Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/061

 

 

 

Т.Пүрэвдаваад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл,  Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Ганбулган, М.Оюунбат, Б.Байгаль,

Цагаадсан этгээд Т.Пүрэвдаваа, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Б.Бат-Ерөөлт /цахимаар/, О.Санчирбал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Х.Цэрэнлхам   нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/202 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч  прокурор Б.Ганбулган, М.Оюунбат,  Б.Байгаль нарын бичсэн эсэргүүцлээр  Т.Пүрэвдаваад холбогдох эрүүгийн 2314000000262  дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ......... тоотод оршин суух, Дэлгэр овогт Тогоогийн Пүрэвдаваа, регистрийн дугаар: ВТ88080107,

Шүүгдэгч Т.Пүрэвдаваа нь “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн хуулийн зөвлөх ажилтай Э.Цэнд-Аюушаас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн уурхайд ажилладаг хүмүүс алттай хүдэр хулгай хийсэн...” гэх бүртгэлийн 431/1799 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээлэлд иргэн Л.Лувсандамбад хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа буюу өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэн, хэргийн оролцогчоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо,

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагдаагийн хэсгийн байрны албан өрөөнд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Дашнямын иргэн Л.Лувсандамбаас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд биечлэн оролцсон атлаа, иргэн И.Батцэрэн, Б.Мөнхтамирын нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зорилгоор, И.Батцэрэн, Б.Мөнхтамирын ашиг сонирхлын үүднээс,

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хуульч хуульд харшлахгүй арга хэрэгслээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулна”, 2 дахь хэсэгт “Хуульч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангана” гэсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтална. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчих”-ыг хориглоно гэсэн заалтыг,

Хуульчийн мэргэжлийн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах”, 2 дахь хэсэгт “Шударга ёсыг баримтлах”, 6 дахь хэсэгт “Бодитой, ухаалаг байх”,

Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмгөөлөгч Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан зарчмыг баримтална”, Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Хууль дээдлэх шударга ёсыг баримтлах”, 1 дэх хэсгийн 1.5-т “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаална” гэснийг тус тус зөрчиж,

2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хууль зүйн үйлчилгээ туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэх үедээ Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранмандал энтерпрайзес" ХХК-ийн хуулийн зөвлөх ажилтай Э.Цэнд-Аюушаас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранмандал энтерпрайзес” ХХК-ны уурхайд ажилладаг хүмүүс алттай хүдэр хулгай хийсэн..." гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Дашням нь иргэн Л.Лувсандамбаас гэрчээр мэдүүлэг авах ажиллагаанд биечлэн байлцаж иргэн Л.Лувсандамбын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тус хэрэгт холбогдуулан гэрчээр өгсөн мэдүүлэгтэй уншиж танилцсан,

Дээрх буюу 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн иргэн Л.Лувсандамбын гэрчээр өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлэгт өөрчлөлт оруулж буюу “...Би 2022 оны 4 дүгээр сарын 30-ны орой 19 цаг 50 минутын үед ажилчдадаа үүрэг чиглэл өгч ажилд нь гаргасан. Би хүдэртэй чулууг ганцаараа гаргах шийдвэр гаргаад бэлдсэн харин ажилчид хог хаягдал гэж бодоод дээш нь гаргасан. Тухайн үед банкны өр нэхэгдээд цалин хүрэхгүй аргагүй эрхэнд бэлдсэн...” зэрэг байдлаар өмнөх мэдүүлэгт дурдсан иргэн И.Батцэрэн, Б.Мөнхтамирын хамтран үйлдсэн үйлдлийг хасуулж мэдүүлгийн тэмдэглэлд тусгуулсан,

2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлгийг өгсөн атлаа мэдүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр өгсөн мэтээр тэмдэглэлд тусгуулж гарын үсэг зуруулсан,

Мөн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Л.Лувсандамбаас аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Дашням нь гэрчээр мэдүүлэг авах үед хамт оролцсон боловч өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө гэж Л.Лувсандамбыг чиглүүлж “...Би хуулийн талаар ойлгож мэднэ өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө...” гэж тэмдэглэлд тусгуулан өмгөөлөгчгүйгээр өгсөн мэтээр мэдүүлэг өгүүлж “...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн уурхайд ажилладаг хүмүүс алттай хүдэр хулгай хийсэн...” гэмт хэрэгт хамтран оролцсон И.Батцэрэн, Б.Мөнхтамир нарыг хэргээс хасуулж бусдад давуу байдал бий болгож хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Т.Пүрэвдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт:

Аймгийн прокурорын газраас Дэлгэр овогт Тогоогийн Пүрэвдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Шүүгдэгч Т.Пүрэвдаваад  хэрэглэсэн хувийн баталгаа гаргах, оролцогч А.Дашням, И.Батцэрэн, Б.Мөнхтамир, Л.Лувсандамба нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ганбулган, М.Оюунбат,  Б.Байгаль нар тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичих нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

Нэгдүгээрт, шүүгдэгч Т.Пүрэвдаваагийн үйлдэл нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэх дүгнэлтэд,

"Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэг гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх журам, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байна.

Прокурор, эсхүл өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаа хууль бусаар явуулсан байхыг ойлгоно.

Мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориглосон дор дурдсан үйлдэл хийснийг ойлгоно. Үүнд:

- Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчих, зөрчихөөр завдах, мэдсээр байж бусдыг тийм үйлдэл хийхэд туслах, хатгах;

- Хуульчийн үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх хэрэг, зөрчил үйлдэх;

- Шүүхэд төлөөлөх үйл ажиллагааг хууран мэхлэх, урвах, хууль бус аргаар явуулах . Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, хууль ёсны зарчмын эсрэг үйл ажиллагаа явуулах;

- Төрийн байгууллага, албан тушаалтанд зүй бусаар нөлөөлөх, эсхүл хууль тогтоомж болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчиж хүссэн үр дүндээ хүрч чадах мэт илэрхийлэх;

- Шүүгч болон шүүхийн ажилтныг шүүхийн хууль тогтоомжийг санаатайгаар зөрчихөд хүргэх, туслах;

- Мэдүүлэг болон бусад нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах;

- Үйлчлүүлэгчийнхээ болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нь өртөж байгаа этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмших зэрэг болно гэж хуульчилсан.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдэг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх зэргийг ойлгоно.

Өмгөөллийн үйл ажиллагаа гэж өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт /цаашид "өмгөөлөгчийн шалгалт" гэх/-д тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан хуульч өмгөөллийн үйл ажиллагааг хэлнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч өмгөөлөгч /өмгөөлөх эрхийн гэрчилгээний дугаар: 162239 / Т.Пүрэвдаваа нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хууль зүйн үйлчилгээ туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэх үедээ Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранмандал энтерпрайзес’’ ХХК-ийн хуулийн зөвлөх ажилтай Э.Цэнд-Аюушаас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранмандал энтерпрайзес” ХХК-ны уурхайд ажилладаг хүмүүс алттай хүдэр хулгай хийсэн...” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Дашням нь Л.Лувсандамбаас гэрчээр мэдүүлэг авах үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагдаагийн хэсгийн албан өрөөнд хамт байлцсан,

Улмаар Л.Лувсандамбын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тус хэрэгт холбогдуулан гэрчээр өгсөн мэдүүлэгтэй уншиж танилцсан, дээрх мэдүүлэгт өөрчлөлт оруулж буюу “...Би 2022 оны 4 дүгээр сарын 30-ны орой 19 цаг 50 минутын үед ажилчдадаа үүрэг чиглэл өгч ажилд нь гаргасан. Би хүдэртэй чулууг ганцаараа гаргах шийдвэр гаргаад бэлдсэн харин ажилчид хог хаягдал гэж бодоод дээш нь гаргасан. Тухайн үед банкны өр нэхэгдээд цалин хүрэхгүй аргагүй эрхэнд бэлдсэн...” зэрэг байдлаар өмнөх мэдүүлэгт дурдсан иргэн И.Батцэрэн, Б.Мөнхтамирын хамтран үйлдсэн үйлдлийг хасуулж мэдүүлгийн тэмдэглэлд тусгуулж, мэдүүлгийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр өгүүлсэн мэтээр тэмдэглэлд тусгуулсан,

Мөн Т.Пүрэвдаваа нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Л.Лувсандамбаас аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Дашням нь гэрчээр мэдүүлэг авах үед хамт оролцсон боловч өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө гэж Л.Лувсандамбыг чиглүүлж “...Би хуулийн талаар ойлгож мэднэ өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө...” гэж тэмдэглэлд тусгуулан өмгөөлөгчгүйгээр өгсөн мэтээр мэдүүлэг өгүүлж “...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн уурхайд ажилладаг хүмүүс алттай хүдэр хулгай хийсэн...” гэмт хэрэгт хамтран оролцсон И.Батцэрэн, Б.Мөнхтамир нарыг хэргээс хасуулж бусдад давуу байдал бий болгож, улмаар тус нотлох баримт буюу мэдүүлгийг хуурамч гэдгийг мэдсээр байж 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эрүүгийн 2214000000185 дугаартай шүүгдэгч Л.Лувсандамбад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо буюу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн гэх өөрийн хуульчийн мэргэжпийн үйл ажиллагааг хууль бусаар явуулж өөрчлүүлсэн мэдүүлгийг шинжлэн судлуулж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглан улмаар шүүхээс тус нотлох баримтыг үнэлж 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Лувсандамбад эрүүгийн хариуцлага хүлээлгэж бусдад давуу байдал бий болгосон идэвхтэй үйлдлээр тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах тухай ойлголт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэмд заасан хуульчийн хоригловол зохих үйлдэл, эс үйлдэхүй, хязгаарлалтыг зөрчсөн байхыг шаардаж байна. Мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэдэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлүүдийг хийснийг хамааруулах бөгөөд шүүгдэгч Т.Пүрэвдавааг хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хуульч хуульд харшлахгүй арга хэрэгслээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулна”, 2 дахь хэсэгт “Хуульч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж шударга ёсыг ханган” гэсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтална. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “1.1-т “Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчих”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан мөн түүний үйлдлийн улмаас бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй, Т.Пүрэвдаваад холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Хоёрдугаарт, шүүгдэгч Т.Пүрэвдаваагийн холбогдсон гэмт хэрэг нь өмгөөлөгчийн хувьд өмгөөлөгчийн хууль зүйн баталгаа нь ямар хүрээ хязгаарт үйлчлэх, мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, ёс зүйн зөрчил, гэмт хэрэг гэх эдгээр ойлголтуудын хэмжээ, хязгаар, хүрээг тодорхойгүй тохиолдолд аль хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг гэмт хэрэг, зөрчил, мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гэх мэтээр дүгнэх, эрх зүйн харилцан адилгүй нөхцөл байдлыг дүгнэх шаардлагатай буюу тухайн харилцааг зохицуулах талаар тогтоосон дүрэм бол холбогдох хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэх учиртай гэх дүгнэлтэд,

Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүрээ хязгаарын тухайд, хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг” үйлдэгдэх тодорхой гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэгт тусгайлан хуульчилж зохицуулж өгсөн байдаг. Үүнд, “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах” гэмт хэргийн ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хуульчлан холбогдох эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хууль бус явуулсан гэдэг ямар үйлдэл, эс үйлдэхүй хамаарах талаар салбар хуулиар нарийвчлан тодорхойлж тухайн хориглосон үйлдлүүдийг гаргасан тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалтыг оруулсан. Тухайлбал, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 69 дүгээр зүйлд “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага, 1 дэх хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан нь хуульч буюу өмгөөлөгч нь дээрх хууль бус үйлдлийг хийсэн тохиолдолд холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байхад шүүх хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн гэмт хэргийн обьектив шинж нь өмгөөлөгч илт хууль бус шийдвэр гаргасан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү гэмт үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, илт хууль бус шийдвэр гаргаснаар төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Харин тус гэмт хэргийн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, өөртөө болон бусдад давуу байдлыг бий болгож, Эрүүгийн хуулийн үндсэн зарчим болох хууль ёсны, шударга ёсны байх зарчмуудыг алдагдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг алдагдуулах сөрөг үр дагаврыг бий болгох учир хууль тогтоогчийн зүгээс дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэрэг болгон хуульчилсан болохыг шүүхээс анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Гуравдугаарт, Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан-шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Тодруулбал, шүүгдэгч Т.Пүрэвдаваад холбогдуулан тус прокурорын газраас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулж дуусган, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 240 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагчийг шүүхэд шилжүүлж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж анхан шатны шүүх хуралдааныг товлон зарласан ба тухайн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Пүрэвдаваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээ буюу өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Пүрэвдаваа, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүгч Д.Батцэнгэлийг татгалзан гаргах хүсэлт гаргасан ба хүсэлтэд “миний яллагдагчаар татагдан шалгагдсан хэргийн гэрч болох Н.Лувсандамбад холбогдох хэргийг шүүгч Д.Батцэнгэл нь хянан шийдвэрлэж байсан, иймд энэхүү хэргийг үнэнч шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэж байна, түүнчлэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгчийн захирамж гарсан ба уг захирамжийг одоог болтол надад танилцуулаагүй, иймд энэ нь миний гомдол гаргах эрхийг мөн хязгаарлаж байх тул шүүгчийг татгалзан гаргаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр 1 дэх хэсэгт “Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэх үндэслэлээр тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2024/ЕШЗ/104 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан , шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан ‘өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа” гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж, шүүгч Д.Байгалмаад хэргийг хуваарилан шилжүүлсэн.

Мөн шүүх бүрэлдэхүүнийг шүүгч Д.Байгалмаа даргалан, бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа болон Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр томилон хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарласныг үзэхэд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт "ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг гэж заасан ба мөн тус хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан албан тушаалтны ангилалд ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, Д.Байгалмаа, шүүгдэгч Т.Пүрэвдаваа нар бүгд орж байгаа бөгөөд шүүгдэгчийн хувьд ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, Д.Байгалмаа нартай тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхэд хамт ажиллаж байсан буюу шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болох нь тогтоогддог юм.

Харин шүүгч Д.Батцэнгэлтэй хамт ажиллаж байсан цаг хугацаа огт байхгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг үндэслэлгүйгээр нэг шүүгчээс нөгөө шүүгч рүү татгалзах тухай хүсэлтийг ханган шилжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна.

Түүнчлэн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд улсын яллагч нарын зүгээс шүүх бүрэлдэхүүнд орсон ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа нар нь шүүгдэгч Т.Пүрэвдаваатай хамт ажиллаж байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа” гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүний шүүгч нараас татгалзах тухай хүсэлтийг гаргахад Өвөрхангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын шийдвэрээр татгалзлыг хүлээн авахаас татгалзсан байдаг.

Улмаар тус хууль бус бүрэлдэхүүнээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа” гэх үндэслэл байсаар байхад шүүгч нар нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө өөрийгөө танилцуулан, татгалзан гарах эрхтэй байсан

боловч эс үйлдэхүй гаргасан бөгөөд хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/202 дугаартай шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад тус тус заасны дагуу шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

Жич: Шүүх хуралдаанд прокурорууд биечлэн оролцоно гэжээ.

Прокурор Б.Ганбулган, М.Оюунбат, Б.Байгаль нар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Пүрэвдавааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Пүрэвдавааг тус гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тул тус эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Өмгөөлөгч О.Санчирбал тус шүүхэд хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлийг хангахгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж Т.Пүрэвдаваад холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Б.Ганбулган, М.Оюунбат, Б.Байгаль нарын бичсэн эсэргүүцэлд  үндэслэн шүүгдэгч Т.Пүрэвдаваад холбогдох хэргийг  давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан  хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн    хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Пүрэвдавааг “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн хуулийн зөвлөх ажилтай Э.Цэнд-Аюушаас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн уурхайд ажилладаг хүмүүс алттай хүдэр хулгай хийсэн...” гэх бүртгэлийн 431/1799 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээлэлд  Л.Лувсандамбад хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа буюу өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэн, хэргийн оролцогчоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцдаа буюу Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагдаагийн хэсгийн байрны албан өрөөнд, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, тус аймгийн Цагдаагийн газрын Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Дашням нь Л.Лувсандамбаас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд биечлэн оролцохдоо:

- Л.Лувсандамбын  урьд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг уншиж танилцсан ингэхдээ цагдаагийн дэслэгч А.Дашням нь гэрчээр мэдүүлэг авах үед хамт оролцсон мөртлөө Л.Лувсандамбыг чиглүүлж “...Би хуулийн талаар ойлгож мэднэ, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө...” гэж тэмдэглэлд тусгуулан өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгсөн мэт мэдүүлэг өгүүлсэн,

- Л.Лувсандамбын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр  гэрчээр өгсөн   “...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн уурхайд ажилладаг хүмүүс алттай хүдэр хулгай хийсэн” гэх мэдүүлгийг  “...Би 2022 оны 4 дүгээр сарын 30-ны орой 19 цаг 50 минутын үед ажилчдадаа үүрэг чиглэл өгч ажилд нь гаргасан. Би хүдэртэй чулууг ганцаараа гаргах шийдвэр гаргаад бэлдсэн харин ажилчид хог хаягдал гэж бодоод дээш нь гаргасан. Тухайн үед банкны өр нэхэгдээд цалин хүрэхгүй аргагүй эрхэнд бэлдсэн...”  гэж   өөрчлөн өгүүлж өмнөх мэдүүлэгт дурдсан иргэн И.Батцэрэн, Б.Мөнхтамирын хамтран үйлдсэн үйлдлийг хасуулж мэдүүлгийн тэмдэглэлд тусгуулсан,

- 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг өгсөн атлаа мэдүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэтээр тэмдэглэлд тусгуулж гарын үсэг зуруулсан  үйлдлээрээ  бусдад давуу байдал бий болгож хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэрэгт  холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Т.Пүрэвдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд Аймгийн прокурорын газраас Дэлгэр овогт Тогоогийн Пүрэвдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бодит байдлаар нь бүрэн гүйцэд үнэлээгүй, яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй  зэрэг нь хэргийн бодит байдалд нийцээгүй  байна.

3. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан,  хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд  үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд ”...шүүгдэгч Т.Пүрэвдаваагийн холбогдсон гэмт хэрэг нь өмгөөлөгчийн хувьд өмгөөлөгчийн хууль зүйн баталгаа нь ямар хүрээ хязгаарт үйлчлэх, мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, ёс зүйн зөрчил, гэмт хэрэг гэх эдгээр ойлголтуудын хэмжээ, хязгаар, хүрээг тодорхойлохгүй тохиолдолд аль хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг гэмт хэрэг, зөрчил, мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гэх мэтээр дүгнэх, эрх зүйн харилцан адилгүй нөхцөл байдлыг дүгнэх шаардлагатай буюу тухайн харилцааг зохицуулах талаар тогтоосон дүрэм зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэх учиртай” гэж ойлгомжгүй, тодорхой бус дүгнэлт хийжээ.

4. Хэрэв бүхий л нотлох баримт нэг бүрийг шалгаж, үнэлсний эцэст шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ гарвал хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэдэг. Харин  хэрэгт   ач холбогдол бүхий нотлох баримтууд нь  харилцан зөрүүтэй тохиолдолд аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн  болон улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг хэрэгт авагдсан  яллах талын нотлох баримтууд нэг бүрд няцаан үгүйсгэсэн дүгнэлт  хийснээр цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх шаардлагад нийцнэ.

Гэтэл  анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “… түүний үйлдлийн улмаас бусдад давуу байдал бий болгосон  гэж үзэх боломжгүй...,... 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр...,... Цагдаагийн хэсгийн байранд хэсгийн төлөөлөгч...,... Л.Лувсандамбаас гэрчээр мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон үйл баримт нотлогдож байгаа хэдий ч ...,...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлгийг өгсөн атлаа мэдүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр өгсөн мэтээр тэмдэглэлд тусгуулж гарын үсэг зуруулсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй...,”

“...  Л.Лувсандамбын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэтээр мэдүүлгийн тэмдэглэлд тусгаж гарын үсэг зуруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1, 3, 16 дугаар зүйлийн 2, 25.1 дүгээр зүйл, 28.3 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөн үйлдлийг өмгөөлөгч Т.Пүрэвдавааг бусдад давуу байдал бий болгож хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэх боломжгүй...”

“... гэмт хэрэгт хамтран оролцсон И.Батцэрэн, Б.Мөнхтамир нарыг хэргээс хасуулж бусдад давуу байдал бий болгож хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэж  яллагдагчаар татаж яллах дүгнэлт ирүүлсэн Т.Пүрэвдаваад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.... “ гэж  бичихдээ   хэрэгт авагдсан  яллах  болон цагаатгах талын нотлох баримтуудтай холбон  бичиж, дүгнээгүй байдлаар илэрхийлэгдэнэ.

5. Хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн  шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн шүүгдэгч Т.Пүрэвдаваагийн  биеийн хөдөлгөөн болоод ярьж буй үг хэллэгийг  тодорхой харуулсан  Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагдаагийн хэсгийн албан өрөөний камерын бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 5-8, 32-33, 35-38 дугаар тал/, эрүүгийн 2214000000 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст  хэргийн 52-53 дугаар тал/, эд мөрийн баримтаар   хураан авч, хэргийн хамт шилжүүлсэн Сиди-1 ширхэг зэрэг шууд нотлох баримтууд түүнтэй харилцан холбоотой бусад нотлох  баримтуудад  анхан шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр “…бусдад давуу байдал бий болгож хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэх боломжгүй...” гэж  дүгнэхдээ  түүнийгээ үндэслэлтэйгээр буюу нотлох баримтад тулгуурлан тайлбарлаж чадаагүй байна.

6. Мөн Цагаатгах тогтоолд ”... Хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Пүрэвдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна” гэж  дүгнэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйл, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэргийн шинжийг хэрхэн, яагаад хангаагүй талаар хууль зүйн дүгнэлт хийж, үндэслэлтэйгээр няцаагаагүй байна гэж үзнэ.

7. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн баримтат мэдээллүүдээс харахад шүүгдэгчтэй нэгдмэл сонирхол бүхий, цагдаагийн албаны хэсгийн төлөөлөгчийн үйлдэл нь  шүүгдэгч Т.Пүрэвдаваагийн үйлдэлтэй нэг үйл баримтаар холбогдсон байх тул тэдгээрт холбогдох хэргүүдийг нэгтгэх эсэх асуудлыг  анхаарвал зохино.

8. Анхан шатны шүүх  нь  2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн  202 дугаар цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг прокурор, хэргийн оролцогчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн  1-т заасныг зөрчсөн, 

Мөн анхан шатны шүүх 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 13 тоот “ шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх”-ээр  шүүх хуралдааныг хойшлуулсан болон 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 73 тоот ” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзах тухай” асуудлыг  шийдвэрлэж шийдвэр тус тус гаргасан байх боловч  шүүх хуралдааны тэмдэглэлүүд нь  хэрэгт авагдаагүй  /1 дүгээр хавтаст  хэргийн  171-175,  2 дугаар хавтаст хэргийн 140-147 дугаар тал/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7-д “ хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл… байгаагүй” гэж зааснаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэл болжээ.

9. Анхан шатны шүүх Прокурорын бичсэн эсэргүүцлийг  2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,  хэргийн оролцогч нарт 10 дугаар сарын 05-ны өдөр/ бямба гариг/ танилцуулсан мөртлөө хэргийг 2024  оны 10 дугаар сарын 21-ний өдөр Давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлд “ анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц… харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэж заасныг зөрчиж  хугацаа хэтрүүлсэн болохыг буруутган тэмдэглэв.

10. Нэр бүхий Прокуроруудын  бичсэн эсэргүүцэлд ““...гэмт хэрэгт хамтран оролцсон И.Батцэрэн, Б.Мөнхтамир нарыг хэргээс хасуулж бусдад давуу байдал бий болгож, улмаар тус нотлох баримт буюу мэдүүлгийг хуурамч гэдгийг мэдсээр байж 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эрүүгийн 2214000000185 дугаартай шүүгдэгч Л.Лувсандамбад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн гэх өөрийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулж өөрчлүүлсэн мэдүүлгийг шинжлэн судлуулж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглан улмаар шүүхээс тус нотлох баримтыг үнэлж 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Лувсандамбад эрүүгийн хариуцлага хүлээлгэж бусдад давуу байдал бий болгосон идэвхтэй үйлдлээр тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Анхан шатны шүүх нь Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан мөн түүний үйлдлийн улмаас бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй, Т.Пүрэвдаваад холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэрэг болгон хуульчилсан болохыг шүүхээс анхаарч үзэлгүй орхигдуулсан...”” гэх  хэсэг нь үндэслэлтэй буюу дээр бичсэн байдлаар  адил тайлбарлагдана.

9.  Мөн эсэргүүцэлд ““...шүүгчийг татгалзан гаргаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг  хэргийн оролцогчдоос гаргасны дагуу  тус шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж, шүүгч Ч.Байгалмаад хэргийг хуваарилан шилжүүлсэн, шүүх бүрэлдэхүүнийг шүүгч Ч.Байгалмаа даргалан, бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа болон Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр томилон хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарласан  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг үндэслэлгүйгээр нэг шүүгчээс нөгөө шүүгч рүү татгалзах тухай хүсэлтийг ханган шилжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна.

2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд улсын яллагч нарын зүгээс шүүх бүрэлдэхүүнд орсон ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа нар нь шүүгдэгч Т.Пүрэвдаваатай хамт ажиллаж байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа” гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүний шүүгч нараас татгалзах тухай хүсэлтийг гаргахад Өвөрхангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын шийдвэрээр татгалзлыг хүлээн авахаас татгалзсан, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ...”” гэх хэсгийг хэрэгт авагдсан,  анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  гарсан  эрхийн актуудтай нэг бүрчлэн танилцахад:

- Тухайн хэргийг  шүүх 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр  шүүгч Д.Батцэнгэл хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр  даргалагч шүүгч Д.Батцэнгэлийг  татгалзан гаргахыг хүссэн  хэргийн оролцогч нарын хүсэлтийг  Ерөнхий шүүгч 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 104 дүгээр захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй” гэж заасныг баримтлан шүүгч Д.Батцэнгэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргажээ./2 дугаар хавтаст хэргийн 115-118 дугаар тал/

- Ерөнхий шүүгч 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.Байгалмааг томилсон шийдвэрийг албажуулжээ / хэргийн 120 дугаар тал/

- Анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 85 тоот албан бичгээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүгч Д.Цэцэгээг томилон оролцуулжээ. / 2 дугаар хавтаст хэргийн 125-128 дугаар тал/

Дээрх шийдвэрүүдээс харахад Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 104 дүгээр захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй” гэж заасныг баримтлан шүүгч Д.Батцэнгэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж шийдвэрлэхдээ “...шүүгч Д.Батцэнгэл нь ... шүүгчийн захирамж гардаж авч танилцах, хэргийн материалтай танилцах зэрэг эрхүүдийг шүүгдэгч Т.Пүрэвдаваад эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль, дүрэм журмаар олгогдсон эрхийг эдлүүлэхгүй байгаа нь уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэхүйц үйлдэл, эс үйлдэл гаргасан ...,... яллах дүгнэлт үйлдсэн Б.Байгальтай хамт байлцуулан хэргийн материалтай танилц гэх зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй албан бусаар харилцсан нь уг  хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээг бусдад төрүүлсэн...” үндэслэл бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй” гэж заасныг  Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолын тайлбарлах хэсгийн 1 дэх хэсэг, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолын  тайлбарлах хэсгийн  1 болон 3 дахь хэсэгт  тус тус зааснаар ойлгож хэрэглэнэ.

Гэтэл  татгалзан гаргахыг хүссэн нэр бүхий хэргийн оролцогч нартай шүүгч  найз нөхдийн дотно, эсхүл хувийн таарамжгүй харилцаатай  талаар,  хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх буюу тайлбарт тодорхойлж тайлбарласан 7 төрлийн үйлдэл, эс үйлдэхүйд  татгалзан гаргасан үндэслэл нь хамаарахгүй байна.

Мөн “ашиг сонирхлын зөрчил”, “үүсэж болзошгүй” буюу шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж хэргийн оролцогчдод ойлгогдохоор нөхцөл байдал байгаа бол энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж тайлбарласантай “...шүүгчийн захирамж гардаж авч танилцах, хэргийн материалтай танилцах зэрэг эрхүүдийг шүүгдэгч Т.Пүрэвдаваад эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль, дүрэм журмаар олгогдсон эрхийг эдлүүлэхгүй байгаа нь уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэхүйц үйлдэл, эс үйлдэл гаргасан ...,... яллах дүгнэлт үйлдсэн Б.Байгальтай хамт байлцуулан хэргийн материалтай танилц гэх зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй албан бусаар харилцсан нь уг  хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээг бусдад төрүүлсэн...” гэж дүгнэсэн Ерөнхий шүүгчийн захирамж нийцэхгүй байна.

Харин  тайлбарт, шүүх хуралдааны явцад асуусан асуулт, хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдал, харилцаа хандлагын байдал буюу шүүгчийн захирамж  болон  хэргийн материалтай танилцах, яллах дүгнэлт үйлдсэн Б.Байгальтай хамт байлцуулан хэргийн материалтай танилцахыг зөвшөөрсөн гэх үндэслэлүүд нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тухайн шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй, хуульд нийцээгүй гэж үзнэ.

Тодруулбал: 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөгчөөс шүүгдэгч Т.Пүрэвдавааг хавтаст хэргийн материалтай танилцуулсан. /1 дүгээр хавтаст хэргийн 209 дүгээр тал/

Анхан шатны шүүхийн  шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авах” тухай захирамж гаргаж шийдвэрлэсэн шүүх хуралдаанд  яллагдагч Т.Пүрэвдаваа өөрийн биеэр оролцож, энэ талаар мэдсэн байна. / хэргийн 37-46 дугаар тал/ .

Иймд  анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/202 дугаар цагаатгах тогтоолыг   хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн  1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Пүрэвдаваад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ

Л.НЯМДОРЖ