| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00484/И |
| Дугаар | 301/ШШ2025/00470 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 301/ШШ2025/00470
| 2025 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 301/ШШ2025/00470 | Архангай аймаг |
|
|
301/ШШ2025/00470 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Б сумын ..... багт оршин суух хаягтай, Ч овогт Бгийн Э /ИБД:............../-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б-Ээ нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Э нь шүүхэд А аймгийн Б сумын Хийн ангид 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, А аймгийн Б сумын “Б” эд хэрэглээний хоршоонд 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э 1968 онд төрсөн. А аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуульд 1986 онд 10 дугаар ангиа төгсөж, Завхан аймгийн техник мэргэжлийн сургуульд 1 жилийн хугацаанд суралцаж, 1987 оны 06 сард төгсөж, А аймгийн Хийн удирдах газарт хувиарлагдаж байсан. А аймгийн Б сумын Хийн ангид 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байгаад Хийн анги тарсны дараа Б эд хэрэглээний хоршоонд хувиарлагдан 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ олохгүй, байгаа бөгөөд ажиллаж байсан талаарх баримтыг А аймгийн Аын тасгаас шүүлгэж үзэхэд орсон гарсан тушаал нь гарахгүй байна. Нийгмийн даатгалын байгууллага намайг улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн тул миний бие өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд Б.Э миний А аймгийн Б сумын Хийн ангид 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, А аймгийн Б сумын Б эд хэрэглээний хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү.
Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн Аын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 459 тоот тодорхойлолт,
- Хийн удирдах газрын даргын 1988 оны 02 сарын 08-ны өдрийн 11 дугаартай тушаал, хавсралтын хамт
- А аймгийн Хийн удирдах газрын даргын 1989 оны 12 сарын 02-ны өдрийн 106 дугаартай тушаал хавсралт
Шүүхээс Хүсэлт гаргагч Б.Эын хүсэлтээр С.Ж, Б.Ж нараас авсан гэрчийн мэдүүлэг,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- Б.Э нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1996 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан болно гэх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 сарын 05-ны өдрийн 01/324 дугаартай албан бичиг,
- Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын А аймгийн Б сумын бүртгэлээс Бгийн Эад холбогдох хүн ам тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагааг гаргах боломжгүй гэсэн 2025 оны 07 сарын 03-ны өдрийн 02/744 дугаартай албан бичиг,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б.Эын ХААТР-1, ХААТР-15 маягт, хаягийн хуудас
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Э нь А аймгийн Б сумын Хийн ангид 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, А аймгийн Б сумын “Б” эд хэрэглээний хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байна.
Хүсэлт гаргагч Б.Э нь ажиллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг ханган өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.
Б.Э нь А аймгийн И сумын Хийн ангид 1989 оны 07 сарын 10-ны өдрөөс 1994 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл тогоочоор хүртэл ажиллаж байсан болох нь А аймгийн Аын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн А аймгийн Хийн удирдах газрын даргын 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1987 оны жилийн ажлын үр дүнг дүгнэх тухай 11 дугаартай тушаал, түүний хавсралтад Б сум Э гэсэн, А аймгийн Хийн удирдах газрын даргын 1989 оны 12 сарын 02-ны өдрийн “...Үндсэн хөрөнгө, эд хогшлын жилийн эцсийн тооллого явуулах” тухай тушаал, түүний хавсралтад Бараа хангамжийн хэлтсийн аж ахуй, Б.Э гэсэн, А аймгийн Б сум Бгийн Э Хийн ангид худалдагч ажилд орсон он 1987 он гэж бичигдсэн, ХААТР-1 маягт, А аймгийн Б сум, Бгийн Э Хийн анги кассчин гэсэн ХААТР-15 маягт, А аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 07 сарын 05-ны өдрийн 01/324 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Эын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.Жы “...Би А аймгийн Б сумын Пионерын зам нэгдэлд 1983-1985, 1990-1991 онуудад нярав, чанар тордлогын цехийн эрхлэгчээр, 1985-1990 оны 04 сар хүртэл Б сумын Хийн ангид манаач, туслах ажилчнаар ажиллаж байгаад 2019 онд тэтгэвэрт гарсан. А Б сумын Хийн ангид манаач, туслах ажилчнаар ажиллаж байх хугацаанд буюу 1987 оны 07 сарын үед Б.Э худалдагчаар ажилд орж байсан. Хийн анги тарснаас хойш буюу 1992 оноос Б хоршоонд худалдагчаар 1995 он хүртэл ажилласан. Дээрх хугацаанд өөр ажил болон өөр газар шилжин ажиллаж байгаагүй. Би А аймгийн Б сумын Хийн ангид манаачаар ажиллаж байсан болохоор Б.Эыг А аймгийн Б сумын Хийн ангид тасралтгүй ажиллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Жы “...Би 1982 оноос 1985 оныг дуустал А аймгийн Б сумын Хийн ангид соёлын барааны худалдагчаар, 1989-1991 оны хугацаанд аж үйлдвэрийн барааны худалдагчаар, 1991 оны 04 сараас 1992 оны 02 сар хүртэл тус сумын Б хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2017 онд тэтгэвэрт гарсан. Б.Эын хувьд 1987 онд Б сумын Хийн ангид худалдагчаар ажилд ороод ажилд ороод Хийн анги тарснаас хойш буюу 1992 оноос Б хоршоонд худалдагчаар 1995 он хүртэл ажилласан санагдаж байна. Энэ хугацаанд өөр ажил хийж байгаагүй. Би А аймгийн Б сумын Хийн ангид худалдагчаар ажиллаж байсан болохоор Б.Эыг А аймгийн Б сумын Хийн анги болон Б эд хэрэглээний хоршоонд 1987-1995 оныг хүртэл хугацаанд тасралтгүй ажиллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Эыг А аймгийн Б сумын Хийн ангид 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, А аймгийн Б сумын “Б” эд хэрэглээний хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Ч овогт Бгийн Э /ИБД:.........../-ын А аймгийн Б сумын Хийн ангид 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, А аймгийн Б сумын “Б” эд хэрэглээний хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР