| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2026/0017/З |
| Дугаар | 126/ШШ2026/0028 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 126/ШШ2026/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Хулан, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д********** , хариуцагч Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.И********** , гэрч Д.О********** , Х.О********, нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэлийн шаардлага
1.Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №176/А2270469/ХӨА-2026/169/НА-СТА-ТШЗ дугаар бүхий Төлбөр барагдуулах тухай захиргааны актыг хүчингүй болгуулах
Хэргийн нөхцөл байдлын талаар товч
2.Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар төсвийн хөрөнгөөр 690 000 төгрөгийн дүрэмт хувцас худалдан авсан, 2025 оны 047 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Улсын салбарын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн сургалт-д бүртгэлээр 62 оролцогч бүртгэгдсэн байхад 100 оролцогчоор тооцон зардал төлөвлөж бичиг хэрэг, хүнс, хоолны зардалд нийт 2 603 600 төгрөгийг илүү зарцуулсан гэж нийт 3 293 600 төгрөгийг дарга, нягтлан бодогч нараар төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д********** шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
3.1.Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын байгууллагаас аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны санхүүгийн тайланд аудит хийхээр 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/597 дугаартай албан бичгээр мэдэгдэж мөн өдрөөс эхлэн 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд төсвийн гүйцэтгэлд завсрын аудит хийлгэсэн байна.
3.2.Уг аудитаар Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Улсын салбарын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн сургалт-д оролцогчдын ирцийн бүртгэлтэй холбоотой асуудлаар нийт 2603600 төгрөгийг илүү зарцуулсан гэж үзэн нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоосон байна.
3.3.Хариуцагч нь уг актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах бодит нөхцөл байдлыг аудитор харгалзан үзээгүй төлбөрийн акт тогтоож байгууллагын хууль ёсны зохион байгуулсан албан ажлыг хүндэтгэн үзэлгүй дарга, нягтлан бодогч нарт үндэслэлгүй төлбөрийн акт тогтоосон гэж үзэн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд:
3.4.Хөвсгөл аймгийн Засаг даргын баталсан 2025 онд зохион байгуулагдах томоохон чуулган арга хэмжээний жагсаалтын 14-д Санхүүгийн хяналт, дотоод аудитын салбарын удирдах ажилтны нэгдсэн сургалт зөвлөгөөн /21 аймаг/ 2025 оны 4-5 дугаар сард манай аймагт зохион байгуулагдахаар нийт 100 албан хаагч хамрагдахаар төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн баталсан Улсын салбарын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн сургалтын хөтөлбөр батлагдаж уг арга хэмжээ нь манай аймагт 2025 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд 2 өдөр зохион байгуулагдахаар шийдвэр гарсан байна.
3.5.Үүний дагуу аймгийн Засаг даргын баталсан 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын салбарын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн сургалт-ыг Хөвсгөл аймагт зохион байгуулах удирдамж батлагдаж 21 аймагт хүргэгдсэн.
3.6.Улмаар арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө, хөтөлбөр, төсвийн төслийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж батлуулан 21 аймгийн удирдах ажилтны нэгдсэн судалгаанд үндэслэн арга хэмжээний төсвийг боловсруулан батлуулж аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/255 дугаар Хөрөнгө зарцуулах тухай захирамжаар арга хэмжээний зардалд нийт 10 000 000 /арван сая/ төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна.
3.7.Уг арга хэмжээ Хөвсгөл аймагт 2025 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж бодит гүйцэтгэлээр 18 аймгийн 90 албан хаагч, манай аймгийн удирдлагууд, аймгуудын жолооч, ирсэн зочдод урлаг соёлын арга хэмжээ дэвшүүлэх аймгийн ХДТ-ын албан хаагчид, сургагч багш, зочид гээд нийт 120 орчим хүний оролцоотой өргөн арга хэмжээг бид аймагтаа амжилттай зохион байгуулсан байдаг.
3.8.Гэтэл Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын байгууллагаас манай байгууллагын 2025 оны санхүүгийн гүйцэтгэлд завсрын аудит хийхдээ оролцогчдын бүртгэл дутуу гэдэг шалтгаанаар зориулалтын дагуу бодит гүйцэтгэлээр гарсан зардалд 2 603 600 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон юм.
3.9.Уг аудитын явцад бид бүртгэл дутуу хөтөлсөн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн ч уг аудит нь санхүүгийн жил дуусаж, тайлан өндөрлөхөөс өмнө хийгдсэн, аудитын явцад шалгагдагч байгууллагын тайлбар, бодит нөхцөл байдлыг дүгнэж залруулах бүрэн боломжтой байсан гэж манай байгууллага үзэж байна.
3.10.Мөн 2025 оны санхүүгийн тайлангийн жилийн эцсийн аудитаар сургалтын үед илүү тараасан гэж актын төлбөрт орсон 387 600 төгрөгийн бараа материал нь үлдэгдлээр байсан ба байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн дүгнэлтээр нотлогдож тухайн бараа материалын үлдэгдлийн аудитын тайланд тус аудитор нь баталгаажуулсан байна.
3.11.Үлдэгдлээр байгаа бараа материалд акт тогтоохдоо асуудлын бүртгэлийн хариу тайлбарт дурдаж нотлох баримт ирүүлээгүй тул акт тогтоосон гэж 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаар Хариу хүргүүлэх тухай Монгол Улсын ерөнхий аудиторын ирүүлсэн албан бичигт дурдсан байна.
3.12.Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэсэнтэй нийцэхгүй байна.
3.13.Ийнхүү санхүүгийн тайлангийн аудит хийхдээ шалгалтад хамрагдагч байгууллагын бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй төлбөрийн акт тогтоож байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3.анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 15.1.Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах бөгөөд зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна, 15.2.Нягтлан бодох бүртгэлийн алдааг алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулна гэсэнтэй нийцэхгүй байна.
3.14.Мөн төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ; 15.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд арга хэмжээний зардлын зориулалтын дагуу зарцуулах гэж хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд арга хэмжээний зардлыг зориулалтын дагуу зарцуулсан гэж үзэн Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №176/А2270469/ХӨА-2026/169/НА-СТА-ТШЗ дугаар бүхий Төлбөр барагдуулах тухай захиргааны актыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийг гаргаж байна.
3.15.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар улсын байцаагч нь хөдөлмөр хамгааллын хувцсаар хангагдах эрхтэй. Гэвч бид 690 000 төгрөгийн дүрэмт хувцасны мөнгийг актад заасан дансанд төлсөн.
3.16.Завсрын аудитаар төлбөрийн акт тогтоосон. Жилийн эцсийн аудитаар гаргасан алдаагаа засаж болох байсан. Алдаагаа засах боломж олгоогүй төлбөрийн акт тавьсан.
3.17.Төрийн аудитын газраас завсрын аудит хийх хугацаанд би аймагтаа байгаагүй, Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байсан. Нягтлан бодогчоороо дамжуулан тайлбараа гаргаж өгсөн.
3.18.Улсын салбарын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн сургалтад аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид оролцож урлагийн тоглолт үзүүлсэн. Тэднийг хоолонд оруулсан. Хол аймгаас ирсэн зарим албан хаагчид хүүхдээ дагуулж ирсэн байсан. Тэдгээр хүмүүсийг хоолонд оруулсан.
3.19.Хоолны захиалгыг 100 хүнээр тооцож өгсөн байсан. Бид хоолны зардлыг аль болохоор хэмнэж дундын хоол захиалж өгсөн. Хоол үйлчилгээ үзүүлсэн байгууллага захиалгын дагуу гаргасан хоолныхоо мөнгийг нэхэмжилж түүнийг нь шилжүүлсэн.
3.20.Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Харин төлбөрийн акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй. Актыг хүчингүй болгож өгнө үү гэв.
4.Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.И********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
4.1.Аудит хийх үндэслэл: Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны А/106 дугаар тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журмын 3.4, А/70 дугаар тушаалаар баталсан Санхүүгийн аудитын заавар аргачлалын 3.12 дахь заалт, Төрийн аудитын байгууллагын 2025 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөө-г үндэслэн төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Завсрын аудит-ын төлөвлөгөөний хавсралтад заасны дагуу Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 3 дугаар улирлаар тасалбар болгосон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг хамруулан завсрын аудитыг гүйцэтгэсэн.
4.2.Аудитаар тогтоогдсон нөхцөл байдал: Завсрын аудитын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын2025 оны 3 дугаар улирлаар тасалбар болгосон ерөнхий журнал, хөрөнгө, бараа материалын тооллого, бусад асуудалд горим, сорил хэрэгжүүлэхэд дараах зөрчил илэрсэн. Үүнд:
4.3.Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт 3.13, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр баталсан удирдамж, мөн 2025 оны аймгийн нэгдсэн сургалт, арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдсан Улсын салбарын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн сургалт-д бүртгэлээр 62 оролцогч бүртгэгдсэн байхад 100 оролцогчоор тооцож, бичиг хэрэг, хүнс, хоолны зардалд 3503,6 мянган төгрөгийг илүү зарцуулсан байна.
4.4.Зөрчигдсөн хууль тогтоомж: Дээрх илүү зарцуулсан зардал нь санхүүгийн анхан шатны баримтаар дэмжигдээгүй оролцогчийн бүртгэлээр баталгаажаагүй зөрчил нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт үнэн зөв байх, 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт Бодитой байх, 4.2.7 дахь хэсэгт аливаа үйл ажиллагааны зохион байгуулалт нь өртөг зардлын бодит тооцоолол, баталсан стандарт, хэрэгцээ, шаардлагад үндэслэгдсэн байх, 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь хэсэгт нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд аудитын Үнэлгээ ба хуваарилалт, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлүүдийг хангаагүй гэж үзэн асуудлын бүртгэлээр танилцуулж, санал тайлбарыг авсан.
4.5.Асуудлын бүртгэлд хөндсөн асуудал нь зохион байгуулсан арга хэмжээний үр дүнг үгүйсгээгүй бөгөөд зөвхөн санхүүгийн гүйлгээний нотлох баримтын хангалтгүй байдлыг үндэслэн дахин тооцоолол хийж асуудал дэвшүүлсэн болно.
4.6.Ирүүлсэн санал тайлбар нь үйл ажиллагааны ач холбогдол, зохион байгуулалтын нөхцөл байдлыг тодорхойлсон боловч оролцогчийн тоог нотлох баримтаар баталгаажуулаагүй, хууль эрх зүйн үндэслэл бүхий тайлбар биш тул хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
4.7.Сонсох ажиллагааны явцад аймаг бүр жолоочтой ирсэн гэх санал тайлбарыг хүлээн авч 900,0 мянган төгрөгийг зөрчлийн дүнгээс хасаж, нийт 2603,6 мянган төгрөгийн төлбөрийн актыг тогтоосон.
4.8.Нэхэмжлэгч завсрын аудит байсан учраас залруулах боломжтой гэсэнд дараах тайлбар өгье. Залруулгыг дараах тохиолдолд хийнэ. Үүнд: Нягтлан бодох бүртгэлд мэдээллийг тусгахгүй орхигдуулсан эсвэл буруу тусган илэрхийлсэн байвал алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулдаг. Гэвч бидний илрүүлсэн зүйл нь анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг санхүүжүүлсэн зөрчил байсан учраас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалын 4.2.3.8-д Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн гэж заасныг үндэслэн журмын дагуу асуудлыг шийдвэрлэсэн.
4.9.2025 оны санхүүгийн тайлангийн жилийн эцсийн аудитаар сургалтын үед илүү тараасан гэж актын төлбөрт орсон 387 600 төгрөгийн бараа материал нь үлдэгдлээрээ байсан гэх нөхцөл байдал нь жилийн эцсийн хөрөнгийн тооллогын дараах үеийн асуудлыг тайлбарлаж байгаа бөгөөд төлбөрийн актыг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тогтоосон тул уг хугацаанд шууд хамаарах үндэслэл болохгүй байна.
4.10.Түүнчлэн аудитаар илэрсэн асуудлын бүртгэлийг байгууллагад хүргүүлж, тайлбар авахад үлдэгдэлтэй бараа, материалын талаар дурдаагүй нь уг нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэл болохгүй юм.
4.11.Сургалтын материал 38 ширхэг үлдэгдэлтэй байсан хэдий ч сургалтад 38 хүн хамрагдсан гэж тооцон хоолны зардлыг бүрэн зарцуулсан нь бодит оролцогчийн тоотой нийцэхгүй, илүү зардал гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
4.12.Иймд аудитаар илэрсэн зөрчил нь хангалттай бөгөөд зохистой нотлох баримтаар баталгаажсан, шалгагдагч байгууллагын ирүүлсэн тайлбар нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж, аудитын багийн гаргасан шийдвэр нь хууль эрх зүйн шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4.13.Санхүүгийн тайлангийн алдааг залруулах боломжтой байдаг. Харин санхүүгийн зөрчлийг залруулах боломжгүй учраас төлбөрийн акт тогтоодог.
4.14.Улсын салбарын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн сургалтад бүртгэлээр 62 хүн оролцсон гэж үзсэн. Үүн дээр шалгагдагч байгууллагын саналыг харгалзан үзэж, тухайн байгууллагын өөрсдийнх нь гаргаж өгсөн компьютероор шивсэн баримтад 15 аймгийн нэр байсан тул 15 аймгийн жолооч гарын үсэг зураагүй арга хэмжээнд оролцсон байх боломжтой гэж үзээд түүнийг нэмж тооцсон.
4.15.Хөрөнгийн тооллого жилийн эцсээр хийгддэг. 387 600 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаараа тайлбар ирүүлээгүй. Санал, тайлбар, нотлох баримтаа ирүүлэх хангалттай хугацаа олгосон. Асуудлыг бүртгэлээр асуулга авсан. Энэ хугацаанд үлдэгдэлтэй байгаа тухай тайлбар ирүүлээгүй учир төлбөрийн акт үндэслэлтэй.
4.16.Т********* ХХК, БЯСУЮУ ХХК, Х********* ХХК-тай байгуулсан гэрээ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн байна. Худалдах авах тухай хуульд заасан гэрээний үнийн дүн болон бараа, үйлчилгээ нийлүүлэх хуваарь байхгүй байгаа тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь;
5.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №176/А2270469/ХӨА-2026/169/НА-СТА-ТШЗ дугаар бүхий Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа, хөөн хэлэлцэх хугацааны талаар
6.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 930 тоот албан бичгээр А.Д********** , Х.А********** нарт хандан төлбөрийн актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгчээ.
7.Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж заасан хугацаанд нийцэж байна.
8.Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.3."төрийн аудитын байгууллага" гэж төрийн аудит хийх чиг үүрэг бүхий Үндэсний аудитын газар, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газар, төрийн аудитын байгууллагын албан хаагчийг; 4.1.4."шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.3-д Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 6.3.1.шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх, 21 дүгээр зүйлийн 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж заасан тул Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газарт санхүүгийн тайлангийн завсрын аудит хийж, төлбөрийн акт тогтоох бүрэн эрхтэй.
9.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:
10.Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №176/А2270469/ХӨА-2026/169/НА-СТА-ТШЗ дугаар бүхий Төлбөр барагдуулах тухай актаар төсвийн хөрөнгөөр 690 000 төгрөгийн дүрэмт хувцас худалдан авсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэн төлбөрийг дарга, нягтлан бодогч нараар тэнцүү хуваан гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй болно.
11.Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №176/А2270469/ХӨА-2026/169/НА-СТА-ТШЗ дугаар бүхий Төлбөр барагдуулах тухай актаар дүрэмт хувцас худалдан авсан 690 000 төгрөгийн зөрчилд төлбөр тогтоосон нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
12.Тодруулбал Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Улсын байцаагч Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмжээс гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана: 11.1.4.улсын байцаагч нь хянан шалгах үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хөдөлмөр хамгааллын хувцас болон техник хэрэгслээр хангагдах гэж заасан боловч Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно гэж заасан байна.
13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан тул сүүлд хүчин төгөлдөр болсон Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлах нь зүйтэй.
14.Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Улсын салбарын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн сургалт-д бүртгэлээр 62 оролцогч бүртгэгдсэн байхад 100 оролцогчоор тооцон зардал төлөвлөж, бичиг хэрэг, хүнс, хоолны зардалд 2 603 600 төгрөгийг илүү зарцуулсан гэх маргаанд дараах дүгнэлт хийлээ.
15.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/255 дугаар тушаалаар Сангийн яамны Эрсдэлийн удирдлагын газар, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас 21 аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын бүрэлдэхүүнийг оролцуулан аймагт зохион байгуулсан Улсын салбарын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн сургалт арга хэмжээний зардалд 10 000 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. /Хэргийн 121 дүгээр хуудас/
16.Аймгийн Засаг дарга Л.Т**********-ын баталсан Аймгийн хэмжээнд зохион байгуулагдах томоохон сургалт, арга хэмжээний жагсаалт-ын 14 дүгээрт Санхүүгийн хяналт, дотоод аудитын салбарын удирдах ажилтны нэгдсэн сургалт зөвлөгөөнийг 2025 оны 04 дүгээр сарын 10-25-ны хооронд 100 албан хаагчийг оролцуулах хийхээр төлөвлөсөн болох нь хэрэгт авагдсан Аймгийн хэмжээнд зохион байгуулагдах томоохон чуулган, арга хэмжээний жагсаалт /хэргийн 100 дугаар хуудас/, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан Улсын салбарын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн сургалтын хөтөлбөр /хэргийн 116-118 дугаар хуудас/, Улсын салбарын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн сургалтыг Хөвсгөл аймагт зохион байгуулах удирдамж /хэргийн 119-120 дугаар хуудас/, Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцогчдын судалгаа болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
17.Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Т********* ХХК-д 3 304 000 төгрөг /хэргийн 110 дугаар хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Х********* ХХК-д 3 495 000 төгрөг /хэргийн 123 дугаар хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр БЯ СУ ЮУ ХХК-д 3 220 000 төгрөг /хэргийн 129 дүгээр хуудас/ тус тус шилжүүлсэн болох нь нотлогдож байна.
18.Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас нотлох баримтаар ирүүлсэн Улсын салбарын дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн сургалтын бүртгэлд Архангай 3, Баянхонгор 4, Баян-Өлгий 2, Булган 2, Говь-Алтай 1, Дархан-Уул 3, Дорнод 3, Дорноговь 3, Дундговь 3, Завхан 4, Орхон 3, Өмнөговь 3, Сүхбаатар 3, Сэлэнгэ 3, Төв 3, Увс 4, Ховд 4, Хэнтий 3, Хөвсгөл 6 буюу нийт 19 аймгийн 60 албан хаагч оролцсон болох нь нотлогдож байна. /хэргийн 136-137 дугаар хуудас/
19.Тус сургалтад Хөвсгөл аймгийн удирдах албан тушаалтан 3 хүн оролцсон нь гэрэл зургаар нотлогдсон, аймгууд жолоочтойгоо ирсэн гэж шалгагдагч байгууллага тайлбарласныг хүлээн авч өөрсдийнх нь гаргаж өгсөн компьютероор шивсэн баримтад 15 аймгийн нэр байсан тул 15 жолооч оролцсон боловч баримтад гарын үсэг зураагүй байх боломжтой гэж үзэн нэмж тооцсон гэж хариуцагч Г.И********** тайлбарласан.
20.Хэрэгт авагдсан Улсын салбарын дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцогчдын нэрс /хэргийн 89-90 дүгээр хуудас/ гэх баримтад 15 аймгийн 49 оролцогчийн нэрс бүртгэгджээ.
21.Харин Улсын салбарын дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн сургалтын бүртгэл /хэргийн 82-83 дугаар хуудас/ гэх баримтад 19 аймгийн 60 оролцогчийн нэр, гарын үсэг зурагдсан байна.
22.Дээрх хоёр баримт дээрх аймаг болон оролцогчийн тоо зөрүүтэй байх тул гараар бүртгэсэн 19 аймгийн 60 оролцогч гарын үсэг зурсан баримтыг нотлох баримтаар үнэллээ.
23.Иймд 18 жолооч гарын үсэг зураагүй боловч сургалтын үйл ажиллагааны хүрээнд ажилласан, хоол идсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
24.Хариуцагчийн зүгээс тус арга хэмжээнд Хөвсгөл аймгийн удирдах албан тушаалтан 3 хүн, аймгуудын жолооч нар оролцсон гэж хүлээн зөвшөөрч байгааг шүүх харгалзан үзэв.
25.Бодитоор 19 аймаг арга хэмжээнд оролцсон байх тул баримтад гарын үсэг зурсан 60 хүнээс гадна 18 жолооч, Хөвсгөл аймгийн удирдах албан тушаалтан 3 хүнийг нэмж тооцон, нийт оролцогчдын тоог 81 хүнээр тооцох үндэслэлтэй байна.
26.Нэхэмжлэгчийн тайлбар, аймгийн Засаг даргын баталсан 2025 оны Аймгийн хэмжээнд зохион байгуулах томоохон хэмжээний чуулган арга хэмжээний жагсаалт-аас үзэхэд арга хэмжээнд оролцогчдыг 100 хүнээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангажээ. Үүнийг худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ тус бүрээр нь авч үзье.
27.Х********* ХХК-ийн захирал П.О********** , Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга А.Д********** нарын гарын үсэг зурж баталсан 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнд 1 хүний 1 удаагийн өдрийн хоолыг 30 000 төгрөгөөр, заалны түрээсийг 800 000 төгрөгөөр тохирчээ. Харин өдрийн хоолны тоо хэмжээг заагаагүй байна. /хэргийн 126-128 дугаар хуудас/
28.Гэрээнд захиалгын тоо хэмжээг заагаагүй боловч нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг[1][1] харгалзан 100 хүний хоол захиалсан гэж үзэв.
29.Харин бодит байдлаар Х********* ХХК-тай заалны түрээс 800 000 төгрөг, 100 хүний хоолыг нэг бүрийн 26 950 төгрөг, нийт 2 695 000 төгрөгөөр тооцон төлбөрийг төлсөн болох нь Х********* ХХК-ийн зарлагын баримт /хэргийн 125 дугаар хуудас/, төлбөрийн хүсэлт /хэргийн 123 дугаар хуудас/ болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
30.Х********* ХХК-ийн захирал П.О********** , Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга А.Д********** нарын гарын үсэг зурж баталсан 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнд хэдэн хоол захиалж байгаа болон зочид ирээгүй, дутуу ирсэн тохиолдолд хоолны төлбөрийг яаж төлөх, төлбөр төлөх ямар нөхцөлтэй байхыг нарийвчлан зохицуулаагүй ажээ.
31.Иймд бодит гүйцэтгэл буюу нэг бүрийн 26 950 төгрөгийн үнэ бүхий 81 хоолны төлбөр тооцоог төлөх нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Хэмнэлтийн горим хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална: 4.1.7.бодитой байх, 4.2-т Энэ хуулийн 4.1-д заасан зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ: 4.2.7.аливаа үйл ажиллагааны зохион байгуулалт нь өртөг зардлын бодит тооцоолол, баталсан стандарт, хэрэгцээ, шаардлагад үндэслэгдсэн байх, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ: 6.4.1.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэж заасанд нийцнэ.
32.Х********* ХХК-д нэг бүрийн 26 950 төгрөгийн үнэ бүхий 19 хоолны мөнгийг илүү шилжүүлсэн нь төрийн хэмнэлтийн горимыг зөрчсөн, төсвийг үр ашиггүй зарцуулсан зөрчил гэж шүүх үзлээ.
33.2025 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Улсын салбарын дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн-д урлагийн тоглолт үзүүлсэн уран бүтээлчид болон хол аймгаас хүүхдээ дагуулж ирсэн зөвлөгөөнд оролцогч нарт хоолоор үйлчилсэн гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
34.Учир нь урлагийн тоглолт үзүүлсэн уран бүтээлчид болон зөвлөгөөнд оролцогчдын гэр бүлийн гишүүдийг хооллох талаар арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдаагүй, тэднийг хооллосон талаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй байна гэж шүүх үзлээ.
35.БЯСУЮУ ХХК-ийн захирал Д.Б********** , Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга А.Д********** нарын гарын үсэг зурж баталсан 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Бараа худалдах, худалдан авах гэрээнд ямар бараа, хэдэн ширхэгийг нийлүүлж байгааг тодорхой заагаагүй боловч гэрээний 3.2-т Худалдан авагч барааг хүлээн авсныг гэрчлэх зарлагын баримт 2 хувь үйлдэн барааг хүлээлцэнэ гэж /хэргийн 133 дугаар хуудас/ заасан байна.
36.Хэрэгт авагдсан зарлагын баримт /хэргийн 131 дүгээр хуудас/, орлогын баримт /хэргийн 132 дугаар хуудас/ болон нэхэмжлэгчийн тайлбараар сургалтын гарын авлага, танилцуулга, сургалтын дэвтэр, бал, хавтас, жүүс, кофе, сэндвич, бургер, торт, пицца, вакус, ногоон холимог цайг захиалсан хэмжээгээр нийлүүлсэн болох нь нотлогдож байна.
37.Гэрээний 2.1-д Худалдан авагч гэрээний төлбөрийг бэлэн бусаар шилжүүлэх , 3.2-т Худалдан авагч барааг хүлээн авсныг гэрчлэх зарлагын баримт 2 хувь үйлдэн барааг хүлээлцэнэ гэж заасан тул зарлагын баримтад заасан хэмжээгээр буюу 3 220 000 үнийн дүн бүхий захиалга хийгдэж, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэв.
38.Захиалгын хэмжээгээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрт 3 220 000 төгрөг шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
39.Иймд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж зааснаар 3 220 000 төгрөг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзлээ. /Хэргийн 129-133 дугаар хуудас/
40.Т********* ХХК-ийн захирал Б.Т********** , Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга А.Д********** нарын гарын үсэг зурж баталсан 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хамтран ажиллах №032 гэрээнд хэдэн хүний хоолны захиалга өгсөн талаар тодорхой заагаагүй боловч нэхэмжлэгчийн хоолны захиалгыг 100 хүнээр тооцож өгсөн гэх тайлбар, хэрэгт авагдсан Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцогчдын судалгаа /хэргийн 162-163 дугаар хуудас/, аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын салбарын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн /хэргийн 100 дугаар хуудас/-д оролцогчдын тоог 100 хүнээр баталж төлөвлөсөн зэргийг үндэслэн 100 хүний хоолны захиалга өгсөн байна гэж үзлээ.
41.Т********* ХХК-ийн захирал Б.Т********** , Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга А.Д********** нарын гарын үсэг зурж баталсан 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хамтран ажиллах №032 гэрээний 3.2-т Баталгаажсан захиалгын зочны тооны өөрчлөлтийг 1-ээс доошгүй хоногийн өмнө ресторанд албан ёсоор мэдэгдээгүй тохиолдолд ресторан тухайн захиалгыг үндэслэн захиалгын тоогоор гүйцэтгэх эрхтэй, 5.3-т Захиалагч тал захиалга өгсөн боловч зочин нь ирэхгүй болон дутуу ирсэн тохиолдолд захиалгат үйлчилгээ нэгэнт хийгдсэн байх тул төлбөрийг бүрэн нэхэмжилнэ гэж заасан байна.
42.Иймд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж зааснаар захиалга өгсөн хэмжээгээр Т********* ХХК-д төлбөрийг шилжүүлсэн нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга, нягтлан бодогч нарын буруу биш байна.
43.Төр буюу Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь иргэний эрх зүйн харилцаанд орохдоо гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй. Гэрээний эрх зүйн харилцаанд гэрээ заавал хэрэгжих зарчим буюу Pacta sunt servanda зарчим хэрэгждэг.
44.Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас аудитаар илрүүлсэн алдаа зөрчилтэй асуудлын бүртгэлээр Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газарт илрүүлсэн зөрчлийн талаар мэдэгдсэн, сонсох ажиллагаа явуулсан, шалгагдагч байгууллагад тайлбар, санал гаргах боломж олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авсан баримтаар /хэргийн 68-69, 70-71, 72-73, 74, 75 дугаар хуудас/ нотлогдож байна.
45.Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас аудитаар илрүүлсэн алдаа зөрчилтэй асуудлын бүртгэлээр нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар, нотлох баримтаа гаргах боломж олгосон боловч 387 600 төгрөгийн гарын авлага, танилцуулга, сургалтын дэвтэр, бал, хавтас үлдэгдлээр байгаагаа тухайн үед нотолж чадаагүй тул хариуцагч төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй.
46.Гэсэн хэдий ч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газарт 387 600 төгрөгийн гарын авлага, танилцуулга, сургалтын дэвтэр, бал, хавтас үлдэгдлээр байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, эдгээрийг эргэлтийн хөрөнгөөр бүртгэсэн, бодит байдлаар төсөвт хохирол учраагүй байх тул /хэргийн 138-144 дүгээр хуудас/ 387 600 төгрөгийг актын дүнгээс хасаж шийдвэрлэлээ.
47.Дээрх үндэслэлээр төлбөр тогтоосон төлбөрийн актаас 690 000 төгрөгийн дүрэмт хувцас болон 19 хүний 26 950 төгрөгийн үнэ бүхий хоолны мөнгө 512 050 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэн, 3 293 600 төгрөгийн төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг 2 091 550 төгрөгөөр багасгаж 1 202 050 төгрөг болгов.
48.Нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн тайлангийн жил дуусаагүй байсан тул төлбөрийн акт тогтоосон нь буруу гэж, хариуцагчийн зүгээс нягтлан бодох бүртгэлийн алдаа гаргасан бол санхүүгийн тайлангийн хугацаанд залруулах боломжтой, харин санхүүгийн зөрчил гаргасан бол залруулах боломжгүй учраас төлбөрийн акт тогтоох үндэслэлтэй гэсэн агуулгаар маргасанд дараах тайлбар өгье.
49.Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө, 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж заасан байна.
50.Тодруулбал хуулийн 21.2-т шалгагдагч этгээд төсвийн хөрөнгө зарцуулахтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж тодорхой заажээ.
51.Харин шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар албан шаардлага өгөхөөр байна.
52.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.2.7, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчилд төлбөрийн акт тогтоосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй, санхүүгийн тайлангийн жил дуусаагүй байсан тул төлбөрийн акт тогтоосон нь буруу гэх агуулгатай нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
53.Шүүх гэрч Х.А**********-ын мэдүүлгийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын талаар:
54.Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар актаар тогтоосон дүрэмт хувцас худалдан авсан 690 000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн болох нь нотлогдож байх тул үлдэх 512 050 /таван зуун арван хоёр мянга тавин/ төгрөгийг актад заасан дансанд тушааснаар шүүхийн шийдвэр биелэгдэнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.2.7, 8 дугаар зүйлийн 8.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.И********** д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №176/А2270469/ХӨА-2026/169/НА-СТА-ТШЗ дугаар бүхий Төлбөр барагдуулах тухай 3 293 600 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянга зургаан зуун/ төгрөгийн төлбөрийн актын дүнг 1 202 050 /нэг сая хоёр зуун хоёр мянга тавин/ төгрөг болгож, 2 091 550 /хоёр сая ерэн нэгэн мянга таван зуун тавин/ төгрөгөөр багасгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
[1][1] Хэргийн 100, 125 дугаар хуудас