Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/01916

 

 

 

 

 

 

 

 

 

А.Д-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02660 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Д-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч:НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Дэлгэрсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00389 дугаар шийдвэрээр Б.Басархүүд 54 216 667 төгрөг өгөхөөр болсон. Уг төлбөрт Баянгол дүүрэг, 5 дугаар хороо /одоо 20 хороо/ ТТЭ-42 байр ... тоот хаягт байрлах 30 м.кв 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт тооцуулахаар болсон ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хөрөнгө эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 15 086 700 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 4/18627 тоот мэдэгдэлийг хүлээн авсан. Орчин үед коридор, ванн, 00-н өрөөний талбайг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тооцож тусгадаг болсон. Хэрэв уг талбайг нэмбэл 15-20 м.кв нэмэгдэж 25-30 м.кв болно.

Түүнчлэн энэ жил дахин төлөвлөлтийн төсөвт сууж, орон сууц баригдах төлөвлөгөөтэй байгаа тухай Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Хот төлөвлөлтийн газар ажилладаг н.Зориг хэмээх хүнээс мэдээлэл авсан. Иймээс миний өөрийн эзэмшилийн орон сууц нь дахин төлөвлөлтөнд орж, 15-20 м.кв нэмэгдсэн талбайтайгаар шинэ орон сууц болох тул үнэлгээ өндөр гарна, мөн дахин төлөвлөлтөнд байх хугацаанд барилга барьж буй байгууллагаас барилга баригдаж дуусах хугацаанд нөхөн төлбөр орж ирэх бөгөөд одоо тухайн байршил дахь шинэ орон сууцны 1 мкв-ийн үнэлгээ 1 500 000 төгрөг ба түүнээс дээш үнэлгээтэй нийт 37 500 000-45 000 000 төгрөг байна.

Төв зам дагуу, автобусны буудалтай ойр байрлалтай, хэрэв авах байраа 1 давхарт авбал үйлчилгээний газар болгох боломжтой ашигтай байршилтай юм.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00389 дугаар захирамжаар А.Д-аас 54 216 667 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 215 000 төгрөгийг гаргуулж Б.Басархүүд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгч А.Д-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч А.Д-ы өмчлөлийн, эрхийн улсын Ү-2205010766 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо /одоо 20 хороо/, ТТЭ 42 дугаар байрны ... тоотод байрлах 10 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлөхийг мэдэгдсэн.

Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 5/267 дугаар тогтоолоор шинжээч томилж зах зээлийн үнэлгээг Хөрөнгө-Эстимэйт ХХК-аар тогтоолгоход 15 086 700 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан А.Д-ы өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ТТЭ-42 дугаар байрны ... тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205010766 дугаарт бүртгэгдсэн, 10 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/46 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Д-ы гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.Д-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахад миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ТТЭ-42 дугаар байрны ... тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205010766 дугаарт бүртгэгдсэн, 10 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/46 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргахад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь миний эрхийн зөрчиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Д- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00389 дугаар захирамжаар А.Д-аас 54 216 667 төгрөг гаргуулан Б.Басархүүд олгохоор шийдвэрлэсэн ба хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид А.Д-ы өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ТТЭ-42 дугаар байрны ... тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205010766 дугаарт бүртгэгдсэн, 10 мкв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар заагаагүй байх тул хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах учиртай.

 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулсан гэх боловч энэ талаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүх ажиллагааны талаар залруулан дүгнэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх гомдлоор хянан хэлэлцэх ажиллагааг дутуу явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА