Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/1256

 

 

 

 

 

    2024           11              21                                       2024/ДШМ/1256

 

Э.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Э.Уэ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/626 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Уэ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Уэд холбогдох эрүүгийн 2411 00000 0818 дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Уэ нь 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15:10 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвийн 2 давхрын “Nice Store” гар утас худалдааны төвд хохирогч Б.Соос “Iphone 15 pro max”, “Iphone 14 pro” загварын 2 ширхэг гар утаснуудыг худалдан авч, мөнгө шилжүүлсэн гэх хуулга үзүүлэн хохирогч Б.Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж бусдын эд зүйлийг шилжүүлэн авч, 6.900.000 төгрөгийн хохирол,

2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел” гар утас худалдааны төвийн “Түгээмэл” нэртэй дэлгүүрийн лангуунаас иргэн Г.Дгийн эзэмшлийн “Iphone 13 pro max” загварын гар утсыг худалдан авна гэж “гүйлгээ амжилттай” гэх хуурамч банкны дансны гүйлгээ үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.150.000 төгрөгийн хохирол,

2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвийн 25/1 дүгээр лангуунаас хохирогч Д.Аийн “Iphone 15” загварын гар утсыг худалдан авахаар тохиролцож, “гүйлгээ амжилттай” гэх банкны дансны гүйлгээ үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, гар утсыг шилжүүлэн авч 3.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Уэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уэд оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Уээс 12.250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ст 6.900.000 төгрөгийг, хохирогч Г.Дд 2.150.000 төгрөгийг, хохирогч Д.Ат 3.200.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Э.Уэ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Уэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ст 6.900.000 төгрөгийн, хохирогч Г.Дд 2.150.000 төгрөгийн, хохирогч Д.Ат 3.200.000 төгрөгийн, нийт 12.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг зөвшөөрч байна. Хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял оноож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Уийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд “Э.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сарын хугацаагаар хорих ял оноож шийдвэрлэсэн”-ийг зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Учир нь:

1. Э.Уэ өөрийнх нь үйлдлийг зүйлчилсэн зүйл ангийг болон бусдад хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

2. Шийтгэх тогтоолд “Э.Уээс 12.250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ст 6.900.000 төгрөг, хохирогч Г.Дд 2.150.000 төгрөг, хохирогч Б.Ат 3.200.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол төлөхтэй холбогдуулан 5 хоногийн завсарлага авсан боловч хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Уийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Э.Уэ нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгох ялыг биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Уэд хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Уэ нь 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15:10 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвийн 2 давхрын “Nice Store” гар утас худалдааны төвд хохирогч Б.Соос “Iphone 15 pro max”, “Iphone 14 pro” загварын 2 ширхэг гар утаснуудыг худалдан авч, мөнгө шилжүүлсэн гэх хуулга үзүүлж хохирогч Б.Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж бусдын эд зүйлийг шилжүүлэн авч, 6.900.000 төгрөгийн хохирол,

2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел” гар утас худалдааны төвийн “Түгээмэл” нэртэй дэлгүүрийн лангуунаас иргэн Г.Дгийн эзэмшлийн “Iphone 13 pro max” загварын гар утсыг худалдан авна гэж “гүйлгээ амжилттай” гэх хуурамч банкны дансны гүйлгээ үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.150.000 төгрөгийн хохирол,

2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвийн 25/1 дүгээр лангуунаас хохирогч Д.Аийн “Iphone 15” загварын гар утсыг худалдан авахаар тохиролцож, “гүйлгээ амжилттай” гэх банкны дансны гүйлгээ үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, гар утсыг шилжүүлэн авч 3.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Э.Уийн яллагдагчаар өгсөн: “..Надад нийт цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа 4 үйлдэл байгаа. Эхнийх нь 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Монетэл” худалдааны төвөөс “Iphone 13 pro max” загварын гар утас, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Теди” худалдааны төвөөс “Iphone 15 pro” загварын гар утас, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Орон зай” худалдааны төвөөс “Iphone 15 pro max”, “Iphone 14 pro” загварын гар утаснууд, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Теди” худалдааны төвөөс “Iphone 15 pro max”, “Iphone 15 pro” загварын гар утаснуудыг тус тус “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн хуурамч дансны хуулга харуулаад утсыг нь аваад явдаг юм. Сүүлийн үйлдэл дээрээ баригдаад авсан хоёр утсаа шууд буцаасан. Би өөрийн учруулсан хохирлыг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бүрэн барагдуулж дуусгах болно...” /хх 135/ гэсэн,

хохирогч Б.Сын: ”...Өнөөдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед дэлгүүр дээрээ сууж байтал 30 орчим насны залуу ирээд “Iphone 14, 15 утас үзье” гээд лангуун доороос “Iphone 15 pro max” болон “Iphone 14 pro” загварын утаснууд үзсэн. Тэгээд уг утаснуудыг үзэж байгаад “...хөдөө явуулах гэж байгаа юм, 14 pro утсыг нь ямар ч хамаагүй хайрцагт хийгээд өгчих, дансны дугаар чинь, эхнэр лүүгээ явуулах гэсэн юм” гэж асуугаад би цаасан дээр бичсэн дансны дугаараа үзүүлсэн. Мөн “гадаа машинд хүүхэд байгаа, зам дээр машинаа тавьчихсан, хүүхэдтэй машин арай ачихгүй биз дээ” гэсэн утгатай зүйл яриад байсан. Тэгж байснаа “ариун цэврийн өрөө хаана байдаг вэ” гэж асууж заалгаад “бие засчихаад ирье, утаснуудаа авч явахад бэлдэж байгаарай” гэхчихээд гараад явсан. Тэгээд удалгүй орж ирээд 2 утас хайрцаг саванд хийлгэж баталгааны хуудас бичүүлж аваад утсан дээрээ “гүйлгээ амжилттай” гэсэн мессеж үзүүлээд нөгөө 2 утсаа аваад шууд гараад явчихсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар интернэт банк руугаа орсон чинь гүйлгээ хийгдээгүй байсан. Ингээд араас нь гарсан чинь аль хэдийн алга болчихсон байсан...” /хх 9/ гэсэн,

хохирогч Г.Дгийн: “...өнөөдөр 10 цагийн орчим ажил дээрээ ирээд, 14 цаг болж байхад гаднаас үл таних 170-175 см өндөртэй, туранхай биетэй бор царайтай, бор өнгийн нүдний шил зүүсэн, хар өнгийн амны хаалттай, хар өнгийн савхин хүрэм, дотор талд нь поло захтай саарал өнгийн цамцтай, доогуураа хөх өнгийн жинсин өмд өмссөн эрэгтэй хүн манай лангуун дээр ирээд 2.800.000 төгрөгт таарах утас байгаа юу гэж асуусан, манайд хэлсэн мөнгөн дүнд таарах утас байхгүй байсан тул байхгүй гэдгийг хэлсэн бөгөөд манай лангуун дээр 2.150.000 төгрөгийн үнэтэй “Samsung Z Fold 4” маркийн утас байгаа, 2.300.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 13 pro max” гар утас байгаа талаар хэлэхэд тэр залуу утсаа чихэн дээрээ бариад “одоо гарлаа” гээд ярьж байсан. Тэгээд “гарчихаад ирнэ” гээд гарсан, ойролцоогоор 15 орчим минут болоод буцаж ирээд “Iphone 13 pro max маркийн гар утсыг чинь үзье” гээд үзсэн, өөр өнгө байгаа талаар асуухаар нь цагаан өнгө байна гэж хэлээд лангуунаасаа гаргаж өгсөн чинь “энийг авна, наалтыг нь нааж байгаарай” гээд 2 минут орчим гарчихаад ирсэн. Тэгээд утсыг аваад “дансаа” гээд миний дансыг асуугаад утсаа оролдож зогсож байгаад “хийчихсэн шүү” гэж хэлээд утсаа хальт эргүүлж харуулаад цаашаа гүйгээд алга болсон. Тэгээд би араас нь гүйгээд гарахад байхгүй болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” /хх 64-65/ гэсэн,

хохирогч Д.Аийн: “..2024 оны 5 дугаар сарын 17-ны 16 цаг 50 минутын орчимд “Теди” худалдааны төвийн 2 давхарт байрлах 25/1 тоот лангуун дээр гар утас зарах болон худалдаа хийгээд байж байтал хар өнгийн биеийн тамирын хувцастай, цагаан өнгийн нэг зураастай канттай хар өнгийн саравчтай малгайтай, хүрэндүү шилтэй 165-175 см орчим өндөртэй нэг залуу орж ирээд “өчигдрийн үзэж байсан гар утсаа авмаар байна” гэж хэлхээр нь би гар утсаа гаргаж ирээд үзүүлсэн. Тэгээд би нэг их удалгүй тухайн залууд бэлдэж өгсөн. Тэгээд тэр залуу надад “мөнгө орж ирэхийг хүлээж байна” гэж хэлээд 2 орчим минут болоод надаас дансны дугаар аваад “гүйлгээ амжилттай” гэсэн утга бүхий хуулга хальт харуулаад гүйгээд гараад явсан. Тэгээд би дансаа шалгаад үзтэл мөнгө орж ирээгүй байсан. Тухайн үед араас нь гарч гүйгээд нөгөө залууг олж хараагүй. Миний алдсан гэх гар утас “Iphone 15 pro” загварын гар утас байгаа юм...” /хх 101-102/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Iphone 15 pro max 4.400.000 төгрөг, Iphone 14 pro 2.500.000 төгрөг, нийт 6.900.000 төгрөг” /хх 24-31/ гэсэн,

2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Iphone 15 3.200.000 төгрөг” /хх 115-119/ гэсэн,

2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Iphone 13 pro max 2.150.000 төгрөг” /хх 73-76/ гэсэн дүгнэлтүүд,

2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-40/,

2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Э.Уийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 41-44/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 70-71/,

2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 107-109/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.Уийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Уийн хохирогч Б.С, Д.А, Г.Д нарт утасныхаа дэлгэцэн дээр цахимаар мөнгө шилжүүлсэн гэх хуулга үзүүлэн 4 гар утас шилжүүлэн авч, нийт 12.225.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Э.Уэ “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Э.Уийн өмгөөлөгч С.Оюунцэцэг “....Э.Уэ нь өөрийнх нь үйлдлийг зүйлчилсэн зүйл ангийг болон бусдад хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн тус тус давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Шүүгдэгч Э.Уийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.С, Д.А, Г.Д нарт 12.225.000 төгрөгийг төлсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уийг 568 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Уийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 11 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж тооцон, түүнийг нэн даруй суллахаар тогтоов.

Иймд шүүгдэгч Э.Уэ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/626 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Шүүгдэгч Э.Уэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уийг 568 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уийн цагдан хоригдсон 71 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, түүнийг 568 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, Э.Уийг нэн даруй сулласугай.” гэсэн,

“Шүүгдэгч Э.Уэ нь хохирогч Б.Ст 6.900.000 төгрөг, хохирогч Г.Дд 2.150.000 төгрөг, Д.Ат 3.200.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.” гэсэн тус тус нэмэлт заалтууд оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Уэ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР