Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 127/2017/0015/З |
Дугаар | 221/МА2018/0168 |
Огноо | 2018-03-14 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2018/0168
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын Засаг дарга Б.Э нарыг оролцуулан, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг дарга, Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр:
1 дэх заалтаар “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.12 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичиг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож”,
2 дахь заалтаар “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын “е”-д тус тус заасныг баримтлан, өргөдлийн бүртгэлийн 00000 дугаар бүртгэгдсэн өргөдлийн дагуу /тухайн үеийн нэрээр/ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн мэдэгдэлд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын “санал”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 127/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хүлээн аваад дараах үндэслэлээр зарим хэсгийг нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Манай компанийн зүгээс Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 9/1437 тоот санал, 2015 оны 184 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 9/1437 тоот саналыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д зааснаар сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал авахаар заасан. Үүнийг шүүх “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс биш тус сумын Засаг даргаас санал авч, Ашигт малтмалын газарт хариу явуулснаар хуульд заасан журам зөрчигдсөн байна” гэж дүгнэсэн хэрнээ хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн.
2. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс заавал санал авахаар заасан Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтын зөрчсөн үйлдлийн талаар нь дүгнэлт хийгээгүй байна.
3. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай хэрэгцээнд авсан тогтоолыг заавал Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэхээр заасан байдаг. Зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоол нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй гэж Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 7/8945 тоот албан бичгээр нотлогдож байхад уг газрыг орон нутгийн хамгаалалтад авсан, түүнийг Засаг дарга саналдаа үндэслэсэн нь зөв гэх байдлаар дүгнэсэн нь алдаатай байна.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 127/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн “00000 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн мэдэгдэлд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын “санал”-ыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, 00000 өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмалын газраас Хэнтий аймгийн Галшар сумын … нэртэй 1221.43 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Хэнтий аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7245 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ.
Харин нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн дээрх газар нь Хэнтий аймгийн Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний “Зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” 05 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан “…” нэртэй газартай давхцалтай байх бөгөөд 14 өвөлжөө, хаваржаа, 4 худаг түшиглэн 18 өрхийн 14000 гаруй мал жилийн 4 улирал бэлчээрлэдэг гэх гэсэн үндэслэлээр “…” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг “дэмжихгүй” гэх мэдэгдлийг Хэнтий аймгийн Галшар сумын Засаг дарга нь аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.
Улмаар Хэнтий аймгийн Засаг дарга нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар тогтоолыг үндэслэн “…” нэртэй 1221.43 гектар талбай талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” талаарх саналыг хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэдийгээр Хэнтий аймгийн Засаг дарга тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авалгүй, Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоол болоод тус сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 дүгээр албан бичгүүдийг үндэслэн “дэмжихгүй” саналыг хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасантай нийцэхгүй байх боловч энэ нь аймгийн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар тусгай хамгаалалтад авсан газартай нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “…” нэртэй газарт давхцалтай болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул Хэнтий аймгийн Засаг дарга “хууль бус” санал өгсөн гэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж заасан бүрэн эрхийг аймгийн Засаг даргад олгосон.
Иймээс Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 дугаар “санал”-ыг хууль бус, хүчингүй болгох үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.
2. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Дээрх албан бичиг нь хуулиар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн санал өгөх талаар сумын Засаг даргад эрх олгогдоогүй учраас аливаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан шинжийг агуулаагүй байна.
Тиймээс нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байжээ.
Харин анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй тул Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 дүгээр албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР