Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 579

 

Г.Билгүүн, А.Дөлгөөн нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Жаргалсайхан,

ялтан А.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Б.Бадраа,

ялтан Г.Билгүүнийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан А.Дөлгөөний өмгөөлөгч Б.Бадраа, ялтан Г.Билгүүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Билгүүн, А.Дөлгөөн нарт холбогдох 201526030816 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Мөргөл овгийн Ганболдын Билгүүн, 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны амины орон сууцны 37 тоотод оршин суух, /регистрийн дугаар: НЩ91071719/,

2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны         2 дугаар шүүхийн 1423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан.

 

2. Эрдэнэ овгийн Алтанхуягийн Дөлгөөн, 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын Үндэсний их сургуулийн эрх зүйн 3 дугаар ангийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4 дүгээр гудамжны 38 тоотод оршин суух хаягтай, одоо Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 81-107 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: МК91102612/,

 

Г.Билгүүн нь 2015 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны тамхи татах өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “эмэгтэй найз нарыг өдөж хоргоолоо” гэх ялимгүй зүйлээр шалтаглан О.Ганзоригийн нүүр рүү нь цохиж биед нь хоншоор ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтлийг, А.Дөлгөөнтэй бүлэглэн Б.Түмэннасангийн нүүр рүү цохиж зодон биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн гэмтлийг тус тус учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт,

А.Дөлгөөн нь 2015 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны тамхи татах өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “найз Г.Билгүүнийг цохилоо” гэх ялимгүй зүйлээр шалтаглан Г.Билгүүнтэй бүлэглэн Б.Түмэннасангийн нүүр рүү цохиж зодон биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн гэмтлийг учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Билгүүн, А.Дөлгөөн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Мөргөл овогт Ганболдын Билгүүн, Эрдэнэ овогт Алтанхуягийн Дөлгөөн нарыг бүлэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Г.Билгүүнийг 3 жил 6 сарын хугацаагаар, А.Дөлгөөнийг 3 жил 1 сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар Г.Билгүүнд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Билгүүнд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, А.Дөлгөөнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Билгүүнээс 4.703.625 төгрөг гаргуулж хохирогч О.Ганзоригт олгож,

хохирогч О.Ганзориг, Б.Түмэннасан нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарлаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн сиди 1 ширхэгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,

шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Билгүүн, А.Дөлгөөн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж,

Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Билгүүний Оджаргалд асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад үүрэг болгож,

шүүгдэгч Г.Билгүүн, А.Дөлгөөн нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан А.Дөлгөөний өмгөөлөгч Б.Бадраа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан "шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тогтоол гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Э.Дөлгөөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж улмаар анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч Э.Дөлгөөнд 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа “...нарыг бүлэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж тогтоолдоо тусгаад шүүгдэгч Э.Дөлгөөнд 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуудсан ялыг нь тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан болон жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Миний үйлчлүүлэгч А.Дөлгөөнийг 2015 оны 9 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд          Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт “Минт” баарны тамхины өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж найз Билгүүнийг цохилоо гэх ялимгүй зүйлээр шалтаглан Г.Билгүүнтэй бүлэглэн Б.Түмэннасангийн нүүр рүү цохиж зодон биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 13306 тоот Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин энэ гэмт хэрэгт миний үйлчлүүлэгч ямар шалтгааны улмаас холбогдох болсон шалтгаан нөхцлийг нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтанд гүйцэт тодруулалгүй зөвхөн “үл ялих зүйлээр шалтаглан” гэх дүгнэлт хийсэн нь хууль шударга ёсонд нийцэхгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйл, 6.1, 8.1, 13.2, 14.1 дэх хэсгийг зөрчсөн, шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад шүүх хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна. Байцаан шийтгэх ажиллагааны явцад хэргийн зүйлчлэлийг сольж ял сонсгож байсан байх бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлэхдээ миний үйлчлүүлэгч А.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан ялыг сонсгосон нь үндэслэлгүй, түүнд төлөвлөсөн ялыг шүүх хэвээр нь шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй энэ ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирохгүй байна. А.Дөлгөөний үйлдсэн гэмт хэргийн сэдэл үйлдэл нь хохирогчдын өөрсдийн буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн иргэдийн эрүүл мэндийн эсрэг хөнгөн гэмт хэрэг байдаг. Миний үйлчлүүлэгч нь хохирогч Б.Түмэннасангийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн байдаг боловч түүнийг анх сэжигтнээр тооцон улмаар яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон нь зөв зүйтэй, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял байсан гэж үзэж байна. Мөн миний үйлчлүүлэгч энэ гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан нь хохирогчид болох Б.Ганзориг, Б.Түмэннасан нар согтууруулах ундаа хэрэглэсэн, их хэмжээний согтуурлын зэрэгтэй үедээ олон нийтийн газарт эмэгтэйчүүдийн биед нь зүй бусаар халдсан, улмаар тамхи татах өрөөнд эмэгтэй хүнийг зүй бус үг хэллэгээр “моож, янхан” гэх зэргээр доромжлон танхайрсан, тэдний танхайрлаас нь найз эмэгтэйчүүдээ өмөөрсөн Г.Билгүүнийг цохиж унагаслаас үүдэн хохирогч гэгдэх Б.Түмэнасанг цохисоноос болсон байдаг. Г.Билгүүн, А.Дөлгөөн нар нь хохирогчдын биед нь гэмтэл учруулсан үйлдэлдээ гэм буруугийнхаа хэмжээгээр ял шийтгэл эдлэх нь гарцаагүй боловч тэднийг гэмт хэрэг үйлдэхэд турхирсан этгээдүүд өөрсдийн гэм буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй өнгөрч байгаа нь хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчим алдагдсан үйл баримт болж байна гэж хуульчийн зүгээс үзэж байна. Хохирогчдыг огт зүгээр байхад нь шүүгдэгч нар зориудаар танхайрсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг “догшин авирлаж үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан” гэж үзэхэд бас учир дутагдалтай. Олон нийтийн газарт маргаан хийсэн хохирогчид болон шүүгдэгчид буюу бүр тодорхой хэлбэл шүүгдэгч Г.Билгүүн ч мөн хохирогчдын гэмт халдлагад өртсөн, түүнийг хохиогчид цохиж унагасан байдаг. Гэтэл энэ үйлдэлд нь яагаад мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй нь ойлгомжгүй байна. Заавал гэмтэл бэртэл авч байж л хохирогчоор тогтоогдоно гэсэн хуулийн зүйл заалт байхгүй. Харин ч тухайн газарт байсан, хохирогчдод доромжлуулсан эмэгтэйчүүд болон шүүгдэгч Г.Билгүүн нь хохирогчдод холбогдуулан гомдол гаргаагүйн улмаас хохирогчдыг ял завшуулсан байна гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд танхайрах гэмт хэргийг бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялган зүйлчлэх талаар зааж өгсөн байна. Тухайлбал уг тогтоолын 2.1-д “танхайрах гэмт хэрэг нь” гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртхууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн ёс заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсвэл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ" гээд харин тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь хэдийгээр олон нийтийн газар буюу “Минт” гэх бааранд үйлдэгдсэн гэх боловч олон нийтийн танхимд олон нийтийн дэргэд хохирогч нарт доромжлогдсон эмэгтэйчүүд мөн адил Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан хохирогчид байсаар атал хохирогчдын үйлдсэн гэмт хэргийг шууд хаацайлан ял завшуулан гэм зэмгүй үлдээн харин шүүгдэгч Т.Билгүүн, Э.Дөлгөөн нарыг дангаараа шалтгаангүйгээр буюу үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлээр зүйлчлэх нь учир дутагдалтай байсан гэж үзэж байна. Иймд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү. Эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасны дагуу заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэв.

 

Ялтан Г.Билгүүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Билгүүнийг бусадтай бүлэглэн, догшин авирлан танхайрсан гэж үзэж ял шийтгэсэн боловч шүүгдэгчийн үйлдэл, тухайн хэрэг асуудал нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн, тодорхой сэдэлттэй болох нь түүний удаа дараагийн мэдүүлгүүдэд дурдагдсан байдаг. Маргаан зөрчилдөөн үүсэх болсон шалтгаан нь Г.Билгүүний найз охин Мандхай болон түүний найз охидуудыг хохирогч болох Б.Түмэннассан, О.Ганзориг нар нь хэл амаар доромжилж, зүй бусаар харилцсан явдал байдаг. Тодруулбал, хэргийн материалд авагдсан бичгэн нотлох баримтуудаар хохирогч Б.Түмэннаст, О.Ганзориг нарын зүй бус хандлага, харилцаа нь тухайн хэрэг гарахад шууд нөлөөлсөн. Үүнийг гэрч Б.Оюуны хавтаст хэргийн 10-р талд, гэрч Г.Алтанзаяа хавтаст хэргийн 14-р талд, гэрч Э.Дөлгөөн хавтаст хэргийн 15-р талд, гэрч Г.Мандхай хавтаст хэргийн 17-р талд өгсөн мэдүүлэг тодорхой нотолдог. Гэтэл зодоон гарах болсон тодорхой шалтгааныг гэрчүүд мэдүүлсээр байтал Г.Билгүүнийг тодорхой шалтгаангүйгээр зодож, догшин авирласан гэж зөвхөн хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл болгон зүйлчилж, ял оногдуулсан нь хуульд нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Г.Билгүүн, А.Дөлгөөн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйл "Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах", 99 дүгээр зүйл "Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгосон байдаг гэтэл хохирогч Б.Түмэннаст, О.Ганзориг нар нь мөрдөн байцаалтын шатанд Г.Билгүүн, А.Дөлгөөн нарын үйлдлийг “Танхайрах” гэмт хэргээр зүйлчилж өгөх талаар удаа дараа санал, хүсэлт гаргаж байсан нь ихээхэн анхаарал татахуйц байгаа бөгөөд хэргийн зүйлчлэлд нөлөөлсөн байж болзошгүй байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Г.Билгүүний үйлдлээс болж нийгмийн хэв журам зөрчигдсөн ямар ч үйлдэл тогтоогдоогүй байдаг ба мөрдөн байцаалтын шатанд тухайн хэрэг болсон “Минт” баарны ажилчин, албан хаагчдаас нийгмийн хэв журам зөрчсөн, бусдын амгалан байдлыг алдагдуулсан, догшин авирласан, албан байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан, танхайн үйлдлээ удаан үргэлжлүүлсэн талаар ямар ч мэдүүлэг аваагүй бөгөөд зөвхөн хохирогч нарын мэдүүлгүүдээр танхайрсан гэж хэргийг зүйлчилж ял шийтгэл оногдуулсан байна. Танхайрах гэмт хэргийн обьектив тал нь "...бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байдаг. Гэтэл Г.Билгүүний үйлдэлд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, бусдын өмч хөрөнгийг эвдэн сүйтгэсэн ямар ч үйлдэл байгаагүй бөгөөд хавтаст хэрэгт энэ талаарх байдлыг нотлох бичгэн баримт авагдаагүй байдаг. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Г.Билгүүний холбогдсон гэмт хэргийн шалтгаан нөхцлийг сайтар шалгаагүй байна гэж үзэж байна. Мөн гэм буруугийн сэдэлтийн тухайд ч прокурорын зүгээс танхайн сэдэлттэй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, хувийн сэдэлтээр үйлдэгдсэн байх учраас хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх ёстой байсан гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэхэд голлох үндэслэл болсон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 775 тоот шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байгаа ба дүгнэлтэд: "О.Ганзоригт ...хоншоор ясанд зүүн талын гайморын хөндийн урд хана зөрүүгүй хугаралтай, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй зүүн хана зөрүүтэй ялимгүй цөмөрсөн хугаралтай, ...хоншоор ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал" зэрэг нь гэмтлийн аль зэрэгт хамаарч байгаа тодорхойгүй байгаа юм. Учир нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 455 тоот шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлтээр О.Ганзоригт хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогддог юм. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 755 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт "Шүүх ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал..., хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж заажээ. Эрүүгийн 201526030816 тоот хэрэгт ял шийтгүүлсэн, миний үйлчлүүлэгч Г.Билгүүн анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт холбогдсон ба үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болно. Г.Билгүүн нь хэрэгт шалгагдаж эхэлсэнээс хойш хэргийн нөхцөл байдлын талаар анхнаасаа үнэнч шударгаар, тогтвортой мэдүүлж байсан бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ ямар ч зөрчил дутагдал гаргаж байгаагүй юм. Мөн тэрээр аливаа буруу зуршилгүй, зан харьцааны хувьд төлөв даруу, залуу бөгөөд ирээдүйд ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн залуу хүн. Г.Билгүүн нь бага насны хүүхэдтэй, эхнэргүй бөгөөд түүний охин болох Билгүүний Оджаргал \4настай\ нь түүний асрамжинд байдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгэн баримтуудаар нотлогддог. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасны дагуу заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

 

Ялтан А.Дөлгөөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ээж өвчтэй. Эхнэр нялх биетэй. Харж үзнэ үү. Маш их гэмшиж байна. дахин ийм зүйл хийхгүй.” гэв.

 

Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “А.Дөлгөөн, Г.Билгүүн нарт холбогдох хэргийг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Билгүүн, А.Дөлгөөн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан бөгөөд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлыг харгалзан үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

                                                                        ХЯНАВАЛ:    

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Г.Билгүүн нь 2015 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны тамхи татах өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “эмэгтэй найз нарыг өдөж хоргоолоо” гэх ялимгүй зүйлээр шалтаглан О.Ганзоригийн нүүр рүү нь цохиж биед нь хоншоор ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтлийг, А.Дөлгөөнтэй бүлэглэн Б.Түмэннасангийн нүүр рүү цохиж зодон биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн гэмтлийг тус тус учруулж догшин авирлаж танхайрсан,

А.Дөлгөөн нь 2015 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны тамхи татах өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “найз Г.Билгүүнийг цохилоо” гэх ялимгүй зүйлээр шалтаглан Г.Билгүүнтэй бүлэглэн Б.Түмэннасангийн нүүр рүү цохиж зодон биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн гэмтлийг учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

ялтан Г.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г.Мандхай намайг хүрээд ир гэж дуудсан. Би “яасан” гээд очиход “энэ хоёр залуу зүгээр байлгахгүй байна. Бүжгийн талбай дээрээс эхлэн миний бөгсийг базаад оролдоод байсан. Харин одоо тамхилж байхад энэ хоёр залуу бид нарыг “явъя” гээд татаж чангаагаад байна. Явахгүй гэсэн чинь элдэв янзаар доромжлоод доош нь шүлсээ хаяад хараагаад байна” гэж хэлэхэд тэр хоёр залуу хажуунаас ороод ирэхээр нь би “та нар одоо больчихоо, миний найз охин найз нартайгаа байна” гэсэн. Оюука намхан залууг нь “цаашаа бай” гээд түлхсэн. Тэгсэн нөгөө залуу нь “янхан, моож” гээд хараагаад холдсон. Тэгэхээр нь “та хоёр юу яриад байгаа юм” гэхэд намхан залуу нь “чамд энэ ямар хамаатай юм бэ” гэхэд нь “хамааралтай болоод та нарыг салгаж байна” гэж хэлсэн. Тэгээд маргалдаж эхлээд намхан залуугийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд би арагш газар унахад дээрээс өндөр залуу нь миний дээрээс 2-3 удаа өшиглөсөн. Тэгж байхад өндөр залууг салгах гэж А.Дөлгөөн орж ирээд нэг удаа тэр залуугийн нүүр рүү нь цохисон. Тэгээд бид нарыг хамгаалагч нар орж ирээд салгаад аваад гарсан.” гэх мэдүүлэг /хх1, х43/,

ялтан А.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тамхи татаж байгаад эргээд харахад Г.Билгүүн арагшаа унаж байсан. Тэгэхээр нь би нөгөө залууг нь түлхээд Г.Билгүүнийг арагш нь татаад салгасны дараа тэр хоёр залуугийн өндөр залуугийн нүүр рүү нь 2 удаа цохисон. Эхний цохилт тэр залууг оноогүй. Харин дахин нэг удаа цохиход нүүрэнд нь оносон. Би тэндээс гарч яваад цагдаа дээр ирсэн.” гэх мэдүүлэг /хх1, х48/,

хохирогч Б.Түмэннасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ганзоотой юм яриад зогсож байхад нэг залуу ирээд Ганзоогоос юм асуух шиг болоод тэр залуу зай авч байгаад Ганзоог шууд цохиод авсан. Ганзоо доошоо нүүрээ дараад тонгойсон. Тэгтэл үргэлжлүүлээд тэр залуу миний нүүрэн тус газар нэг цохисон. Тэр үед хамгаалагч нар намайг барьж авсан. Энэ үед нэг найз нь үсэрч орж ирээд хэд хэдэн удаа цохисон, тэгээд хамгаалагч нар нэмж орж ирээд салгасан.” гэх мэдүүлэг /хх1, х19-20/,

“...Миний зүүн талын хамар, нүдний орчим Г.Билгүүн гээд залуу нь хоёр удаа гараа атгаж байгаад хүчтэй цохисон. Энэ үед намайг хамгаалагч ирээд бариад авсан чинь А.Дөлгөөн гээд залуу нь мөн ялгаа байхгүй нүүр орчим хоёр удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх1, х144/,

хохирогч О.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би “Минт” баарны тамхи татдаг өрөөнд Б.Түмэннасантай хамт тамхи татаад зогсож байхад хоёр танихгүй залуу Б.Түмэннасантай юм ярьж эхэлсэн. Тэгэхээр нь би Б.Түмэннасангаас “энэ хүнийг таньдаг юм уу” гэхэд хажуунаас туранхай биетэй залуу нь намайг таньдаггүй юм уу гэхэд нь би “чамайг танихгүй юм байна” гэсэн. Тэгтэл тэр залуу гараа далайсан бөгөөд арай цохичихгүй байгаа даа гэж байтал миний зүүн нүд рүү хоёр цохисон. Би ухаан алдсан бөгөөд нэг ухаан ороход баарны гадаа гарсан байсан. Өндийхөөр толгой эргээд яаралтай эмнэлэг орохгүй бол болохгүй юм байна гэж мэдрээд би такси бариад гэмтлийн эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хх1, х22-23/,

гэрч Г.Алтанзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нар нилээн их тэвчсэн. Яагаад гэвэл согтуу хүмүүстэй харьцаад яахав гэж бодсон. Аргаа бараад Мандхай найз залуудаа хэлсэн. Тэр хоёр залууд хандан Билгүүнээ “эмэгтэй хүмүүсийг ингэж хэлж болохгүй шүү дээ болиоч” гэж хэлсэн. Нөгөө залуу нь Билгүүнээг түлхээд газар унагасан. Тэгээд бужигналдаад эхлэхээр нь бид нар ширээ рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх1, х24/,

 гэрч Э.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Билгүүн тэр өрөөнд хэдэн охинтой юм ярьж байсан бөгөөд өндөр намхан хоёр залуутай зууралдсан. Удалгүй хамгаалагч орж ирээд салгасан.” гэх мэдүүлэг /хх1, х24/,

гэрч Г.Мандхайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нар ороод тамхи татаад зогсож байхад нөгөө өндөр залуу нь ирээд Оюукатай хэрэлдээд байсан. Бид нар “яваач” гэж зөндөө хэлсэн. Гэтэл цаанаас нь намхан найз нь “наад Улаанбаатарын янхануудаа орхи, моож нар байна” гэж хэлсэн. Энэ үед Г.Билгүүн орж ирсэн бөгөөд би энэ талаар найз залуу Г.Билгүүндээ хэлсэн Г.Билгүүн тэр залуучуудад хандан “явчихаач” гэж хэлж байсан. Өөр юу ярьж байсан нь сонсоогүй. Тамхиа татаж байгаад харсан чинь гэнэт л зодоон болж байсан. Хэн нь хэнийгээ цохиод байгааг би анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх1, х27/,

гэрч Б.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...араас хүрч ирээд баахан олон үгээр доромжилж, та нар дуртай байж худлаа маяглаад гэж хэлээд ойртоод байхаар нь цаанаас нь намхан залуу нь тэр өндөр залууг “явъя, наад моож янхан охидоо орхи” гэж хэлсэн. Энэ үед Г.Билгүүн орж ирээд бид нарыг өмөөрөөд өндөр залуутай нь юм яриад маргалдсан. Тэгж байгаад тэр хоёр залуугийн нэг нь Г.Билгүүнийг түлхсэн. Г.Билгүүн хойшоо газар савж унасан бөгөөд босч ирээд нэг залууг нь цохисон. Тэгэхээр нь Мандхай “боль” гэж хэлсэн бөгөөд бид нар тэр өрөөнөөс гараад явсан.” гэх мэдүүлэг /хх1, х28/,

шинжээч эмч А.Амгаланболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...эхний гаргасан 14955 тоот дүгнэлт үндэслэлтэй. О.Ганзоригийн зүүн нүдний хоншоор ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэг тогтоогдсон байна.” гэх мэдүүлэг /хх1, х36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Түмэннасангийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх 13306 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х30/,

“...О.Ганзоригийн биед хоншоор ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх 13235 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х32/,

“...Шинжээч эмч Ц.Бадралын гаргасан 13235 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. О.Ганзоригийн биед зүүн нүдний хараа бууралт 0.9 бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-р тогтонги алдагдуулах гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 1298 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х34-35/,

“...Шинжээчийн 13235 дугаартай дүгнэлт, давтан 1298 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, 455 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. 2016 оны 5 дугаар сарын 12-ны Брилианс эмнэлгийн үзлэгээр О.Ганзоригийн хоншоор ясанд зүүн талын гайморын хөндийн урд хана зөрүүгүй хугаралтай, хамар ясны баруун хана зөрүүтэй зүүн хана зөрүүтэй ялимгүй цөмөрсөн хугаралтай, мөн 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч эмчийн дүгнэлтэнд хоншоор ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал гэсэн нь үндэслэлтэй байна. Баруун нүдний ухархайн доод хана гайморын хөндий рүү 0.9 см өргөн хэсэгт 0.5 см гүн цөмөрсөн хуучин хугарал нь хоншоор ясанд зүүн талын гайморын хөндийн урд хана зөрүүгүй хугарал, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй зүүн хана зөрүүтэй ялимгүй цөмөрсөн хугарал гэмтэл үүсэхэд нөлөөлөхгүй. О.Ганзоригийн биед баруун нүдний ухархайн доод ханын гайморын хөндий рүү 0.9 см өргөн хэсэгт 0.5 см гүн цөмөрсөн хуучин хугарал бүхий хуучин гэмтэл тогтоогдсон нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдээгүй хуучин гэмтэл болно. Хэргийн материалын 76 дугаар хуудсанд нүдний эмчийн 9 дүгээр сарын 21-ний УНТЭ-н НСТ-н эмчийн үзлэгт баруун нүдний хараа 0.8, зүүн нүдний хараа 0.5 гэж хавтаст хэрэгт ирүүлсэн материалаар ирсэн үзлэгийг үндэслэлтэй гэж үзнэ. Зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал гэмтлээс зүүн нүдний хараа буурч болно.” гэх 775 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х173-175/,

хохирогч О.Ганзоригийн өвчний түүх /хх1, х74-79/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х86-88/,

хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан сиди бичлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас гадна хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Г.Билгүүн, А.Дөлгөөн нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди бичлэг, түүний тэмдэглэл /хэргийн 1 дгээр хавтасны 86-88 дахь тал/-ээс үзэхэд хохирогч О.Ганзориг, Б.Түмэннасан нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  “Минт” баарны тамхи татах өрөөнд хоёр эмэгтэйтэй маргалдаж, нэг эмэгтэй нь Б.Түмэннасанг холдуулахаар түлхэхэд түүний араас О.Ганзориг нь удаа дараа түлхэж, харилцан зууралдах зэргээр зүй бус авирлаж байсан нь тогтоогдож байна. Хохирогч О.Ганзориг, Б.Түмэннасан нарын энэхүү зүй бус үйлдэл нь ялтан Г.Билгүүн, А.Дөлгөөн нар ялимгүй зүйлээр шалтаглан, олон нийтийн газар дошгин авирлаж бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлсэн байна гэж давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүхэлд нь дүгнэв.   

 

Гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал болон ялтан А.Дөлгөөн нь одоо 25 настай, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирогч нарын эмчилгээний зардлыг төлж, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгаснаар хохирогч нь “Ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй учраас оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан байдлыг,

Ялтан Г.Билгүүний хувьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан боловч уг ял хойшлуулсан хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон тул түүнийг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болж байх бөгөөд түүний 25 настай, өөрийн үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирогч нарын эмчилгээний зардлыг төлж, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгаснаар хохирогч нь “Ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй учраас оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан, мөн 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр төрсөн хүүхэд Б.Оджаргал түүний асрамжид байгаа хувийн байдлуудыг тус тус харгалзан, ялтан А.Дөлгөөн, Г.Билгүүн нарт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин гэмт хэрэгт оролцсон оролцоо, ялтнуудын хувийн байдлыг харгалзан ялтан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хянан харгалзах хугацааг тогтоохдоо Г.Билгүүний хувьд 5 жилийн хугацаагаар, А.Дөлгөөний хувьд 2 жилийн хугацаагаар тус тус тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж байгаатай холбогдуулан шүүхийн шийтгэх тогтоолын ялтан Г.Билгүүний төрсөн хүүхэд Б.Оджаргалд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэсэн холбогдох заалтыг хүчингүй болгов.

Иймд ялтан А.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Б.Бадраа, ялтан Г.Билгүүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарын гаргасан “...оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих нэмэлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ганболдын Билгүүнд энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан гурван жил зургаан сар хорих ялыг тэнсэж, таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоон, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, Алтанхуягийн Дөлгөөнд энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан гурван жил нэг сар хорих ялыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоон, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ганболдын Билгүүн, Алтанхуягийн Дөлгөөн нар нь тус бүр 41 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэднийг нэн даруй сулласугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                                            Б.ЗОРИГ

                                                                                                     Ц.ОЧ