| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/08893/И |
| Дугаар | 197/ШШ2025/08205 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/08205
| 2025 06 19 | 197/ШШ2025/08205 |
| |
|
|
|
| |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, То ван гудамж, ** тоотод байрлах, Ф ХХК /РД: *********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, Овоот *** тоотод байрлах, Э ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 12,046,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.А нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...Нэхэмжлэгч Ф ХХК нь 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 24/08 дугаартай худалдааны хамтран ажиллах гэрээг хариуцагчтай байгуулсан байдаг. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдар 8,046,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бараа бүтээгдэхүүний төлбөрийг авъя, гэрээн дээр алданги заасан байгаа шүү гэдэг агуулгатай 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хүлээгээд эхний албан тоотыг 15-ны өдөр явуулаад хариу ирэхгүй, мөнгө өгөхгүй байхаар нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин албан тоот явуулсан. Хариуцагч тал мөнгөө өгнө гэдэг, өгөхгүй гэдэггүй гэхдээ өгөхгүй байгаад байхаар нь арга мухардаад 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 24/08 дугаартай худалдааны хамтран ажиллах гэрээний хүрээнд бараа бүтээгдэхүүний үнэ буюу 8,046,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл буюу 196 хоногийн алданги 7,885,080 төгрөг болоод байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 232.4 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас алданги хэтэрч болохгүй гэдэг хуулийн заалтаа баримтлаад гүйцэтгээгүй үүрэг буюу 8,046,000 төгрөг дээр үүний 50 хувь болох 4,000,000 төгрөгийн алданги нэмээд нийт 12,046,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна. гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямжав татгалзлын үндэслэлээ: ...Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлдээ талуудын байгуулсан гэрээний үүргийн биелэлт 8,046,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг нийт 12,046,000 төгрөг гаргуулах тухай гэсэн байна. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Талуудын байгуулсан "Худалдааны хамтран ажиллах" гэрээний 2.2-д нийлүүлэгч буюу нэхэмжлэгч компани нь чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан, зохих лабораторын шинжилгээний бичигтэй, хадаглалтын горим тодорхой, хэрэглэх хугацаа дуусаагүй, технологийн дагуу савлалт, хаяглалт, тээвэрлэлт, хадаглалт хийгдсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй байсан боловч шошгын зөвшөөрөлгүй, хууль тогтоомж зөрчиж орж ирсэн байх магадлалтай бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлсэн. Мөн "Худалдааны хамтран ажиллах" гэрээний 3.4-д "Нийлүүлэгчийн бараа ямар нэг үйлдвэрийн алдаа дутагдалтай, чанарын шаардлага бүрэн хангаагүй, шошго тэмдэггүй мөн захиалсан бараанаас ялгаатай өөр байгаа тохиолдолд борлуулагч нь буцаах буюу ижил төрлийн бараагаар солиулах эрхтэй" гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаагүй байсан тул гэрээний дагуу гуравдагч этгээд буюу уг бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй газрууд хариуцагчид буцаалт хийсэн бөгөөд одоогоор нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэгчийн шаардлага болох 8,046,000 төгрөгтэй дүйцэхүйц 9000 гаруй бараа бүгд байгаа. Нэхэмжлэгч нь анхнаасаа зөрчилтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэнд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгчид барааг нь буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэсэн хариу тайлбар гаргасан байна.
4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: хавтаст хэрэгт авагдсан зурагнууд зэрэг нотлох баримтууд,
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна.
Хавтас хэрэг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс хугацаа нь дуусаагүй бараа хүлээн авсан болох нь тогтоогдож байх ба гэрээнд заасны дагуу сар бүр төлбөр төлөхөөр хүлээн зөшөөрсөн мөн худалдааны хамтран ажиллах гэрээний 3.2 дахь заалтанд хугацаа дуусах тохиолдолд борлуулгч тал хариуцна гэж зааж хоёр тал зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Нэхэмжлэлийн зарим шаардлага болох алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн ба худалдааны хамтран ажиллах гэрээний 5.4 дүгээр зүйлд төлбөр тооцоогоо хугацаандаа хийгээгүй тохиолдолд алданги тооцхоор заасан бөгөөд бүтээгдэхүүний хугацаа дууссан тохиолдолд алданги тооцох талаар заагаагүй байна.
Иймд Ф ХХК-ийн гаргасан хариуцагч Э ХХК-д холбогдох 12,046,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 8,046,000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,686 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 143,686 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК /РД:***********/-аас 8,046,000 төгрөгийг гаргуулж, Ф ХХК /РД: *********/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,686 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 143,686 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ