Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 407

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Э.Халиун;

шүүгдэгч: Д.Жавхлан (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дашдоржийн Жавхланд холбогдох эрүүгийн 1809011180376 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Монголиан персонал трейнерс” ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр ажилладаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ШБ78071477 регистерийн дугаартай, Боржигон овогт Дашдоржийн Жавхлан.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Жавхлан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хооронд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэсгэрт байрлах “Турнинг пойнт” ресторанд үйлчлүүлж байхдаа хохирогч Л.Бямбажавыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний биед тархи доргилт, хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Жавхлан мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бямбажав /хх-ийн 5, 13-14/, гэрч Б.Хулан /хх-ийн 6/, Д.Бямбаханд /хх-ийн 15/, Н.Баярхүү /хх-ийн 16/, М.Манлайбаатар /хх-ийн 17/, М.Мөнхжаргал /хх-ийн 18/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2928 тоот дүгнэлт /хх-ийн 20/, Д.Жавхлангийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30-34/, хохирлын баримтууд /хх-ийн 38-39/, хохирол төлсөн баримт /хх-ийн 35/, Л.Бямбажавын хүсэлт /хх-ийн 44/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Жавхлан нь 2018 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах “Турнинг пойнт” ресторанд үйлчлүүлж байхдаа тус байгууллагын ажилтан Л.Бямбажавын “ресторан хаасан тул пиво зарахгүй” гэсэн шаардлагыг үл тоож, хэрүүл маргаан үүсгэн, улмаар Л.Бямбажавыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Л.Бямбажавын /хх-ийн 13/: “... Би 2018 оны 02 дугаар сарын 24-ний шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Турнинг пойнт” ресторанд ажлын байрандаа байх үед үл таних согтуу залуу манай ажилтан Хулантай маргалдсан. Хулан түүнд “манайх хаалгаа барьж байна, одоо таньд үйлчлэхгүй, манайх хаачихсан байна” гэж хэлсэн. Жавхлан гэгч нь “чи юу юм бэ, яахаараа надад пиво зардаггүй юм” гээд агсарч эхэлсэн. Хулан “та ямар сонин юм бэ, угаасаа таньд пиво өгөх боломжгүй” гэсэн. Түс хийх чимээ гарахаар нь би Хулан руу харсан чинь гараараа нүүрээ халхалсан байдалтай зогсож байсан. Би очоод “юу болж байна, чи яаж байгаа юм бэ, гараач” гэж Жавхланд хэлсэн чинь шууд миний хамар руу гараараа цохьсон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Хулангийн /хх-ийн 6/: “... 2018 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 03 цагийн орчим “Турнинг пойнт” ресторанд ажлаа хийж байхад манайхаар үйлчлүүлж байсан үл таних залууд “манайх хааж байна, та одоо гарчих” гэсэн шаардлага тавихад манай касс ажилтай Бямбажав эгчтэй маргалдаж байгаад түүний нүүр рүү нь цохисон. Мөн текны дэргэд байсан сандлыг авч тек рүү шидсэн. Тэгээд бид цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Бямбахандын /хх-ийн 15/: “... 2018 оны 02 дугаар сарын 24-ний шөнө ”Турнинг пойнт” рестораны ажлын байраа хаах цаг болж бүх хүмүүс гараад явчихсан байсан. Гэтэл нэг согтуу ах ганцаараа үлдээд гарахгүй пиво нэхээд байсан. Хулан эгч “манайх хааж байна, таньд үйлчлэхгүй” гэж хэлж байсан. Тэр согтуу залуу “гичий” гэх зэргээр хараагаад байсан. Тэр согтуу залуу Бямбажав эгчийн хамар руу нь цохичихсон. Бямбажав эгчийн хамараас цус гараад би гадаа гарч цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Баярхүүгийн /хх-ийн 16/: “... 2018 оны 02 дугаар сарын 24-ний шөнө Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутагт байрлах “Турнинг пойнт” кафед ажлаа хийж байх үед нэг залуу задгай пиво захиалсан. Хаах цаг болоход тэр үйлчлүүлэгч ганцаараа үлдсэн. Би гадагшаа гараад тамхинд яваад 15 минутын дараа эргээд  ирсэн чинь гадаа нэг ах, Хулан, Бека нар гадаа хаалга татчихсан зогсож байсан. Хулан эгч “наад хаалгаа сайн татаарай, наадах чинь гараад зугтаана шүү” гэсэн. ...Бямбажав эгчийн нүүр гар нь цус болчихсон, хамараа гараараа дараад зогсож байсан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Жавхлангийн буруутай үйлдлийн улмаас Л.Бямбажавын биед “тархи доргилт, хамар яс, хамрын таславчын хугарал, мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2928 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж улмаар түүнийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгч хохирогчийг зодож байхыг тухайн үйл явдлыг харсан хүмүүс гэрчилж мэдүүлсэн, хохирогч шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Д.Жавхлангийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Жавхлангийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Д.Жавхлан гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Л.Бямбажавт 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дашдоржийн Жавхланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жавхланг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жавхланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ