Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 209/МА2022/00029

 

*******ийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай

                                                                                                                                    Хэргийн индекс: 135/2022/00218/и

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 21-ний өдрийн 259 дүгээр шийдвэртэй,

Хүсэлт гаргагч *******ийн хүсэлттэй,  

Нэхэмжлэлийн шаардлага: “Өсгөсөн эх болохыг тогтоолгох” тухай,

Хүсэлт гаргагч *******, өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах  гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

1. Хүсэлтийн үндэслэл, шаардлага:

******* 1996 онд гэр бүл болж амьдарсан. 1997 оны 8 сард ******* хүү *******г 8 сартай байхад ээж ******* нь надад үлдээгээд явсан. Би ээжийн хувиар *******г хүлээн авч үр хүүхдээ гэж өсгөн хүмүүжүүлж өдий хүртэл чиний ээж өөр хүн байдаг гэж хэлээгүй. Иймдээ ч өөрийн 4 хүүхдийг өсгөн хүмүүжүүлсэн гэж Монгол улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаартай зарлигаар алдарт эхийн 2 дугаар одонгоор шагнасан.

Харин одоо миний бие өндөр насны тэтгэвэрт 4 хүүхэдтэй гэж материалаа бүрдүүлэн өгөхөд Нийгмийн даатгалын хэлтсээс хүү *******гийн ээж ******* гэж бүртгэлтэй байгаа учраас намайг 4 хүүхэдтэй гэж үзэх боломжгүй гэсэн. Иймд *******г “өсгөсөн эх”-ээр тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, 135.2.7, 135.2.14, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******ийн Б.*******г өсгөсөн эхээр тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хангахаас татгалзаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргагч *******, өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 259 дүгээртэй шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

3.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон тогтоосон нь үндэслэлгүй.

Шүүх хэргийг тал бүрээс нь шалгаж шийдвэрлэх зарчим алдагдсан. *******ийн хувь заяаны асуудал олон хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлснийх нь төлөө Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох эрхээ алдаж байгааг нь анзаарч үзсэнгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “гэр бүлийн гишүүн гэж ... төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд ... хэлнэ”  гэжээ.

Мөн гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Э.******* дагавар хүүхэд гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгааг шүүх анзаарч үзсэнгүй.

Хүү Б.*******гийн гэрчийн мэдүүлэг хүсэлтийг үндэслэн шүүх Б.*******гийн эхээр *******ийг тогтоож өгөх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Гомдлыг хангах үндэслэлгүй, харин  анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг  үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Гэвч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох атал нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангахаас “татгалзсан”  шийдвэр гаргасан, мөн холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүйгээс  шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.  

4. Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нарын ... шүүх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь шалгаж шийдвэрлэх зарчим алдагдсан, *******ийн олон хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлснийх нь төлөө эдлэх ёстой эрхээ эдэлж нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох эрхээ алдаж байгааг, мөн дагавар хүүхэд гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа зэргийг шүүх анхаарч үзээгүй, хүү Б.*******гийн гэрчийн мэдүүлэг, хүсэлтийг үндэслэн түүний эхээр *******ийг тогтоож өгөх боломжтой байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, иймд шийдвэрт өөрчлөлт оруулж Б.*******гийн эхээр *******ийг тогтоож өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл хэргийн үйл баримт болон нөхцөл байдал, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт  зэргээс  тогтоогдохгүй байна.

5. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ” гэжээ.

6. Б.******* нь эцэг Э.Бумнамжилийг дагаж ирсэн, түүний дагавар хүүхэд,  ******* нь түүний хойд эх болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан Б.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Б.*******, Э.Бумнамжил, ******* нарыг  гэр бүлийн гишүүн гэж үзнэ.

Мөн хэргийн үйл баримтаар ******* нь Б.*******г өсгөсөн гэдэг нь тогтоогдож байх бөгөөд үүнийг шүүх үгүйсгээгүй. Харин хүүхдийг “өсгөсөн” гэж тогтоосон ч эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм.

7. Нэхэмжлэгч ******* нь дагавар хүү Б.*******г “өсгөсөн эх”-ээр тогтоолгох хүсэлтийн зорилгоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэжээ. 

Нэхэмжлэгч ******* нь 3 хүүхэд төрүүлж өсгөсөн байх ба тэрээр дагавар хүү болох Б.*******г өсгөсөн эх гэж тогтоолгосноор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгох болзол хангагдана гэж тайлбарладаг.

 8. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан, дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан. Энэ хууль нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход  баримтлах  нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ.

Иймд хүүхдийг өсгөсөн гэж тогтоосон ч дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй, өөрөөр хэлбэл, тухайн хүүхдээ гурав хүртэл настайд нь “үрчлэн авсан” эсхүл төрүүлсэн эх байхыг хууль шаардаж байгааг тайлбарлах нь зүйтэй байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасан “хүүхдийн эцэг, эхийг тогтоох” үйл явдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох бөгөөд энэ нь зөвхөн биологийн эцэг, эхийг тогтоох ойлголт юм.

10. Иймээс нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нарын ...шийдвэрт өөрчлөлт оруулж Б.*******гийн эхээр *******ийг тогтоож өгөхийг хүссэн” агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон бусад өөрчлөлтийг  оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 259 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.*******гийн өсгөсөн эхээр тогтоолгох тухай *******ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                    

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.БАЙГАЛМАА

                                                      ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН                                                                                                                                             Б.ОЮУНЦЭЦЭГ