| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2026/0482/З |
| Дугаар | 128/ШШ2026/0574 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2026/0574
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Д.Халиуна даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амин-Од, нэхэмжлэгч М.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, Б.У******* нарыг оролцуулан М.О*******ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А******* нар урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаал гарсан. Уг тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар М.О*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг бүхэлд нь батлагдсан өдрөөс нь хүчингүй болгосон байна. Энэ тушаал гарсан эсэхтэй, ямар үйлчлэлтэй болох талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй. Иймд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Нэхэмжлэгч өөрөө бичсэн хүсэлтийг шүүхэд өгч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нэхэмжлэгч М.О*******ээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах байцаагч М.О*******д 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаанд 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, урьдчилсан хэлэлцүүлгээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэх явцад нэхэмжлэгч М.О*******ээс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч М.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн байх бөгөөд хүсэлтэд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.О*******ээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах байцаагч М.О*******д 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаанд 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч М.О******* нь уг шаардлагаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА