| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2026/0007/З |
| Дугаар | 109/ШШ2026/0006 |
| Огноо | 2026-05-21 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 109/ШШ2026/0006
109/ШШ2026/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын А нам
Хариуцагч: А аймгийн Э сумын Сонгуулийн хороонд холбогдох “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын А намыг нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч, бүртгэхийг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г (цахимаар),
Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны дарга О.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын А намын нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээ өөрчлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг ихэсгэж, багасгаагүй. Харин нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:
1.3. “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намыг нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч, бүртгэхийг даалгах” гэж тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн “Цаг хугацааны хуваарь батлах тухай” 02 дугаар тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг хавсралтаар батлахдаа санал авах, өдөр цагийг 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 07:00-20:00 цаг...” гэжээ. (Хавтаст хэргийн 109, 118 дахь тал)
2.2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Сумын нөхөн сонгуулийн хороо байгуулах тухай” 04 дүгээр тогтоолоор “Эрдэнэбулган сумын 2, 6, 7 дугаар багийн нөхөн сонгуулийн хорооны даргаар О.Ж /Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын дарга/, нарийн бичгийн даргаар Д.Ч / Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын малын үржил бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтан/, гишүүд Ч.Д /Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч/, Т.У /аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөц/, С.Г /1 дүгээр сургуулийн бага ангийн багш/, М.Тогтохбаяр /аймгийн нягтлан бодлогын хэлтсийн мэргэжилтэн/, Б.А /Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/”. (Хавтаст хэргийн 104 дэх тал)
2.3. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намаас 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар албан бичгээр “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 ,6, 7 дугаар багийн нөхөн сонгуульд оролцох хүсэлттэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг Эрдэнэбулган сумын сонгуулийн хороонд гаргасан байна. (Хавтаст хэргийн 120 дахь тал)
2.4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны дарга О.Жавзансүрэн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт заасан хуулийн хугацаанд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлээгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариуг Эрдэнэбулган сумын Ардчилсан намын хорооны дарга Б.Б-ад хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 135 дахь тал)
2.5. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч шүүхэд 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 16 дугаар зүйлийн 16.1., 112 дугаар зүйлийн 112.4.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4-т заасныг зөрчөөгүй шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.
Гурав. Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч А аймгийн Э сумын А нам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан нам нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахтай холбогдуулж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2, 6, 7 дугаар багийн нөхөн сонгуульд оролцох бэлтгэл ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу мөрийн хөтөлбөрөө боловсруулан 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн аудитын газарт 2026 онд болох нөхөн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталгаажуулж, дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн. Улмаар Аудитын газраас 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 218 дугаар бүхий албан бичигт “Эрдэнэбулган сумын “А нам”-ын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд оролцохоор ирүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагад тус тус нийцэж байна" хэмээх дүгнэлтийг гаргаж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10 дахь хэсэгт зааснаар тус сумын сонгуулийн хороо болон бидэнд тус тус хүргүүлсэн байдаг. Эрдэнэбулган сумын сонгуулийн хороо нь нэг намын төлөөллөөс буюу МАН-н гишүүдээс бүрдэж, сонгуулийн хороог байгуулсан байна. 2026 оны 01 сарын 08-ны өдрийн 02 дугаар бүхий Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны цаглавар”-ын 6 дээр сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулахдаа “сонгуулийн хороонд хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр, хаана байгуулагдсан талаар нийтэд мэдээлнэ" гэж заасан байгаа юм. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг баримталж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хороо нь хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хаана байрлаж байгаа талаарх мэдээллийг нийтэд мэдээлэх байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлэлгүйгээр нэг намын төлөөллөөс буюу МАН-ын гишүүдээс бүрдсэн сонгуулийн хороог байгуулсан байна. Эрдэнэбулган сумын сонгуулийн хороонд 2026 оны 04 сарын 22-ны өдөр очиж уулзахад “Ардчилсан намаас явж байгаа талаар хэлэхэд тус хорооны дарга О.Жавзансүрэн нь танай мөрийн хөтөлбөр хуульд нийцэж байгаа талаарх Аудитын дүгнэлт ирж, сонгуульд оролцох санал чинь ирсэн” гэж хэлээд нөхөн сонгуульд оролцох талаар ярилцсан. Тухайн уулзалтын үед өөр дутуу баримт бичиг байсан бол бидэнд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл нэмэлт ямар ч материал шаардаагүй тул бид “нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд өгчихлөө” гэж бодсон. Бидний зүгээс дараа нь энэ талаар дахиж тодруулахаар 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бэлдсэн хүсэлтээ өгөхөөр очиход ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөөгүй. Гэтэл 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар бүхий үндэслэлгүй шийдвэр гаргаж, манай намд ирүүлээд байна. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар бидний сонгуульд шударгаар өрсөлдөж, сонгогдох эрхийг зөрчиж, нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн байхад хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Учир нь тус сонгуулийн хороо нь 2024 оны орон нутгийн сонгуулиар хууль зөрчиж ажлаа өгөлгүйгээр нэр дэвшиж байгаа дарга нарыг нэр дэвшигчээр бүртгэж, тухайн үед манай намын зүгээс сонгуулийн хороонд хууль бус гэдгийг хандаж байсан хэдий ч хүлээж аваагүй учраас шүүхэд хандаж Монгол Улсын дээд шүүхээр шийдэгдсэн тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 21-ний өдөр дахин зохион байгуулахаар болоод байгаа юм. Гэтэл тус аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хороо нь эрх баригч МАН-ын гишүүдээс бүрдсэн байх бөгөөд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хороо дахин хууль бус үйлдэл гаргаж, Үндэсний хэмжээний Ардчилсан намыг нөхөн сонгуульд оролцуулахгүй байх үйлдэл гаргаж байна. Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намыг нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч, бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагч А аймгийн Э сумын Сонгуулийн хороо шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан Намын хорооноос гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрдэнэбулган сумын нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх байсан боловч хуулийн хугацаанд Ардчилсан намын хорооноос ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй. Мөн 2026 оны 4 дүгээр сарын 27-нд ирсэн 05 тоот хүсэлтэд хуульд заасан дараах баримт бичгийг хавсаргаагүй байсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.-т “Намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана” гээд 25.3.1.-д “сонгуульд оролцох тухай тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын шийдвэр, намын даргыг томилсон шийдвэр;” гэж, 25.3.2.-т “намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;” гэж, 25.3.3.-т “намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;” гэж, 25.3.4.-т “сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;” гэж, 25.3.5.-д “энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам;” гэж, 25.3.6.-д “орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;” гэж, 25.3.7.-д “намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл”. Эрдэнэбулган сумын Ардчилсан Намын хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хугацаанд 25.2, 25.3-д заасан холбогдох баримт бичгийг ирүүлээгүй тул хуулийн 27 дугаар зүйлд заасан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх үйл ажиллагаа явагдаагүй болно. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу сумын сонгуулийн хороог сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар байгуулахаар заасны дагуу Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит наймдугаар хуралдаанаар сумын сонгуулийн хороог байгуулж 04 дүгээр тогтоол гаргасан. Тус хуралдаанд Монгол Ардын Намаас 13, Ардчилсан Намаас 9 төлөөлөгч оролцож сумын сонгуулийн хороонд оруулахаар санал болгосон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн мэдээлэлтэй нэг бүрчлэн танилцаж төлөөлөгчид 100% саналаар дэмжин сонгуулийн хороог байгуулсан байна. Төрийн албан хаагч нь хуульд зааснаар ямар нэг намын харьяалалгүй байдаг бөгөөд хууль тогтоомжоо сайн судлахгүйгээр сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орсон төрийн албан хаагчдыг намын гишүүн мэтээр гүтгэсэнд Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүн харамсаж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт сумын сонгуулийн хороо хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан талаарх мэдээллийг сумын сонгуулийн хороо биш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын пэйж хуудсаар 2026 оны 3 дугаар сарын 27, 4 дүгээр сарын 13-ны өдөр тус мэдээллийг нийтэд мэдээлсэн байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хугацаанд буюу 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хуульд заасан материалыг Ардчилсан Нам ирүүлээгүй. Харин хуулийн хугацаа дууссаны маргааш буюу 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд ямар албан тушаал хашдаг, хэн гэдгээ танилцуулалгүйгээр нэг эмэгтэй сонгуулийн хэсгийн хороонд орж ажиллавал хэзээнээс, яаж орж ажиллах вэ? гэж асуусан. Тус асуултад холбогдох журмын дагуу сургалтад хэрхэн бүртгүүлж, шалгалт өгөн гэрчилгээ авч, хүсэлтээ яаж гаргах талаар мэдээлэл өгсөн. Харин тэр эмэгтэй өмнөх сонгуульд Ардчилсан намын төрийн албан хаагчдыг сонгуулийн хэсгийн хороонд оруулаагүй одоо яаж оруулах вэ? гэж асуусан. Ардчилсан намын төрийн албан хаагч гэж байхгүй төрийн албан хаагч нам бус байх ёстой гэж хариулсан. Миний бие тус эмэгтэйтэй нөхөн сонгуулийн талаар ямар ч харилцан яриа яриагүй байхад сумын сонгуулийн хорооны дарга О.Ж намайг харилцан ярилцсан, сонгуульд оролцох санал чинь ирсэн гэж хэлсэн хэмээн худлаа мэдээлэл өгсөн байна. Иймд Эрдэнэбулган сумын Ардчилсан намын хорооноос гаргасан нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийг 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахтай холбогдуулж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2, 6, 7 дугаар багийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуульд оролцох бэлтгэл ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу мөрийн хөтөлбөр боловсруулан дүгнэлт гаргуулахаар 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Аудитын газарт хүргүүлсэн. Аудитын газраас 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 218 дугаар бүхий албан бичигт Эрдэнэбулган сумын Ардчилсан намын сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд оролцохоор ирүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тус шаардлагад нийцэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.10 дахь хэсэгт зааснаар тус сумын Сонгуулийн хороо болон бидэнд хариуг тус тус хүргүүлсэн. Архангай аймгийн Эрдэнэбүрэн сумын Сонгуулийн хороо нь нэг намын төлөөллөөс буюу Монгол Ардын Намын гишүүдээс бүрдэж, сонгуулийн хороог байгуулсан. 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2 дугаар бүхий Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны цаглаврын 6-д сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулахдаа Сонгуулийн хороонд хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хаана байгуулагдсан талаар нийтэд мэдээлнэ гэж заасан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримталж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороог хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хаана байрлаж байгаа талаарх мэдээллийг нийтэд мэдээлэх байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд 2026 оны 4 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд очиж уулзаж, Ардчилсан намаас явж байгаагаа хэлэхэд, тус Сонгуулийн хорооны дарга О.Жавзансүрэн танай мөрийн хөтөлбөр хуульд нийцэж байгаа талаарх аудитын дүгнэлт ирж, сонгуульд оролцох санал ирсэн гэж хэлээд, нөхөн сонгуульд оролцох талаар ярилцсан. Тухайн уулзалтын үед өөр дутуу баримт бичиг байсан бол бидэнд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл нэмэлт ямар ч материал шаардаагүй тул бид нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд өгчихлөө гэж бодсон. Бидний зүгээс дараа нь энэ талаар дахиж тодруулахаар 2026 оны 4 дүгээр сарын 22-нд өдөр бэлдсэн хүсэлтээ өгөхөөр очиход, ямар нэг тайлбар мэдээлэл өгөөгүй. Гэтэл 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаар бүхий үндэслэлгүй шийдвэр гаргаж манай намд ирүүлсэн. Аймаг, нийслэлийн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар бидний сонгуульд шударгаар өрсөлдөх, сонгогдох эрхийг зөрчиж, нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг илэрхийлсэн байхад хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус сонгуулийн хороонд 2024 оны орон нутгийн сонгуулиар хууль зөрчиж, ажлаа өгөөгүй, нэр дэвшиж байгаа дарга нарыг нэр дэвшигчээр бүртгэж, тухайн үед намын зүгээс Сонгуулийн хороонд хууль бус гэдгийг хандаж байсан хэдий ч хүлээж аваагүй учраас бид шүүхэд хандан, 3 шатны шүүхээр яваад, Улсын Дээд шүүхээр шийдэгдсэн тул аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны нөхөн сонгуулийг 6 сарын 28-ны өдөр дахин зохион байгуулахаар болоод байгаа. Гэтэл тус аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хороо нь эрх баригч Монгол Ардын намаас бүрдсэн. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаар шийдвэр, уг нь тогтоол гарах ёстой байсан гэж бид нар үзэж байгаа. Гэтэл тогтоол биш албан бичиг гарсан. Энэ шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгоод, Ардчилсан намыг нөхөн сонгуульд оролцохыг бүртгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намыг нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3.4. Хариуцагчийн төлөөлөгч О.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Ардчилсан нам нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д тухайн сонгууль болохоос 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 4 сарын 21-ний өдрийн дотор тухайн нам, эвсэл сумын сонгуулийн хороонд сонгуульд оролцох хүсэлтээ өгөх байсан. Тус хүсэлтдээ мөн хуулийн 25.3-д заасны дагуу 7 төрлийн баримт бичгийг хавсаргаж өгөх байсан. 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бол Ардчилсан намаас ямар нэгэн бичиг, тоот, албан бичиг ирээгүй. Харин 2026 оны 4 дүгээр сарын 22-нд буюу хуулийн хугацаа дууссаны маргаас үдээс хойш нь 15 цагийн үед нэг эмэгтэй орж ирсэн. Хэсгийн хороонд орвол яах вэ гэдэг талаар ярилцсан. Улс төрийн намд төрийн албан хаагч харьяалагдахгүй гэсэн тайлбарыг хэлээд гаргасан. Сонгуультай холбогдолтой юм яриагүй. Тэр хүн Ардчилсан намын хүн мөн үү, биш үү гэдгийг би мэдэхгүй. Ардчилсан намын 4 сарын 22-ны өдрийн он, сартай, 05 дугаартай албан бичиг яг хугацаандаа буюу 2026 оны 4 дүгээр сарын 22-нд ирээгүй. 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр яг ийм утгатай 2 бичиг барьж орж ирсэн. Нэг нь 2026 оны 4 дүгээр сарын 27 гэсэн он, сартай, нөгөө нь 2026 оны 4 дүгээр сарын 22 гэсэн он, сартай бичиг орж ирсэн. Хуулийн хугацаа өнгөрсөн тул энэ хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна гэсэн албан тоотыг явуулсан. Хуулийн хугацаанд албан бичиг, хүсэлт ирээгүй учраас Ардчилсан намтай холбогдолтой ямар нэгэн тогтоол гараагүй. Сонгуулийн хороог нэг намын төлөөллөөс байгуулсан гэж тайлбарлаж байна. Хуулийн хугацаа өнгөрсөн тул энэ хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн албан бичиг явуулсан. Сонгуулийн хорооны шийдвэр бол нийт гишүүдийнхээ олонхоор буюу гуравны хоёроос дээших гишүүд хуралдаж, тогтоол гаргаж байж шийдвэр нь албажих ёстой. Ардчилсан намтай холбогдолтой ямар нэгэн тогтоол гараагүй. Учир нь Архангай аймгийн Ардчилсан намаас хуулийн хугацаанд албан бичиг, хүсэлт ирээгүй учраас тогтоол гараагүй. Архангай аймгийн Ардчилсан намаас аудитын бичгийг хүсэлтээ илэрхийлсэн гэж тайлбарлаж байна хэдий ч нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ гаргаагүй, холбогдох материалаа өгөөгүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хугацаанд буюу 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хуульд заасан материалыг Ардчилсан Нам ирүүлээгүй. Харин хуулийн хугацаа дууссаны маргааш буюу 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд ямар албан тушаал хашдаг, хэн гэдгээ танилцуулалгүйгээр нэг эмэгтэй сонгуулийн хэсгийн хороонд орж ажиллавал хэзээнээс, яаж орж ажиллах вэ? гэж асуусан. Тус асуултад холбогдох журмын дагуу сургалтад хэрхэн бүртгүүлж, шалгалт өгөн гэрчилгээ авч, хүсэлтээ яаж гаргах талаар мэдээлэл өгсөн. Харин тэр эмэгтэй өмнөх сонгуульд Ардчилсан намын төрийн албан хаагчдыг сонгуулийн хэсгийн хороонд оруулаагүй одоо яаж оруулах вэ? гэж асуусан. Ардчилсан намын төрийн албан хаагч гэж байхгүй төрийн албан хаагч нам бус байх ёстой гэж хариулсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу сумын сонгуулийн хороог сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар байгуулахаар заасны дагуу Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит наймдугаар хуралдаанаар сумын сонгуулийн хороог байгуулж 04 дүгээр тогтоол гаргасан. Тус хуралдаанд Монгол Ардын Намаас 13, Ардчилсан Намаас 9 төлөөлөгч оролцож сумын сонгуулийн хороонд оруулахаар санал болгосон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн мэдээлэлтэй нэг бүрчлэн танилцаж төлөөлөгчид 100% саналаар дэмжин сонгуулийн хороог байгуулсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь,
Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид /цаашид “төлөөлөгч” гэх/ нэр дэвшүүлэх эрхтэй.”, 25 дугаар зүйлийн 25.1.-д “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.” гэж заажээ.
1.2. Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д “Орон нутаг дахь салбар нэгж нь намынхаа нэрийн өмнө тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг заасан тодотголыг хэрэглэнэ.” гэж, 15 дугаар зүйлийн 15.1.-д “Намын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог энэ хуульд заасны дагуу намын дүрмээр зохицуулна.” гэж, 15.2.-т “Намын дүрэмд дараах нийтлэг зүйлийг тусгана:” гээд 15.2.10.-т “намын салбар болон бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах үндэслэл, журам.” гэж тус тус заажээ.
1.3. Тухайлсан харилцааг зохицуулсан эдгээр хуулийн эл зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан нам нь тус намыг орон нутгийн түвшинд төлөөлөх зорилгоор байгуулагдсан “намын салбар байгууллага” бөгөөд нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотойгоор маргах, намын эрх ашиг зөрчигдөж болзошгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн болно.
1.4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Хоёр. Уг хэрэг, маргааны үйл баримтын тухайд
2.1. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн “Цаг хугацааны хуваарь батлах тухай” 02 дугаар тогтоолоор[1] “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг хавсралтаар батлахдаа санал авах, өдөр цагийг 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 07:00-20:00 цаг...” гэжээ. (Хавтаст хэргийн 109, 118 дахь тал)
2.2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Сумын нөхөн сонгуулийн хороо байгуулах тухай” 04 дүгээр тогтоолоор “Эрдэнэбулган сумын 2, 6, 7 дугаар багийн нөхөн сонгуулийн хорооны даргаар О.Ж /Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын дарга/, нарийн бичгийн даргаар Д.Ч / Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын малын үржил бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтан/, гишүүд Ч.Д /Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч/, Т.У /аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөц/, С.Г /1 дүгээр сургуулийн бага ангийн багш/, М.Т /аймгийн нягтлан бодлогын хэлтсийн мэргэжилтэн/, Б.А /Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ гэжээ”. (Хавтаст хэргийн 104 дэх тал)
2.3. Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 218 дугаар албан бичгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд оролцох Ардчилсан намын хороонд хүргүүлсэн “Дүгнэлт”-д “... Эрдэнэбулган сумын Ардчилсан намын сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуульд оролцохоор ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт арга хэмжээ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. дахь хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагад тус тус нийцсэн байна.” гэжээ. (Хавтаст хэргийн 11 дэх тал)
2.4. Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 222 дугаар албан бичгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд оролцох Ардчилсан намын хороонд хүргүүлсэн “Хандивын тайлангийн дүгнэлт”-д “... Эрдэнэбулган сумын Ардчилсан нам нь 2026 оны сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн жилийн өмнөх тайлант хугацаанд хандив хүлээн аваагүй байна.” гэжээ. (Хавтаст хэргийн 10 дахь тал)
2.5. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намаас 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой 05 дугаар албан бичгээр “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 ,6, 7 дугаар багийн нөхөн сонгуульд оролцох хүсэлттэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн болох нь Архангай Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны ирсэн баримт бичгийн бүртгэл хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 120-123, 161, 165 дахь тал)
2.6. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны дарга О.Жавзансүрэн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт заасан хуулийн хугацаанд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлээгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариуг Эрдэнэбулган сумын Ардчилсан намын хорооны дарга Б.Б-д хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 135 дахь тал)
Гурав. Маргаан бүхий актын бодит болон хууль зүйн үндэслэлийн тухайд
3.1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд
3.2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны дарга О.Жавзансүрэн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар албан бичгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намд “... хуулийн хугацаанд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлээгүй тул хүлээн авах боломжгүй” гэсэн хариу хүргүүлэхдээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.” гэж заасныг үндэслэжээ.
3.3. Нэхэмжлэгч “... Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо нь нэг намын төлөөллөөс буюу Монгол ардын намын гишүүдээс бүрдэж сонгуулийн хороог байгуулсан. Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 218 дугаар албан бичгийг Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр очиж Ардчилсан намаас явж байгаа талаар хэлэхэд тус хорооны дарга нь танай мөрийн хөтөлбөр хуульд нийцэж байгаа талаарх аудитын дүгнэлт ирж сонгуульд оролцох санал чинь ирсэн” гэж хэлээд нөхөн сонгуульд оролцох талаар ярьсан. Гэтэл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооноос 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 02 дугаар шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж маргаж байна.
3.4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д заасан хугацаанд буюу 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй. 2026 оны 4 дүгээр сарын 22-нд буюу хуулийн хугацаа дууссаны маргаас үдээс хойш нь 15 цагийн үед нэг эмэгтэй орж ирсэн. Хэсгийн хороонд орвол яах вэ гэдэг талаар ярилцсан. Улс төрийн намд төрийн албан хаагч харьяалагдахгүй гэсэн тайлбарыг хэлээд гаргасан. Сонгуультай холбогдолтой юм яриагүй. Ардчилсан намын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн он, сартай, 05 дугаартай албан бичиг яг хугацаандаа буюу 2026 оны 4 дүгээр сарын 22-нд ирээгүй. 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр яг ийм утгатай 2 бичиг барьж орж ирсэн. Нэг нь 2026 оны 4 дүгээр сарын 27 гэсэн он, сартай, нөгөө нь 2026 оны 4 дүгээр сарын 22 гэсэн он, сартай бичиг орж ирсэн. Хуулийн хугацаа өнгөрсөн тул энэ хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна гэсэн албан тоотыг явуулсан. Хуулийн хугацаанд албан бичиг, хүсэлт ирээгүй учраас Ардчилсан намтай холбогдолтой ямар нэгэн тогтоол гараагүй...” гэж тайлбарлажээ.
3.5. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн “Цаг хугацааны хуваарь батлах тухай” 02 дугаар тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг хавсралтаар батлахдаа санал авах, өдөр цагийг 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 07:00-20:00 цаг...” гэжээ. (Хавтаст хэргийн 109, 118 дахь тал)
3.6. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.” гэж заажээ.
3.7. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн “Цаг хугацааны хуваарь батлах тухай” 02 дугаар тогтоолоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2, 6, 7 дугаар багийн 2026 оны нөхөн сонгууль авах өдөр, цагийг “2026 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 07:00-20:00” гэж тогтоосноос үзвэл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан нам уг нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн байхаар зохицуулжээ.
3.8. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан нам Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2, 6, 7 дугаар багийн 2026 оны нөхөн сонгуульд оролцох хүсэлт гаргахдаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д заасан хугацааг хэтрүүлж буюу 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн болох нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой 05 дугаартай албан бичиг, Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны ирсэн баримт бичгийн бүртгэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны хурлын 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны дарга О.Жавзансүрэнгийн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар албан бичиг болон хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 120-122, 135 дахь тал)
3.9. Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 218 дугаар албан бичгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд оролцох Ардчилсан намын хороонд хүргүүлсэн “Дүгнэлт”-д “... Эрдэнэбулган сумын Ардчилсан намын сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуульд оролцохоор ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт арга хэмжээ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. дахь хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагад тус тус нийцсэн байна. Хувийг сумын сонгуулийн хороонд” гэжээ. (Хавтаст хэргийн 11 дэх тал)
3.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд “... Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 218 дугаар албан бичгээр сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн нь тухайн нам, эвслийг сонгуульд оролцох хүсэл, зоригийн илэрхийлэл. Нөхөн сонгуульд оролцохоор гэж бичсэн нь сонгуулийн хороонд очсон...” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь:
3.11. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх нам тамгаа /тэмдэг/ даран баталгаажуулсан байна.” гэж, 25.3.-т “Намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:” гээд 25.3.1.-д “сонгуульд оролцох тухай тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын шийдвэр, намын даргыг томилсон шийдвэр” гэж, 25.3.2.-т “намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;” гэж, 25.3.3.-т “намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;” гэж, 25.3.4.-т “сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;” гэж, 25.3.5.-д “энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам;” гэж, 25.3.6.-д “орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;” гэж, 25.3.7.-д “намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл.” гэж тус тус заажээ.
3.12. Нам, намыг төлөөлж салбар байгууллага нь орон нутгийн хурлын сонгуульд оролцохоо хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд заавал бичгээр гаргах талаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.-т салаа утгагүйгээр тодорхой зохицуулсан байх бөгөөд хүсэлтэд хавсаргах баримтуудыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.-т тодорхой заасны дотор “сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт”, “орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан” багтсан байна.
3.13. Өөрөөр хэлбэл Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 218 дугаар албан бичиг сумын сонгуулийн хороонд хүргэгдсэн нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намаас тус сумын 2, 6, 7 дугаар багийн 2026 оны нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлт гэж үзэхгүй.
3.14. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.-т “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.” гэж, 27.4.-т “Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана.” гэж тус тус заажээ.
3.15. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооноос 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт заасан хуулийн хугацаанд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлээгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намын хорооны дарга Б.Б-д хүргүүлсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.2., 27.4.-т заасантай нийцсэн байна.
3.16. Мөн нэхэмжлэгч талын “... 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2 дугаар бүхий Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны цаглаврын 6-д сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулахдаа Сонгуулийн хороонд хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хаана байгуулагдсан талаар нийтэд мэдээлнэ гэж заасан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримталж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороог хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хаана байрлаж байгаа талаарх мэдээллийг нийтэд мэдээлэх байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, нэг намын төлөөллөөс буюу Монгол Ардын Намын гишүүнээс бүрдсэн Сонгуулийн хороог байгуулсан байна...” гэх тайлбар мөн хууль зүйн үндэслэлгүй. Учир нь:
3.17. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:” гээд 37.1.5-д “хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх;” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд 39.1.5.-д “улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох;” гэж тус тус заажээ.
3.18. Дээрх эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагч улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглосон байна.
3.19. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “... сумын нөхөн сонгуулийн хороо байгуулах асуудлаар төлөөлөгч Цэнгэлсайхан: Эрдэнэбулган сумын 2, 6, 7 дугаар багуудад нөхөн сонгууль явуулж байгаа гэж ойлгож байна. Сонгуулийн хорооны гишүүдийг ямар шалгуураар сонгож хороонд оруулсан бэ? энэ хүмүүс өмнө нь сонгууль зохион байгуулж явуулж байсан туршлага байна уу? энэ гишүүдийн дотор аль нэг хүн, намд давуу байдал бий болгох хүн байхгүй юу гэхэд
Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Ж: Сонгуулийн хорооны дарга нь Засаг даргын Тамгын газрын дарга байна гэж заасан байдаг ба би энэ заалтаар сонгуулийн хороог ахалж байна. Гишүүдийн хувьд өмнө нь сонгууль зохион байгуулж байсан туршлагатай, сонгууль зохион байгуулахад шаардагдах сургалтад хамрагдсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид байгаа гэж хариулсан. Сумын нөхөн сонгуулийн хороо байгуулах тогтоолын төслийг хуралд ирсэн нийт 22 гишүүдийн 100 хувийн саналаар батлав...” гэж тусгагдсан байна. (Хавтаст хэргийн 105-108 дахь тал)
3.20. Улмаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Сумын нөхөн сонгуулийн хороо байгуулах тухай” 04 дүгээр тогтоолоор “Эрдэнэбулган сумын 2, 6, 7 дугаар багийн нөхөн сонгуулийн хорооны даргаар О.Ж /Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын дарга/, нарийн бичгийн даргаар Д.Ч / Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын малын үржил бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтан/, гишүүд Ч.Д /Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч/, Т.У /аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөц/, С.Г /1 дүгээр сургуулийн бага ангийн багш/, М.Т /аймгийн нягтлан бодлогын хэлтсийн мэргэжилтэн/, Б.А /Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/” гэжээ. (Хавтаст хэргийн 104 дэх тал)
3.21. Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “... сонгуулийн хороонд ажиллах албан хаагчид цахим системд хандан хүсэлтээ илгээх, сумын нөхөн сонгуулийн хороо байгуулах, нөхөн сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбарын байршлыг тогтоох...” зэрэг мэдээллийг нийтэд хүргэсэн байна. (Хавтаст хэргийн 132-134 дэх тал)
3.22. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2, 6, 7 дугаар багийн 2026 оны нөхөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь төрийн албан хаагч байх бөгөөд улс төрийн намын гишүүн байхыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1.5-д заасан хориглосон бөгөөд “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нөхөн сонгуулийн хороо байгуулах” асуудлыг хэлэлцсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчийн тайлбар зэргээс үзэхэд Эрдэнэбулган сумын сонгуулийн хороо нь нэг намын төлөөллөөс буюу Монгол ардын намын гишүүдээс бүрдэж байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.23. Нэхэмжлэгчийн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Дөрөв. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намын нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч, бүртгэхийг даалгах шаардлагын тухайд
4.1. Даалгах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын хууль бус идэвхгүй эс үйлдэхүй эсхүл хууль бус татгалзлын эсрэг чиглэгдэнэ.
4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гэж, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.4-д “Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд... шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...” гэж тус тус заажээ.
4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөг шүүх хуралдаанд “... сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Уг хүсэлтийг бүртгэж авах эсэхийг Сонгуулийн хорооны гишүүд хуралдаж хуулийн дагуу шийдвэрийг гаргаагүй, тогтоол гарах ёстой байсан. Гэтэл тогтоол биш албан бичиг гарсан учраас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намыг нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэж тайлбарлаж байна.
4.4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2, 6, 7 дугаар багийн 2026 оны нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон санал авах хугацаанаас (2026 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 07:00-20:00 цаг) өмнө буюу 60-с доошгүй хоногийн өмнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд бичгээр хүргүүлээгүй буюу 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой албан бичгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хороонд 2026 оны 4 дүгээр сарын 27-нд өгсөн байна.
4.5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.-т “Сум, дүүргийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, 17.3.2-т “сум, дүүргийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох;” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.-д “Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.” гэж, 27 дугаар зүйлийн 27.3.-т “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ:” гээд, 27.3.2-т “сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн;” гэж, 27.4.-т “Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана.” гэж тус тус заажээ.
4.6. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д заасан хугацааг хэтрүүлж гаргасан учраас хүсэлтийг хүлээн авах боломжгүй” талаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намд хариу хүргүүлсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д заасантай нийцэж байх тул хууль бус болох нь тогтоогдохгүй байна.
4.7. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намаас хуульд заасан хугацаанд багтааж нөхөн сонгуульд оролцох хүсэлт гаргасан тохиолдолд л тухайн шатны сонгуулийн хороо нь уг хүсэлтийг хүлээн авах, бүртгэх эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.
4.8. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2, 6, 7 дугаар багийн 2026 оны нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д заасан хугацааг хэтрүүлж гаргасан эл тохиолдолд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо нь хүсэлтийг хүлээн авах, бүртгэх эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэхгүй.
4.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4.-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж заасан.
4.10. Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан нам нь нөхөн сонгуульд оролцох хүсэлт гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлж 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хороонд өгсөн байх тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
4.11. Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны даргын 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар албан бичгээр өгсөн хариуг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намын “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намын нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч, бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14., 106.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 27 дугаар зүйлийн 27.2, 27.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч А аймгийн Э сумын А намаас А аймгийн Э сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намыг нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч, бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА
[1] Нийтэд илэрхий үйл баримт, https://m-election.mn/decision