| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/04711/И |
| Дугаар | 197/ШШ2025/10043 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/10043
2025 08 25 197/ШШ2025/10043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн **-р хороо, ** өргөн чөлөө **-р байр, ** тоотод оршин суух, У овогт Э-гийн Э /РД:**********/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн **-р хороо, Үндсэн хуулийн гудамж ****-т байрлах, НШШГГ /РД:*********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох ажиллагаатай холбоотой гомдол гаргасан тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох ажиллагаатай холбоотой гомдлын шаардлага гаргаж, хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэх үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.2 дугаар зүйлийн 751.2,1-т зааснаар хариуцагч НШШГГт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоолуудыг үйлдэхдээ хууль зөрчиж үйлдсэн, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох шаардлагатай, өмчлөгч нарын эрх ашгийг зөрчиж тэдэнд мэдэгдээгүй гэж тайлбарлаж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж оролцсон тул шүүх шаардлагын хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан эсэхийг хянаж үзсэн.
5. Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/00000 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч П.М-с нэхэмжилсэн 400,000,000 төгрөгийг хариуцагч Э.Э төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 17-18/
Уг шийдвэрт 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ********** дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, уг захирамжийн дагуу ********* дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 14-15/
Ийнхүү Э.Э нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгч Э.Эын өмчлөлийн ********** дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, Хувьсгалчдын-А *** дугаар гудамжны *** тоот хаягт байрлах 409,11 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр битүүмжилсэн байна. /хх-ийн 20-21/
Шийдвэр гүйцэтгэгч О.Ц 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *********** дугаар тогтоолоор Э.Э нарын 4 хүний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ***** дугаар хороо, Хувьсгалчдын-А *** дугаар гудамжны *** тоот хаягт байрлах 409,11 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилж, фото зургаар баримтжуулах ажиллагааг гүйцэтгэсэн байх /хх-ий 21-24/ бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ****** дугаартай тогтоолоор Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч О.Ц үйлдэж, хөндлөнгийн гэрчээр М.М, О.О нарыг оролцуулан, битүүмжилсэн эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийг үндэслэж хураан авсан гэж тусган, тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 26-28/
2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдлээр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагт ирүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд ирүүлээгүй, хоорондоо харилцан тохиролцоогүй тохиолдолд шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгох болохыг анхааруулсан байна. /хх-ийн 29-30/
Дээрх мэдэгдлийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргаж, Шийдвэр гүйцэтгэгч О.Ц 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/53 дугаар Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, уг тогтоолоор Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, Хувьсгалчдын-А ** дугаар гудамжны **** тоот хаягт байрлах 409,11 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-г шинжээчээр томилон, тогтоолын 2 дахь заалтаар: Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг ирүүлэх хугацааг зааж, 3 дахь заалтаар: шинжээчид дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах, тогтоосон хугацаанд дүгнэлт, тайлан ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан байна. /хх-ийн 32/
Шинжээчийн дүгнэлт болох хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч Э.Эад 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдлээр танилцуулсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тухайн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болсон байна.
6. Нэхэмжлэлийн шаардлага болох 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгох гомдлын тухайд
Нэхэмжлэгчээс уг шаардлагын үндэслэлээ: хөндлөнгийн гэрч оролцуулахаар хуульд заасныг зөрчиж оролцуулалгүйгээр, өмчлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэснийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1 иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдийн төлөөллийг дуудан ирүүлэх гэсний дагуу ажиллагаа явуулаагүй гэж тайлбарласан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор шүүх, бусад албан тушаалтнаас төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн тохиолдолд тухайн хөрөнгийг хүлээлцсэн тухай тэмдэглэл үйлдэн, түүний бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авна. гэж заасан ба хуулийн энэхүү зохицуулалтад эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч заавал оролцуулах талаар тусгайлан заагаагүй төдийгүй, эрх ашиг нь хөндөгдсөн бусад өмчлөгч нарт мэдэгдэх үүргийг хуульчлаагүй байна.
Эд хөрөнгө хураах шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ. гэж заасан байна.
Эд хөрөнгө хураах ажиллагааг явуулсан шийдвэр гүйцэтгэгч нь тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагатай гэж үзэн, тогтоолд энэ талаар тусгаж, 2 иргэнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан талаар тэмдэглэсэн байна.
7. Нэхэмжлэлийн шаардлагын үнэлгээ тогтоолгосон ажиллагаанд гаргасан гомдлын тухайд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцаа хөрөнгийн үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгүүдээ худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан боловч худалдан борлуулаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2025 оны 02 сарын 4-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 2/53 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байх ба шинжээч Б.Батзаяа гарын үсэг зурсан байна. /хх-32/
Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн шинжээч Б.Батзаяагийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын-А ** дугаар гудамжны ** тоот хаягт байрлах 409,11 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 179,614,400 төгрөгөөр үнэлжээ. /хх-36-50/
Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал ... үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн... гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.
НШШГГ нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгч өөр үнэлгээний компаниар үнэлүүлсэн баримтыг өгч няцаагаагүй.
8. Иймд нэхэмжлэгч Э.Эын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа болон, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дугаар зүйлийн 759.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5, 54 дүгээр зүйлийн 54.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Эын, хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа болон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ