Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/09863

 

 

 

 

 

2025 08 14

197/ШШ2025/09863

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Дандарбаатар ** тоотод байрлах А ХХК /РД: *********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Яргайтын богино гудамж, ** тоотод оршин суух, Ж овогтой Ө /РД: *********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,534,940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ж.Ө нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр "А" ХХК болон Ж овогтой Ө нарын хооронд №******** зээлийн гэрээ болон №****** дугаартай үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу Фидуциийн гэрээ тус тус байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр Ж.Ө нь "А" ХХК-иас 18 сарын хугацаатай, нэг сарын 4,8% хүүтэй 4,000,000 төгрөгийг зээлсэн байдаг. Хариуцагч Ө нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эргэн төлөлт хийгээгүй. Нийт төлөх үндсэн зээл болох 4,000,000 төгрөгийн хуримтлагдсан хүүг үндсэн зээл дээр шингээчих, дараа өгье гэдэг байдлаар хойшлуулж байсан. Хариуцагчийн үндсэн зээл 8,397,277 төгрөг болсон байдаг. Зээлийн гэрээний төлбөр болох 8,397,277 төгрөгийг зээлдэгч Ө нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд төлж барагдуулна гэж харилцан тохиролцоод зээлийн эргэн төлөлтийн графикийг 3,5 хувийн хүүтэйгээр шинэчлэн гаргаж байсан. Тухайн графикийг гаргах хүртэлх хугацаанд хариуцагч Ө-ыг зээлээ төлөхийг хүлээсэн. Удахгүй төлнө гэж хэлсээр тус хугацааг авсан байдаг. Зээлийн график гарсанаас хойш хариуцагч 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 360,000 төгрөгөөр нэг удаагийн эргэн төлөлт хийсэн бөгөөд дахиж төлөлт хийгээгүй. Ө-тай холбогдож зээлийн эргэн төлөлтийн талаар асуухад би төлж чадахгүй гэсэн хариу өгсөн учраас бидний зүгээс шүүхэд хандсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын задаргааны хувьд зээлийн эргэн төлөлтийн эхний графикийн дагуу 18 сарын хугацаанд 2,194,714 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Ө нь нийт 974,680 төгрөгийг төлсөн байдаг. 18 сарын хугацаанд төлөх 2,091,774 төгрөг дээр үндсэн зээл болон 8,397,277 төгрөгийг нэмж тооцсон байгаа. Алдангийн хувьд зээлийг хамгийн сүүлд төлсөн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хуулийн дагуу 50 хувь дээр барьж 3,045,890 төгрөг болсон байгаа. Иймд хариуцагч Ө-аас нийт 13,534,940 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн эргэн төлөлтөд ковид нөлөөлсөн гэж байна харицагч зээлээ 2019 оны 10 дугаар сар хүртэл төлж байсан, гэтэл ковидоос үүдэлтэй асуудал бол 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байдаг. Анх байгуулсан гэрээний хугацаа ёсоор бол сүүлийн төлөлтийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусах ёстой байсан. Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарлахаас 3 сар орчмын өмнө зээлийг төлж барагдуулсан байх ёстой байсан, тийм учраас цар тахал нөлөөлсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр 2021 онд гэрээг шинэчилсэн гэж байна, хариуцагч андуурчих шиг боллоо. Зээлийн гэрээг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шинэчилсэн. Ингэж шинэчлэхдээ үндсэн зээлийн үлдэгдэл хэд байгаа вэ хүүг нэмсэн дүнгээр гэж 2023 он хүртэл тохиролцоод, хариуцагч тэр дүнг хүлээн зөвшөөрөөд. Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг 10 сарын хугацаанд, 3,5 хувийн хүүтэй төлж дуусах тохиролцоог хийж баталгаажуулсан. Эхний 2 сар буюу 02 дугаар сарын 28, 03 дугаар сарын 28-нд эхний төлөлтүүд болох 400,000 төгрөгийг сард төлөх ёстой байсан боловч төлөөгүй. 2 сар төлөлт хийсэнгүй шүүхэд хандлаа шүү гэхэд 04 дүгээр сарын 21-ний өдөр 360,000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс хойш өөр төлөлт байхгүй. Тийм учраас сүүлд тохиролцсон үндсэн зээл дээр алданги тооцоод нэхэмжлэлийн дүн гарч байгаа. гэв.

3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-аас автомашин барьцаалан зээл авсан. Зээлээ 2019 оны 10 дугаар сар хүртэл төлж байгаад ковидын улмаас зээлээ төлж чадахгүйд хүрч хойшлуулсан. 2021 онд намайг дуудаад энэ гэрээн дээр гарын үсэг зурчих, шинэчилсэн юм гэв. 2024 оны 12 дугаар сард 12,000,000 төгрөгийн НӨАТ-ын баримт шивүүлж өгөөд, зээлнээсээ хасагдах байх гэсэн боловч хасагдаагүй зөрчил үүсээд би төлөөгүй. Би хаан банкнаас дансны хуулгаа авсан, 2,700,000 төгрөгийг А ХХК-ийн дансруу шилжүүлсэн байгаа. Бас нэхэмжлэгч компанийн захиралын хувийн дансруу 1,200,000 төгрөг шилжүүлж байсан боловч дансны хуулгаа олохгүй байна. Үндсэндээ бол би А ХХК-аас авсан 4,000,000 төгрөгийг төлчихсөн гэж ойлгоод байгаа юм. Алданги тооцож байгаа бол тэрийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Зээлийн гэрээ хэргийн материалын 2 дугаар тал, анх төлсөн гэрээний эргэн төлөлтийн график хэргийн материалын 5 дугаар тал, депозит дансны дэлгэрэнгүй хуулга хэргийн материалын 7 дугаар тал, мөнгө шилжүүлсэн нотлох баримт,

5. Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талаас төлөх үндсэн зээл болох 4,000,000 төгрөгийн хуримтлагдсан хүүг үндсэн зээл дээр нэмж нэгтлэн нийт 8,397,277 төгрөгний үндсэн зээлтэй гэж үзэж гэрээ хийсэн нь байгаа нь хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байна гэж үзлээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгчид төлсөн мөнгө нь хавтас хэрэгт авагдсан баримт болон дансны хуулгаар 1,690,453 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх ба 4,000,000 төгрөгний үлдэгдэл 2,309,547 төгрөгийн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаар тухайн төлсөн мөнгийг хэдийг нь үндсэн төлбөрт хэдийг нь хүүнд суутган тооцсон талаар нотлох баримт ирүүлээгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэхээр байна.

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд зээлдэгч тал болох Ж.Ө нь 2,309,547 төгрөгний зээлийн эргэн төлөлт үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна. Харин үндэслэлгүй нэхэмжилсэн 11,225,393 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

7. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.

8. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51,902.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж овогтой Ө /РД: **********/-аас 2,309,547 төгрөгийг гаргуулж, А ХХК /РД:*********/олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,225,393 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51,902.75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ