Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/1194

 

 

 

 

 

 

 

   2024            10           29                                         2024/ДШМ/1194

 

 

Г.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

хохирогч А.Э-гийн өмгөөлөгч Н.Баатардорж,

шүүгдэгч Г.Л-, түүний өмгөөлөгч Н.Жамъян,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/674 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Э-гийн өмгөөлөгч Н.Баатардорж, шүүгдэгч Г.Л-ын өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Г.Л-т холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Г-ийн Л-, 1994 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, “-” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, - тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:00000000/;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 23/463 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Шүүгдэгч Г.Л- 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “-” караокед хохирогч А.Э-той архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж түүний эрүүл мэндэд баруун хацрын нум, гавлын суурь ясны баруун их далавч, их бие дайрсан хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цус хураа, баруун чамархайн хуйханд 2 зөөлөн эдийн няцрал, баруун эгэм ясны зөрсөн далд хугарал баруун хөмсөгт сорви бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Л-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 /дөчин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000 000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Л-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, Г.Л-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Э- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Л-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, хэрэгт иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч А.Э-гийн өмгөөлөгч Н.Баатардорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хөдөлбөргүй тогтоосон байхыг шаарддаг. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 485 дугаар шинжээчийн дүгнэлтэд “А.Э-гийн сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэжээ. Дээрх дүгнэлтэд тусгагдсан шинжилгээний үйл явц, асуумж ярилцлагад шинжлүүлэгч А.Э-гийн амь насанд аюултай хүнд гэмтэл үүссэн талаар огт тусгагдаагүй, харин баруун нүдний хараа 99% алдагдаж зөвхөн гэрэл мэдрэх гэсэн байна. Шинжээчид дүгнэлтээ гаргахын өмнө гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам болон хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хохирогчид амь тэнссэн хүнд гэмтэл үүссэн эсэх, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтын хувийг тогтоолгүй дүгнэлт гаргасан нь шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх гэсэн зарчмыг алдагдуулж, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг бүрэн бодитойгоор тогтоогоогүй байна. Хохирогчийн биед учирсан хүнд гэмтлээс улмаас сэтгэцийн эмгэг үүссэн нь хэргийн материалтай танилцсан хэн бүхэнд ойлгомжтой байна. Тодруулбал: Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дэх заалтаар амь тэнссэн хүнд гэмтлийн улмаас сэтгэцийн эмгэгтэй болсон бол дөрөвдүгээр зэрэглэлд хамаарах ба энгийн хөдөлмөрийн чадвараа гэмтлийн улмаас 35-аас дээш хувиар алдсан нь тогтоогдвол мөн тогтоолын 4 дэх заалтын тавдугаар зэрэглэлд хамаарна. Сэтгэл заслын “Сэтгэшгүй ухаан” эмнэлгийн оношоор А.Э-д гэмтлийн дараах дарамтат эмгэг буюу өвчний олон улсын ангиллаар Р43.1 гэсэн оношийг тавьсан. Зөвхөн энэ оношоор гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч болохоор байна. Иймд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 485 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай эргэлзээтэй байгаа учир түүнд үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Мөн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 321 дүгээр шинжээчийн дүгнэлтэд А.Э-гийн биед баруун нүдний харааны хатангиршил, харааны мэдрэлийг хатангиршлаас шалтгаалсан хараагүйдэл тогтоогдлоо. Үүссэн цаг хугацаа, шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй тул дээрх асуултуудад хариулах боломжгүй байна гэжээ. Уг дүгнэлтийг нягталбал дүгнэлтийн үзлэг, шинжилгээний хэсэгт 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Окулапластик клиник” эмнэлгийн онош: Баруун нүдний мэдрэл гэмтлийн шалтгаант хатангиршил, ихэвчлэн гэмтлээс хойш 3-6 долоо хоногийн дараагаас мэдрэлийн хатангиршил үүсгэдэг. Мэдрэлийн хатангиршил үүссэн нь ОСТ шинжилгээгээр батлагдсан тул баруун хараа сайжрах магадлал бага. Шинжилгээнд ...гэмтэл буурах нь сүүлд авсан гэмтлээс байх боломжтойг илүү харуулна гэсэн нүдний нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг тусгасан байна. Гэмтлийн шалтгаантай гэдгийг оношлоод бичсэн нүдний төрөлжсөн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт байхад шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн нь асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжээчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна. Миний энэ дүгнэлтийг нүдний нарийн мэргэжлийн хоёр ч байгууллага баталж байна. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн түшиц “Окулопластик” эмнэлэгт үзүүлэхэд ...Гэмтсэний дараа хийгдсэн шинжилгээнүүдэд харааны өөрчлөлт илүү даамжирч муудсан, Үзлэг, асуумж, шинжилгээнүүдийг үндэслэн энэ үйлчлүүлэгчид 2024 оны 01 дугаар сарын 26-нд авсан гэмтлээс үүдсэн гэмтлийн шалтгаант харааны мэдрэлийн хатангиршил өөрчлөлт байх боломжтой... гэсэн оношийг 3 удаагийн шинжилгээндээ тулгуурлаж тавьсан. Мөн А.Э-гийн баруун нүдийг Н54 буюу нэг нүд нь сохор /0,005-аас дор хараатай/ гэсэн оноштойгоор энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг 50 хувиар тогтоосон Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж олгохоор тогтоосон шийдвэрээр батлагдаж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Э- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Л-аас жич нэхэмжлэх эрхтэй болно гэж үзсэн. Гэвч анхан шатны шүүхийн энэ шийтгэх тогтоолоор хохирогч баруун нүдний гэмтлээ эмчлүүлэхээр эмчилгээ, үйлчилгээ авсан баримтаар бүрдүүлээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилбэл А.Э-гийн баруун нүдний гэмтлийг шүүгдэгч Г.Л- учруулсан эсэхийг шүүх тогтоогоогүй, зөвхөн баруун хацрын нум, гавлын суурь ясны баруун их далавч, их бие дайрсан хугарал, баруун бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун эгэм зэрэг гэмтлүүдийг шүүгдэгч Г.Л- учруулсан гэж тогтоосон учир нэхэмжлэлийг хангахгүй буюу гэмтэлтэй үйлдэл нь шууд шалтгаант холбоотой эсэх тодорхойгүй байна гэж үзэж миний үйлчлүүлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх боломжгүйд хүрэхээр байна.

Анхан шатны шүүх ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Тэгвэл хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний хувьд хохирогчийн нэг нүд насан туршдаа хараа орохгүй нөхцөл байдалтай байгаа, шүүгдэгчийн хувийн байдлын тухайд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өөрийн биеэр оролцож ...би гомдолтой байна. Харах чадвар 99 хувь алдагдсан... гэж мэдүүлсэн, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байхад торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зорилго болон шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6, 39.7 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр илэрхий шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хөнгөн ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Л-ын өмгөөлөгч Н.Жамъян давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхнэр Д.Уранзаяа маань Солонгос улс руу 2023 оны эхээр яваад сураг тасарсан хүүхдүүдтэйгээ болон надтай холбоо барилгүй удаж байгаа. Миний бие Г.Л- нь ам бүл 3, бага насны 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Хохирогч А.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээж түүнд учруулсан эрүүл мэндийн хохирол төлбөрт өмнө 5.000.000 төгрөгийг тооцон өгч байсан. Хохирогч А.Э- нь эрүүл мэнд, эмчилгээний зардалтай холбогдох баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд түүний сэтгэл санаанд учирсан хохирол болон эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүхээс 13.748.000 төгрөгөөр тогтоосон. Миний бие шүүхээс тогтоосон хэмжээнээс илүү буюу нийт 17.000.200 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч А.Э-д учруулсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд нөхөн төлж, түүнээс уучлалт гуйсан, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа талаар мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд миний одоо авч байгаа цалин хөлс ахуй амьдралаа залгуулах, хоёр хүүхдийнхээ хоол унд, хувцас хунар, цэцэрлэг сургуулийн хэрэгсэл, боловсролд зарцуулж хүрэлцэхгүй, цаашид хохирогч А.Э-гийн хохирол эмчилгээний зардлыг гаргаж өгөх зэрэг хүндрэл байгааг харгалзан үзэж эрх зүйн байдлыг дээрдүүлж эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Миний хувийн байдал, гомдолдоо дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заасан үндэслэлээр надад оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гомдолтой холбоотой тайлбар байхгүй, гэм буруугаа хүлээж байна...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд хийгдсэн. Шинжээчийн дүгнэлт гарсан. Сэтгэцэд учирсан хохирлыг шинжээч томилж гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн 3 дугаар зэрэгт хамаарч байгаа. Үүнтэй холбогдуулаад баримтаар хохирогчид учирсан хохирлыг төлсөн нөхцөл байдал байгаа. Цаашид гаргах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Прокурорын зүгээс хорих ялын санал гаргасан. Шүүгдэгч Г.Л-ын хувийн байдал болох ам бүл 3, өрх толгойлсон байдал, ажил орлоготой зэргийг харгалзан үзэж шүүхээс 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд: 

1. Хохирогчийн эрүүл мэндэд ямар хохирол, хор уршгууд учирсан эсэхийг бүрэн нотолж тогтоогоогүйн улмаас хэргийн бодит байдлыг эргэлзээгүй  бөгөөд хангалттай нотолж тогтоох үндэслэл, журам зөрчигдсөн байхаас гадна хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх боломжийг хязгаарласан шинжтэй байна.      

Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хохирогчийн биед учирсан бүхий л гэмтлийн талаарх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь нягт, бүрэн, бодит байдлаар хянан шалгаж, үнэлж дүгнэхгүйгээр таамаглах байдлаар шийдвэрлэх үндэслэлгүй. Тухайлбал:  

1.1. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2724 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: 1. А.Э-гийн биед баруун хацрын нум, гавлын суурь ясны баруун их далавч, их бие дайрсан хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цус хураа, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун эгэм ясны зөрсөн далд хугарал, баруун хөмсөгт сорви гэмтэл тогтоодлоо. 2. 3. 8. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 4. 5. 7. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хх 36-37/ гэх боловч дээрх шарх гэмтлүүд нийлээд, эсхүл тус тусдаа эсхүл аль гэмтлүүд нийлээд болон дангаараа гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэх нь тодорхойгүй.

1.2. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 321 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “... А.Э-гийн биед баруун нүдний харааны мэдрэлийн хатингаршил, харааны мэдрэлийн хатингаршлаас шалтгаалсан хараагүйдэл тогтоогдлоо. Үүссэн цаг хугацаа, шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй тул дээрх асуултуудад хариулах боломжгүй байна.” /хх-62-63/ гэснийг хууль ёсны ба үндэслэлтэй гэж үзэх боломжгүй бөгөөд тухайн тодорхой бус байдлыг бодитой тогтоолгохгүйгээр орхигдуулсан байгааг зөвтгөх үндэслэлгүй.

Тус хэрэгт: 2024.02.21-ний Дүрслэл оношилгооны хариу: 2024.02.19-ны Толгойн КТГ:...Хоёр нүдний ухархайн дотор хана, хамар яс хуучин хугаралтай, хамрын таславч мурий /хуучин/...гэх баримт /хх-36-37/, мөн хохирогчийн “...тус хэргийн улмаас нүдний хараагүйдэл үүссэн...” гэх мэдүүлэг /хх-8-9, 31-32/ зэрэг ноцтой зөрүүтэй нөхцөл байдал байх бөгөөд тус нотолбол зохих асуудлыг заавал шалгаж тогтоох шаардлагатай.   

Тодруулбал, хохирогчид “...хэзээ 2 нүдний ухархайн дотор ханын гэмтэл...учирсан”, энэ нь нүдний хараанд сөргөөр нөлөөлөх буюу харааны мэдрэлийн хатингаршилд хүргэсэн эсэх, эсхүл шинээр үүссэн аль гэмтлээс шалтгаалан харааны мэдрэлийн хатингаршил үүсэх эсэх, харааны мэдрэлийн хашингаршил явагдах хугацааны болон бусад шалгуур зэргийг тусгай мэдлэгийн шинжээч нараар зайлшгүй тогтоолгох нөхцөл байдал үүссэн байна.

Бодит үндэслэл, эх сурвалжийг заахгүйгээр дүгнэлт гаргасан шинжээчээр дахин давтан дүгнэлт гаргуулах нь үндэслэлгүйгээс гадна тухайн шинжээчийн мэдүүлэг бол шинжээчийн дүгнэлт биш бөгөөд зөвхөн шинжээчийн дүгнэлтийн утга агуулгыг тодотгон ойлгоход туслах шинжтэй учраас дангаараа нотлох баримт болохгүй болно.      

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 27.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэв тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол үндэслэлийг тодорхой заах ёстойгоос гадна нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх замаар бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэгт хамааралтай.      

Мөрдөгч, прокуророос “хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг бодитой нотолж тогтоогоогүй” байхад эргэлзээ үүссэн гэж үзэх нь хууль, зарчимд нийцэхгүй.

“Эргэлзээ” гэдгийг Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч,  бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь шалгаж, үнэлж дүгнэсний эцэст няцаан үгүйсгэх боломжгүй буюу хангалттай эх сурвалжтай, үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгодог.

             2. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг тодорхой дүгнээгүй, энэ хүрээнд зөрүүтэй байдал үүссэн байна.  

Тухайлбал, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 485 дугаар шинжээчийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-ээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарна /хх 70-71/ гэжээ.  

Гэтэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт: “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Дөрөв. Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал /хүснэгт/-д тав болон дөрөвдүгээр зэрэглэлд “хохирогчийн биед учирсан хүнд гэмтлээс...үүссэн сэтгэцийн эмгэг...” гэж тус бүр тусгагдсан байхад харин гуравдугаар зэрэглэлийн “...хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг...” буюу гуравдугаар зэрэглэлээр хохирогч А.Э-гийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон нь зөрүүтэй, ойлгомжгүй байдлыг үүсгэсэн байх тул зөрүүтэй эх сурвалжаар хор уршгийг шийдвэрлэх боломжгүй.    

3. Анхан шатны шүүхээс “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг”-ийг хянан  шийдвэрлэхдээ хянавал зохих асуудлын хүрээнд үүссэн дээрх алдаа, зөрчлийг бүрэн шалгаж, үнэлээгүй буюу хэргийн бодит байдлыг тогтооход хамаарах нотлох баримтын зарим эх сурвалжийн зөрүүтэй байдлыг үгүйсгэн няцаах эсхүл батлах эсэхийг дүгнээгүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба ингэхдээ шүүх хуралдаанд оролцвол зохих тал, бусад оролцогчийг оролцуулж, улмаар нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлах, харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэх замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх чиг үүрэг хүлээдэг.  

Хэрэв тус гэм буруугийн шүүх хуралдааны явцад прокурорт даалгах зарим үндэслэл бүхий асуудал илэрвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар шийдвэрлэхийг прокурорт даалгах нь зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг анхаарах нь зүйтэй. 

4. Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/674 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “...хохирогчийн эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг буруу тогтоосон...” гэх агуулга бүхий гомдлыг хангаж, харин “ял хөнгөдсөн тухай” болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.        

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :   

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/674 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “...хохирогчийн эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг буруу тогтоосон...” гэх агуулга бүхий гомдлыг хангасугай.  

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БАТЗОРИГ

 

      ШҮҮГЧ                                                     Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                     Г.ГАНБААТАР