Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 126/ШШ2026/0027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.П********** ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Долгорсүрэн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга А.Д**********  нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П********** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагч А.Д********** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.    Нэхэмжлэгчээс анх Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд холбогдуулан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/02 дугаар тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ажил хүлээлцэх комисс томилох тухай А/04 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

1.2.    2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлэхдээ Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/02 дугаар тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ажил хүлээлцэх комисс томилох тухай А/04 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор 60,355,923 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах тухай гэжээ.

1.3.    Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр буюу 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/02 дугаар тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ажил хүлээлцэх комисс томилох тухай А/04 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл буюу 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх цалин, нөхөн олговор 57,199,472 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэн тус тушаалыг хүчингүй болгож, биелэлтийг Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг хариуцагчид үүрэг болгосон байна.

2.2. Улмаар тус тогтоолыг үндэслэн Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/04 дугаартай тушаалаар ажил хүлээлцэх комиссыг томилсон байна.

2.3. Нэхэмжлэгчээс уг тушаалуудыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4/705 тоот албан бичгээр (1 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар тал) хариуг хүргүүлсэн байна.

2.4. Ийнхүү нэхэмжлэгчээс 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ тодруулж гаргажээ.

2.5. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоосон бөгөөд уг тогтоолын 4 дүгээр зүйлд Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд доор дурдсан агентлаг ажиллуулахаар тогтоосугай, 4.11-д Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар гэж заасантай холбогдуулан хариуцагч байгууллагын нэршил Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба бус Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар болж өөрчлөгдсөн байна.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Д.П**********  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2025 оны 02 дугаар сарын 10-ны өглөө ажилдаа ирээд сонсголдоо орох гэхэд тус байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д**********  нь бид хуралдах гэж байна, чи гарч бай гэж хэлээд оруулаагүй тул би юу болсон яагаад гэхэд Төрийн албаны зөвлөлийн тогтоол ирсэн тиймээс таны томилогдсон тушаалыг хүчингүй болгосон гэхэд нь би зөвшөөрөхгүй гэдгээ хэлэхэд А.Д********** нь тэгвэл би гарчихъя гээд өрөөнөөсөө гараад явчихаар нь би өрөөнөөс нь гарсан. Ингээд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өглөө ажилдаа ирэхэд миний ажлын өрөөний цоожны голыг сольж, ширээ сандал компьютерыг хураачихсан байсан бөгөөд ажил хүлээлцэх комисс нь намайг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан тул би ямар учраас миний ажлыг авах гэж байгаа юм намайг ажлаас чөлөөлсөн, эсхүл халсан тушаалаа өгөөч тийм тушаал байхгүй бол би ажлаа хүлээлгэн өгөхгүй гэснээр бидний хооронд үл ойлголцол үүссэн Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь намайг тус байгууллагад ажилд томилсон Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон тушаал гаргаж, улмаар Ажил хүлээлцэх комисс томилох тухай 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/04 тоот тушаал гарган намайг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсанаар би 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч ажилгүй боллоо. Миний хувьд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн буюу шинэчлэн найруулсан Төрийн албаны хууль хэрэгжихээс өмнө буюу 2014 онд төрийн албаны шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагч болон тангараг өргөж өнөөдрийг хүртэл 9 жил гаруй хугацаанд төрийн албанд ажиллаж байгаа, намайг ажлаас чөлөөлөх, халах ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй байхад миний ажиллах эрхэд халдаж, сонсох ажиллагаа ч явуулахгүйгээр гэнэтхэн л ажилд томилсон тушаалыг минь хүчингүй болгосноор миний ажил хөдөлмөр эрхлэх эрхэнд хууль бусаар халдсаныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны Б/01 дүгээр тушаалаар томилогдон ажилласан 2 жилийн хугацаанд дотоод аудиторын хувьд хийсэн хяналт шалгалтын ажлууд, цалин хөлс аван ажилласан хугацааг яасан гэж үзэх нь ойлгомжгүй байна. Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 46, 47, 48 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх хуульд заасан баталгаатай, бөгөөд төрийн аль ч байгууллага, албан тушаалтнууд нь миний эрхийг зөрчих, эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй. Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 49.2-т Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 62 дугаар зүйлийн 62.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана, 62.1.1-д Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэсэн нэмэгдэл баталгаагаар хангагдсан байхад дээрх хуулийн заалтуудыг зөрчин, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 30 хоногийн хугацаа өнгөрсөн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан /захиргааны актыг хүчингүй болгоход 30 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргана/ хугацаа өнгөрсөн байгаа нь уг захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж ойлгогдож байгаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулалгүйгээр миний эрхэнд халдсан шийдвэр гаргасныгхууль бус гэж үзэж байна. Монгол улсын Төрийн албаны зөвлөл нь хяналт шалгалт хийх үүргийнхээ дагуу Хөвсгөл аймагт 2021, 2024 онд ирж төрийн албан хаагчдын томилгоотой холбоотой хяналтыг хийж 88 албан хаагчийг хууль бус томилгоотой гэж тогтоосон тогтоол гаргаж байсан бөгөөд ингэхдээ миний хувийн хэргийг ч гэсэн үзээд магистрынхаа дипломыг хувийн хэрэгтээ хийгээрэй гэснээс өөр зүйл хэлээгүй, хэрвээ зөрчил байсан бол энэ үед илрүүлэх байсан. Миний 2 жил ажиллаж цалин хөлс аван ажилласан цаг хугацааг минь үгүйсгэсэн шийдвэр гаргаж, төрийн албан хаагч миний хөдөлмөрлөх эрхэнд хууль бусаар халдаж байгаад гомдолтой байна.

Би нэгэнт ажилгүй болсон тул ажилгүйдлийн тэтгэмж авахаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан материалаа бүрдүүлэн өгөхөд Нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас чөлөөлөөгүй тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгснийг би бас л зөвшөөрөлгүй Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасныг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хэвээр үлдээсэн буюу намайг ажлаас чөлөөлөөгүй байна гэсэн хариу ирүүлсэн байна. Ингээд би дээрх 2 тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд болон аймгийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс хариу ирэхгүй аймгийн Засаг даргаас хариу ирсэнээр би Төрийн албаны зөвлөлийн хариуг хүлээлгүйгээр шүүхэд хандсан. Намайг шүүхэд хандсанаас хойш буюу 4 дүгээр сарын 03-ны өдөр шуудангаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 03 дугаар 28-ны өдрийн огноотой 04/705 тоот албан бичгээр миний гомдлын хариуг ирүүлснийг хүлээн авсан.

Шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар гаргасан захирамжид дурьдсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/02 дугаар тушаал, мөн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ажил хүлээлцэх комисс томилох тухай А/04 тоот тушаалуудыг хэдийд мэдсэн хэдийд гардаж авсан талаар тайлбарлахад уг тушаалуудыг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мэдэж ажлаас чөлөөлсөн буюу халсан гэж ойлгогдохгүй байна ажлаа өгөхгүй гэж маргаад ажлаа 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Иймд Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/02 дугаар тушаал, мөн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ажил хүлээлцэх комисс томилох тухай А/04 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч Д.П**********  би өмнө нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба /газар/-ны даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/02 дугаар тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ажил хүлээлцэх комисс томилох тухай А/04 тоот дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа билээ. Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба /газар/-ны дарга нь дээрх тушаалыг гарган намайг ажлаас минь гэнэт халж хөдөлмөрлөх, цалин хөлс авах, ээлжийн амралт эдлэх зэрэг эрхийг минь зөрчсөн. Хариуцагч нь дээр дурдсан тушаалуудыг гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж байна гэж тайлбарлаж, иргэн намайг хохироосон тушаал гаргасан юм.

Тийм учраас би Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоол нь миний эрхийг зөрчиж байна гэж үзээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус 48-р тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан юм. Миний нэхэмжлэлтэй хэргийг шат шатны шүүх хянан хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2026/0024 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн юм.

Иймд өмнөх Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба /газар/-ны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/02 дугаар тушаал, 2025 оны 02 сарын 06-ны өдрийн Ажил хүлээлцэх комисс томилох тухай А/04 тоот дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, намайг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудитораар эгүүлэн тогтоож, намайг ажлаас халсан 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2026 оны 5-р сар хүртэл хугацааны цалин хөлстэй дүйцэх нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба /газар/-ны даргад даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Миний хувьд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн буюу шинэчлэн найруулсан Төрийн албаны хууль хэрэгжихээс өмнө буюу 2014 онд төрийн албаны шалгалт өгч, шалгалтдаа тэнцэн, нөөцөд бүртгэгдэж, 2016 онд нөөцөөс Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд томилогдон, тангараг өргөж, 10 жил гаруй хугацаанд төрийн албанд ажиллаж байгаа, намайг ажлаас чөлөөлөх, халах ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй байхад миний ажиллах эрхэнд халдаж, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг гаргахдаа сонсох ажиллагаа ч явуулахгүйгээр гэнэтхэн л хууль бус Төрийн албаны зөвлөлийн тогтоол хэрэгжүүлж байгаа нэрийдлээр ажилд томилсон тушаалыг минь хүчингүй болгосноор миний ажил хөдөлмөр эрхлэх эрхэнд хууль бусаар халдсаныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай 46, 47, 48 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх хуульд заасан баталгаатай бөгөөд төрийн ямар ч байгууллага албан тушаалтан хууль бусаар төрийн албан хаагчийн эрхийг зөрчих, эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй. Тухайлбал; Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 49.2-т Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 62 дугаар зүйлийн 62.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана, 62.1.1-д Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэсэн нэмэгдэл баталгаагаар хангагдсан байхад дээрх хуулийн заалтуудыг зөрчин, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 30 хоногийн хугацаа өнгөрсөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан /захиргааны актыг хүчингүй болгоход 30 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргана/ хугацаа өнгөрсөн байгаа нь уг захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж ойлгогдож байгаагаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулалгүйгээр миний эрхэнд халдсан шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэж байна.

Ингээд намайг ажилд томилогдсон тушаалыг хүчингүй болгосноор миний ажил хийж, цалин хөлс авах, ээлжийн амралт эдлэх нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх бүх боломж алдагдсан.Нэгэнт ажилгүй болж гэнэтхэн ажлаас чөлөөлөгдсөн тул ажилгүйдлийн тэтгэмж авахаар Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргахад таныг ажлаас халсан тушаал шийдвэр гараагүй байгаа тул ажилгүйдлийн тэтгэмж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн учир би ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй юм.

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд миний 2 жил ажиллаж цалин хөлс аван ажилласан цаг хугацааг минь үгүйсгэсэн шийдвэр гаргаж, төрийн албан хаагч миний хөдөлмөрлөх эрхэнд хууль бусаар халдаж байгаад гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/02 дугаар тушаал, мөн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ажил хүлээлцэх комисс томилох тухай А/04 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба /газар/-ны дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 60,355,928 төгрөгийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргад даалгаж өгнө үү гэжээ.

3.3. Нэхэмжлэгч Д.П**********  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тушаал хүчингүй болгуулах тухай Б/02 дугаартай тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ажил хүлээлцэх комисс томилох тухай Б/04 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, газрын дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор болох 60,350,923 төгрөгийг тус газраас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Д.П**********  би өмнө нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргад холбогдуулан тус албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/02, Б/04 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа билээ. Тус албаны дарга дээрх тушаалуудыг гэнэт гаргаж хөдөлмөрлөх, цалин хөлс авах, ээлжийн амралт эдлэх зэрэг эрхийг минь зөрчсөн байдаг. Төрийн албаны зөвлөлийн 48 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангаж байна гэж намайг хохироосон тушаал гаргасан. Тус тогтоол миний эрхийг зөрчиж байна гэж үзэн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж Төрийн албаны зөвлөлийн 48 дугаартай тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлага хангагдсан.

Иймд өмнөх Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тушаал хүчингүй болгох тухай Б/02 дугаар тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ажил хүлээлцэх комисс томилох тухай А/04 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, намайг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудитораар эгүүлэн тогтоож, намайг ажлаас халсан 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй дүйцэх нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, газрын даргад даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Миний хувьд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн буюу шинэчлэн найруулсан Төрийн албаны хууль хэрэгжихээс өмнө 2014 онд төрийн албаны шалгалт өгч, шалгалтдаа тэнцэн, нөөцөд бүртгэгдэж, 2016 онд нөөцөөс Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд томилогдон, төрийн албан хаагчийн тангараг өргөж, 10 жил гаруй хугацаанд төрийн албанд ажиллаж байгаа. Намайг ажлаас чөлөөлөх, халах ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй байхад миний ажиллах эрхэнд халдаж, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг гаргахдаа сонсох ажиллагаа ч явуулалгүй гэнэт хууль бус Төрийн албаны зөвлөлийн тогтоол хэрэгжүүлж байгаа нэрийдлээр ажилд томилсон тушаалыг минь хүчингүй болгосноор миний ажил хөдөлмөр эрхлэх эрхэнд хууль бусаар халдсаныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай 46, 47, 48 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх хуульд заасан баталгаатай бөгөөд төрийн ямар ч байгууллага албан тушаалтан хууль бусаар төрийн албан хаагчийн эрхийг зөрчих, эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 49.2-т Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 62 дугаар зүйлийн 62.1-т Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана, 62.1.1-т Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэсэн нэмэгдэл баталгаагаар хангагдсан байхад дээрх хуулийн заалтуудыг зөрчин, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 30 хоногийн хугацаа өнгөрсөн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаа өнгөрсөн байгаа нь уг захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж ойлгогдож байгаагаас гадна Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулалгүйгээр миний эрхэнд халдсан шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэж байна.

Ингээд намайг ажилд томилогдсон тушаалыг хүчингүй болгосноор миний ажил хийж, цалин хөлс авах, ээлжийн амралт эдлэх нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх бүх боломж алдагдсан. Нэгэнт ажилгүй болж, гэнэт ажлаас чөлөөлөгдсөн тул ажилгүйдлийн тэтгэмж авахаар Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргахад таныг ажлаас халсан тушаал шийдвэр гараагүй байгаа тул ажилгүйдлийн тэтгэмж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн учир би ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй юм.

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд миний 2 жил ажиллаж цалин хөлс аван ажилласан цаг хугацааг минь үгүйсгэсэн шийдвэр гаргаж, төрийн албан хаагч миний хөдөлмөрлөх эрхэнд хууль бусаар халдаж байгаад туйлын их гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын дээрх тушаалуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, газрын дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргад даалгаж өгнө үү.

Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарах болсон үндэс суурийг тавьсан хүн нь хариуцагч буюу Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга А.Д**********  байдаг. Миний хувьд тус байгууллагын даргын шалгуур, шаардлагыг бүрэн хангаж удаа дараа шалгалтад бүртгүүлэхэд шалгалтыг цуцлуулсан үйл баримт байдаг. Би тухайн байгууллагад томилогдохоосоо өмнө Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт Санхүү, төрийн сангийн хэлтэст санхүү, төрийн сангийн дотоод хяналт, бодлого үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тус байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Мөнхтулга аудиторын орон тоонд мэргэжлээрээ 5 жил ажилласан хүн байх ёстой бөгөөд тус орон тоо олон жил хүнгүй ажиллаж байна гэж ажиллах хүсэлт тавьсан. Тус хүсэлтийн дагуу өргөдөл гаргасан бөгөөд тухайн үед би түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул Жаргалант сумаас магистрт суралцахаар чөлөөлөгдсөн үйл баримт байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч зөвшөөрснөөр суралцахаар чөлөө олгосон бол ажлын байрыг хадгална гэж заасан бөгөөд хууль, журмын дагуу чөлөөлөгдсөн.

2023 онд тус байгууллагад ажиллаж эхлэхэд Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгтэй холбоотой бичиг ирсний үндсэн дээр таныг ажилд томилоход асуудалгүй гэж үзэн томилсон байдаг. Миний бие Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд 2024 онд 17 хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн бөгөөд 12 байгууллагаас санал гомдол хүлээн авах, Сангийн яаманд өгөх зэргээр миний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаа зогсохгүй сэтгэл санаанд нөлөөлөх ноцтой зөрчлийг удаа дараа гаргаж байсан. Миний зүгээс 2024 онд ажилласан ажил байдлын тодорхойлолт, цалин хөлс олговор тооцуулсан баримт, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Би төрд тангараг өргөж, ямар нэгэн сахилгын шийтгэл, зөрчилгүйгээр үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан төрийн жинхэнэ албан хаагч юм. Иймд миний зөрчигдсөн хөдөлмөрлөх эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тушаал хүчингүй болгуулах тухай Б/02 дугаартай тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ажил хүлээлцэх комисс томилох тухай Б/04 дугаартай тушаалуудын үндэслэлд тухайлсан харьцааг зохицуулсан нарийвчилсан хуулийн зүйл заалтыг баримтлаагүй гэж үзэж байна. Жишээ нь Б/02 дугаартай тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, 37 дугаар зүйл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 гээд хуулиудыг ерөнхийд нь баримталсан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ гэх хуулийн заалтуудыг ерөнхий баримталсан. Захиргааны ерөнхий хуулийн 4, 37 дугаар зүйлд олон заалтууд байхад аль заалт гэдэг нь тодорхойгүй байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар тогтоолыг баримталсан байдаг.

Захиргааны байгууллага нь төрийн байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг дагаж, биелүүлэх ёстой болохоос хуульд нийцээгүй, зохих байгууллагаар хянагдаагүй эрхийн актыг баримталж шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Ажил хүлээлцэх комисс томилох тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн олон заалтуудыг баримтлан ажил олгогч нэхэмжлэгчийг заавал ажлаа хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж гаргасан байдаг. Д.П**********  нь 2014 онд төрийн албаны шалгалт өгч, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд уг хүний ажиллах, хөдөлмөрлөх эрх нь Төрийн албаны хуулиар зохицуулагдана. Б/02 тоот тушаал гарснаар Д.П**********  ажилгүй, цалин хөлсгүй, ээлжийн амралтын цалингүй, ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж түүний хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн. Нэхэмжлэгч нь нэгэнт ажлаас халагдсан учир ажилгүйдлийн тэтгэмж авахаар Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргахад ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учир тэтгэмж олгох боломжгүй гэх бичиг ирсэн байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах, чөлөөлөх, сахилгын шийтгэл ноогдуулахдаа Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг тайлбарласан сонсох ажиллагааг заавал явуулах ёстой. Гэвч сонсох ажиллагаа явуулалгүй Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлж байгаа гэх үндэслэлээр Д.П********** гийн 2 жилийн өмнө ажилд томилогдсон тушаалыг хүчингүй болгосон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах шалтгаан болсон. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэсэн нэмэгдэл баталгааг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 4.2.1 дэх заалтууд болон 4.2.5-д Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8-д Хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн захиргааны акт гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар

4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга А.Д**********  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дашмагван овогтой Пүрэвсүрэнгийн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардпагатай танилцлаа.

Нэг. Нэхэмжлэгчийн шаардлагад тусгагдсан асуудлууд нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд: 1.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6.3өвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэснийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 48 тогтоолын биелэлтийг хангаж Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 тоот Д.П********** г ажилд томилох тухай тушаалыг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын Тушаал хүчингүй болгох тухай 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон байна.

Уг тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Д.П********** д 2025 оны 01 дүгээр сарын 29- ний өдрийн 1/29 тоот албан бичгээр мэдэгдэж байна. Улмаар тухайн албан хаагчид утасаар болон имэйл хаягаар байгууллагын дотоод ажлыг хавсран гүйцэтгэгч дотоод аудитор Р.Энхцэцэг нь мэдэгсэн бөгөөд ямар нэгэн хариу тайлбарыг өгөөгүй болно. Ингээд 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 07 дугаар хуралдаанаар Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дэргэдэх байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүд болон байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д**********  нар Д.П********** д Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэн гарч буй шийдвэрийг танилцуулан сонсох ажиллагааг хийсэн бөгөөд тухай албан хаагчийн хурлын үед хэлсэн ярьсан бүхэн нь 07 дугаар хурлын тэмдэглэлд тусгагдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг ажил олгогч хангаж ажилласан гэж үзэж байна.

Мөн хурлаас гарсан шийдвэрийг 2025 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 1/30 тоот албан бичгээр дахин Д.П********** д мэдэгдсэн бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг мөн өдрийн 5 цаг 38 минутад Д.П**********  нь өөрийн гарын үсэг зурж хүлээн авсан нь байгуулагын Б-тушаалын бүртгэлийн дэвтэр 2025 он 02 дугаарт тэмдэглэгдсэн байна.

Хоёр. Ажил олгогч нь 2025 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн А/04 тоот Ажил хүлээлцэх комисс томилох тухай" тушаалаар Д.П********** гийн ажил хүлээлцэх багыг томилсон бөгөөд тус албан хаагч нь ажлаа хүлээлгэн өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүй татгалзаж ажил үүргээ гүйцэтгэж буй албан хаагчдыг хэл амаар доромжилсон үйлдэл гаргаж хязгаарлалт үүссэн талаар 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн ажлын хэсгийн тайлбарт тусгагдсан байна. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.16.хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр гарсан тохиолдолд албан тушаал, ажлын байр, тамга, тэмдэг, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхөөс татгалзах; эрхгүй. Мөн аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хамт олны хурлаар хэлэлцэн баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын дөрөвдүгээр зүйлийн 11,12 дугаар зүйлд заасны дагуу өөрийн эзэмшиж байгаа техник хэрэгсэл, ажлын баримтыг эд хөрөнгийн картын дагуу ажил хүлээлцэх комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг. Манай байгууллага нь анх ажилд томилогдсон албан хаагч бүрд хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулдаг бөгөөд нийт албан хаагчид хөдөлмөрийн харилцаанд мөрдөж ажилладаг болно.

Ажил хүлээлцэх комисс нь Д.П********** г ажлаа хүлээлгэн өгөхийг шаардахаар өгөөгүй бөгөөд энэ талаар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Машбатаас ажлын хэсэг орж зөвлөгөө авсан бөгөөд хэрэглэж байсан эд хөрөнгийг лацдах чиглэл өгсний дагуу 2025 оны 02 сарын 11-ний өдөр хэрэглэж байсан зөөврийн компьютер 1ш, суурийн компьютерын хамтаар сэйфэнд хийж лацадсан байдаг. Ийнхүү тушаал гардаж авсан өдрөөс хойш буюу 10 хоногийн дараа өөрөө ажлаа хүлээлгэж өгье та нар хаана байна гэж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хяналт шалгалт хэрэгжүүлж байсан албан хаагчдын дуудан ирүүлж 2025 оны 02 сарын 17-ний өдөр ажлын хэсэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд ажил олгогчийн зүгээс хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй бөгөөд өөрөө үүргээ ухамсарлан ажлаа хүлээлгэж өгөх боломжийг Д.П********** д олгосон болно.

Гурав. Д.П********** гийн манай байгууллагад томилогдохдоо шилжин ажиллах шаардлага шалгуурыг хангаагүй томилогдсон талаар өөрөө болон 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн Б/01 тоот тушаалыг гаргаж томилсон эрх бүхий албан тушаалтан болох даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Мөнхтулга, байгууллагын бүх албан хаагчид энэхүү томилгооны талаар урд нь бүгд мэдэж байсан болно. Манай байгууллага нь хяналт шалгалтын чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд энэ албанд ажиллаж байгаа албан хаагчид нь МУ-ын Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм, Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт болон бусад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрэм журамд нийцсэн байх ёстой бөгөөд хууль дүрмийг мөрдүүлэхээр бусдад шаардлага тавьж биелэлтийг хангуулан ажилладаг онцлогтой алба юм.

Мэргэжлийн ёс зүйн дүрэмд заасны дагуу Д.П********** г өөрийн томилогдсон томилгооны талаар 2024 онд Хөвсгөл аймагт Төрийн албаны зөвлөлийг ажиллах явцад хүсэлт өгч дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж 2024 оны 04 сарын 15-ний өдрийн дугаар 7 хамт олны хурлаар ярилцан өөрт нь хамт олон нь зөвлөж байсан ч ямар нэгэн хариу г аваагүй байдаг. Энэ талаараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бичсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дараах байдлаар дурдаж бичжээ үүнийг дурдвал Төрийн албаны зөвлөл нь 2021,2024 онд ирж төрийн албан хаагчдын томилгоотой холбоотой хяналтыг хийж ингэхдээ миний хувийн хэргийг ч гэсэн үзээд магистрынхаа дипломыг хувийн хэрэгтээ хийгээрэй гэснээс өөр зүйл хэлээгүй, хэрвээ зөрчил байсан бол энэ үед илрүүлэх байсан гэж бичжээ. Анх шилжин томилогдохдоо байгууллагын хүний нөөц, дотоод ажил хариуцсан албан хаагчаар ажиллаж байсан Г.Өнөржаргалд өөрийн хувийн хэргээ хүлээлгэн өгөхөөс татгалзсан ба сүүлд шаардуулж байж хүлээлгэн өгөхдөө хувийн хэрэг нь хувь хүний нууц бөгөөд өөрөөс нь зөвшөөрөл авч байж танилцах ёстой гэсэн утга бүхий бичиг бичиж өгч байсан нууцлаг хувийн хэрэгтэй албан хаагч байсан болно.

Дөрөв. Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа ажил олгогч нь Д.П********** гийн бүртгэлтэй и-мэйл хаяг болох [email protected], [email protected], хаяг руу албан бичиг тушаал шийдвэрийг тухай бүрд нь илгээж байсан нь Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангаж оролцогчийн эрхийг хангасан хэлбэр бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан болно. Төрийн албаны зөвлөл нь хяналтыг хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26.1.3ахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу өөрт нь мэдэгдсэн талаар нь нэг өрөөнд хамт суудаг албан хаагчид гэрчилдэг ба тухай албан хаагч нь Төрийн албаны зөвлөл дээр өөрийн биеэр очиж уулзсан талаараа 2025 оны 02 сарын 05-ний өдрийн 7 дугаар хуралдаан дээр хэлж байсан нь тэмдэглэсэн байна. Ийнхүү Төрийн албаны хуулийг нэг мөр мэрүүлэхдээ холбогдох байгууллагууд нь Д.П********** гийн хууль ёсны эрх ашгийг хангаж ажилласан бөгөөд манай байгууллагын хувьд Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт 2025 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 1/25 дугаар, 2025 оны 02 сарын 06-ний өдрийн 1/32 дугаар албан бичгүүдээр тус тус мэдэгдэж ажилласан бол аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2025 оны 01 сарын 28-ний өдрийн 1/26 тоот албан бичгүүдээр мэдэгдэж ажиллажээ.

Тав. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн дугаар 48 дугаар Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай" тогтоолын 2 дугаар хэсэгт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн Б/01, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 тушаалуудыг хүчингүй болгож, биелэлтийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар ( Ж.Амартүвшин)-нд, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба (А.Д********** )-нд тус тус үүрэг болгосугай. гэж үүрэгжүүлэн заасан байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1 .б.харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх; гэснийг Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлэн ажилласан байна.

Зургаа. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн дугаар 48 дугаар Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоолын 1 дугаар хэсэгт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн Б/01, Ажилд шилжүүлэн томилох тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 47 дугаар зүйлийн 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; мөн аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Д.П********** г ажилд томилох тухай Б/01 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 .Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө, 33 дугаар зүйлийн ЗЗ.З.Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна, 44 дүгээр зүйлийн 44.1.Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэснийг тус тус зөрчсөнийг тогтоосон байна.

Иймд нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдсан эрх зүйн байдлыг дордуулсан эрхэнд халдсан шийдвэр гаргасан гэж үзэхгүй байна.

Долоо. Манай байгууллага нь хууль бус томилгоотой албан хаагчийн цаашид үүсэх эрх зүйн үр дагаврыг хүлээх хуулийн зохицуулалтгүй бөгөөд Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: 1/Үндсэн хууль, бусад хуулийг дээдпэн хүндэтгэж, сахин биелүүлэх; Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино, 7 дугаар зүйлийн 7.1.4. Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 65.1. Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ мөн 66.1.3.иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох; гэснийг тус тус үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажилласан болохоо энэхүү тайлбараар гаргаж байна.гэжээ.

4.2. Хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга А.Д**********  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагууд дээр нэгэнт Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар тогтоолтой холбоотойгоор Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан байгаа учраас үүнийг хүндэтгэх нь зүйтэй. Төрийн албаны тухай хуульд төрийн албаны төв байгууллагыг Төрийн албаны зөвлөл гэх бөгөөд тус зөвлөлийн гаргаж буй шийдвэрийг тухайн төрийн байгууллага дагаж мөрдөх, заавал биелүүлэх үүрэгтэй байдаг. Та бүхний танилцсан 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зөрчил арилгуулах хугацаатай үүрэг тухай 48 дугаар тогтоолд заавал биелүүл, хэрэв биелүүлээгүй тохиолдолд тухайн үүрэг даалгавар биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж тодорхой заасан бөгөөд үүнийг ажил олгогч заавал биелүүлэх үүрэгтэй. Төрийн албаны зөвлөлийн тогтоол ирэх үед нэхэмжлэгч өвчний учир чөлөө авсан байсан учир албан ёсны 2 и-мэйл хаяг руу нь дээрх шийдвэрийн талаар мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу танд сонсгож байна гэх утгаар явуулсан боловч хариу тайлбар ирээгүй. Ингээд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Д.П********** г ажилдаа ирэхэд нь тухайн албан хаагчтай холбоотой байгууллага, ажиллаж байгаа байгууллагын албан хаагч болон бусад байгууллагаас ирсэн өргөдөл гомдол, мөн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг танилцуулж албан ёсоор хурал хийсэн байдаг бөгөөд хурлын тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Үүн дээр тогтоолтой холбоотой сонсох ажиллагаа хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны зөвлөл дээр өвчтэй байх хугацаандаа очиж уулзсан, асуудлууд гарсан талаар дурдагдсан байдаг.

Манай байгууллагын зүгээс Төрийн албаны зөвлөлөөс ирсэн тогтоолыг хэрхэн биелүүлэх талаар аймгийн Засаг даргатай уулзаж танилцуулан, цохолт хийгдсэн бичиг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тогтоолыг хэрхэн яаж биелүүлэх, нэг талдаа нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа учраас Д.П********** гийн томилгоо зөрчилтэй талаар Төрийн албаны зөвлөл тогтоосон юм бол анх түр, сэлгэн ажилласан албан тушаалд ажиллах боломжтой эсэх талаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар луу албан бичиг явуулж байсан. Хууль эрх зүйн хэлтэс, Төрийн албаны салбар зөвлөлтэй нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хэрхэн шийдвэрлэх талаар арга зүйн дэмжлэг туслалцаа авах гэж ажил олгогчийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Харамсалтай нь буцаан ажилд нь авах боломжгүй талаар тухайн Засаг даргын Тамгын газрын дарга хэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн анх ажилд томилогдсон хугацаа болох 2015 оноос хойш тэрээр түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуульд түр орлон гүйцэтгэгчийг сэлгэн шилжүүлэн ажиллуулсан нь асуудалтай байсан бөгөөд байж болохгүй асуудал юм. Түр орлон гүйцэтгэгчээс ямар ч шалгалт өгөлгүй төрийн захиргааны албан хаагчийн үндсэн орон тоо руу шилжиж ажиллах нь зохисгүй юм. Бусад хүмүүст Төрийн албаны зөвлөлөөс түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн учраас нөөцөд байгаад тооцогдох бөгөөд дараа нь албан ёсоор ажилд томилогдохдоо заавал тусгай шалгалт өг гэх зарчмыг баримталдаг.

Монгол Улсын Дээд шүүхээс шийдвэр гаргахдаа Төрийн албаны зөвлөл процессын алдаанаас болж алдаа гаргасан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэсэн байсан. Нөгөө талаас үзэхэд уг асуудал нь төрийн албаны харилцаанд маш том сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Миний зүгээс Д.П********** гийн нэхэмжлэлтэй холбоотой бусад асуудал дээр тайлбар гаргах нь илүүц бөгөөд хэн нэгнийг гутаан доромжлох, хөдөлмөрийн харилцаагүй болгох нь төрийн албан хаагчид байж болохгүй зүйл юм. Төрийн алба хүнлэг энэрэнгүй байх ёстой бөгөөд би хувь хүний хувьд ёс зүйн асуудал үүсгэхгүй байх шаардлагыг тавьж ажилладаг. Хэн сайн тайлбар бичиж, хэн сайн өөрийгөө өмгөөлж байгаа нь нэг талдаа сайхан мэт харагдаж байгаа боловч хүний амьдралын бодит нөхцөл байдал огт өөр байдаг гэдгийг хэлмээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн гаргасан хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны байгууллага тухайн шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ гэсний дагуу манай байгууллага тус тогтоолын хэрэгжилтийг хангаж заавал биелүүлж ажиллах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 60,3 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд төрийн албанд ийм цалин авдаг албан хаагч байхгүй бөгөөд бодит нөхцөл байдал дээр тогтоогдож буй цалин хөлсийг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн. Манай байгууллагын хувьд тухайн үед аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/126 дугаартай захирамжийн дагуу бүтэц орон тоо 12 албан хаагч байснаас 7 албан хаагч болж цөөрсөн. Эхлээд 9 албан хаагч болж цөөрсөн бол дараа нь 7 албан хаагч болж цөөрсөн байдаг. Төрийн албаны зөвлөлийн тогтоол ирэхээс өмнө Д.П********** д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан аж ахуйн нэгж, түүний салбар, орон тоо цөөрсөн бол гэх асуудлаар сонсох ажиллагааны тэмдэглэл хийгдсэн байдаг. Тухайн албан хаагчдыг цөөлөхдөө аймгаас сүүлд ажилд орсон хүн болон ёс зүй, хөдөлмөрийн бүтээмжтэй холбоотой асуудлаа хүмүүсээ цөөлөх, ажилгүй болсонтой холбоотойгоор ажилгүйдлийн тэтгэмж олгох талаар шийдвэрлэсэн процесс явагдаж байхад Төрийн албаны зөвлөлийн шийдвэр ирсэн байдаг. Уг асуудлын талаар Д.П**********  мэдэж байгаа байх. Манай байгууллага нийт 6 орон тоотой ажиллахаар Сангийн яамнаас хянасан төсөвтэй бөгөөд албан хаагчид урамшуулал, илүү цагийн мөнгө гэх зүйлсийг бараг авч үзээгүй ажил үүргээ гүйцэтгэж байна. Төрийн албаны 8 хувийн цомхотгол явагдсантай холбоотой манай байгууллага ч үүнд өртсөн байдаг. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 60,3 сая төгрөгийг яаж бодож гаргасныг сайн мэдэхгүй байна. Бодит нөхцөл байдал дээр цалин хөлс ямар байгаа талаар хэрэгт авагдсан байгаа учраас тоонд үндэслэн ярих нь илүүц байх. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд нь хэн юм бэ гэдэг асуудал яригдана. Энэхүү маргааны хувьд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлсэн тал, төрийн албан хаагч оролцож байгаа хөдөлмөрийн маргаан юм. Манай байгууллагын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан гомдолд хамаарах тул Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ гэсний дагуу хөдөлмөрийн хөлс, ажилгүй байсан хугацаатай холбоотой асуудлыг Төрийн албаны төв байгууллагаас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны зөвлөл төрд учирсан хохирлыг барагдуулахад хяналт тавьдаг субъект бөгөөд хууль зүйн сангаас төрд учирсан хохирлыг төлдөг харилцаа байдаг. Манай байгууллагын хувьд 6 албан хаагчийнхаа цалин хөлсийг ч олгож чадахгүй байхад Д.П********** гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох хүсэл байвч боломжгүй юм. Тийм учраас өөрт нь учирсан хохирлыг Төрийн албаны төв байгууллагаас нэхэмжлэх нь түүнд ашигтай байх гэж ажил олгогчийн зүгээс харж байна. Төрийн албаны зөвлөлийн тогтоол нэгэнт Монгол Улсын Дээд шүүхээр хянагдаж хэрэгсэхгүй болсон учир үүнтэй холбоотойгоор ямар нэгэн маргаан гаргахгүй бөгөөд шүүх ямар шийдвэр гаргана, түүнийг хүндэтгэж үзнэ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгчээс ...Төрийн албаны зөвлөлийн 48 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангаж байна гэж намайг хохироосон тушаал гаргасан. Тус тогтоол миний эрхийг зөрчиж байна гэж үзэн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж Төрийн албаны зөвлөлийн 48 дугаартай тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ... сонсох ажиллагаа зохих журмын дагуу хийлгүй ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй... гэж, хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн тогтоол ирэх үед нэхэмжлэгч өвчний учир чөлөө авсан байсан учир албан ёсны 2 и-мэйл хаяг руу нь дээрх шийдвэрийн талаар мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу танд сонсгож байна гэх утгаар явуулсан боловч хариу тайлбар ирээгүй. Ингээд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Д.П********** г ажилдаа ирэхэд нь тухайн албан хаагчтай холбоотой байгууллага, ажиллаж байгаа байгууллагын албан хаагч болон бусад байгууллагаас ирсэн өргөдөл гомдол, мөн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг танилцуулж албан ёсоор хурал хийсэн... гэж тус тус маргажээ.

3.  Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар (1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар тал) нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудитороор шилжүүлэн ажиллуулсан байх бөгөөд уг албан тушаал нь төрийн захиргааны албан хаагч буюу жинхэнэ албан хаагчийн албан тушаалд хамаарч байгаа нь нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтоор (2 дугаар хавтаст хэргийн 101-104 дүгээр тал) тогтоогдож байна.

4.  Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

4.1. Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, 37 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг чиглэл өгөх тухай 48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцжээ.

4.2. Төрийн албаны зөвлөлд хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/111 тоот албан бичгээр нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн томилсон томилгоонд хяналт шалгалт хийлгэхээр хүсэлт гаргасан (2 дугаар хавтаст хэргийн 132-133 дугаар тал)-наар хяналт шалгалт хийгдэж Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг ажилд томилсон Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчснийг тогтоож, тус тушаалыг хүчингүй болгож, биелэлтийг Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг хариуцагчид үүрэг болгожээ.

4.3. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлж маргаан бүхий тушаалыг гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 65 дугаар зүйлийн 65.6-д заасанд нийцсэн, энэ талаар хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зөрчил арилгуулах хугацаатай үүрэг тухай 48 дугаар тогтоолд заавал биелүүл, хэрэв биелүүлээгүй тохиолдолд тухайн үүрэг даалгавар биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж тодорхой заасан бөгөөд үүнийг ажил олгогч заавал биелүүлэх үүрэгтэй гэх тайлбар үндэслэлтэй байна.

4.4. Гэвч нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 48 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2026/0024 дүгээр тогтоолоор дээрх тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж эцэслэн шийдвэрлэжээ.

4.5. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тушаалын үндэслэл болсон нэхэмжлэгчийг шилжүүлэн томилсон томилгоо хуульд нийцсэн талаар шүүхээс нэгэнт эцэслэн тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.

4.6. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 62 дугаар зүйлийн 62.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана, 62.1.1-д Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж тус тус заажээ.

4.7. Дээрх зохицуулалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд заагаагүй үндэслэлээр чөлөөлөгдөхгүй байх баталгааг хуулиар олгосон байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон буюу нэхэмжлэгчийг ажилд шилжүүлэн томилсон тушаалыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн Төрийн албаны зөвлөлийн шийдвэр хүчингүй болсон тул тус шийдвэрийг биелүүлж гарсан маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй.

4.8. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тушаалын үндэслэл болсон төрийн жинхэнэ албан хаагчийн томилох үйл ажиллагааг хяналт шалгалт хийх замаар хянаж нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгох талаар үүрэг болгосон Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон буюу төрийн албанаас чөлөөлөгдөх, халагдах үндэслэл нь арилсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэх нь хуульд нийцнэ.

4.9. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн орон тоо байхгүй талаар тайлбарлах боловч маргаан бүхий тушаал дээр дурдсан үндэслэлээр гараагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх үүнд дүгнэлт хийгээгүй болно.

4.10. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлэх, 27.3-т мэдэгдэлд тусгах мэдээлэл, 27.4-д сонсох ажиллагааны арга хэлбэр, 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус заасан байтал хариуцагчаас нэхэмжлэгчид сонсох ажиллагааг дээрх хуулийн зохицуулалтын дагуу хийгээгүй болох нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/86 тоот албан бичгээр тогтоогдож байна.

4.11. Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг зөрчсөн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.П********** г Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

5.  Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/04 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5.1.    Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/04 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 39 дүгээр зүйлийн 39.1.16, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг чиглэл өгөх тухай 48 дугаар тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 11, 12, мөн журмын 4 дүгээр зүйлийн 11, 12, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн ажил хүлээлцэх комиссыг байгуулсан байна.

5.2.    Шүүхээс нэгэнт нэхэмжлэгчийг анх шилжүүлэн томилсон тушаалыг хүчингүй болгосон Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хууль зөрчсөн гэж дүгнэн хүчингүй болгосон байх тул уг тушаалыг үндэслэн гарсан ажил хүлээлцэх комисс томилсон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

5.3. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан ажил хүлээлцэх комисс томилсон нь үндэслэлгүй юм.

6.  Ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх цалин, нөхөн олговор 57,199,472 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

6.1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж тус тус зохицуулсан.

6.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх буюу 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаа гэж тодорхойлсон.

6.3. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:, 57.2.2-т Захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс гэж заажээ.

6.4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.7-д Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна. заасан байна.

6.5. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь 15 сар 25 хоног байх бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цалингийн картнаас тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин нь 2.367.974 төгрөг ((2024 оны 11, 12 сар, 2025 оны 1 сарын үндсэн цалин+Алба хаасан хугацааны нэмэгдэл+Мэргэшлийн зэргийн нэмэгдэл+Зэргийн нэмэгдэл+Орон нутагт ажилласны нэмэгдэл)3), нэг өдрийн дундаж цалин нь 111.172 төгрөг (Дээрх олговрыг 2024 оны 11, 12 сар, 2025 оны 1 сарын ажиллавал зохих өдөр болох (22+22+20)3=21.3 өдөрт хуваасан дүн)-г дээрх хугацаагаар тооцвол нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны нийт цалин 38.298.910 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

6.6. Нэхэмжлэгчээс шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор 57,199,472 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргаж, холбогдох тооцооллыг ирүүлсэн байх бөгөөд тус тооцооллоос үзэхэд ээлжийн амралтын олговор, хоолны хөнгөлөлт, улирлын үр дүнгийн урамшуулал, орон нутагт ажилласны нэмэгдлийг давхардуулж тус тус нэмж тооцсон нь үндэслэлгүй.

6.7. Учир нь Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5-д Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан байх бөгөөд дээр дурдсан олговор, хөнгөлөлт, урамшуулал нь тус зохицуулалт болон Төрийн албаны тухай хуулийн 57.2.2-т заасанд хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн дээрх дүнг тооцсон 18.900.562 (арван найман сая есөн зуун мянга таван зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.8. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй-г хуульчилснаар хөдөлмөрийн харилцаа тэдгээрийн хооронд үргэлжлэх ажилгүй байсан энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх нь ажил олгогчийн үүрэг тул энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 57 дугаар зүйлийн 57.2, 57.2.2, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.П********** гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/02 дугаартай тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ажил хүлээлцэх комисс томилох тухай А/04 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 15 сар 25 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговор болох 38.298.910 (гучин найман сая хоёр зуун ерэн найман мянга есөн зуун арван) төгрөгийг нэхэмжлэгч Д.П********** д олгож, тус хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргад даалгасугай.

2.  Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргад холбогдуулан гаргасан Ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны нөхөн олговор 18.900.562 (арван найман сая есөн зуун мянга таван зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Д.П********** гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын аудиторын албан тушаалд томилох шийдвэрийг нэн даруй гаргаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор болох 38.298.910 (гучин найман сая хоёр зуун ерэн найман мянга есөн зуун арав) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичих үүрэгтэй, хэрэв шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч хууль бусаар дахин ажлаас халсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.6-д зааснаар буруутай албан тушаалтныг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах үр дагавар үүсэх болохыг сануулсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР

 

 

 

 

Харах126/ШШ2026/0027