Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/1245

 

       2024           11            20                                         2024/ДШМ/1245

 

Ё.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Урангоо,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/672 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ё.Агийн гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2410000000428 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ё.А

            Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

            Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Дундговь аймгийн давж заалдах шатны шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай магадлалаар ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

 

            Шүүгдэгч Ё.А нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилга 2 дугаар гудамжны 12 тоот гэртээ эхнэр М.Оийг “хоол хийсэнгүй, аяга угаасангүй” гэж шалтаглан нүүр рүү нь аяга шидсэний улмаас хохирогчийн биед “зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ё.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ё.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Аг 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ё.А давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын улмаас биелүүлэх боломжгүй байх тул ялыг өөрчилж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Урангоо шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Шүүгдэгч Ё.А нь харуул хамгаалтын ажил хийдэг бөгөөд энэ нь ээлжийн ажил тул ажлаасаа буусны дараа, нийтэд тустай ажил хийх боломжтой. Өмнө нь хоёр удаагийн ял эдэлж байсан. Хорих ялыг 6 сарын хугацаагаар хойшлуулж шүүх энэрэнгүй хандаж байсан. Тиймээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.”  гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Ё.А нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилга 2 дугаар гудамжны 12 тоот гэртээ эхнэр М.Оийг “хоол хийсэнгүй, аяга угаасангүй” гэж шалтаглан нүүр рүү нь аяга шидсэний улмаас хохирогчийн биед “зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

 

            хохирогч М.Оийн “... гэртээ ирэхэд манай 4 хүүхэд байсан бөгөөд нөхөр гэртээ ирээд “хоол унд хийсэнгүй, амтгүй хоол хийлээ” гээд хэл ам хийгээд хэрүүл маргаан болсон. Мөн гал тогооны тавиур дээр байсан алчуурыг угаасангүй гэж уурлаад над руу аваад шидсэн. Аяга шидэх үед нүүрний зүүн талын хацар дээр нүдний доод хэсэгт оносон. Тэгээд намайг “ажилгүй энэ тэр” гэж хэлээд дарамт учруулаад байсан. Түүний дараа би галаа түлэх гээд сууж байтал нөхөр А надад хандан “чи ер нь юу хийж чаддаг юм, зайлаач, пизда минь” гэж хараасан. ... А 2024 оны 03 дугаар сарын 05-ны өглөө ээлжийн ажлаасаа бууж ирсэн байсан бөгөөд гэрт байсан 0,5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй 2 ширхэг шар айргийг ганцаараа уусан байх гэж бодож байна. Намайг ажлаасаа ирж авах үедээ тэр бага зэргийн согтолттой байсан. Сүүлийн үед байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, уусан үедээ агсам тавьж, хэл амаар доромжилдог. Намайг байнга хардаж, хэрүүл маргаан хийдэг. ...” /хх 6/,

 

            Ё.Агийн яллагдагчаар өгсөн “... гэрт ирэхэд аяга, шаазан бохир байхаар нь миний уур хүрээд эхнэр Оөд хандан “гэр орноо цэвэрлэхгүй яасан юм” гэж хэлэхэд О уурлаад байхаар нь гал тогооны тавиур дээр байсан аягыг аваад О рүү шидэхэд Оийн нүүрэн тус газар нь оносон. Тэгээд би гэрээс гараад явсан. ...Би Оийн нүүр рүү аяга шидсэн, өөр ямар нэгэн бэртэл гэмтэл учруулж байгаагүй, урьд өмнө нь цагдаагийн байгууллага дээр Отэй гэр бүлийн маргаанаас болж нэг удаа ирж байсан. ...” /хх 41/ нарын мэдүүлгүүд,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3446 дугаартай “М.Оийн биед зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 11-12/ гэсэн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ё.Аг өөрийн эхнэр М.Оийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

           

            Шүүгдэгч Ё.Агаас “... ажлын улмаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй тул өөр ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

            Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

            Өөрөөр хэлбэл, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Ё.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

          Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/672 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ё.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/672 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ё.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                          ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

 

                          ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ