Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Э.Халиун;

шүүгдэгч: Б.Жуулай, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат-Очирын Жуулайд холбогдох эрүүгийн 1809008570208  дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дүүргиин 20 дугаар хороо, Туулайн булаг зусланд манаач ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Туулайн булагийн амны задгай тоотод оршин суух, урьд:

1984 онд Эрүүгийн хуулийн 109-р зүйлийн “б”-д зааснаар 3 жил хорих ялаар,

1988 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ялаар,

Архайнгай аймгийн хэсгийн ардын 1-р шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153-р зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ялаар,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 225 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ялаар,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 151 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ял болгон өөрчилж ялыг нийцүүлэн хассан,

 Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, АГ68100711 регистерийн дугаартай, Боржигон овогт Бат-Очирын Жуулай.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Жуулай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбийн эцсийн автобусны буудал дээр автобуснаас буух гэж байсан хохирогч Б.Алтангэрэлийг “хоёр хүүхдээ дагуулаад яах гэж архи уудаг юм бэ” гэж хэллээ гэх шалтгааны улмаас зодож улмаар түүний биед баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд няцарсан шарх, дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жуулай мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Алтангэрэл /хх-ийн 15-18/, гэрч Ч.Мэндсайхан /хх-ийн 19-20/ нарын мэдүүлэг, Б. Жуулайн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-23, 31-32/, хохиролын баримтууд /хх-ийн 25, 60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2584 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/, Б.Жуулайн хувийн байдалтай холбоотой баримтууд, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 33-58/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Жуулай нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг Сэлбийн эцсийн автобусны буудал дээр Б.Алтангэрэлийн “хүүхдээ дагуулж явж байж яах гэж архи уудаг юм бэ” гэж хэлсэн үгэнд нь дургүйцэж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Алтангэрэлийн /хх-ийн 17-18/: “... Сэлбэ ресортын автобусны буудал дээр автобуснаас буух гэж байтал миний зүс таних эрэгтэй хоёр бага насны хүүхэд, эхнэртэйгээ хамт явж байсан. Тэрээр нэг танихгүй эрэгтэй хүнтэй хэрүүл маргаан хийгээд байсан. Би түүнд хандаж “чи хоёр хүүхэд дагуулаад яах гэж архи уусан юм бэ” гэж хэлсэн. Гэтэл “чамд ямар хамаатай юм” гэсэн. Энэ үед автобус зогсоод хойд хаалга онгойсон. Намайг автобуснаас буух гэж байтал миний араас хөл рүү өшиглөсөн. Би “яаж байна аа” гэж хэлээд эргээд хартал миний нүдэн тус газарт цохисон. Би нүдээ гараараа дартал цус гарч байсан. Жуулай хүүхдүүдээ автобуснаас буулгаад намайг дахин “ална шүү” гээд зодох гэж дайрсан. Энэ үед би түүнээс холдож зугтаасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Мэндсайханы /хх-ийн 20/: “... Тухайн үед манай нөхөр Б.Жуулай нь тэр хүнийг автобуснаас буух үед нь нэг удаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсон. Манай нөхрийн цохисон хүний баруун хөмсөгний орчмоос цус гарч байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Жуулайн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 22, 32/: “... 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр найз Эрдэнэбат, Мөнхбат хоёртой нэг шил 0,75 граммын архи уусан. Эхнэр Мэндсайхан болон хоёр хүүхдийнхээ хамтаар гэртээ харихаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 71 дүгээр сургуулийн орчимоос автобусанд суусан. Автобусанд манай Сэлбэд байдаг зүс таних эрэгтэй суугаад явж байсан. Би эсрэг талын урдаасаа 4 дэх суудалд хоёр хүүхдийн хамтаар суусан. Эхнэр хойно ганцаараа суусан. Том хүү маань хажуунаас босож урд суусан. Би том хүүгээ “аавынхаа хажууд суу” гэж дуудсан. Хүү маань над руу ирэх замд нь автобусанд сууж явсан зүс таних эрэгтэй чихэр гаргаж ирээд манай хүүд өгсөн. Чихэр өгөх гэж татаж байгаад миний хүүг унагаасан. Тэгэхэд нь би уурлаж “та яагаад хүүхэд унагааж байгаа юм бэ” гэж хэлсэн. Гэтэл “танай хүүг унах байх гэж бодоод барьж аваад татаж байгаад тавьсан чинь уначихлаа” гэж хэлсэн. Би түүнд “өөрөө зүгээр хүрээд ирж байсан хүүхдийг чи унагаалаа” гэж ууралсан. Тэгээд буух газар минь болж автобуснаас буух үед би түүнийг эргэж хараад нүүрэн тус газарт нь цохисон. Түүний баруун хөмсөг орчимоос нь цус гарсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Жуулайн буруутай үйлдлийн улмаас Б.Алтангэрэлийн биед “баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд няцарсан шарх, дээд, доод зовхинд цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2928 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж улмаар түүнийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгч хохирогчийг зодож байхыг тухайн үйл явдлыг харсан хүн гэрчилж мэдүүлсэн, хохирогч шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Жуулайн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Жуулайн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон бүх зардал буюу нийт 189.000 (хх-ийн 25, 60) төгрөгнөөс хохирогчид төлсөн 60.000 төгрөгийг хасч үлдэх 129.000 төгрөгийг шүүгдэгч Б.Жуулайгаас гаргуулан хохирогч Б.Алтангэрэлд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Жуулайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх буюу нийт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Очирын Жуулайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жуулайг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жуулайд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жуулай нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жуулайгаас нийт 129.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Алтангэрэлд олгосугай.

 

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жуулайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ