Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02427

 

 

 

 

 

 

 

 

 

Э.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02627 дугаар шийдвэртэй,

 

Э.С-ийн нэхэмжлэлтэй Ю.Т-д холбогдох

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Ю.Т-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ю.Т-д өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг Зайсан Ар зайсан гудамж 100/5 байр .. тоот 79,6 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 238 800 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Ю.Т- нь дээрх гэрээний үнийн дүнг 80 000 000 төгрөгөөр бууруулсан гэрээг дахин байгуулах саналыг гаргаж, 1 600 000 төгрөгийн татварын хөнгөлөлт бий болгохоор болсон. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчинтэй үлдэж, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ дүр үзүүлсэн халхавчилсан хэлцэл болсон. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 158 800 000 төгрөг шилжүүлээд одоог хүртэл үлдэгдлээ өгөхгүй байна.

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцыг буцааж өөрийн нэр дээр авч, 158 800 000 төгрөгийг түүнд буцаан өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ цуцлагдсан болохыг тогтоож, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг Зайсан Ар зайсан гудамж 100/5 байр .. тоот 79,6 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Ю.Т-ы нэр дээрх бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, Э.С-ийн өмчлөх эрхийг сэргээж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, орон сууцны үнэд шилжүүлсэн 158 800 000 төгрөгийг Э.С-ээс гаргуулан Ю.Т-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 351 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Т-аас 1 351 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.С-эд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “за ойлголоо гэв” гэж тэмдэглэсэн байдаг. Ю.Т-д шүүх хуралдааны зарлагдсан талаар түүний утас руу мэдэгдэхэд тэрээр Өмнөговь аймагт ажлаар явж байгаа тул очих боломжгүй, шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ байгаа, Өмнөговь аймагт ажлаар явж байгаа талаар баримтыг шүүхэд гаргаж өгөх талаар хэлсэн байдаг. Мөн өөрийгөө эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах талаар хүсэлтийг өгөөгүй байхад утсаар мэдэгдсэн баримтанд үндэслэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ю.Т-д 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан байдаг. Ингэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй байхаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамж гараагүй буюу нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан өдөр хэргийн материалтай танилцуулсан болох нь баримтаар нотлогдож байгаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт “энэ хуулийн 72.3-т заасан үр дагаварыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ” гэжээ. Шүүх хуралдааны товыг мэдэгдсэн талаарх баримт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэхээр заасан хуулийн шаардлагатай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.С-э нь хариуцагч Ю.Т-д холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцыг буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй.

 

Хариуцагч хуульд заасны дагуу тайлбар гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар бусад баримт нотолгоог үндэслэж шийдвэр гаргах учиртай. Нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, орон сууц худалдах, худалдан авах хүчин төгөлдөр бус хэлцэлийн үр дагавар болох орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх шаардлага гаргасан. Маргаан бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Э.С-ийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн газар бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгосон байх ба уг өмчлөх эрхийг Ю.Т-д шилжүүлсэн эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Уг үйл баримтыг тодруулах давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан хугацаанд хариуцагч тайлбар гаргаагүй, мөн хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэлэлцүүлэх захирамж гараагүй байхад хэргийн материатай танилцуулсан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэхгүй. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хариуцагч нь хэргийн материалтай танилцах эрхээ эдлээгүйд шүүхийн буруутгах боломжгүй.

 

Иймд түүний давж заалдах гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул давж заалдах шатны шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамжийг хариуцагчид буцаан олгох үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02627 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 351 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.НЯМБАЗАР

 

                                                 ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА