүүлэн дайрч коридорт үстэлцээд зууралдсан зүйл гарсан. Тэгэхэд Б.Э миний цээжний хэсэгт барьцалдаж байх үед хэдэн удаа өшиглөж... Б.Э цаана байж байгаад дахиж ирж намайг үстэж орноос зодсон...” гэж мэдүүлснээс гадна мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заасан. Хохирогч Б.Зын мэдүүлгийг шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр болон гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлон тогтоосон байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...энэ гэмтлийг хэн, хэзээ учруулсан болохыг нотлоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтууд болох хохирогчийн дуудлага мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч, гэрч нарын мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэхэд хохирогч Б.Зд учирсан гэмтлийг хохирогчид өөр хүн учруулсан эсхүл хохирогч өөртөө учруулсан гэх үйл баримтууд нотлогдоогүй.
Хэргийг шалгах явцад, хохирогч Б.З нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд заасан, тухайн болсон үйл баримтын талаар мэдүүлсэн нь бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож, Б.Зын эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгч Г.Э, Б.Э нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхээс хохирогчид учирсан дээрх гэмтлийг хэн, хэзээ учруулсан талаар өөр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Учир нь, хохирогчид учирсан дээрх гэмтлийг өөр бусад байдлаар учруулсан эсэхийг шалгахаар Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс хэрэг болсон цаг хугацаа буюу 2023 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш хохирогч Б.Заас цагдаагийн байгууллагад шүүгдэгч нараас бусад этгээдэд холбогдуулан гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл өгсөн эсэх талаарх лавлагааг авч хэрэгт хавсаргасан.
Хэдийгээр гэрч нарын мэдүүлэгт шүүгдэгч Г.Э, Б.Э нар нь хохирогч Б.Зыг цохисон, зодсон талаар шууд тодорхой заагаагүй ч үйл баримт болох тухайн цаг хугацаанд хоорондоо маргалдсан, хохирогчийн эрүүл мэндэд халдсан талаар гэрч Б.К, Ж.Э, Д.Б нарын мэдүүлэгт дурдагдсан байна. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь хохирогч Б.Зын мэдүүлгийг няцаах бус харин гэмт хэрэг гарах хугацаанд Б.Зын биед халдсан болохыг нотолсон баримтууд юм. Шүүх мөн энэ талаар “шүүгдэгч Б.Э нь зүүн гуяны дотор хэсгээр хохирогчийн бөгс хэсэгт 1 удаа, баруун хөлөөр хохирогчийн урд хэсэг рүү араас нь 1 удаа өшиглөхөд шүүгдэгч Б.Эыг Г салгахад шүүгдэгч Г.Э, гэрч Ж.Э, Р.Э, Д.Б нар хажууд нь хараад байж байсан” гэж дүгнэсэн нь цагаатгах тогтоолын 9 дэх хуудсанд авагджээ.
Гэтэл анхан шатны шүүхээс “...шүүгдэгчээс мэдүүлсэн... би өшиглөөд оноогүй...” гэсэн мэдүүлгээр болон өөрөө таамаглан “хохирогч Б.Зд учирсан гэмтэл шүүгдэгч Г.Э, Б.Э нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, тогтоогдсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.
Мөн шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана” гэснийг зөрчиж, Б.Зын эрүүл мэндэд халдсан, гэмтэл учруулсан гэх үйл баримтыг үндэслэл бүхий няцаан үгүйсгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/603 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.
Хохирогч Б.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд гомдолтой байна. Нотлох баримтууд байхад ийм шийдвэр гаргасанд гайхаж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогч Б.Зын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын цагаатгасан үндэслэлийн талаар...” 3-наас 4-нд шилжих 00:16 минутад шүүгдэгч Г.Э гэрч Р.Э нар 205 дугаартай өрөөнд түлхүүрдэн орж ажлын “хамт олонтойгоо хамт байцгаая, би амармаар байна” гэх зэрэг зүйлс ярилцаад өрөөнөөс шүүгдэгч Г.Э, хохирогч Б.З нар зууралдан, маргалдаж гарсан байна. Шүүгдэгч Г.Э, хохирогч Б.З нар хонгилд гарч ирэхэд шүүгдэгч Б.Э тэдэн дээр ирж хохирогч Б.З, шүүгдэгч Б.Э нар “та хоёрын албанд ажилладаг гэж юу байдаг юм, арга зүйч хийдэг гэж юу байдаг юм” гэх зэргээр маргаж, харилцан үсдэлцэж, шүүгдэгч Б.Э нь зүүн гуяны дотор хэсгээр хохирогчийн бөгс хэсэгт 1 удаа, баруун хөлөөр хохирогчийн урд хэсэг рүү араас нь 1 удаа өшиглөхөд шүүгдэгч Б.Эыг Г салгахад шүүгдэгч Г.Э, гэрч Ж.Э, Р.Э, Д.Б нар хажууд нь хараад байж байсан гэжээ.
Анхан шатны шүүх дээр шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ 22 цаг өнгөрөөд Б.Зыг өрөөнд унтаж байгааг мэдээд хаалгыг тогшоод орсноо мэдүүлдэг бөгөөд “хэнд ч хэлэхгүй алга боллоо” гэж уурлаж загнаснаа мэдүүлдэг бөгөөд тухайн үед хоорондоо маргалдаж, хохирогч Б.З намайг шууд Г.Э орноос үсдэж газарт унагаасан талаар мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Г.Эгийн мэдүүлгээр Зын өрөөнд 22 цаг өнгөрч байхад өрөөнд орж сэрээгээд “ууж идэх зүйл зөндөө байхад босож ууя” гэхэд “гарахгүй” гэсний төлөө орноос үсдэж, ...зодсон талаар, дараа дахин 00 цагт очиж унтаж байгаа хүнийг дахин гаднаас нь түлхүүрдэн орж ирээд зодсон билээ. Гэтэл шүүгч хэрэг учралыг “00:16 минутад болсон” гэж дүгнэж байгаа нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргийг ойлгоогүй эсвэл хэргийн бодит байдлыг тогтоохыг хүсээгүй гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх дүгнэхдээ “Ингээд хохирогч Б.Зыг гэрч Б.К 209 тоот өрөөнд авч ороход Б, О, Б нар байсан бөгөөд хохирогч Б.З надад “та нар Э бид хоёрыг салгахдаа намайг бөөндөө барьж аваад, гар хөл барьж байгаад Эд зодууллаа гэж хэлээд гэрч Б.Кын зүүн хацар луу нэг удаа алгадаж хэрүүл маргаан дууссан байна” гэжээ. Миний үйлчлүүлэгч Б.З унтаад эрүүл саруул, бусад ажилчид хүмүүс бүгд согтуу бөөндөө нийлж “архи уусангүй, ууж идэх зүйл их байхад” гэж уурлаж зодоод байсныг дээрх шүүгчийн дүгнэсэн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд бөөндөө нийлж гар хөл барьж байгаад зодуулсныг гэрчилж байгаа мэдүүлэг байгаа бөгөөд хохирогчийг зодсоныг энэ мэдүүлгээр нотлогдож байна.
Анхан шатны шүүх дүгнэхдээ “Маргааш буюу 02 дугаар сарын 04-ний өглөө нь хохирогч Б.З, гэрч Г.Тийн хамт ажилдаа явахаар автобусанд сууж тус амралтын газраас явсан үйл явдал тогтоогдсон байна” гэжээ. Маргааш нь бие өвдөж, айсан байсан учраас явсан бөгөөд Г.Ттэй яваагүй бөгөөд шүүх хэргийн материалтай сайн танилцаагүй эндээс харагдах болно.
Анхан шатны шүүхээс “Прокуророос шүүгдэгч нарыг буруутган яллаж буй гэмт хэргийн нотолгоо болох хохирогчоос 10 дугаар сарын 25-ны хохирогчоор тогтоогдон мэдүүлсэн мэдүүлэг нь 2 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгээс хуулбарласан байсан, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь өмнөх мэдүүлгээс зөрүүтэй бөгөөд шүүгдэгч нарын удаа дараа өгсөн болон гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэгт гарах үйл явдлаас өөр байна.” гэжээ. Хохирогч Б.Зыг мэдүүлэг өгөхөд мөрдөгч “хэрүүл талаар хэрэгт хамааралгүй олон зүйл битгий яриад бай” гэж мэдүүлэг авсан бөгөөд дахин /1хх 19/ хохирогчоор өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг нар тохирч байгаа. Харин шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч бид нарын зөвлөснөөр болсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярьж эхлэхэд шүүгч илтэд байн байн хохирогч үнэн зөв ярих ёстой гээд үгийг нь таслаад байсан нь шүүгчийн ямар шийдвэр гаргах нь тодорхой харагдаж байсан. Гэрчүүдийн мэдүүлэг Г.Э болон Б.Э нар хохирогчийн зодоогүй, тийм зүйл болоогүй гэж ямар ч гэрч мэдүүлээгүй билээ. Гэрчүүд хохирогчийн өрөөнд хэдэн удаа орсноо болон эхний удаа хаалгыг тогшиж байгаад орсон, дараа нь гаднаас түлхүүрээр онгойлгож орсноо мэдүүлдэг бөгөөд өрөөнөөс гараад явсан, хэдэн цагт орсон, дахин хэдэн цагт орсноо болон яаж салгасан талаар мэдүүлдэг билээ. Хэрэгт байгаа камерын бичлэг зөвхөн шөнийн 00 цагийн бичлэг бөгөөд хохирогч Б.З бүхэл бүтэн 22 цаг өнгөрснөөс хойших бүх бичлэгийг хэрэгт хавсруулж хийлгэсэн. Шүүх хурал дээр 00 цагийн бичлэгийг үзсэн бөгөөд энэ 2 дахь удаагаа зодуулсан бичлэгийг үзсэн учраас, бусад ярьсан зүйлийг 22 өнгөрөөд болсон үйл явдал дээр болсон болно.
Хохирогчийн мэдүүлэгт “205 дугаартай өрөөнд ороод унтаж байхад Г.Э, Б.Э, Р.Э, Д.Б, Г, Ж.Э нар өрөөнд орж ирсэн. Шүүгдэгч Б.Э үснээс зулгааж, орноос унагаж, дэвсэж өшиглөж хавирга хугалсан. Шүүгдэгч Г.Э хана мөргүүлж, хаалга мөргүүлж хамар хугалсан гэж мэдүүлсэн. Ингээд хонгилд гарч ахиад зууралдахад Т эмч биднийг салгаар 205 дугаартай өрөөнд оруулсан. Өрөөнд байж байхад Б.К, Д.Б хоёр орж ирж хэл амаар доромжилсон. Үүний дараа шүүгдэгч Б.Э, Г.Э, гэрч Б.Э 3 гаднаас орж ирсэн юм. Тэр гурав орж ирчихээд “Э дахиж надтай хэрүүл хийгээд намайг бас надтай үсдэлцэж, өшиглөсөн зүйл болсон. Тэр үед намайг Э нь үсдэж доошоо дарж байгаад нүүр лүү 2-3 удаа өвдөглөсөн юм” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн амралтын газрын 205 дугаартай өрөөнд хэд хэдэн удаа шүүгдэгч нарт зодуулсныг гэрчүүд харж байсан мэт мэдүүлсэн байна. Гэтэл бусад баримтаар 4-ны 00 цаг 17-22 минутад 205 дугаартай өрөөний үүд, хонгил хэсэгт хохирогч болон шүүгдэгч Б.Э нар хоорондоо үсдэлцэн зууралдаж байгаад гэрчүүд салгасан болох тогтоогдсон. “205 дугаартай өрөөнд зодоон цохион болоогүй, ахин дахин орж зодолдоогүй байна” гэжээ.
Хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд гэрч Б.К мэдүүлэхдээ: 22 цаг 30 минутад үед манай хэд З алга болчихлоо гээд хайцгаасан юм... коридорт З нь Этай барьцалдаад авчихсан... Г Эыг араас нь салгах гээд барьчихсан ...өрөөнд орсны дараагаар З надад “Та нар Б.Э бид хоёрыг салгахдаа намайг бөөндөө барьж аваад, гар хөл барьж байгаад Б.Эд зодууллаа” гэж хэлээд намайг алгадсан.
Хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд гэрч Г.Э мэдүүлэхдээ: Тэгээд бүжиглэж байж байхад 22 цаг 10 минутын орчим З байхгүй байхаар нь бид нар хаачсаныг нь мэдэхгүй хайж байсан юм... 205 тоот өрөөнд Б.З байсан... Тэр хэдийг ирсний дараа Б.З бид нарыг хэл амаар янз бүрээр хэлээд хэрүүл гаргаад байсан юм. Тэгэхээр Б.Э хүрч ирээд Б.Зыг чи яагаад байгаа юм бэ гэх зэргээр хэлчихсэн юм. Тэгээд тэр хоёр хоорондоо заамдалцаад барьцалдаад эхэлсэн юм.
Хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд гэрч Г.Т мэдүүлэхдээ: Гаднаас Б.З, Б.Э, Г.Э нар нь орж ирээд маргаад байсан тухайн үед манай ажлын газрын хүмүүс тэд нарыг салгаж болиулах гээд бүгд ороод ирсэн байсан.
Хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд гэрч Н.Г мэдүүлэхдээ: Тухайн өрөөнд ороход Б.К сувилагч Зд хацар луугаа алгадуулсан гээд хацраа бариад байж байсан, Э нь Эын бариад суулгачихсан, О, Б хоёр нийлээд Зыг барьчихсан хооронд нь маргалдаж зодолдуулахгүй гээд байж байсан юм... Тухайн амралтын газарт болсон маргаан, зодооны асуудлыг дараа нь ажлын чатаас мэдээлэл авсан.
Хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд гэрч Б.Э мэдүүлэхдээ: ...би сэрэхэд ажлын хүмүүс З байхгүй болчихсон байна гээд бужигнаад байхаар нь би очиход Б.Зын байсан өрөөг нь олчихсон коридорт гарчихсан намайг очиход Б.З надтай хэрүүл үүсгээд хүмүүсийг хэл амаар доромжлоод агсам тавиад байсан. Тэгэхэд би Б.Зтай маргалдаад түлхэлцсэн, Б.Зын үснээс нь зулгаахад миний үснээс хариу зулгаасан... Бид хоёрт хувийн ямар нэгэн шалтгаан байгаагүй.
Хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд гэрч Ж.Э мэдүүлэхдээ: Коридорт Э, Э, З нарыг маргалдаж байхад Б, Г бид хэд байсан. Өөр харсан хүн байгаагүй.
Хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд гэрч З.С мэдүүлэхдээ: 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би тасгийн сувилагч Б.Зтай ажил дээрээ уулзсан. Тухайн үед Б.Зын нэг талын гар бага зэрэг хөхөрчихсөн байсан. Тухайн гар хөхөрсөн шалтгаанаа амралтын газарт байхдаа Э гэх хүнтэй муудалцаад ийм болгочихсон гэж хэлж байсан. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр хохирогчийг зодсон, хоорондоо маргалдсан талаар бүгд мэдүүлснийг анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэсэн гэж үзэж байна.
“Прокуророос хохирогч Б.Зын биед учирсан хамрын таславчийн хугарал, муруйлт бүхий гэмтлийг шүүгдэгч Г.Эг 205 тоот өрөөнд нүүр хэсгээр хана мөргүүлж учруулсан, 3-р хавирган хугарлыг шүүгдэгч Б.Эыг хэвлийн хэсэгт нь цохиж, өшиглөж учруулсан гэж яллаж байх боловч 205 тоот амралтын өрөөнд зодуулсан гэх хохирогчийн мэдүүлгийг өөр нотлох баримтаар нотлоогүй бөгөөд шүүгдэгч, гэрч нараас өгсөн мэдүүлэг, камерын бичлэгээр хохирогчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна” гэжээ. Шүүгдэгч Г.Э нь камергүй газар буюу өрөөнд зодсоныг хохирогч мэдүүлдэг бөгөөд Д.Б гэрч тухайн үед байсан мөртлөө уг Эгийн үйлдлийг гэрчлэхгүй байгаа нь Г.Этай найзын хувьд мэдүүлээгүй болно, мөн гэрч Д.Б нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө Г.Э Б.Зыг зодоогүй гэж мэдүүлдэггүй билээ. Камерын бичлэг нь 00 цагаас үргэлжилсэн 30 минутын бичлэгийг өмгөөлөгч миний бие үзэхэд хохирогч Зын зодож байгааг харагдаж байхад камерын бичлэгээр нотлогдохгүй байна гэж дүгнээд байгаа нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хууль ёсны үндэслэл бүхий дүгнээгүй гэж үзэж байна.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 15 өдрийн 2457 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, өшиглөх, нидрэгдэх үйлчлэлээр, 2023 оны 02 дугаар сарын 03-наас 04-ны шөнө үүсэх боломжтой гэмтэл байна” гэжээ. Шинжээчийн дүгнэлтээр хэрэг учрал болсон өдөр гэмтэл үүссэн болохыг дурдсан бөгөөд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэнийг дүгнэлтдээ дурдсан байна. Дээрх 2457 дугаартай шинжээчийг дүгнэлтийг үгүйсгэсэн болон няцаасан баримт хавтаст хэрэгт байхгүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу нотолбол зохих байдлыг нотолсон тул анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 28 өдрийн 2024/ШЦТ/603 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.З “намайг 205 тоот өрөөнд ороод нүүр хэсэгт хана мөргүүлсэн, үсэдсэн чигээрээ хаалганд савсан” гэж мэдүүлсэн. Тухайн үед Б.З алга болсон байсан тул би туслах сувилагч Д.Бтай хамт түүнийг ресейпшний өрөө болон гадаа хайж, камер шүүлгэж, 205 тоот өрөөнд орсон. Тухайн үед өрөөнд орохдоо Б.Зыг хана мөргүүлсэн, толгойгоор нь хаалга савуулсан зүйл болоогүй. Б.З худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. Бид 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө амралтад явж, Б.З 02 дугаар сарын 04-ний өдөр гэртээ амарч, 02 дугаар сарын 05-ны өдөр ажил дээр 24 цаг ажилласан. 02 дугаар сарын 06-ны өдөр тасаг, нийт эмч, ажилчид ээлж хүлээлцэж, тасгийн эрхлэгч, бүх ажилчид өрөөнд болсон явдлын талаар ярилцаад сууж байхад Б.Зын нүүр, хамар, аманд нүдэнд ил харагдах зүйл байхгүй, хавирганд гэмтэл учирсан зэрэг өөрт нь зовуурь илрээгүй. Б.З ямар шалтгааны улмаас Б.Э бид хоёрыг өөрийг нь зодсон, гэмтээсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн үед Б.З “би Б.Эаас уучлалт гуйлгуулмаар байна, Б.Э тэгсэн” гэж байсан. Өмгөөлөгчийн ярьж буйгаар, би өрөөнд нь орж, архи уух ёстой гэсэн зүйл болоогүй. Тухайн үед Д.Б, Р.Э зэрэг ажилчид бид хоёрыг хараад байж байсан. Б.З “би маш их уур бухимдалтай, манай найз залуу хардаад байна” гээд өрөөнөөс уур уцаартай гарч ирж, “одоо та нар өрөөнөөс гар” гэх зэргээр элдэв хараалын үг хэлж байсан. Энэ нь коридорын камерын бичлэгт бичигдсэн, мөн энэ талаар гэрчүүд мэдүүлсэн.” гэв.
Цагаатгагдсан этгээд Г.Эгийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж үзэж байна. Хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хангалттай хийгдсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд цагаатгагдсан этгээд Б.Э нь хохирогчийн биед тухайн амралтын газарт гэмтэл учруулсан гэх үйл баримт үгүйсгэгддэг. Хохирогч Б.Зын мэдүүлгийг гэрч Б.К, Д.Б, Г.Т, Н.Г, Ж.Э зэрэг тухайн нөхцөл байдлыг салгасан, оролцсон гэрчүүд үгүйсгэж мэдүүлдэг. Гэрч Б.Кийн өгсөн “Б.Э, Б.З нар хоорондоо маргалдсан, үсдэлцэж, зодолдсон” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 35 дахь талд авагдсан Д.Бгийн өгсөн “Б.Э, Б.З нар хоорондоо үсдэлцэж, маргалдсан, Г.Э салгасан” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 41 дэх талд авагдсан Г.Тийн өгсөн “Б.З Б.Кийг алгадсан, өглөө 7 цагийн үед Б.З үсээ угаагаад, нүүрээ будаад, биеийн байдал нь хэвийн, гэмтэл, шарх байгаагүй” гэх мэдүүлэг, Ж.Эын өгсөн “Б.Э, Б.З нар хоорондоо маргалдсан” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд миний үйлчлүүлэгчтэй хамааралтай зодоон болсон талаар баримт байхгүй. Харин эсрэгээрээ Б.Э, Б.З нар маргалдаж байхад Г.Э салгасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан. Хэрэгт авагдсан баримтууд, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг тал бүрээс нь авч үзэхэд, миний үйлчлүүлэгчтэй хамааралтай гэмт хэргийн шинж тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Зын бүх мэдүүлгүүд худал байдаг. Би 205 тоот өрөө рүү ороогүй болох нь камерын бичлэгээр нотлогддог. Тухайн үед Б.З коридорт орилоод байхаар нь очиход надтай маргалдаж, бид хоёр үсдэлцсэн. Б.З тухайн үеэс хойш 72-96 цаг болж байхад ажлаа хэвийн хийж байсан. Тийм гэмтэл авсан тохиолдолд ажлаа хийж чадахгүй. Баасан гарагт амралтад явсан бөгөөд мягмар гаригт шүүх эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэсэнд гайхаж байна. Гэрчүүд болсон үйл явдлуудыг, өрөөнд зодоон болоогүй талаар мэдүүлсэн. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Эын өмгөөлөгч П.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн хувьд 2023-2024 онд 2 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Прокурорын тайлбар, дүгнэлт нь хохирогчийн үйл баримтын талаарх мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн тайлбартай зөрчилддөг. Болсон үйл явдлыг прокурор, хохирогч тал өөр өөрөөр тайлбарладаг. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч хохирогч Б.Зын мэдүүлгийг анхаарч, тогтоож асуун, үйл явдлыг дэс дараатай яриулж, зураглал гаргасан. Уг зураглалаас үүдэн анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан. Яллах дүгнэлтэд “205 тоот өрөөнд Б.Э, Г.Э нар Б.Зыг зодож, гэмтэл учруулсан” гэж гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг тодорхойлсон. 205 тоот өрөөнд юу болсон нь хяналтын камер, гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой харагддаг. Тухайн асуудал нь эдгээр хүмүүсийн хооронд хэдхэн минутын хооронд болсон бөгөөд удаан үргэлжлээгүй. Хаалгаар орсон, гарсан бүх цагууд хяналтын камерын бичлэгт бичигдсэн. Олон гэрчийн дунд хэдхэн минутын хооронд болсон салгаж, нийлсэн, зодолдож байгаа гэхээсээ илүү маргалдаж, зууралдаж, цохилцсон үйл явдал бодитой харагддаг. Анхан шатны шүүх хуралдаанд хяналтын камерын бичлэгийг давхар үзэж, “энэ хэн бэ, энэ гэрч хэн бэ” гэж асууж зураглал хийсэн. Прокурорын яллах дүгнэлтдээ тодорхойлсон хэргийн нөхцөл байдал нотлогдож байгаа эсэх дээр анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээн явагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тодорхойлсон нөхцөл байдал нотлогдоогүй. Хохирогчийн мэдүүлэг нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн, мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг гэсэн 3 хэлбэртэй байдаг. Тухайн мэдүүлэг болон зураглал хоорондоо зөрүүтэй. Хохирогчийн мэдүүлэг үндэслэл бүхий, болсон үйл явдалтай таарч байж хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоох ёстой. Хохирогч Б.Зын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн тайлбарлаж буйгаар, хохирогчийн зөрүүтэй мэдүүлэг өгсөн явдалд мөрдөгчийн ажиллагаанд буруу өгч байна. 2 жилийн өмнөөс эхлэн мэдүүлэг авсан бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хохирогч Б.З өмгөөлөгчтэй байсан. Хэрэв тухайн үед мөрдөгч мэдүүлэг авахдаа давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан шиг авсан, дараа нь анхан шатны шүүх хуралдаанд нэмж тайлбарласан гэх байдлаар мөрдөгчийн буруутай үйл ажиллагаа байсан гэж үзсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 2 жилийн хугацаанд бичгээр тайлбар өгөх боломжтой байсан. Хохирогч талаас давж заалдах шатны шүүхэд ийм тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан 7 цагийн хугацаанд үргэлжилж, тайлбарлаж болох бүх нөхцөл байдлыг асууж тодруулан, мэтгэлцэх боломжийг олгосон. Анхан шатны шүүх гэрчүүдийн хэн ч “зодоон болоогүй” гэж мэдүүлээгүй гэдгээр зодсон гэж дүгнэх боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгчээс хохирогч Б.Зыг тайлбар, мэдүүлэг өгөхөд яриаг нь тасалж, ёс зүйгүй байдал гаргасан, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйл болоогүй. Б.З, Г.Э нар хамт байсан, Б.З, Б.Э нар хамт байсан, Б.З, Г.Э, Б.Э нар хамт байсан тохиолдлууд байхгүй, харин камертай газарт, эсхүл гэрчүүдийн дунд байсан. Тухайн үед байсан хүмүүсээс 6 хүн гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг цагаатгагдсан этгээд Б.Э, Г.Э нарын мэдүүлэгтэй тохирдог. Үүгээр цагаатгагдсан этгээд Б.Э, Г.Э нарын мэдүүлэг тогтвортой болох нь харагдаж байна. Харин хохирогч Б.Зын өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо болон гэрчүүдийн мэдүүлгээс зөрүүтэй байдаг. Хохирогч Б.Зын өмгөөлөгч М.Алтанцэцэг “гэрчүүдийн мэдүүлээгүй зүйлээр шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой байсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Прокурор яллах дүгнэлтдээ хохирогч Б.Зын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон. Шинжээчийн дүгнэлтээр нөхцөл байдал тийм байсан байж болно. Гэхдээ үүний шалтгаан, үндэслэл нь цагаатгагдсан этгээд Б.Э болон гэрчүүд “нөхөр нь хардаад асуудал үүсгээд байсан” талаар ярьсан. Цагаатгагдсан этгээд Б.Э “Б.З хувийн байдлын хувьд архи уудаг, ар гэртээ зодоон маргаан ихтэй” гэж ярьдаг. Хохирогч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “би бараг архи уугаагүй, эрүүл байсан” гэж мэдүүлдэг. Хохирогч Б.Зын хамгийн эхний өдөр ажил дээрээ очсон, ажлаа хийж байх үеийн бичлэгүүдийг авч, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нь бодит байдал тул үүнд ажиллагаа хийлгэхээр прокурор, мөрдөгчид удаа дараа хүсэлт гаргаж байсан. Тодорхой цаг хугацааны дараа хохирогч Б.Зын нүүрэнд ямар ч өөрчлөлт байхгүй байсныг прокурор, мөрдөгч тогтоох боломжтой байсан боловч тогтоогоогүй. Прокурор гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт хамааралгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолгүй гэж үзэж яллах дүгнэлтийн үндэслэл болгоогүй. Өмгөөлөгч миний зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэрчүүдийг оролцуулах хүсэлт гаргаж байсан боловч прокурор болон хохирогч талаас гэрчүүдийг асуух шаардлагагүй, хангалттай мэдүүлгүүд авагдсан, хэрэгт ач холбогдолгүй гэж тайлбарлаж байсан. Гэтэл хохирогч Б.Зын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо гэрчүүдийн мэдүүлгийг дурдсан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын үндэслэлдээ гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, хохирогчийн мэдүүлгийн зөрүүтэй байдал, Г.Э, Б.Э нарын мэдүүлгийн тогтвортой байдал зэргийг дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтаар цагаатгагдсан этгээд Б.Эын “нөхөр нь харддаг” гэх мэдүүлэг гэрчүүдийн мэдүүлэгтэй таардаг, 205 тоот өрөөнд хэн орж, гарч байгаа нь цаг, минуттайгаа тодорхой харагддаг. Гэтэл хохирогч Б.З бүгд орж, Б.Эыг ороогүй байхад “дахин дахин орсон” гэж мэдүүлдэг бөгөөд тийм үйл баримт болоогүй. Шүүгч хохирогч талаас “бичлэгт байгаа үйл явдлаас өөр үйл явдал болсон уу” гэж асууж, бичлэгт байгаа үйл явдал болсон эсэхийг тодруулсан. Хэн, хэзээ, хэдэн минутад орж, гарсан нь бичигдсэн байхад цагаатгагдсан этгээд Б.Э нь хохирогч Б.Зыг үсдэж өрөөнөөс гарсан бол, цагаатгагдсан этгээд Б.Э өрөөнд орсон бол мөн л бичигдэх байсан. Коридорт Б.Э, Б.З нарын богино хугацааны маргалдаан болсон, бие биедээ хүрэлцсэн асуудал байдаг бөгөөд үүнийг үгүйсгээгүй. Гэхдээ тухайн үеийн араас нь очсон гэмтэлтэй шинжээчийн дүгнэлт дэх гэмтэл шалтгаант холбоогүй, үүссэн гэж үзэх боломжгүй. Хохирогч Б.З “205 тоот өрөөнд намайг зодсоны улмаас энэ гэмтэл учирсан” гэж тайлбарладаг. Хамтран гаргасан давж заалдах гомдлын үндэслэл анхан шатны шүүх хуралдаанд бүрэн хэлэлцэгдсэн бөгөөд энэ нь холбогдох баримтуудаар нотлогддог. Өмгөөлөгч миний зүгээс удаа дараа хүсэлт гаргахад прокурор хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй тул 205 тоот өрөөнд юу болсон талаар таамагласан ерөнхий дүгнэлтээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Б.Э 205 тоот өрөөнд орж зодоогүй тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх хууль хэрэглээний хувьд ашигтай байдлаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Эын өмгөөлөгч Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон гэж үзэж байна. 6 гэрч нэг зүйл мэдүүлдэг бөгөөд Б.Зыг Б.Э, эсхүл Г.Э зодсон гэж мэдүүлээгүй, энэ нь давхар хяналтын камерын бичлэгээр нотлогддог. Хохирогч Б.З “анхан шатны шүүхэд бичлэг өгсөн боловч байхгүй байсан” гэж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон. Анхан шатны шүүх хуралдаанд бичлэгийг үзэж, дутуу байна гэх асуудал яригдсан. Энэ хэрэгт 3 өмгөөлөгч ажиллагаанд оролцож, хэргийн материалтай бүрэн танилцсан байхад давж заалдах шатны шүүх хуралдаанд ийм тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв 2-3 цагийн бичлэг байсан бол тухайн үедээ гүйцэд шалгагдах байсан. Хохирогч Б.Зын биед зүүн 3 дугаар хавирганы хугарал үүссэн гэдэг бөгөөд зүүн 3 дугаар хавиргыг зүүн талын дээрээсээ 3 дахь хавирга гэж үздэг. Цагаатгагдсан этгээд Б.Э нь хохирогч Б.Зыг ямар байрлалтай байхад өшиглөвөл, эсхүл цохивол энэ гэмтэл учрах вэ. Цагаатгагдсан этгээд Б.Эын зүгээс ямар нэгэн байдлаар гараараа хохирогч Б.Зыг цохиж байгаа үйлдэл харагддаггүй, хөлөөрөө өшиглөж байгаа юм шиг үйлдэл хийгддэг боловч тухайн үйлдэл нь зүүн дээд хавиргыг онох уу гэдэг асуудал анхан шатны шүүх хуралдаанд яригдсан. Энэ асуудалд шүүх гэмт хэргийн шинжгүй болон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх талаар Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокуророос анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэхдээ үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй гэж байгаа боловч шүүх бүх баримтуудыг үнэлэхэд прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон баримтууд үгүйсгэгддэг.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос Б.Эын 2023 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн булаг” амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Зтай маргалдаж, түүний хэвлийн хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “3-р хавирганы хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Г.Эгийн 2023 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн булаг” амралтын газрын 205 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Зтай маргалдаж, түүний нүүр хэсгээр хана мөргүүлэн эрүүл мэндэд нь “хамрын таславчийн хугарал, муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э, Б.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн цагаатгах тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2342 дугаартай “...Б.Зын биед зүүн 3-р хавирганы хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, баруун, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн 3-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1хх 54-55/,
хохирогч Б.Зын: 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрчээр өгсөн “...Тэгээд оройны 22 цагийн үед би 205 тоотод ороод унтаж байхад гаднаас хаалга хүчтэй нүдээд байхаар нь би нээж өгөхөд Г.Э, Б.Э, Р.Э, Д.Б, Г, Ж.Э нар өрөөнд орж ирсэн юм. Би орон дээр хэвтэхэд Г.Э нь над руу хүрж ирээд миний гуян дээр эхэлж алгадаад “ууж, идэх юм зөндөө байна, босооч” гэх зэргээр хэлсэн юм. Тэгэхэд би босох гэж байхад Б.Э над руу ирээд үснээс зулгаасан юм. Тэгэхэд Д.Б Б.Эыг түлхээд болиулсан. Тэгэхэд Г.Э хажуугаас нь намайг дахиж үсдээд өрөөнөөс гаргаад хаалганы харалдаа хана мөргүүлсэн юм. Хана мөргөхөд би газарт унаагүй бөгөөд Б.Э намайг дахин алгадаад, цээжний хэсэг рүү 1 удаа жийсэн юм. Тэгэхэд нь би доошоо тонгойсон байхад дахин 3-4 удаа цээж рүү өшиглөсөн юм. Г.Э хажуугаас нь алгадаж, цээж рүү 1 удаа өшиглөсөн. Тэрний дараа Ж.Э нь болж байсан асуудлыг харж байгаад Б.Эыг надаас холдуулсан юм. Тэгээд 207, 208 тоот өрөөний харалдаа коридорт дахин маргалдаж байхад Г.Т эмч бид нарыг зохицуулаад намайг 205 тоот өрөөнд оруулсан. 15-20 минутын дараагаар Б.Э, Г.Э, Р.Э 3 гаднаас орж ирсэн юм. Тэр гурав орж ирчихээд Б.Э дахиж надтай хэрүүл хийгээд намайг бас надтай үсдэлцэж, өшиглөсөн зүйл болсон. Тэр үед намайг Б.Э нь үсдэж доошоо дарж байгаад нүүр лүү 2-3 удаа өвдөглөсөн юм. Тухайн асуудлууд нь оройны 22 цагаас 01 цагийн хооронд болсон юм...” /1хх 26-27/ гэсэн,
2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн “...Г.Э, Б.Э, Р.Э, Д.Б, Г, Ж.Э нар өрөөнд орж ирсэн юм. Тэгэхэд би босох гэж байхад Б.Э нь хажууд байж байгаад “Чамайг хурдан бос гэж байна, яахаараа энэ өрөөнд орж ирдэг юм, энэ өрөөнд байгаагаа хэлэхгүй яасан юм, ууж идэх юм байна, гаръя” гэж хэлж байгаад над руу ирээд үснээс зулгаасан юм. ...Тэгэхэд Г.Э хажуугаас нь намайг дахиж үстээд өрөөнөөс гаргасан юм. Г.Э нь намайг үстсэн байдалтайгаа хаалганы харалдаа хэсэгт нүүрний урд хэсгээр эгц байдалтай хана мөргүүлсэн юм. Хана мөргөхөд би газарт унаагүй бөгөөд Б.Э намайг дахин алгадаад, цээжний хэсэг рүү 1 удаа жийсэн юм. Тэгэхэд нь би доошоо тонгойсон байхад Б.Э нь дахин 3-4 удаа цээж рүү өшиглөсөн юм. Г.Э хажуугаас нь нүүр лүү алгадаж, цээж рүү 1 удаа өшиглөсөн... Б.Э, Г.Э нар нь өрөөнд дахин орж ирсэн. Б.Э намайг нэг удаа өшиглөөд үргэлжлүүлэн дайрч коридорт үстэлцээд зууралдсан зүйл гарсан. Тэгэхэд Б.Э миний цээжний хэсэгт барьцалдаж байх үед хэдэн удаа өшиглөж, Б.Э цаана байж байгаад дахиж ирж намайг үстэж орноос зодсон юм. Би тэр өдөр зодуулсан асуудлаас болж эмнэлгээр явж үзүүлэхэд зүүн талын дээд 3 хавирга цуурсан, хамрын баруун талд таславч мурийж шинэ хугарал гэмтлүүд үүссэн байна. Миний хэвлий цээжний хэсгүүдээр их хөндүүртэй, хөдлөхөд их өвдөж байгаа. Намайг тэр орой Б.Э болон Г.Э нар нь зодож тухайн гэмтлүүдийг үүсгэсэн юм. Хамгийн их над руу дайрч цохиж зодсон хүн нь Б.Э байсан. Б.Э нь өрөөнд болон коридорт маргалдах үед миний цээжний хэсэгт олон удаа өшиглөсөн. Г.Э нь намайг үстэж хана мөргүүлсэн, дараа нь дахин үстэж хэвлий рүү нэг удаа өшиглөсөн зүйл болсон. Хэн хэн нь ээлжилж үстэж зулгаасан асуудал ч гаргасан...” /1хх 19-20/ гэсэн,
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...205 дугаартай өрөөнд ороод унтаж байхад хаалга нүдээд байхаар нь онгойлготол “Чи яагаад энэ өрөөнд орсноо хэлдэггүй юм” гэсэн. Би “унтмаар байна” гээд хөнжлөө нөмрөөд хэвттэл Г.Э гуян дээр алгадаад “Ууж идэх юм зөндөө байна, чи яахаараа ингэдэг юм” гэхээр нь “Би унтмаар байна” гэтэл Б.Э үснээс зулгааж, орноос унагаж, дэвсэж өшиглөж байсан. Би гармааргүй байна гэсэн боловч Г.Э, Б.Э хоёул намайг босгож Г.Э хана мөргүүлж, хаалга мөргүүлж цаашаа савж гаргачхаад “Яахаараа өөдөөс ингэж сөргөлддөг юм. Ууж ид гэж байна чамайг, чи одоо юу юм” гэх зэргээр намайг элдвээр хэлж доромжилсон. Коридорт алгадаж, үсдэж, өшиглөж аль аль нь зодсон. ...Намайг унтаад байж байхад өрөөнд орж ирчихээд Г.Э хана мөргүүлж хаалга савуулж гэмтэл учруулсан. Тэгэхэд өрөөнд Г.Э, Б.Э нар л байсан. Р.Э 2 дахь удаад нь өрөөнд Г.Этай орж ирсэн. Эхлээд Г.Э, Б.Э нар орж ирсэн. Цаад буланд хүртэл намайг алгадаж байгаа бичлэг нь хүртэл байгаа. Өрөөнд олон удаа өрөөнөөс гарсангүй гэж хүчирхийлж гаргаж байгаа юм. Б.Э 205 дугаар өрөөнд орноос унагаачихаад дэвсэж өшиглөж, өрөөнөөс гарсны дараа үүдний хэсгээр чирч, 207 дугаар өрөөнд хүртэл өшиглөсөн...” /2хх 189-190/ гэсэн тус тус мэдүүлгүүд өгчээ.
Анхан шатны шүүх “...шинжээчийн дүгнэлт, түүнийг гаргасан шинжээч эмчийн өгсөн мэдүүлгээр хохирогчид дээрх гэмтэл учирсан, энэ нь хөнгөн зэргийн гэмтэл болохыг нотолж, тогтоосон байх боловч энэ гэмтлийг хэн, хэзээ учруулсан болохыг нотлохгүй. Хохирогчид учирсан дээрх гэмтлийг хэн, хэзээ учруулсан талаар өөр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг цагаатгажээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх тус амралтын газрын коридорын камерын бичлэгт дүгнэлт хийсэн байх боловч камерын бичлэггүй өрөөнд хохирогчийг зодсон асуудалд хэрхэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, энэ талаар өгсөн хохирогчийн мэдүүлгийг ямар нотлох баримтаар хэрхэн няцаан үгүйсгэснээ заагаагүй нь хуульд нийцээгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, цагаатгагдсан этгээд Б.Э, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгаж тодруулсан байна.
Харин анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахдаа нотлох баримтын агуулга, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж, 1.3 дахь заалтад “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” гэж, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д тус тус зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Прокурорын эсэргүүцэл, хохирогч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсныг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/603 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар эсэргүүцэл, хохирогч Б.З, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.
2. Шүүгдэгч Б.Э, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР