Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 413

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Н.Анхбаяр;

хохирогч: Б.Золзаяа, түүний өмгөөлөгч Р.Оюунбадам;

иргэний хариуцагч: Ц.Цогтбаяр;

шүүгдэгч: Л.Уранчимэг түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэрмийн шавь овогт Лхагвасүрэнгийн Уранчимэгт холбогдох эрүүгийн 1803000010137  дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 29 дүгээр гудамжны 652-Б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УУ89013125 регистерийн дугаартай, Тэрмийн шавь овогт Лхагвасүрэнгийн Уранчимэг.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Л.Уранчимэг нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбын гудамж 33-ын автобусны буудлын замд 14-35 УНЗ улсын дугаартай “Тоёота платз” маркийн автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3.а-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Золзаяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Уранчимэг мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Золзаяа мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр зам гараад явж байтал миний араас машин ирээд мөргөсөн. Бид хоёр 2 тийшээ үсрээд унасан. Тухайн үеийг сайн санахгүй байна. Түргэний машинаар гэмтэл согог үндэсний төвд хүргэгдэж эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед маш их шоконд орсон байсан. Шокийн байдалтай 9 хоног болоод хагалгаанд орсон. Баруун хөлний 2 яс хугарсан. Тухайн үед 2 ясандаа хагалгаа хийлгэсэн боловч одоогийн байдлаар өвдгөндөө давхар гэмтэлтэй байгаа. Байнга таягтай явдаг. Таяггүй явахаар хөл савлалтын байдалтай байгаа. Өвдөгний гэмтлийн талаар эмчдээ хандахад “MRI” шинжилгээгээр нарийвчлан үзэх шаардлагатай гэсэн. Тэгээд “MRI” шинжилгээ хийлгэх гэсэн боловч хөл маань төмөртэй болохоор Монголд харах боломжгүй болсон. “Хэрэв сонирхолтой бол гадагшаа явж харуулж болно” гэсэн. Мөрдөн байцаагчаас “цэцэрлэгийн камерийг шалгаад өгөөч” гэсэн боловч хугацаа алдсаар байгаад камерийн бичлэг устсан. Аваарт орсны маргааш нь Л.Уранчимэгийн нөхөр манай нөхөртэй эмнэлэгийн зардлыг судлаж үзсэн гэж ярьсан байсан. “300.000 төгрөг өгөөд салъя” гэж хэлсэн байсан. Хүний эрүүл мэндийг 300.000 төгрөгөөр үнэлж байгааг гайхаж байна. Манай хүүгийн сэтгэл санаа тогтворгүй. Машин харахаараа айдаг болсон. Энэ нь бид хоёрт учирсан том цочрол гэж үзэж байна. Миний сэтгэл санаа тогтворгүй, барьж тавьсан зүйлээ санадаггүй. Миний нэхэмжилсэн мөнгөнөөс 950.000 төгрөг өгсөн. Одоо 3 сарын цалин 2.586.000 төгрөг, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн 520.000 төгрөг, 1.748.000 төгрөг, бензинд 168.500 төгрөг, мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн баримтаас 500.000 төгрөг дутуу төлөгдсөн байгаа. Ингээд нийт 5.523.500 төгрөгийг нэхэмжилж байна. Би залуу эх хүн. Цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд том асуудал гарч байна. Иймд маш их гомдолтой байна гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.Цогтбаяр мэдүүлэхдээ: Хохирогч 3 сарын цалин нэхэмжилж байна. Хохирогч нь оюутан гэж байна. Тэгэхээр өвлийн амралтаараа ажиллаж байсан гэж бодож байна. Цалингийн хувьд нийгмийн даатгал төлөөгүй. “Юнисити компани”-д өөрөө ажилладаг учраас өөрийн компаниасаа авсан гэж бодож байна. Иймд цалингийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.  

 

Мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /3-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 14/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/, хохирогч Б.Золзаяа /хх-ийн 18-20/, гэрч Б.Уянга /хх-ийн 23/, Э.Эрдэнэтуяа /хх-ийн 26/,  Л.Адьяачагдаг /хх-ийн 28/, иргэний хариуцагч Ц.Цогтбаяр /хх-ийн 31-33/ нарын мэдүүлэг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 54 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 42/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3111, 519 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 44, 120/, Б.Золзаяагийн өвчний түүх /хх-ийн 50-56/, Б.Золзаяагийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 61-73/, хохирлын баримтууд /хх-ийн 75-86/, Л.Уранчимэгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 87-97/, Л.Уранчимэгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 104-105/, хохирогчоос шинээр өгсөн 28 хуудас баримт, улсын яллагчаас шинээр өгсөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5022 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Л.Уранчимэг 2018 оны 02 дугаар сарын 20-ны 9 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Дамбын гудамж 33-н автобусны буудлын замд “Тоёота Приус” маркийн 1435 УНЗ дугаартай автомашиныг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүйгээс явган зорчигч Б.Золзаяаг хүүхдээ тэвэрч явахад нь мөргөж, хүндэвтэр гэмтээн, зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Б.3олзаяагийн /хх-ийн 18-19/: “... 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 130 дугаар цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөх гээд явж байгаад цэцэрлэгийн ард талд контейнерийн зүүн урд талын буланд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй 2 нас 10 сартай Мөнх-Учралыг тэврээд явж байтал гэнэт араас нэг машин мөргөөд унагаасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Уянгын /хх-ийн 23/: “... 2018 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах гэртээ байж байтал манай дүүгийн утсаар нэг хүн яриад “танай дүү Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбын гудамж 33-ын автобусны буудлын замд 130 дугаар цэцэрлэгийн хажууд машинд мөргүүлсэн байна. Хурдан ир” гэж ярьсан. Би гэрээсээ гараад осол болсон газар иртэл манай дүү Золзаяа машинд мөргүүлсэн газарт хөлөө бариад уйлаад сууж байсан…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Эрдэнэтуяагийн /хх-ийн 26/: “... 2018 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбын гудамж 33-ын автобусны буудлын замд 130 дугаар цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөөд гараад явж байтал цэцэрлэгийн хашааны зүүн хойд талд байрлах контейнейрийн тэнд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй улаан куртиктай хүүхэн хүүхдээ тэврээд явж байтал баруун хойноос нь цэнхэр өнгийн 1435 УНЗ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн машин мөргөөд унагаасан…” гэх мэдүүлгээр,

 

иргэний хариуцагч Ц.Цогтбаярын /хх-ийн 31-33/: “... 1435 УНЗ дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин миний эзэмшлийн машин юм. Энэ машиныг Анхбаяр гэх хүнээс худалдаж авсан. Анхбаяр уг машиныг “Босс хүү” ломбарданд тавьсан байсан. Би мөнгийг нь төлж Анхбаяраас “Босс хүү” ломбарднаас миний нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн бичиг хийлгэж авсан юм. Гэхдээ нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан. Ослын улмаас миний машинд ямар нэг эвдрэл, гэмтэл учраагүй...” гэх мэдүүлгээр,

 

Л.Уранчимэгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 104-105/: “ … 2018 оны 02  дугаар сарын 20-ны өглөө 08:30 минутын орчим гэрээсээ гарч Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах 130 дугаар цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөхөөр нөхрийн эзэмшлийн “Приус” маркийн 1435 УНЗ дугаартай машинаар цэцэрлэгийн ард талд байрлах контейнерийн зүүн урд талын буланд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад урд хүүхдээ тэврээд явж байсан улаан өнгийн куртиктай хүүхнийг баруун араас нь машиныхаа зүүн гуфер хэсгээр мөргөсөн. Машинаасаа буугаад харахад мөргүүлсэн хүүхний баруун хөл шилбэ хэсгээрээ хугарсан байсан. Харин хүүхэд нь ямар нэг байдлаар гэмтээгүй байсан. Тухайн үед би гэрээсээ гарахдаа машиныхаа урд шилний цанг сайн арилгаагүй зөвхөн жолооч талыг хусаад хэсэгхэн газар харах боломжтой болгосон байсан болохоор хүн явж байхыг анзаараагүй… ” гэх мэдүүлгээр,

 

“... 1435 УНЗ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Л.Уранчимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно;.., Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт /Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин, механизмыг ашиглахыг хориглоно/ ... 3.5. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан ...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 54 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 42/,

 

Б.Золзаяагийн биед “зүүн хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны хугарал, хугаралыг засах мэс ажилбарын дараах байдал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл” учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3111 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 44/,

 

мөн хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 519 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /хх-ийн 120-121/: “Б.Золзаяагийн биед тухайн үед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд зөрөөтэй, мушгирсан хугарал гэмтэл учирч улмаар ГССҮТ-д шаант ясны хугарал засах мэс засал хийгдсэн байна. Б.Золзаяагийн биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл учирсан байна. Б.Золзаяагийн ГССҮТ-д эмчлэгдсэн өвчний түүх болон амбулаторийн карт зэрэгт өвдөг хэсэгт гэмтэл учирсан талаар тусгагдаагүй байна. Б.Золзаяагийн биед учирсан баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд зөрөөтэй, мушгирсан хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж дүгнэснээр,

 

мөн хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5022 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ө.Мөнх-Учралын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэж дүгнэснээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/, ослын үеийн нөхцөл байдлыг бэхжүүлж авсан камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Уранчимэгийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

 Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Л.Уранчимэг нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны 9 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Дамбын гудамж 33-н автобусны буудлын замд “Тоёота Приус” маркийн 1435 УНЗ дугаартай автомашиныг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигчийг хүндэвтэр гэмтээсэн гэж шүүх дүгнэв.

 

Л.Уранчимэг нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн, хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ аваагүй зэргээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг хүндэвтэр гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүгдэгч Л.Уранчимэгийн “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Уранчимэг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс үүссэн гэм хорын хохирлыг өөрөө хариуцах учиртай тул иргэний хариуцагч Ц.Цогтбаяраас төлбөр гаргуулах шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн асуудлын хувьд хохирогч Б.Золзаяа нийт 6.049.644 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж хавтаст хэрэгт тусгагдсан байна. Үүнээс нотлох баримтын шаардлага хангасан нийт 3.463.644 төгрөгийн баримтад заасан төлбөрийг (эмчилгээний 3.295.144 төгрөг, бензин 168.500 төгрөг) шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байх бөгөөд дээрх төлбөрөөс Л.Уранчимэгийн өмнө нөхөн төлсөн 954.000 төгрөгийн мөнгөн дүнг хасч үлдэх 2.509.644 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг бөгөөд ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулдаг. Дээрх байдлаар хуульд заасан шаардлага хангасан орлого тодорхойлсон баримтуудад үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний нэхэмжлэлийг хэлэлцдэг учиртай.

 

Харин хохирогч энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт тусгуулаагүй байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалин гэх 2.586.000 төгрөгийн болон цаашид гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг (хүүхдэд гэмтэл учраагүй боловч зам тээврийн ослын улмаас цаашид хор уршиг үүсвэл), цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардал зэрэг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Л.Уранчимэгийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Мөн шүүх Л.Уранчимэгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан  CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тэрмийн шавь овогт Лхагвасүрэнгийн Уранчимэгийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уранчимэгийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уранчимэгт оногдуулсан 2.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уранчимэг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Л.Уранчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уранчимэгээс 2.509.644 (хоёр сая таван зуун есөн мянга зургаан зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулан хохирогч Б.Золзаяад олгосугай.

 

7. Хохирогч Б.Золзаяагийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин гэх 2.586.000 төгрөгийн болон цаашид гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг (хүүхдэд гэмтэл учраагүй боловч зам тээврийн ослын улмаас цаашид хор уршиг үүсвэл), цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардал зэрэг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Иргэний хариуцагч Ц.Цогтбаяр бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Уранчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ