| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0063/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Н.А
Улсын яллагч Г.М
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Б-д холбогдох эрүүгийн 1820001140064 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, Б ХХК-д гэрээт ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл Б овогт О.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт хохирогч Б.Б-г тог тасаллаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б овогт О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн орой 20 цагийн үед Б-н гэрт тамхи асууж очсон. Б нь манай эхнэрийн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Гэр нь манай гэрийн урд 40 орчим метрийн зайтай байдаг. Би тухайн үед архи уучихсан согтуу байсан. Өдөр найзынхаа гэрт архи уучихсан юм. Б-н гэрт тамхи асуугаад ороход Б байхгүй гэсэн ба үүнээс болж маргасан. Тэгээд буцаад гэртээ харьтал гэр онгорхой цахилгаан нь тасарсан байсан. Манай гэр л ганцаараа тоггүй байхаар нь гэрийнхээ гадаа сууж байтал Б ирээд тог тасаллаа, тогоороо хоргомжиллоо гээд миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тас буугаад явчихсан. Ухаан балартаад байж байхад нүүр лүү цээж лүү ахин дахин цохиод байсан. Энэ үед гэрт хүн байгаагүй, хажуу айлын залуу гэрийнхээ гаднаас хараад болиоч гэж орилсон ба Б чамд хамаагүй шүү гэж хэлээд явсан. Удалгүй эхнэр ирж бид 2 цагдаа ороод дараа нь эмнэлэг орсон. Манай тогны автомат уначихаад байдаг ба Б манайхаас тог авдаг байсан. Тэгээд л намайг тогийг нь тасалсан гээд андуурсан юм шиг байна лээ...” гэжээ. /хх-ийн 5-6 хуудас/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн хуудас/
Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/
Гэрч А.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/
2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 04/060 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Т.Б-н биед баруун хацар, шанаа, баруун нүдний эргэн тойронд, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал,баруун нүдний эргэн тойронд цус хуралт, баруун нүдний доод талд язарсан шарх, баруун шанаанд зулгаралт, баруун чихний гадна дэлбээнд зулгаралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт,доод уруулын дотор зүүн талд цус хуралт, хүзүүний баруун урд талд, зүүн урд талд цус хуралт, баруун бугалганы урд дунд хэсэгт цус хуралт, зүүн эгэм дээр цус хуралт, нурууны 1-4 нугалам дагуу босоо зулгаралт, хүзүүний зүүн ар талд зулгаралт, зүүн ар талд бөөрний түвшинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүдийн нь баруун нүдний доод талд язарсан шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун хацар, шанаа, баруун нүдний эргэн тойронд, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, баруун шанаанд зулгаралт, баруун чихний гадна дэлбээнд зулгаралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт,доод уруулын дотор зүүн талд цус хуралт, хүзүүний баруун урд талд, зүүн урд талд цус хуралт, баруун бугалганы урд дунд хэсэгт цус хуралт, зүүн эгэм дээр цус хуралт, нурууны 1-4 нугалам дагуу босоо зулгаралт, хүзүүний зүүн ар талд зулгаралт, зүүн ар талд бөөрний түвшинд зулгаралт гэмтлүүд дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21 хуудас/
Шүүгдэгч О.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б овогт О.Б нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг тоот хашаанд хохирогч Б.Б-г тог тасаллаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар өшиглөж түүний эрүүл мэндэд нь баруун нүдний доод талд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... гэрийнхээ гадаа сууж байтал Б ирээд тог тасаллаа, тогоороо хоргомжиллоо гээд миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тас буугаад явчихсан. Ухаан балартаад байж байхад нүүр лүү цээж лүү ахин дахин цохиод байсан. Энэ үед гэрт хүн байгаагүй, хажуу айлын залуу гэрийнхээ гаднаас хараад болиоч гэж орилсон ба Б чамд хамаагүй шүү гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 04/060 дугаартай шинжээчийн “дээрх гэмтлүүдийн нь баруун нүдний доод талд язарсан шарх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт” хамаарна гэх дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч О.Б нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч Б.Б шүүгдэгч О.Б-с эмчилгээний зардалд 150.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч О.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгч О.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг тохролцсон тул шүүгдэгч О.Б-д прокурорын газраас санал болгосон ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц