| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2405027240624 |
| Дугаар | 2024/ДШМ/1257 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ДШМ/1257
2024 11 21 2024/ДШМ/1257
Р.Зд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Р.З, түүний өмгөөлөгч Б.Сарнай,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/768 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Згийн өмгөөлөгч Б.Сарнайгийн гаргасан давж заалдах гомдлоор Р.Зд холбогдох эрүүгийн 2405 02724 0624 дүгээр хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Р.З нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, “Шинэ хотхон”-ы замд “Lexus HS250” маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас Р.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Р.Зг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн ... согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Згийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, түүнийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Р.З шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Р.Зд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Р.З бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг СD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Р.Згийн өмгөөлөгч Б.Сарнай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.З өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж, анхны мэдүүлгээс эхлэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт тохирох хариуцлагыг хүлээхээ илэрхийлж байсан. Мөн улсын яллагчаас Р.Згийн хийсэн үйлдэлд тохируулан яллахдаа нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэмшиж байгааг харгалзан тохирох ялыг буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай санал гаргасан гэж үзэж байна. Гэвч анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг харгалзан үзэлгүй, хувийн байдлыг тодорхойлж байна гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь тус заалтыг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлаа илэрхийлсэн шүүгдэгчийн мэдүүлгүүд /хх 60/, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Баянгол дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (охины хамт амьдардаг гэдгийг нотолсон) /хх 11/, Зэвсэгт хүчний ... дугаар ангийн 2024 оны 7 дугаар сарын 26 өдрийн ажлын байдлыг тодорхойлсон тодорхойлолт /хх 12/, Згийн Ц охины төрсний гэрчилгээний хуулбар 5 настай охинтойг нотолсон баримт /хх 13/, Н.Х-ийн гэрчээр “...баталгаатай, гэхдээ одоо салгаагүй байгаа. Гэхдээ бид хоёр одоо тусдаа амьдардаг.” “...Би гадагшаа сургуульд явчих болохоор охиноо асрах боломжгүй.” гэж өгсөн мэдүүлэг /хх 36/, Б.Г-н гэрчээр “З хэнтэй амьдардаг вэ гэхэд... хүүхэдтэйгээ амьдардаг” гэсэн мэдүүлэг /хх 38/ зэрэг нотлох баримтууд, шүүгдэгч төрийн байгууллагад ажилладаг бөгөөд орлогын эх үүсвэр, цалингийн орлого гэдэг нь харагдаж байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа удаа дараа илэрхийлсэн, Засаг даргын тодорхойлолтоор охины хамт амьдардаг, охиныхоо асран хамгаалагч гэдэг нь, Н.Х-ийн мэдүүлгээр, шүүгдэгч охиноо асран хамгаалдаг бөгөөд ээж нь гадагшаа явж байгаа тул өөр асран хамгаалах хүн байхгүй гэдгийг, З.Ц-ын төрсний гэрчилгээгээр охин 5 настай гэдгийг, Б.Г-ийн мэдүүлгээр охинтойгоо амьдардаг, ажлаа сайн хийдэг бөгөөд хувийн байдал нь сайн гэдэг нь нотлогдож байна. Гэвч шүүхээс 3 жилээр жолоодох эрхийг хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь улсын яллагчаас 1 жилээр жолоодох эрхийг хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, 5 настай охиноо асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлаар ял оногдуулсанд гомдолтой байна. Одоо хийж буй ажлаа хийх боломжгүй, цалин авч гэр бүлээ буюу охиноо тэжээн тэтгэх боломж хязгаарлагдаж байх тул дээрх нөхцөл байдлыг болон нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Р.З тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Р.З нь ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхэдтэй тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.З нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, “Шинэ хотхон”-ы замд “Lexus HS250” маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь:
Шүүгдэгч Р.Згийн “... би 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэртээ амарч байсан. Тэгээд 22 цагийн үед хүнтэй хоол идэхээр гэрээс гарахдаа охиноо ээж дээр нь аваачиж өгчихөөд охины ээжээс машиныг нь гуйж авсан. Модны 2 руу яваад хүнтэй уулзаж, хоол идчихээд 2 шил пиво уусан. Модны 2 өгсөөд машин угаалгах гээд явж байтал цагдаа зогсоосон. Тэгээд намайг “драгер багаж үлээ” гэхээр нь би “үлээхгүй” гэсэн. Би өмнө нь бас жолооны эрхээ хасуулчихсан байсан болохоор цагдаагаас айгаад драгер багаж “үлээхгүй” гэсэн. Тэгээд намайг цагдаа авч яваад эрүүлжүүлэх байранд хийсэн” /хх 60/ гэсэн мэдүүлэг,
хяналтын камерын “...Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, “Шинэ хотхон”-ы замд 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Lexus HS250” маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Р.З нь цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй драгер багаж үлээхгүй байгааг харуулсан цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт 14 цаг 30 минутад үзлэгийг эхлүүлэв ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 65-66/,
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “...драгер багажаар үлээж шалгуулахаас зайлсхийсэн...” гэсэн тэмдэглэл /хх 3/,
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх 6/,
2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 44/,
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэлийн хуудас /хх 52/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Р.Зг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Р.Згийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар автомашин жолоодож, улмаар эрх бүхий албан тушаалтны шаардлагыг биелүүлэхгүй буюу драгер багажаар шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Р.Згийн өмгөөлөгч Б.Сарнай “...шүүгдэгч төрийн байгууллагад ажилладаг бөгөөд орлогын эх үүсвэр нь цалингийн орлого гэдэг нь харагдаж байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа удаа дараа илэрхийлсэн, Засаг даргын тодорхойлолтоор охины хамт амьдардаг, охиныхоо асран хамгаалагч гэдэг нь, Н.Х-ийн мэдүүлгээр шүүгдэгч охиноо асран хамгаалдаг бөгөөд ээж нь гадагшаа явж байгаа тул өөр асран хамгаалах хүн байхгүй гэдгийг, З.Ц-ын төрсний гэрчилгээгээр охин 5 настай гэдгийг, Б.Г-ийн мэдүүлгээр охинтойгоо амьдардаг, ажлаа сайн хийдэг бөгөөд хувийн байдал нь сайн гэдэг нь нотлогдож байна. Иймд 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан 3 ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан нь үндэслэлтэй байх боловч нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн дээд хэмжээгээр оногдуулсан талаарх үндэслэлээ заагаагүй байна.
Шүүгдэгч Р.Згийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Зг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Згийн өмгөөлөгч Б.Сарнайгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/768 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Згийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, түүнийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Згийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, түүнийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтын “Шүүгдэгч Р.З шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй” гэснийг “Шүүгдэгч Р.З шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Згийн өмгөөлөгч Б.Сарнайгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР