| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунсүхийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0478/З |
| Дугаар | 128/ШШ2026/0570 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2026/0570
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Г******* ХХК.
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Т.*******, Б.******* нар.
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******, хариуцагч Т.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Татварын улсын байцаагчид татварын хэрэг, маргааныг харьяаллын дагуу шалгаж тогтоосон Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1229 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байхад нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байх эрх зүйн үндсэн зарчимд халдаж, эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль бусаар шалгасан.
1.2.Мөн хуулийн тодорхой байх зарчим, хуулиар зөвшөөрөөгүй бүхнийг хориглоно гэсэн захиргааны эрх зүйн үндсэн зарчим, хуульд үндэслэх, шуурхай, тасралтгүй байх захиргааны үйл ажиллагааны зарчимд тус тус халдаж, тухайн тохиолдолд хэрэглэгдэхгүй хуулийн заалтын үгийн шууд утгыг өөрийн үйл ажиллагаанд хууль бус давуу байдал тогтоох зорилгоор маш буруугаар гуйвуулан хэрэглэж (ТЕХ 15.4), акт тавих хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хууль бус үйлдлээ уг заалтыг үргэлжлүүлэн зохиох замаар тасалдсан тул шинээр тоолно, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтыг үнэлж дүгнэхгүй, тухайн тогтоогдсон зүйлээр илүү өргөн хүрээнд хариуцлага хүлээлгэдэг эрх хэмжээтэй байгууллагын шийдвэр хүчинтэй байхад нэг зүйлийг давхар өөрөөр, үргэлжлүүлэн нотолж тогтоон акт тавьж буй нь маш ноцтойгоор эрх хэмжээгээр хэтрүүлж, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан.
1.3.Монгол Улсад хуулийн эрх бүхий байгууллагын гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Эрүүгийн хуулийн 18.3 дахь хэсэгт зааснаар их хэмжээний татвар ногдох орлого... нуусан буюу уг их хэмжээний хохиролтой татварын хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь тус хуулиар эрх олгогдсон харьяа хуулийн байгууллагуудын бүрэн эрхийн асуудал байна.
1.4.Татварын алба нь хүчин төгөлдөр болсон прокурорын шийдвэрийг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй субъект биш, мөн энэ хэмжээний хохиролтой татварын хэрэгт зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах буюу татварын албаны эрх хэмжээнээс давсан, нэгэнт тогтоогдсон үйл баримт байна.
1.5.Г******* ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй нь прокурорын тогтоолоор тогтоогдсон нь нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байх эрх зүйн зарчмаар хамгаалагдах бөгөөд тухайн тогтоолд Зөрчлийн хуулиар шийдвэрлэх зөрчил үйлдсэн субъект нь биш юм. Эрүүгийн хуулиар тодорхойлсон хохиролд хүрээгүй тул зөрчлийн хэрэг байна гэж тогтоосон бол өөр асуудал, мөн тухайн компани татвар бууруулсан нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэсэн бол татварын алба 4 жилийн дотор акт тавих нь эрх хэмжээний хүрээний асуудал.
1.6.Хий бичилттэй падаан гэж маргаж буй, Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохирлын хэмжээнд хүрч байгаа манай тохиолдолд зөвхөн санаатай үйлдсэн байх боломжтой тул гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдох гэмт хэргийн асуудал болох юм. Энэ тохиолдолд их хэмжээний хохирол учруулжээ, санаандгүй хуурамч падаан үйлдсэн тул татварын алба акт тогтоо гэх боломжгүй тохиолдол юм.
1.7.Татварын улсын байцаагчид эрх хэмжээгээ хэтрүүлэн, нэгэнт тогтоогдсон зүйлийг дахин шалгаж, өөрөөр тогтоохдоо Татварын ерөнхий хуулийн 15.1 дэх заалтыг ноцтойгоор зөрчсөн. Тус хуулиар хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна гэсэн хатуу зохицуулалт нь захиргааны байгууллага эрх хэмжээгээ хэрэгжүүлэх дээд хязгаарыг тогтоох замаар эрх мэдлийг хязгаарлаж буй хориглолт бөгөөд манай тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 02 дугаар сарын 10-нд дууссан байхад татварын улсын байцаагчид 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нөхөн ногдуулалтыг акт тавьсан буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.
1.8.Татварын улсын байцаагчид дээрх хугацааг хэтрүүлээгүй гэдгээ Татварын ерөнхий хуулийн 15.4 дэх заалтаар тайлбарладаг боловч манай тохиолдолд тус заалт нь хэрэглэгдэхгүй, хууль буруу хэрэглэсэн.
1.9.Хуульчилсан хугацааны тасалдал нь зөвхөн иргэн, хуулийн этгээдийн гомдол гаргах эрхтэй хамаатай буюу иргэн, хуулийн этгээдэд ашигтай нөхцөлийг тогтоосон. Харин захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны хугацааг сунгах, хуульд заагаагүй үндэслэлээр тасалдуулан хэрэглэх, сэргээх ойлголт байх боломжгүй, учир нь захиргааны байгууллага бол шуурхай, тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой эрх мэдэл бүхий мэргэшсэн бүтэц.
1.10.Гэтэл тийм зүйл заалт байхгүй бөгөөд татварын алба хуулийн эрх бүхий байгууллага шалгаж дуусах хүртэл, эсвэл татварын алба шалгаж дуусаад маргаан үүссэний дараах процесст хэрэглэхээр тогтоосон зохицуулалтыг ашиглан хөөн хэлэлцэх хугацааг дахин 4 жилээр сунгагдсан гэж үзэж буй нь хууль бус давуу эрх тогтоосон, эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл.
1.11.Тус компанид 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нөхөн ногдуулалтын актаар тавьсан татварын ер нь ******* ХХК-ийн 2019 оны тайлангаар үүсчихсэн өр юм. Татварын алба тайланг хүлээж авч, энэ үеэс тус компанийн дансыг хаах гэх мэт бүх арга хэмжээг авч эхэлсэн. байдаг. Ковидын хямрал, бараа материал, ажиллах хүчний тооцоолоогүй өсөлт, хомсдол, тус компанийн ажлыг мэдэх албан тушаалтнуудын амь хохирсон гэмт хэргийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хувьцаа эзэмшигч нь бүтэн жил сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн байдалтай байсан тул компанийн үйл ажиллагаагаа одоогоос сэргээх арга хэмжээ авч байна гэсэн мэдээлэл өгсөн.
1.12.Үйл баримтыг тогтоосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд татварын алба нь тус шийдвэрт зааснаар Зөрчлийн тухай зүйлийн 11.19.1-д Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар ******* ХХК-д хариуцлага ногдуулах үндэслэлтэй.
1.13.Иймд татварын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хоёр.Хариуцагч Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Т.*******, Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
2.1.Хан-уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1229 дүгээр Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолыг үндэслэн Татварын ерөнхий газар эрсдэлийн удирдлагын газраас 2224100519 дүгээр томилолт олгогдсон.
2.2.Татварын улсын байцаагч нар бид хяналт шалгалтын үйл ажиллагааны ерөнхий удирдамж, Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн хөндлөнгийн мэдээлэл, санхүү, татварын тайлан зэрэг баримтад тулгуурлан Г******* ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны санхүүгийн баримтад нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг хийж, нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
2.3.******* ХХК-аас 2018 онд 454,545,454.55 төгрөгийн, 2019 онд 21,545,454,545.45 төгрөгийн, нийт 21,999,999,999.99 төгрөгийн худалдан авалтыг хийж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн Худалдан авалт хэсэгт тусган хасалт хийж тайланд тайлагнасан нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хадгалагдсан байна.
2.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Албан татварт хасалт хийх... 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй... гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна.
2.5.Татвар төлөгчийн зүгээс дээрх нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан. Тус зөвлөлөөс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 42 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн үйл ажиллагааг явуулдаг, бодитоор борлуулалт хийсэн эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-т Маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцэх явцад доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсвэл 3 хүртэл сарын хугацаагаар актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг нэг удаа түдгэлзүүлж болно гэж заасныг үндэслэн дээд шатны байгууллагад дахин шалгуулахаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн.
2.6.Нийслэлийн татварын газрын дэргэдэх 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар татвар төлөгчийн гомдлын дахин хэлэлцэх татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2.7.Татварын ерөнхий хууль /2019/-ийн 15 дугаар зүйл Татварын хөөн хэлэлцэх хугацаа, 15 дугаар зүйлийн 15.3.2-т тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс, 15.4-д Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол хүртэл, шүүхэд гомдол гаргасан эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тус тус зохицуулжээ.
2.8.Хуулийн дээрх зохицуулалтаар нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа нь хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар байна.
2.9.Иймд татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хууль /2019/-ийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй гэж үзэж байна.
2.10.Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
2.11.Харин татвараас зайлсхийсэн, татварын ногдлыг буруу тодорхойлсон, татвар төлөөгүй материаллаг зөрчлийн тухайд шууд тодорхойлох боломжгүй, хяналт шалгалт явуулж, орлого, ажил гүйлгээг тодорхойлж тогтоох зөрчлийн тухайд татварын ерөнхий хуулийн дагуу нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэхээр байна.
2.12.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэл үндэслэлгүй байна.
2.Нэхэмжлэгч Г******* ХХК-аас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Нэхэмжлэгчээс нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байх зарчимд халдсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад эрх хэмжээгээ хэтрүүлж, хууль бусаар шалгасан, хуулийг буруугаар гуйвуулан хэрэглэсэн, татварын улсын байцаагч нар татвар бууруулаагүйг тогтоосон хүчин төгөлдөр болсон прокурорын шийдвэрийг өөрчлөх эрхгүй гэж, хариуцагч нараас нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд өөрөө тайлагнасан, хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй, нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн гэж тус тус тайлбарлан маргасан.
4.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар Г******* ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Танилцуулга үйлдэж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад хүргүүлсэн, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй.
5.Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1229 дүгээр тогтоолоор Г******* ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2018 онд 454,545,454.55 төгрөгийн 5 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 45,454,545.45 төгрөгөөр, 2019 онд 21,545,454,545.45 төгрөгийн 42 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 2,451,545,454.45 төгрөгөөр бууруулан тайлагнаж, татвараас зайлсхийн мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй, харин дээрх үйлдэлд татварын тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлж, Г******* ХХК-д холбогдуулан үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаажээ.
6.Улмаар Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр Нөхөн ногдуулалтын актаар Г******* ХХК-ийн 2017-2020 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, ******* ХХК-аас 2018 онд 454,545,454.55 төгрөгийн, 2019 онд 21,545,454,545.45 төгрөгийн, нийт 21,999,999,999.99 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй худалдан авалтын падаанаар тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан гэж үзэж, 2,200,000,000 төгрөгийн нөхөн татвар, 660,000,000 төгрөгийн торгууль, 440,000,000 төгрөгийн алданги, нийт 3,300,000,000 төгрөгийн төлбөр тогтоосон байна.
7.Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ, 6 дугаар зүйлийн 6.1.14-д нөхөн ногдуулалтын акт гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд Татварын улсын байцаагч мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтыг акт ... үйлдэх ... гэж зааснаар Нөхөн ногдуулалтын акт-ыг татвараас зайлсхийсэн, эсхүл татварын ногдлыг тодорхойлох, татварын суурийг нэмэгдүүлэх, болоод татвар төлөгч төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгаад үйлддэг баримт бичиг юм.
8.Татварын улсын байцаагч ийнхүү акт үйлдэхдээ мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, 15.4-д Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан татварын хөөн хэлэлцэх хугацааг харгалзах учиртай.
9.Татварын улсын байцаагчийн илрүүлсэн зөрчилд эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг прокурорын байгууллага шалгаж байгаа нь хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа нөхцөлд хамаарах тул уг хугацаанд татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдан зогсож, эцсийн шийдвэр гарах хүртэл тоолохгүй байх нь хуульд нийцнэ.
10.Тодруулбал, нэхэмжлэгчийн татварын ногдуулалт, төлөлтийн асуудал 2020 оны 12 дугаар сарын 15-аас 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд прокурорын байгууллагаар хянан шалгагдаж байсан тул уг хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, прокурорын байгууллага эцсийн шийдвэр гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацааны тоолол дахин сэргэсэн бөгөөд татварын улсын байцаагч нар 2024 оны 10 дугаар сарын 31-нд нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь хуульд заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд багтаж байна.
11.Нэхэмжлэгч нь маргаан бүхий актад дурдсан зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан прокурорын тогтоол, нэхэмжлэгчээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс үүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй.
12.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанд ... ******* ХХК 100 айл дээр худалдаа эрхлэгчид гааль дээр татвараа төлдөг байсан учир тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татвартай баримт гаргаж өгдөггүй байсан гэсэн тайлбар өгсөн гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч тус компанитай худалдан авалт хийсэн нь нотлогдож байна.
13.Энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж зааснаар худалдан авагч нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн боловч дээрх баримтуудад тусгагдаагүй бол тухайн татварыг тайландаа хасаж тооцох эрхгүй. Өөрөөр хэлбэл, баримтгүй төлбөрийг татварын суутгалд оруулах боломжгүй юм.
14.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана, 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө гэж тус тус заасан.
15.Дээрх зохицуулалтаас үзвэл албан татвар суутган төлөгч буюу бараа, ажил, үйлчилгээ борлуулсан этгээд нь тухайн борлуулалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож, тайлагнах үүрэгтэй бөгөөд татварыг дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаах ёстой.
16.Ингэхдээ борлуулалтын дүнгээс тооцсон нэмэгдсэн өртгийн албан татварыг өөрийн орлого мэт авч үлдэхгүй, харин улсын төсөвт шилжүүлэх үүрэгтэй болно.
17.Өөрөөр хэлбэл, борлуулсан бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварыг дараа сарын 10-ны дотор тайлагнаж, төлөх нь хуульд заасан хатуу хугацаа бөгөөд үүнийг биелүүлээгүй тохиолдолд татварын алданги, торгууль ногдуулах үндэслэл болно.
18.Иймд хариуцагч нарын маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
19.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмнө гаргасан Г******* ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн танилцуулга, томилгоо-г гаргуулах хүсэлтээсээ нотолгооны ач холбогдолгүй, маргахгүй агуулгаар тайлбар гаргаж, татгалзсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР