| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2016/0571/э |
| Дугаар | 438 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
улсын яллагч: Р.Батнасан;
нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;
шүүгдэгч: Г.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганбаатарын Зоригтбаатарт холбогдох эрүүгийн 1809014090231 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эмэг эх, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 30 дугаар гудамжны 466 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, УИ94120654 регистерийн дугаартай, Боржигон овогт Ганбаатарын Зоригтбаатар.
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:
Яллагдагч Г.Зоригтбаатар нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14 настай Б.Тэнгисийн “Самсунг Эс-3” маркийн гар утас, 15.000 төгрөгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Зоригтбаатар мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сансарын тунел хавьд байрлах “Андууд” караокед Ганболд, Баттөр нартай орсон. Тухайн караокед найзуудтайгаа архи ууж байгаад Отгонболдыг дуудсан. Отгонболд машинтайгаа ирсэн. Би Отгонболдод “Баттөрийг хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэр хоёр гараад явсан. Удалгүй “Баттөрийг хүргээд өгсөн үү” гэж асуухад Отгонболд “гэртээ хариагүй “РС” тоглоомын газар орсон” гэж хэлсэн. Би караокеноос Отгонболдтой гараад “РС” тоглоомын газарт ортол Баттөр байхгүй байсан. Тухайн үед би өөрийнхөө гар утсыг хороололд ломбардад тавьсан байсан. Учир нь Баттөртэй цуг “PC” орох санаатай байсан. “РС” тоглоомын газраас гараад явж байтал 3 залуутай таарсан. Нэг залуу их өндөр залуу. Нөгөө хоёр залуу нь над шиг биетэй залуучууд байсан. Нэг залуу намайг мөрлөөд гарахаар нь би “хөөе, яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Нөгөө гурван залуу над дээр ирэхэд замын цаанаас Баттөр гарч ирсэн. Тэгээд тэр гурван залуутай маргалдсан. Би нэг залууд нь “эр хүн шиг үзье” гээд хойд талын гудамж руу дагуулж явтал нэг залуу нь “ахаа уучлаарай, би хоёр найзыгаа аваад явлаа” гэж хэлсэн. Би тэгэхээр нь Отгонболдыг дуудах санаатай “утсаараа яриулчих” гэж хэлсэн. Би нэг залуугийн утсаар Отгонболдтой ярьж байтал утсаа орхиод зугтаагаад явсан. Би “хөөе” гэж дуудтал хамт байсан хоёр залуу нь мөн зугтаагаад явсан. Би нэг залууг дэгээдээд унагатал Баттөр намайг барьж авсан. Би тэгээд хохирогчийн араас гар утсыг аваачиж өгөх гэтэл нэг зугтаасан залуу нь танихгүй нохойтой залуутай зогсож байхаар нь “эв зүйгээр ярилцъя” гэж хэлтэл тэр залуу “чаддаг юм бол наанаа байж байгаарай” гэж хэлсэн. Би өөр хүн дуудаж зодолдох гэж байна гэж бодсон. Отгонболд машинтайгаа ирэхээр нь би цуг хороолол руу явах гэж байтал нөгөө залуучууд “тэр байна” гээд цагдаа ирж намайг барьсан. Хохирогчийн гар утсыг дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Хохирогчийг 1-2 удаа цохисон нь эрчүүдийн асуудал гэж бодож байна. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бага насны хохирогч Б.Тэнгис /хх-ийн 17-20/, арван зургаан насанд хүрээгүй гэрч Т.Анхбаяр /хх-ийн 21/, А.Түвшинбилэг /хх-ийн 22/ нарын мэдүүлэг, гэрч Б.Даваасүрэн /хх-ийн 23-25/, Б.Баттөр /хх-ийн 26-29/, А.Гүндэгмаа /хх-ийн 33-34/ нарын мэдүүлэг, Г.Зоригтбаатарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлсэн гэрэл зургууд /хх-ийн 6-9/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35/, Г.Зоригтбаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-50/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Г.Зоригтбаатар нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг, “Union” төвийн (Хас 32 интернет тоглоомын газрын) хойд талын гудамжинд 14 настай Б.Тэнгисийг зодож, айлган сүрдүүлж “Самсунг Эс-3” маркийн гар утас, бэлэн 15.000 төгрөгийг нь авсан нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
бага насны хохирогч Б.Тэнгисийн /хх-ийн 17-20/: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байхад манай хамаатны хүүхэд болох Түвшинбилэг, Анхбаяр нар ирсэн юм. Сургуулийн амралт эхэлсэн тул ээжээс гуйж “Баруун салаанд” байдаг эмээгийнд 2 хонох зөвшөөрөл авсан…Гэрээс гараад явж байхад хамаатны эгч Одсүрэн таарч Анхбаярт 20.000 төгрөг өгсөн юм. Эмээгийнх рүү явах замдаа Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Хас 32” нэртэй цахим тоглоомын газарт орж хүүхдүүд тоглож байгааг харж байгаад 21 цаг өнгөрч байхад цахим тоглоомын төвөөс гартал танихгүй нэг залуу гарч ирэн хувцаснаас зулгаан газар унаган дээрээс дэвсэж, босгож ирээд бөгс рүү амбаардаад, баруун шанаа руу зүүн гараараа нэг удаа алгадаад миний гар утас, бэлэн 15.000 төгрөгийг аваад яваад өгсөн…” гэх мэдүүлгээр,
арван зургаан насанд хүрээгүй гэрч Т.Анхбаярын /хх-ийн 21/: “…2018 оны 03 дугаар сарын 22-ны орой Түвшинбилэг, Тэнгис бид 3-ыг цуг явж байхад үл таних ах буюу Зоригтбаатар гэх залуу бид 3-ыг гудамж руу оруулаад “эд зүйлээ гаргаад ир” гэсэн ба Түвшинбилэг бид 2-т ямар нэгэн эд зүйл мөнгө, гар утас байхгүй байсан болохоор цохиж зодоогүй. Харин Тэнгисийг цохиж зодож байгаад гар утас болон 15.000 төгрөгийг нь авсан…Энэ асуудал Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг, “Union” гэсэн нэртэй интернет тоглоомын газрын орчим болсон…” гэх мэдүүлгээр,
арван зургаан насанд хүрээгүй гэрч А.Түвшинбилэгийн /хх-ийн 22/: “…2018 оны 03 дугаар сарын 22-ны орой Анхбаяр, Тэнгис бид 3-ыг цуг явж байхад үл таних ах бид 3-ын хажууд ирээд “намайг дагаад яв” гээд гудамж руу оруулаад “эд зүйлээ гаргаад ир” гэсэн…”Надад мөнгө, гар утас байхгүй ахаа” гэсэн чинь Тэнгисийг эд зүйлээ гаргаад ир гэсэн. Тэнгис “байхгүй” гээд уурлах шиг болсон чинь шууд цохиж аваад карманаас нь утас, мөнгийг нь авсан…Би зугтаагаад зам дагуу явж байсан нэг ахын гар утсыг гуйгаад цагдаад дуудлага өгсөн. Буцаад очсон чинь Анхбаяр, Тэнгис 2 урдаас ирээд Зоригтбаатар гэх ах ардаас нь ирээд “ахтайгаа үзэх үү” гэж байгаад явсан…” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Даваасүрэнгийн /хх-ийн 23-25/: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны 21 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Номин супермаркет”-ийн ар талын гудамжаар хоёр нохойгоо салхилуулаад явж байхад гудамжны буланд хэсэг залуучууд зогсож байсан юм. 32-ын автобусны буудал хүрээд буцаад явж байтал нэг хүүхэд гарч ирээд “манай найзыг дээрэмдээд зодоод байна, та очоод туслаад өгөөч” гэхээр нь тэр хүүхдийг дагаад очтол нэг залуу гудамжинд зогсож байсан. Нөгөө хүүхдээс “дээрэмдсэн зодсон хүн чинь мөн үү” гэхэд “мөн” гэхээр нь очтол нөгөө залуу над руу дайрсан. Миний нохойнууд намайг хамгаалан дайрах гэхээр нь болиулаад “энэ гурван хүүхдийн юмыг өгчих” гэхэд “чи хоёр хүн дагуулж ирээд наад хүүхдүүдийнхээ юмыг ав, тэгэхгүй бол чи намайг барахгүй” гэхээр нь нөгөө гурван хүүхдэд “машиных нь дугаарыг цээжлээд авчих, би нохойгоо гэртээ оруулж тавьчихаад гарч ирээд юмыг чинь өгье” гэж хэлээд гэртээ орсон…Гэртээ орчихоод гараад иртэл нөгөө залуу байхгүй болчихсон байсан…” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Баттөрийн /хх-ийн 26-29/: “…Зоригоо цахим тоглоомын гадна 3 хүүхэдтэй маргалдаж байсан…Тэр 3 хүүхдийг Зоригоо дагуулаад цахим тоглоомын газрын хойд талын гудамж руу орохоор нь би яах гэж байгаа юм бол гэж бодоод очтол нөгөө 3 хүүхдийг цохиж зодоод байхаар нь “чи жоохон хүүхдүүдтэй яах гээд байгаа юм” гээд болиулах гэтэл салахгүй байсан…Тэр хүүхдүүдийг дээрэлхэж байсныг нь харсан. Дээрэмдэж байсан үгүйг нь мэдээгүй, сүүлд дээрмийн хэрэг хийсэн гэдгийг нь мэдсэн…” гэх мэдүүлгээр,
Г.Зоригтбаатарын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 38-39/: “…2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтуу байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Хас 32” цахим тоглоомын гадаа үл таних 3 хүүхэдтэй маргалдаж тухайн үед согтуу байсан болохоор нэг хүүхдийн нүүрэн тус газар нь цохисон чинь дуугүй болсон болохоор нь “дагаад яв” гэсэн чинь миний ардаас дагаад явсан. Хажуу талын гудамж руу ороод “та 3 яагаад байгаа юм” гэсэн чинь “яагаа ч үгүй” гэхээр нь утсаар нь ярих санаатай “гар утсаа өгчих” гэсэн чинь надад гар утсаа өгсөн. Би “мөнгө байна уу” гэсэн чинь надад 15.000 төгрөг гаргаж өгсөн ба нэг хүүхэд нь өөдөөс хэрүүл хийх гээд байхаар нь нэг цохиод хувцаснаас нь татаад газар унагасан…Би тэр 3 хүүхдэд гар утас болон мөнгийг нь аваачиж өгөхөөр очсон боловч тэр 3 нэг нохойтой залуугийн хамт алхаж байсан ба нохойтой залуу надтай хэрүүл маргаан хийсэн…” гэх мэдүүлгээр болон “…намайг цохиж миний гар утас, мөнгийг авсан ахын зураг мөн байна. Хараад сайн таньж байна…” хэмээн бага насны хохирогч Б.Тэнгис шүүгдэгч Г.Зоригтбаатарыг шууд таньж олсон тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлсэн гэрэл зургуудаар /хх-ийн 6-9/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 10-11/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь бага насны хохирогчийн гар утас, бэлэн мөнгийг айлгаж, зодож байгаад авсныг хохирогч мэдүүлсэн, уг үйл явдлыг хохирогчтой тухайн үед хамт явж байсан хүүхдүүд харж гэрчилсэн, бага насны хүүхдээс авсан эд зүйлээ буцааж өгөхийг сануулж шаардсан хүмүүсийг шүүгдэгч үл тоон, тэдэнтэй хэрүүл маргаан хийснийг гэрч нар мэдүүлсэн, хохирогчийн гар утасны үнийг эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон, хохирогч өөрийг нь зодож эд зүйлийг нь авсан хүнийг эргэлзээгүйгээр таньж олж, заасан байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.Зоригтбаатар шүүх хуралдаанд “хохирогчийн гар утсыг гуйж авсан, хохирогч өөрөө сайн дураар эд зүйлээ өгсөн” гэх агуулга бүхий мэдүүлэг өгч байх боловч түүний мэдүүлэг дээр дурьдсан агуулгатай нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байгаа болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Г.Зоригтбаатар нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг, “Union” төвийн (Хас 32 интернет тоглоомын газрын) хойд талын гудамжинд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэж шүүх дүгнэв.
”Эд зүйлээ гаргаад ир” хэмээн бага насны хохирогчийн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл, заналхийлэл (зодох, айлган сүрдүүлэх) үзүүлэн довтолж буюу шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогчийн гар утас, бэлэн мөнгийг нь авч буй Г.Зоригтбаатарын санаатай үйлдэл нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Г.Зоригтбаатарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Бага насны хохирогч Б.Тэнгисийн дээрэмдүүлсэн эд зүйлийг цагдаагийн байгууллага Г.Зоригтбаатараас хураан авч, хохирогчид биет байдлаар буцаан олгосон нь хавтаст хэргийн 10-11 дүгээр талд авагдсан бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс Г.Зоригтбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хугацаатай хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж түүнийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэгээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” талаар санал гаргасан боловч шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх нөхцөл байдал шүүх хуралдаанаар тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг шүүх хэрэглээгүй болно.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Зоригтбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зоригтбаатарыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зоригтбаатарт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Зоригтбаатар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Зоригтбаатарт урьд авсан хувийн баталгаа гарргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Зоригтбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ